Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 811

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Эд холбогдох  эрүүгийн 1805027720894 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” баарны орчим иргэн Ж.Мтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ж.Мгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд бүх мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.  

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ж.М мөрдөн байцаалтанд “Би 2018 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо Кристал бааранд  найз Мөнгөнцэцэг, Чанцалдулам, Нямка нарын хамтаар үйлчлүүлсэн. Тэгээд бүжиглэж байтал хуучин нийлдэг байсан манай байрны Э гэдэг охинтой таарсан. Тэгээд бааранд байхад Б.Э би та гурвыг гарч байгаад зодно гээд бас хэл амаар доромжлоод байсан 03 цагийн үед уг баарнаас бид гурав гарахад Б.Э араас гүйж гарч ирээд хэл амаар доромжилж хэрүүл гуйгаад ууж байсан лаазтай кола ундаагаа манай найз Мөнгөнцэцэгийн нүүр рүү шидчихсэн. Мөнгөнцэцэгийг үсдэж авахаар нь би дундуур нь ороод салгасан чинь чи хэнийг  нь өмөөрөөд хэнийг нь өмөөрдөггүй юм гээд үсдэж аваад өшиглөж алгадаад байсан. Би нүүрээ харсан чинь миний нүүрийг маажчихсан байсан...” /хх-ийн 5/

“...надад ямар нэгэн эмчилгээний баримт байхгүй. Би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид сайн дураараа эвлэрсэн...” /хх-ийн 71/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтанд “Биднийг Кристал бааранд ороод байж байтал араас Э ороод ирсэн. Тэгээд та нар овоо болжээ гээд үг хаяж баарнаас гараад Мөнгөнцэцэгийг ална гээд сүрдүүлээд байсан. Тэгэхээр нь бид нар баар хаахаас өмнө 3 цаг өнгөрч байхад явж байгаагаа хэлэлгүй түрүүлж гараад явах гэж байтал Э араас гүйж гарч ирээд намайг “дээрээс чи миний дургүйг хүргээд байгаа би чамайг заначихсан, чамайг ална, алчихсан байхад би яах ч үгүй” гэж орилоод над руу дайраад гартаа барьж байсан лаазтай ундаагаа нүүр рүү шидсэн. Тэр үед Мөнхтуяа намайг өмөөрч салгах гээд дундуур орсон чинь Э түүнийг үсдэхдээ нүүрийг нь маажуулчихсан. Миний харснаар Э Мөнхтуяаг үсдэх шиг болсон. Тэгэхдээ нүүрийг нь маажсан байх. Мөнхтуяг намайг өмөөрсөн гэж муудалцаж нүүрийг нь маажсан байх” /хх-ийн 7/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Уянга мөрдөн байцаалтанд “Э эгч Мөнгөнцэцэг гэх найзтайгаа баарны гадаа тааралдсан тэгээд баарны гадаа  тэр охинтой бие биенээ хэл амаар доромжилж маргалдаад Мөнгөнцэцэгтэй Э эгч үсдэлцсэн чинь дундуур нь Мөнхтуяа эгч ороод бас хамт явж байсан найз нар нь салгасан...Мөнхтуяа нь дэргэд нь харж зогсож байгаад тэр хоёрыг салгах үедээ Э эгчид нүүрээ маажуулсан байсан” /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Чанцалдулам мөрдөн байцаалтанд”...баарны гадаа гараад иртэл Мөнгөнцэцэг, Э хоёр маргалдаж байсан. Тэр хоёр маргалдаж байх үедээ барилцаж аваад хоорондоо үсдэлцээд байсан ба Мөнхтуяа тэр хоёрыг салгах гээд дундуур нь ортол М нүүрийг Э маажсан байсан” /хх-ийн 37/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Э мөрдөн байцаалтанд “2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би найз нартайгаа хамт гадуур явж байгаад шөнө 01-02 цагийн орчим танил дүү Уянгаагийн хамт Кристал бааранд ортол найз Мөнхтуяа, Мөөгий, Чанцал, Нямка мөн хамт явж байгаа гээд нэг охин нартай би таарсан. Бид нар хамт бүжгийн талбай дээр бүжиглэж  байхдаа ширээ рүү ундаа уух гээд явсан эргээд ирэх хооронд тэд нар гараад явсан байсан. Тэгээд байж байтал манай дүү Уянга харья гэхээр нь тэгье гээд хамт харихаар гартал бааранд тааралдсан найз нар маань баарны үүдэнд зогсож байсан. М найз Мөнгөө гэх охин чамайг хүмүүс боовны охин гэж ярьдаг юм байна лээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би боовны охин гэж юу гэсэн үг юм чи намайг янхандаж явахыг хаана харсан юм бэ гэхэд чамайг угаасаа тэгж ярьдаг юм байна лээ. Чамайг Туул тэгж хэлсэн гэж хэлсэн. Чи одоо юу гээд байгаа юм чи намайг янхандаж явж байгааг хаана харсан юм бэ гээд Мөнгөөгийн цээж рүү түлхтэл Мөнгөө, хамт явж байсан охины хамт миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаагаад тавиулах гэтэл Мөнхтуяа голоор орж ирээд салгасан. Тэгээд би Мөнхтуяа руу намайг хоёрын хоёр хүн үсдээд зодох гэж дайрч байхад намайг чи салгах гэж маргалдаж байх гэлээ гэж уурлаад Мөнхтуяад хэлтэл над руу чи яахаараа хүүхэд рүү дайрч үсдээд байдаг юм гээд бид хоёр маргалдаад Мөнхтуяа дундуур орж салгаж байх үедээ миний өмсөж явсан ханцуйндаа том цахилгаантай куртикны цахилгаанд нүүр нь урагдаж, нүүр рүүгээ надаар цохиулсан байх” /хх-ийн 40/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6201 дугаартай: “Ж.Мгийн биед баруун нүдний доод зовхи, хамрын нурууны уг, дух, зүүн сарвууны ард зулгаралт, дух, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ядам хурууны хумсны хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 13/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, Баянгол дүүргийн нийгмийн даатгаын хэлтэсээс ирүүлсэн мэдээлэл /хх-ийн 53-54/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 59/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” баарны орчимд иргэн Ж.Мтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ж.Мгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Мгийн “Э Мөнгөнцэцэгийг үсдэж авхаар нь би дундуур нь ороод салгасан чинь чи хэнийг  нь өмөөрөөд хэнийг нь өмөөрдөггүй юм гээд үсдэж аваад өшиглөж алгадаад байсан. Би нүүрээ харсан чинь миний нүүрийг маажчихсан байсан” /хх-ийн 5/, гэрч Э.Мөнгөнцэцэгийн “...Мөнхтуяа намайг өмөөрч салгах гээд дундуур орсон чинь Э түүнийг үсдэхдээ нүүрийг нь маажуулчихсан...” /хх-ийн 7/, гэрч Г.Уянгын”...Мөнхтуяа нь дэргэд нь харж зогсож байгаад тэр хоёрыг салгах үедээ Э эгчид нүүрээ маажуулсан байсан...” /хх-ийн 34/, гэрч Г.Чанцалдуламын”... М нүүрийг Э маажсан байсан...” /хх-ийн 37/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6201 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 

Шүүгдэгч Б.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх тэмдэглэл, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг Б.Эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.     Шүүгдэгч Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.     Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.     Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6.     Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

  

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ