2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/02855

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,   тоот хаягт байрлах, Э и ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоотод оршин суух, Б овогт Б А /РД: /-д холбогдох,

 

18,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Э и ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан 18,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч компани нь хариуцагч Б.Атай 2020 оны 9 дүгээр сараас эхлэн зээлийн болон хамтран ажиллах асуудлаар байнгын харилцаатай байгаа билээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгч компанид мөнгө зээлж, түүнийг нь буцаан төлөх зэргээр удаа дараагийн харилцаатай байсан. Хариуцагч Б .А нь 2025 оны 11 сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирал Ц.Утай Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо, Хүннү молл худалдааны төвийн дэргэд ирж, 18,000,000 төгрөгийг яаралтай шилжүүлчих, надад мөнгөний яаралтай хэрэг байна хэмээн ямар ч үндэслэлгүй мөнгө компаниас нэхэж, янз бүрээр дарамталж, ятгасаар тухайн өдөр 18,000,000 төгрөгийг хариуцагчийн худалдаа хөгжлийн банкны *тоот дансны дугаарт Э и ХХК-аас зээлэв гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлэн бидний дунд зээлийн гэрээний үүрэг дахин бий болсон. Гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд амаар тохиролцсон. Улмаар зээлсэн мөнгөө Б.Агаас шаардахад Зээлийг төлөхгүй, харин ч эсрэгээрээ танай компани надад ахиад өртэй байгаа гэсэн утга бүхий бичиг гаргаж өгч, буцаан төлөхөөс эрс татгалзаж байгаа болно. Нэхэмжлэгч компани нь өөрийн үндсэн үйл ажиллагааг явуулахад санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа бөгөөд хариуцагчид зээлсэн дээрх мөнгөн хөрөнгө нь компанийн эргэлтийн хөрөнгө юм. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Э и ХХК-ийн хоёр хувьцаа эзэмшигчийн нэг юм. Нэг хувьцаа эзэмшигч захирлаа хийдэг, би менежерийн болон бусад ажлыг хийж компаниас цалин авдаг. Гэтэл компаниас надад 2023, 2024, 2025 онуудад цалин олгоогүй буюу цалин өгөөгүй. Би цалингаа нэхсэн. н.Унадад 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үүнийгээ зээл гэж гүйлгээний утгыг хийсэн байсныг шүүхэд өгсөн нэхэмжлэлээс мэдсэн. Уг 18,000,000 төгрөгийг би зээлээгүй... гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Э и ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2025 оны 11 сарын 10-ны өдөр Э и ХХК-аас хариуцагчид 18,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд амаар тохиролцсон. Улмаар зээлсэн мөнгөө Б.Агаас шаардахад зээлийг төлөхгүй, харин ч эсрэгээрээ танай компани надад ахиад өртэй байгаа гэсэн утга бүхий бичиг гаргаж өгч, буцаан төлөхөөс эрс татгалзаж байгаа болно. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Компаниас надад 2023, 2024, 2025 онуудад цалин олгоогүй буюу цалин өгөөгүй. Би цалингаа нэхсэн. н.Унадад 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн, би зээлээгүй... гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Э и ХХК-аас 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Б.Ан хүсэлтээр 18,000,000 төгрөгийг Э и ХХК-аас зээлэв гэх гүйлгээний утгаар дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-8/

 

5. Зохигчдын хооронд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг тодорхойлсон бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зээлдүүлэгч Э и ХХК-аас 18,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Ад дансаар шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон. Хариуцагч уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн зохицуулалтыг зээлдүүлэгч зээлийг бодитоор олгосноор зээлээ буцаан шаардах эрхтэй болохыг тодорхойлсон хэм хэмжээг ойлгоно. Иймээс зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

6. Талууд 18,000,000 төгрөгийн зээл олгох талаар амаар гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагчийн гаргасан хүсэлтэд үндэслэн зээлийг хэлэлцэн тохирч, мөнгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

7. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж зохицуулжээ.

 

Нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

9. Иймд хариуцагч Б.Агаас зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э и ХХК-д олгох нь зүйтэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Агаас 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э и ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ