Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 821

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал

хохирогч Г.Н

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Мд холбогдох эрүүгийн 1805038940773 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.М нь 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алмаз” гэх цэнгээний газрын гадаа иргэн Г.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                      

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед хохирогч Г.Н согтуу байсан. Би түүний цээж хэсэг рүү нь өшиглөсөн,  хамрыг нь бол хугалаагүй гэв.

 

 Хохирогч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Би согтуу байсан нь үнэн. Би тухайн үедээ М.Мийг миний биед гэмтэл учруулсан гэж ойлгоод мөрдөн байцаалтанд тэгж мэдүүлсэн. Харин дараа нь надад Алмаз баарны ажилтан таны хамрыг М.М хугалаагүй гэж хэлсэн.  Би хохиролд М.Мээс 700.000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Шүүхээс хүсэхэд М. Мийг өршөөж болохгүй юу гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Н мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Алмаз бааранд үйлчлүүлж байгаад гарахад нэг залуу согтуу машинаа барих гэж байхаар нь уг 180 см орчим махлаг биерхүү залууг чи согтуу машин барьж хэрэггүй гэж хэлэхэд уг залуу 59-80 дугаартай Приус маркийн машинаас бууж ирээд холд гээд миний нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа цохиход би газар унасан хамт явж байсан эмэгтэй нь уг залууг болио гээд араас нь татаад салгахад уг залуу салаад цааш явснаа буцаж ирээд миний цээж рүү нэг удаа өшиглөхөд миний хамраас цус гараад байсан. Тухайн үед би уг залууг яаж байгаа юм бэ гээд очиход уг залуу дээгүүрэх хувцсаа тайлсан цээж нүцгэн чамайг ална гээд хөөж намайг дахиад нүүрэн хэсэгт хэд хэд цохисон. Тэгэхэд уг Алмаз баарны хамгаалагч зөөгч нар ирж салгаад уг залууг надаас холдуулсан. /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Уянга мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө манай нөхөр М.М бид хоёр манай арван жилийн 5 найзтайгаа хамт Алмаз бааранд ороод бид нар Эдэн нэртэй архи аваад нэг шилийг хувааж ууж дуусгаад нэг шилийг нь хамт байсан хүмүүс гараад явсан учир бараг уугаагүй үлдээгээд манай нөхөр гарсан. Би тооцоогоо хийх гээд үлдсэн. Би зохион байгуулагчтай нь уулзчихаад нөхрийнхөө араас нэг зөөгчийг нь дагуулаад гарахад манай нөхөр машины хажууд уг баарны зөөгчтэй юм яриад зогсож байсан. Тэгээд нөхөр бид хоёр машиндаа суугаад нөхөр машин бариад явах гэхэд машины урд нэг танихгүй махлаг залуу зогсож байхаар нь машины урдаас холдооч гээд сигналдахад уг махлаг залуу холдоогүй тэгэхээр нь манай нөхөр машинаас буугаад холд гээд түлхэхэд уг залуу газар унасан. Манай нөхөр буцаад машиндаа суугаад явах гэхэд уг залуу газраас босоогүй. Машины урд холдохгүй нэг юм хэлэх шиг болсон тэгэхэд манай нөхөр машинаас буугаад уг залуутай зууралдаж ноцолдоод дээр доороо ороод байсан тухайн үед би машины урд жолоочийн эсрэг  талын суудалд сууж байгаад буугаад салгах гээд ноцолдож уг баарны хамгаалагч зөөгч нарыг салгаач гэхэд хамгалагч зөөгч нар салгахгүй байсан. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр М.М мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Алмаз бааранд эхнэрийн найз нартай ороод 2 шил 0.75 литрийн архи аваад 1 шил архийг нь 7-лаа хувааж уусан эхнэрийн найзууд явсан тул нэг шил архийг нь задалж үлдээгээд уугаагүй тэгээд гарах гэхэд зөөгч нар нь тооцоогоо хийгээгүй байна гэхээр нь бичиг баримтаа үлдээе гээд уг баарнаас гараад машинаа бичиг баримтаа авч зөөгч нарт нь өгчихөөд машинаа барьж явах гэхэд нэг танихгүй махлаг намхандуу залуу машины урд хойно ороод явуулахгүй байхаар нь би машинаас буугаад уг залууг түлхэж холдуулах гээд түлхэхэд уг залуу миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж миний гуя хэсэгт нэг удаа өшиглөхөөр нь би хүчтэй түлхэхэд уг залуу хойш савж газар унахад нь би нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр зууралдаад байж байхад манай эхнэр ирж салгасан тухайн үед манай эхнэрийг намайг цохиж байна гэж андуураад цохисон. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9024 дугаартай дүгнэлтэд: Г.Нын биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 16/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор М.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 36/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 38, 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн  2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 309 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Шүүгдэгч М.М 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алмаз” цэнгээний газрын гадаа “машины урдаас холд” гэсэн шалтгаанаар иргэн Г.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан хохирогч Г.Нын”...миний нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа цохиход би газар унасан... буцаж ирээд миний цээж рүү нэг удаа өшиглөхөд миний хамраас цус гараад байсан. Би уг залууг яаж байгаа юм бэ гээд очиход уг залуу дээгүүрэх хувцсаа тайлсан цээж нүцгэн чамайг ална гээд хөөж намайг дахиад нүүрэн хэсэгт хэд хэд цохисон...” /хх-ийн 22/,  гэрч Н.Уянгын”...манай нөхөр машинаас буугаад уг залуутай зууралдаж ноцолдоод дээр доороо ороод байсан...” /хх-ийн 25/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9024 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч М.Мийн мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би машинаас буугаад уг залууг түлхэж холдуулах гээд түлхэхэд уг залуу миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж миний гуя хэсэгт нэг удаа өшиглөхөөр нь би хүчтэй түлхэхэд уг залуу хойш савж газар унахад нь би нэг удаа өшиглөсөн...” /хх-ийн 27/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон гэж үзнэ.

 

Прокуророос М.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэсэн бөгөөд шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч М.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Н.Батзолбоо шүүхийн гэм буруугийн хуралдаанд” ...хэргийн бодит байдлыг тогтоолгохоор М.Мд холбогдох хэргийг прокурорт буцаах “ санал дүгнэлт гаргалаа.

 

Хохирогч Г.Н мөрдөн байцаалтын шатанд“...уг залуу салаад цааш явснаа буцаж ирээд миний цээж рүү нэг удаа өшиглөхөд миний хамраас цус гараад байсан...” /хх-ийн 22/ гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан гэрч Н.Уянгын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон байх тул энэ хэрэгт хамааралтай өөр хоорондоо зөрүүгүй эдгээр бичгийн баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н мөрдөн байцаалтанд мэдүүлсэн дээрх мэдүүлгээсээ өөрөөр буюу эргэлзээтэй байдлаар мэдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит үйл баримтыг үгүйсгэх хуулийн үндэслэл болохгүй юм.

 

Эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан М.Мд холбогдох хэргийг прокурорт буцаах санал дүгнэлтийг хүлээж шүүх хүлээж аваагүй болно.

 

Хохиролын тухайд хохирогч Г.Н “өөрт учирсан хохиролд 700.000  төгрөг М.Мээс авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч М.Мийг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болов. 

 

 

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарах бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзаж түүний хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

М.М урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан байх бөгөөд хамгийн сүүлд буюу 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

 

Гэтэл М.М шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алмаз” гэх цэнгээний газрын гадаа иргэн Г.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн байна.

 

Энэ байдал нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

Иймд  2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 309 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар М.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн заалтыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж дээрхи шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон М.Мд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Мөн энэ шийтгэх тогтоолоор Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

      

М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар тус тусад нь эдлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.