Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 993

 

         Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Г.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...д холбогдох 1808029501111 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү, 07-12 насны гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 58а байрны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Г.... Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо Ханын материалын эцсийн 58а байрны ... тоотод оршин суух иргэн Б....гийн гэрт 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Л....аас “гар утсаа өгч байгаач, найзтайгаа ярьчихаад өгье” гэж хэлэн түүнийг хуурч төөрөгдөлд оруулж  “ЛЖ” маркийн кейс бүхий гар утсыг авч бусдад 150.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1. Хохирогч Л....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ... гэх эмэгтэй намайг ахаа та гар утсаа өгч байгаач би нэг хүнтэй ярьчихаад өгье гээд гуйхаар нь би гар утсаа өгтөл ... гэх эмэгтэй миний гар утсаар ярьчихаад буцааж өгчихөөд ...д би гэртээ орчихоод эргээд ороод ирье гээд гараад явсан юм. Удалгүй гаднаас 10 минут орчмын дараа ... гэх эмэгтэй орж ирээд ахаа та дахиад гар утсаа өгч байгаач дүү нь найзтайгаа ярьчихаад өгье гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн чинь ... миний гар утсаар сандал дээр сууж ярьж байгаад босоод ярьсан чигээрээ хаалгаар гараад явсан. Тэр өдрөөс хойш 2 өдөр хаалгыг нь цохиод хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь би цагдаад гомдол гаргасан юм. ...” гэх мэдүүлэг /хх 8-9 х/,

 

          2. Шүүгдэгч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... бид гурав хоол хийж идчихээд дэлгүүрээс авсан архиа хувааж ууж байгаад ... эгчийн найз болох ... гэх ахаас та дүүдээ гар утсаа өгч байгаач дүү нь хүнтэй ярьчихаад өгье гээд гар утсыг нь авч найзтайгаа ярьчихаад буцаагаад гар утсыг нь ... гэх ахад өгчихөөд ... эгч болон ... гэх ахтай юм ярьж байгаад хэсэг хугацааны дараа ... гэх ахаас дахин гар утсыг нь гуйж аваад ...гэх найзтайгаа ярьж байгаад ярьсан чигээрээ ... эгчийн гэрээс гарч ... ахын гар утсыг аваад нэгдүгээр хороолол Цамбагарав дээр ирээд уулзах гэж байсан ...найзынхаа гар утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь Саппоро орж таньдаг хүмүүстэйгээ уулзаж архи ууж явж байгаад ... эгчийн найз болох ... ахын гар утсыг гудамжинд явж байсан 30 гаран насны танихгүй эмэгтэй хүнд өөрийн минь гар утас мөнгөний хэрэг болчихоод хямд өгч байгаа юм гэж хэлээд 30,000 төгрөгөөр зараад зарсан мөнгөөрөө архи авч уучихаад тэгээд тэр оройдоо гэрт ирж хоночихоод өглөө эрт босоод хүмүүс хайж ирж магадгүй гээд гэрээсээ гарч тэнэж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ ирээд цагдаа нарт баригдсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 113-114 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3. Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ... миний гар утсыг гуйгаад дүү нь хүнтэй яриад өгье гэхээр нь утсаа өгч яриулсан миний гар утсаар ярьж дуусчихаад буцааж надад өгчихөөд гэрээс гараад явсан буцаж удалгүй орж ирээд ...ын гар утасыг гуйж яриад өгсөн. Би зээ хүүхдийнхээ зургийг зуруулж байсан чинь ... нөгөө ... гэдэг эмэгтэй миний гар утсыг ахаа дахиад нэг хүнтэй яриад өгье гэж хэлээд аваад явчихлаа гэхээр нь би яах гэж өгсөн юм гээд ...ын дугаар луу залгахад ярьж байгаа дохио өгч байсан, тэгэхээр нь би ...ыг ойр орчимд хайгаадах гэж хэлсэн чинь ... гарч яваад олдохгүй байна гээд буцаад ороод ирэхээр нь бид хоёр ...ын дугаар луу залгахад холбогдох боломжгүй байна гэж хариу өгч байхаар нь би ...ыг хоёулаа гэрт нь очиж үзье гээд хамт гэрийнх нь хаалгыг цохиход хаалгаа тайлж өгөөгүй тэгээд бид хоёр цагдаа дуудсан. ...ын гар утас цагаан өнгийн LG гэсэн бичигтэй мэдрэгчтэй хар өнгийн хавтсан гэртэй шинэвтэр гар утас байсан. ... ...ын гар утсаар яриад манай гэрээс гарч байхыг харсан. Дахиж ... манай гэрт орж ирээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 12-13 х/,

 

4. Арвижих-Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “... ЛЖ загварын гар утас нь 150,000 төгрөгийн үнэлгээтэй”  /хх 25-26 х/

 

5. Гэрч Ц....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний мэдэхийн ... даруухан, мэнд устай байдаг. Нэг муу тал нь архи уудаг. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,

 

6. Гэрч Ч....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний охин ... багадаа сурлага сайтай, томоотой, даруухан эелдэг хүүхэд байсан. 2010 оноос хойш архи ууж, гадуур хонож, гэртээ ирэхгүй, ааш зан нь эвдэрч ширүүн огцом ууртай болж гэрийнхэнтэйгээ муухай харьцдаг болсон. Гэртээ ирэхээсээ ирэхгүй нь их байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 18-20 х/

 

7. Гэрч ...ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Г.... бид хоёр эцэг, эхээс хоёулаа миний төрсөн эгч байгаа юм. Бид хоёр хоорондоо найман насны зөрүүтэй намайг бага байхад эгч маань цэцэрлэг сургуулиас зөөж хичээл номыг маань зааж өгдөг байсан. Эгч бид хоёр олон насны зөрүүтэй болохоор би эгчийнхээ багадаа ямар хүүхэд байсан талаар нь сайн мэдэхгүй намайг ухаан орсон цагаас хойш бол эгч маань их гоё зурдаг, хоол сайн хийдэг гэрийн ажилд маш сайн, дуулдаг, юм оёдог хүн байгаа юм. Эгч бид хоёр бага байхдаа аавтайгаа хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материал энэ байгаа хаяг нь дээрээ өссөн юм. Манай ээж бид хоёрыг бага байхад Унгер улсад ажиллаж амьдарч байгаад миний санаж байгаагаар 2003 онд Монголд ирээд ааваас бид хоёрыг авч, Ганданд бид хоёртой хамт амьдрах болсон юм. Тэгээд манай эгч ... том хүүхдээ 2006 онд төрүүлсэн санагдаж байна, бид хоёр ааваас тусдаа ээжтэй хамт амьдарч байгаад аав маань 2008 онд нас барсан юм. Тэгээд 2009 оноос хойш ээж, эгч бид гурав одоо амьдарч байгаа газар нүүж ирээд тэрнээс хойш тасралтгүй одоог хүртэл амьдарч байгаа юм. Манай эгч ...гийн ааш зангийн хувьд түргэн ууртай, уур нь хурдан гардаг уурлахаараа амандаа үглээд байдаг, нэг сул тал нь архи их ууж гадуур тэнэдэг юм, өөр илүү муу зан байхгүй. Одоо манай эгч ... 3 хүүхэдтэй, хүнтэй гэрлэж байгаагүй, одоо манай эгч хүүхдүүдтэйгээ ээжтэй хамт амьдарч байгаа ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,  

 

8. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 29-30 х/

9. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32 х/

10. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 х/

11. Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулж байсан баримтууд /хх 39-42 х/ зэрэг болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г....г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Г.... гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

          Шүүгдэгч Г.... нь бичиг, үсэг мэддэг, өмгөөлөгч авахгүй тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн тул өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч ...с мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Прокуророос Г....г бусдын эд хөрөнгийг “хуурч, төөрөгдөлд оруулж” авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Г....г бусдын эд хөрөнгө болох гар утасыг авахдаа “төөрөгдөлд оруулж” авсан гэж яллаж байгаа нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдэлд тохирохгүй, ямар аргаар буюу “зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар” гэх уг гэмт хэргийн диспозицид заасан шинжүүдийн алинаар нь төөрөгдөлд оруулсныг бүрэн гүйцэд нотлон тогтоож ирүүлээгүй, “төөрөгдөлд оруулах”-ыг дээрх шинжүүдээс нь салгаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул дээрх шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Г.... нь Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо Ханын материалын эцсийн 58а байрны ... тоотод оршин суух иргэн Б....гийн гэрт 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Л....ын гар утсыг “найзтайгаа ярьчихаад өгье” гэж хуурч аван бусдад 150,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- Хохирогч Л....ын “... ахаа та дахиад нэг гар утсаа өгч байгаач дүү нь найзтайгаа ярьчихаад өгье гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн чинь ... миний гар утсаар сандал дээр сууж ярьж байгаад босоод ярьсан чигээрээ хаалгаар гараад явсан. Тэр өдрөөс хойш 2 өдөр хаалгыг нь цохиод хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь би цагдаад гомдол гаргасан юм. ...” гэх мэдүүлэг /хх 8-9 х/,

          - Шүүгдэгч Г....гийн “... найзтайгаа утсаар ярьж байгаад ярьсан чигээрээ ... ахын гар утсыг аваад ... эгчийн гэрээс гарч нэгдүгээр хороолол Цамбагарав дээр ирээд ... танихгүй эмэгтэй хүнд өөрийн минь гар утас мөнгөний хэрэг болчихоод хямд өгч байгаа юм гэж хэлээд 30,000 төгрөгөөр зарсан ...” гэх мэдүүлэг /хх 113-114 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Б....гийн “...... нөгөө ... гэдэг эмэгтэй миний гар утсыг ахаа дахиад нэг хүнтэй яриад өгье гэж хэлээд аваад явчихлаа гэхээр нь би яах гэж өгсөн юм гээд ...ын дугаар луу залгахад ярьж байгаа дохио өгч байсан, тэгэхээр нь би ...ыг ойр орчимд хайгаадах гэж хэлсэн чинь ... гарч яваад олдохгүй байна гээд буцаад ороод ирэхээр нь бид хоёр ...ын дугаар луу залгахад холбогдох боломжгүй гэсэн дохио өгч байсан ...” гэх мэдүүлэг /хх 12-13 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Г....гийн хүний гар утасыг “найзтайгаа ярьчихаад өгье” гэж хэлээд аваад явсан үйлдэл нь Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн “хуурч” гэх шинжийг хангасан.

Хуурч ” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлийн алинаар нь ч илрэх боломжтой бөгөөд Г....гийн “найзтайгаа ярьчихаад өгье” гэх үгэнд хууртаж хохирогч эд хөрөнгөө сайн дураараа шилжүүлж өгсөн үйлдлийг дээрх шинжид хамааруулж үзнэ.

 Залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар өөртөө шилжүүлэн авснаар уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдана.

   Шүүгдэгч Г....гийн бусдын эд хөрөнгийг “найзтайгаа ярьчихаад өгье” гэж хэлэн хуурч авсан үйлдлийн улмаас Л....т 150,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй, шүүгдэгчийн үйлдэл хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх тул залилах гэмт хэргийн шалтгаант холбоог хангаж байгаа.

 

Гэмт хэргийн санаа зорилгын хувь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

            Шүүгдэгч Г.... нь хохирогчийн гар утсыг буцаан өгөхгүй, өөрийн захиран зарцуулах эрхэд бүрэн шилжүүлж авна гэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

Хохирогчийн гар утас 150,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь “Арвижих-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 25-26 х/-аар тогтоогдсон тул уг хохирлыг шүүгдэгч Г....гаас гаргуулж Л....т олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.... нь гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ял оногдуулах хуралдааныг тусад нь зарлан хуралдуулах шаардлагагүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, түүнд ял оногдуулах асуудлыг шүүх  хамтатган нэг удаагийн хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзнэ.

 

 Г....гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд: ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлого байхгүй, согтууруулах ундаа ихээр хэрэглэж удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан, мөн шүүх дээр байх хугацаанд дуудсан цагт ирэхгүй, архидан согтуурч эрүүлжүүлэгдэж байсан зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

Г.... 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл 02 хоног урьдчилан цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.  

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Г....д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хэргээс “төөрөгдөлд оруулж” гэх шинжийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Боржигон овогт ...ийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд  хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....г 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г....гаас 150,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 9-20 тоотод оршин суух ЧГ69073070 регистрийн дугаартай Л....т олгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г....гийн урьдчилан цагдан хоригдсон 02 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

7.Г....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.ДАШДОНДОВ