Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01908

 

     2022          10           19                                        210/МА2022/01908

 

 

“- ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01939 дугаар шийдвэртэй,

 

“- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Э.Нд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 62,680,126 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, хариуцагч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Э.Н нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ***** тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд **** тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар Зайсан гудамж 98 байрны *** тоот, 77,7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан. Зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус банк бус санхүүгийн байгууллагаас 18 сарын хугацаатай, 36,000,000 төгрөгийг, нэг сарын 3,2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.   

1.2. Э.Нтэй байгуулсан зээлийн гэрээг “- ББСБ” ХХК-аас уг гэрээний 3.1.3-т зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн цуцалсан.

1.3. Зээлдэгч Э.Нгээс зээл гэрээний дагуу үндсэн зээл 36,000,000 төгрөг, зээлийн хүү 22,252,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,331,073 төгрөг, мөн барьцааны гэрээний 5.10 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгчийн хөлс 6,300,000 төгрөг, нийт 69,164,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.4. Тус компани нь өмгөөлөгчийн хөлс 6,300,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, Э.Нгээс зээлийн төлбөрт 62,680,126 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Э.Н 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ***** тоот зээлийн гэрээг байгуулж, 36,000,000 төгрөг зээлж авсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлын улмаас түүний бизнес нурж, улмаар зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон.

2.2. Зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулж, зээлийн гэрээг сунгасан гэсэн боловч зээлийн гэрээг бичгээр гаргаж өгөөгүй учраас сунгалт хийгээгүй болохыг нэхэмжлэлтэй танилцаж мэдсэн. 18 сарын хугацаатай зээлийн сарын 3,2 хувийн хүү нь нийт 20,736,000 төгрөг, үүнээс төлсөн 560,000 төгрөгийг хасвал 18,432,000 төгрөгийн хүү дээр үндсэн зээл 36,0 сая төгрөгийг нэмээд 54,432,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй болно.

2.3. Давагдашгүй хүчин зүйл болох цар тахалтай холбоотойгоор цементийн бизнес зогссон учраас нэмэгдүүлсэн хүү болон хууль зүйн туслалцааны төлбөрийг төлөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 54,432,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Э.Нгээс 62,584,000 төгрөгийг гаргуулж “- ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 6,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Н нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Э.Нгийн өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 98 байрны *** тоот, 77,7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “- ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Нгээс 470,870 төгрөгийг гаргуулж “- ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяргэрэлд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр итгэмжлэл олгож, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон. Ц.Баяргэрэл нь хуулийн мэргэжилгүй учраас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх үндсэн эрхийг зөрчсөн.

4.2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл авсан талаар маргаагүй. Харин гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал болох дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал бий болсон тул энэ хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээс чөлөөлөгдөнө гэж маргасан. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Коронавирус (Ковид-19) дотоодод тархсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” баталсан. Энэхүү тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхээр тогтоосон. Засгийн газрын энэхүү тогтоолын хүрээнд хариуцагч зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулан гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг 2021 оны 12 дугаар сард зээлийн эдийн засагчтай утсаар холбогдож илэрхийлсэн. Мөн хариуцагч нь өөрийн *** цахим хаягаас **** гэх хаяг руу хүсэлтээ илгээсэн байхад шүүхэд хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийг шаардлагын дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

4.3. Дээрх Засгийн газрын тогтоолын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаар тогтоолоор "Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д зааснаар зээлийн ангилал бууруулахгүй байхаар тогтоосон байхад шүүх нэхэмжлэлийн ихэнх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01939 дугаар шийдвэр нь шүүгчийн захирамж гэж гарсан байх тул захирамж, шийдвэрийн аль нь болох нь тодорхойгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, хэрэгт хайнга, ёс төдий хандсан байна.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан 3 удаа хойшилсон бөгөөд дахин итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах асуудлаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй.

5.2. Монгол Улсад Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор “- ББСБ” ХХК нь цахим шуудангаар ирсэн хүсэлтийн дагуу бүх зээлдэгч нарын зээлийг хойшлуулсан. Э.Нгээс цахим шуудан ирээгүй тул зээлийг нь хойшлуулаагүй. Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сард цахим шуудан илгээсэн гэх боловч манай ажилтан н.Анарболд нь 2022 оны 02 дугаар сард ажилд орсон.

5.3. 2022 оны 04 дүгээр сарын шүүх хуралдаанд талууд ярилцаж, хариуцагч эвлэрэх саналаа цахим шуудангаар явуулахаар болсон боловч явуулаагүй. Цахим шуудан илгээсэн тохиолдолд манай байгууллагын зүгээс зээлийн хугацааг нь сунгах боломжтой байсан.

5.4. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгдээгүй 1 жил гаран буюу 150 хоногоос хэтэрсэн. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөгийг төлсөн, уг төлөлтөд 8,126 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодогдсон.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “- ББСБ” ХХК нь хариуцагч Э.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62,680,126 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 54,432,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. “- ББСБ” ХХК болон Э.Н нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Э.Н нь 36,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. Зээлдүүлэгч “- ББСБ” ХХК нь зээлдэгч Э.Нд 36,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүнд 391,873 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,126 төгрөг, нийт 400,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө буцаан гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааны хүү шаардах эрхтэй.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цуцлагдсанаар гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон тул нэхэмжлэгч зээлийн хүүг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр тооцон хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй.

Иймд хариуцагч нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд үндсэн зээлд 36,000,000 төгрөг, зээлийн хүүнд 19,960,000 /36,000,000*3,2хувь*17сар10хоног/ төгрөг, нийт 55,960,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

7. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж заасныг үндэслэн хариуцагчийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх боломжтой.

 

8. Зээлдэгч Э.Нгийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 36,000,000 төгрөг, зээлийн хүү 19,960,000 төгрөг, нийт 55,960,000 төгрөгийг хариуцагч Э.Нгээс гаргуулан нэхэмжлэгч  “- ББСБ” ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

9. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/ Ар зайсангийн гудамж, 98 дугаар байр, *** тоот хаягт байрлах 77.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

10. “- ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

11. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

 

11.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчид 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, мөн өдөр эрх, үүрэг тайлбарлан өгч, хариуцагч нь мөн оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд тайлбар гаргасан байна. Хариуцагчийн гаргасан эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах тухай хүсэлтээр мөн оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг, хариуцагчийн гаргасан эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээр мөн оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус хойшлуулсан байна.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш 9 сарын хугацаанд шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

11.2. Хэрэгт хавсаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 116, 118 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Иймд “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01939 дугаар шийдвэр нь шүүгчийн захирамж гэж гарсан байх тул захирамж, шийдвэрийн аль нь болох нь тодорхойгүй байна” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01939 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “62,584,000 /жаран хоёр таван зуун наян дөрвөн мянга/” гэснийг “55,960,000” гэж, “өмгөөлөгчийн зардал 6,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг” гэснийг “6,720,126 төгрөгт холбогдох хэсгийг” гэж,

3 дахь заалтад “470,870 /дөрвөн зуун далан мянга найман зуун далан/” гэснийг “437,750” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Нгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470,870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР