Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 790

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Я.И

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

нарт холбогдох  эрүүгийн 1805048160940 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Я.И, А.С нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Монгол Улсын Багшийн Их сургуулийн 8 дугаар заалны гадаа иргэн А.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Я.И шүүхийн хэлэлцүүлэгт: Би А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулаагүй, А.С гэмтэл учруулсан гэв. 

 

Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт: А.Б-д учирсан гэмтлийг би учруулсан, Я.И учруулаагүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах МУБИС-ийн зааланд сагсны тэмцээн болсон. Тэгээд манай ангийн баг 3 дугаар курсын багтай тоглож манай баг хожигдсон. Тухайн үед тоглолтон дунд 3 дугаар курсын Итэй мөргөлдсөн. Тэгээд тэмцээн дуусч би сургуулийн гадаа ирэхэд 3 дугаар курсын И, С нар намайг дуудахаар нь очиход яаж тоглоод байгаа юм ах нартайгаа аятайхан тоглоход яадаг юм бэ гэхээр нь би яаж тоглосон юм гэхэд И ирээд дух руу нэг удаа мөргөсөн. Тэгээд С хажуунаас орж ирээд зүүн гараараа хамар руу нэг удаа цохисон. Тухайн үед хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгэхэд хамт байсан 3 курсийн ах ирээд ус авчирч өгөөд цусаа угаагаад гэртээ очоод эмнэлэгт үзүүлсэн. Тэмцээн дээр тоглож байгаад би санаандгүй Итэй мөргөлдсөн. Тэгээд тэмцээн тараад ах нартайгаа яаж тоглоод байгаа юм бэ гээд намайг зодсон. Намайг И нэг удаа дух руу мөргөж, С нэг удаа гараараа хамар руу цохисон. Би харилцан зодолдоогүй. Урьд нь бид нарын дунд ямар нэгэн асуудал байгаагүй. Би эмчилгээний зардал болох 400.000 төгрөгөө нэхэмжилж байна. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Лхагвадорж мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр МУБИС-ийн 60 жилийн ойн сагсны тэмцээн Сургуулийн өмнөх боловсролын их сургуулийн зааланд болсон. Тухайн үед манай 3 дугаар курсын баг 2 дугаар курсын багтай тоглож хожсон. Тэгээд тоглолт дуусаад гадаа зогсож байхад нөгөө 2 дугаар курсын хожигдсон баг гарч ирсэн. Тухайн үед Иэ тоглож байхдаа тохойгоороо Б гэх залууд цохиулчихлаа гэж байсан. Тэгээд заалны гадаа И Б-г дуудаад хоёулаа уулзаж байгаад чи цэвэрхэн тогло гэж хэлээд духаа толгойд нь нааж байгаад түлхсэн. Тэгэхэд С хажуу талаас нь зүүн гараараа Б-гийн нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тэгэхэд Б-ийн хамарнаас цус гараад хүүхдүүд больцгоо гээд би ус хийж өгөөд цусаа цэвэрлээд тарцгаасан.  Тэмцээн дээр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Гадаа гарч ирээд И Бг дуудаад цэвэрхэн тогло гэж хэлж байсан. Цэвэрхэн тогло гэж хэлээд И уг залууг духаа духанд нь нааж байгаад нэг удаа түлхсэн. Тэгэхэд С нэг удаа нүүр рүү нь алгадаж харагдсан. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Санжаасүрэн  мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр манай МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн салбар сургуулийн 60 жилийн ойн сагсны тэмцээн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Сургуулийн өмнөх боловсролын их сургуулийн зааланд болсон. Тэгээд 2 дугаар курсын баг 4 дүгээр курсын багтай холилдоод манай 3 дугаар курсын багтай тоглосон. Тухайн үед би сэлгээнд сууж байсан ба тоглолт алдаа ихтэй бохир тоглолт болж манай баг хожсон. Тухайн үед завсарлагаанаар манай ангийн И-ийн зүүн нүд бага зэрэг хавдсан ирсэн. Тэгэхэд 2 дугаар курсын Б намайг хамт үсэрч байгаад санаандгүй тохойгоороо цохичихлоо гэсэн. Тоглолт дуусаад бид нар сургуулийн гадаа салхилаад сууж байхад  2 дугаар баг гарч ирэхэд И, Бтай тусдаа уулзаад зогсож байсан. Тэгэхэд И, Б чи цэвэрхэн тоглоорой гээд Б-н духанд духаараа тулж байгаад духаараа цааш нь түлхсэн. Тэгэхэд С, Б-г нүүр рүү нь нэг удаа гарынхаа алгаар цохиж харагдсан. Тэгэхэд Б-ийн  хамарнаас цус гараад Сг холдуулсан. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Я.И мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо МУБИС-ийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн зааланд манай Дүрслэх урлагийн их сургуулийн сагсны тэмцээн болсон.  Тэгээд манай 3 дугаар курсын багтай 2 дугаар курсын баг тоглосон. Тэгээд тэмцээн дээр тоглож байхад Б гэх  2 дугаар курсын залуу намайг нүд рүү тохойгоороо тохойлдсон. Тэгээд тоглолт дуусаад гадаа зогсож байхад нөгөө Б гэх залуу ангийнхаа 2 хүүхэдтэй явж байхаар нь дуудаад чи яаж тоглоод байгаа юм аятайхан тоглооч гээд Б-ийн дух руу тулж очиж байгаад нэг удаа мөргөсөн. Тэгэхэд найз С хажуунаас орж ирээд уг Б-г хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгэхэд Б-н хамарнаас цус гараад угаагаад байсан. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр А.С мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед сургуулийн тэмцээн дээр Б гэх залуу манай найз Иийн нүд рүү тоглож байгаад тохойгоороо цохисон. Тэгээд тоглолт дуусаад 4 дүгээр курсын Нацагням заалны гадаа Иийг яаж тоглоод байгаа юм аятайхан тоглооч гээд хоорондоо ярилцаад зогсож байхад Б гарч  ирсэн. Тэгээд И очоод чамайг огт хараагүй хүүхэд байна танихгүй  юм байна гэхэд Б энд сурч байсан ш дээ гэхэд И Б-ийн өөдөөс тулж зогсож байгаад духаа нүүрэнд нь нааж байгаад түлхчихээд цаашаа явсан. Тэгэхээр нь би очоод чи худлаа яриад байгаарай гээд тэр залууг нүүр рүү нь гараараа нэг удаа алгадсан. Тэгэхэд Б-ийн хамраас цус гараад цусаа усаар угаагаад цаашаа явсан. И Б цохиогүй духаа нүүрэнд нь тулж зогсож байгаад 1 удаа түлхсэн. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11300 дугаартай: А.Б-ийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 17/ гэсэн дүгнэлт, 

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Я.Иийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, сургуулийн  тодорхойлолт /хх-ийн 44/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 45/ төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/

А.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 51/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 52/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирол, хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

       

Баянгол дүүргийн Прокурорын газраас А.С, Я.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн дээрхи бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Я.И нь А.Стай бүлэглэж хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх байдал нотлогдож тогтоогдоогүй байна.

 

Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Я.И 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших МУБИС-ийн 8 дугаар заалны гадаа А.Б-ийн дух руу нэг удаа мөргөсөн нь хохирогч А.Б-ийн”...И миний дух руу нэг удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг болон гэрч З.Лхагвадоржийн”...И уг залууг духаа духанд нь нааж байгаад нэг удаа түлхсэн...” /хх-ийн 10/, гэрч Б.Санжаасүрэнгийн”...И Б чи цэвэрхэн тоглоорой гээд Б-гийн духанд духаараа тулж байгаад духаараа цааш нь түлхсэн...” /хх-ийн 12/, сэжигтнээр Я.Иийн”...Б-г дуудаад чи яаж тоглоод байгаа юм аятайхан тоглооч гээд Б-н дух руу тулж очиж байгаад нэг удаа мөргөсөн...” /хх-ийн 25/, сэжигтнээр А.Сгийн”...И, Б-г цохиогүй духаа нүүрэнд нь тулж зогсож байгаад нэг удаа түлхсэн...” /хх-ийн 27/ гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон боловч Я.Иийн дээрхи үйлдлээс хохирогч А.Б-ийн  биед хамар ясны хугарал, баруун нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл учруулсан гэх байдал хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

 

Иймд Шүүх, Баянгол дүүргийн Прокурорын газраас Я.И, А.С нарыг бүлэглэж хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргээс Я.Иөд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.С 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших МУБИС-ийн 8 дугаар заалны гадаа хохирогч А.Б-ийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       

хохирогч А.Б-ийн ”...С хажуунаас орж ирээд зүүн гараараа хамар руу нэг удаа цохисон. Тухайн үед хамарнаас цус гараад тогтохгүй байсан. С нэг удаа гараараа хамар руу цохисон...” /хх-ийн 9/, гэрч З.Лхагвадоржийн”...С нэг удаа нүүр рүү нь алгадаж харагдсан...” /хх-ийн 10/, гэрч Б.Санжаасүрэнгийн”...С, Б-г нүүр рүү нэг удаа гарынхаа алгаар цохиж харагдсан. Тэгэхэд Б-гийн  хамарнаас цус гараад Сг холдуулсан...” /хх-ийн 12/, сэжигтнээр Я.Иийн”...найз С хажуунаас орж ирээд уг Б-г хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгэхэд Б-гийн хамарнаас цус гараад угаагаад байсан...”/хх-ийн 25/ гэж мэдүүлсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11300 дугаартай дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Иөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэж, мөн шүүгдэгч А.Сг хохирогч А.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэсэн тул нэр бүхий шүүгдэгч нарт холбогдуулан Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч А.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   

Мөрдөн байцаалтын явцад хохирогч А.Б “...хохиролд 400.000 төгрөг  авч И, С нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн  тул хэргийг хялбаршуулан шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 61/ гэх бичгийн хүсэлт гаргасан нь шүүгдэгч А.Сг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.   

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн А.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.     Баянгол дүүргийн Прокурорын газраас Я.И, А.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Я.Иөд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

2.     Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.

 

3.     Шүүгдэгч Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Шүүгдэгч А.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Я.И, шүүгдэгч А.С нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, А.С бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.И, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ