Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 840

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Н.Онон

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Хт холбогдох эрүүгийн 1805022890878 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Х 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БИГ худалдааны төвд иргэн О.Бгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн виза картнаас мөнгө авч бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би мөнгөний хэрэг байсан болохоор тэр ахын картнаас нь мөнгө авчихсан юм. Бусдад учруулсан 800.000 төгрөгийг хохирогч цагдаад өргөдөл гаргасны дараа төлж барагдуулсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Б мөрдөн байцаалтанд”...2018 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 9 цагийн үед архи уучихсан согтуу гэрээсээ гарч цахилгааны мотор авахаар такси барьж Гурвалжингийн гүүрний БИГ худалдааны төв орсон. Тэгээд 1200.000 төгрөгөөр цахилгаан үүсгүүр авч төлбөрийг өөрийнхөө виза картнаас таксиныхаа жолоочоор авахуулж худалдагчид өгүүлсэн юм. Тэгээд цахилгаан үүсгүүрээ нөгөө таксиндаа ачаад гурвалжингийн гүүрний Жаст-Ойл ШТС-аас бензин авч цахилгаан үүсгүүрээ шалгаж үзэхэд зүгээр ажиллаж байхаар нь цааш явж ТЭЦ-4 цахилгаан станцын урд талын Сод Монгол ШТС орж сууж явсан таксиндаа 20000 төгрөгөнд бензин хийж өгсөн. Тэгээд гэртээ хүргүүлж цахилгаан үүсгүүрээ аваад буусан. Тэгтэл миний утсанд Хаан банкны  5925089041 дугаартай данснаас 2000000 төгрөг гарсан байна гэсэн мессеж ирсэн байсныг хараад таксины жолооч залуу данснаас 2000000 төгрөгийг авч худалдагчид 1200000 төгрөгийг өгөөд өөрөө 800000 төгрөгийг хулгайлсан гэдгийг мэдсэн. Тэгээд БИГ худалдааны төвийн худалдагч залуутай очиж уулзахад хамт явсан залуу чинь таны  данснаас мөнгө авчихаад заримыг  нь халаасандаа хийгээд байсан гэсэн. /хх-ийн 8/

Мөнгөө авсан болохоор гомдол саналгүй /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр С.Дашдэмбэрэл мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 18-нд ажил дээрээ байж байтал 2 эрэгтэй ирж 5кв-тын цахилгаан мотор худалдаж авахаар болсон. Би цахилгаан мотороо шалгаж өгөхөөр хамт бензин колонк ороод бензин авж асааж шалгаж өгсөн. Тэгтэл нөгөө 2 эрэгтэйгийн арай ахмад настай согтуу байсан ах бэлэн мөнгөний машин орж мөнгө авна гээд нөгөө эрэгтэйгээ дагуулаад хамт явсан. Бид 3 хамт бэлэн мөнгөний машин дээр очоод согтуу ах нөгөө залууд картаа өгч мөнгө авахуулсан. Нөгөө залуу бүх мөнгийг нь аваад халаасандаа хийчихсэн. Тэр залуу надад 1170000 төгрөг тоолж өгсөн. /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Ч.Мягмар мөрдөн байцаалтад: 2018 оны 4 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн орчим Б-ийн утсанд мессэж ирсэн байсныг анзаараад хартал данснаас 2000000 төгрөг гарсан байна гэж байсан. /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Х мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын дундуур би ажлаасаа хуучин 22-ын товчооны урдаас өөрийнхөө Тоёота Приус 20 маркын автомашинтай явж байтал Хөдөө аж ахуйн техник төхөөрөмж худалдаа гээд 22-ын товчооны тэнд байдаг газрын үүднээс 50 орчим насны ах гар өргөхөөр нь би зам дагуу гээд машиндаа суулгасан тэр ах цахилгаан үүсгүүр худалдаж авна намайг буцаад гэрт хүргээд өгөөч гэсэн жоохон халамцуу байсан өөрийнхөө нэрийг хэлээгүй тэгээд би за гээд тэр ахтай гурвалжин ороод гурвалжингийн урд зах ороод цахилгаан үүсгүүр мотор хамт явж үзээд нэг мотор авах гэтэл асахгүй болохоор нь цаашаа тэр ахтай хамт БИГ худалдааны төв ороод нэг мотор авсан, мотороо шалгана гэж колонкоос бензин авч буцаж очоод АТМ-ээс мөнгө авч мотор зарж байсан худалдагчид өгсөн, мөнгө авч өгөхдөө тэр ах надад Хаан банкны виза картаа өгөөд нууц кодоо хэлээд 1200000 төгрөг авах ёстой байтал 2000000  төгрөг ав  гэж хэлээд авсан, тэгээд 2000000 төгрөгийг нь хаан банкны АТМ-ээс аваад моторны мөнгө гэж худалдагчид 1170000 төгрөг өгсөн цаашаа явж цахилгааны утас авна гэхээр нь 35000 төгрөгөөр цахилгааны утас авсан, мотор авсан лангуунаас ойрхон байсан тэгээд үлдэгдэл мөнгө энэ шүү гээд би буцаагаад өгсөн, БИГ худалдааны  төв дотор өгсөн, цахилгааны утас зардаг лангуунаас гараад л БИГ худалдааны төв дотор өгсөн, тэгээд шууд тэр ахыг гэрт нь 22—ын товчоонд хүргэж өгсөн замдаа ТЭЦ-4- ийн урд талын колонкоос бензин хийсэн. Би тэр ахаас 20000 төгрөгөнд бензин хийлгэсэн...би мөнгийг нь аваагүй, буцаагаад өгсөн. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Б.Х дахин байцаалтаар ”...тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор л авчихсан юм. Би уг нь дараа нь мөнгөтэй болохоороо өгчихнө гэж бодож байсан боловч амжаагүй явсаар байгаад ийм асуудалд орчихлоо” /хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Хын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Шүүгдэгч Б.Х 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Биг худалдааны төвд иргэн О.Бгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн виза картнаас нь 800.000 төгрөгийг өөртөө авч түүний эд хөрөнгийг завших гэмт  хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Бгийн”...таксины жолооч залуу данснаас 2000000 төгрөгийг авч худалдагчид 1200000 төгрөгийг өгөөд өөрөө 800000 төгрөгийг хулгайлсан гэдгийг мэдсэн...” /хх-ийн 8/, гэрч С.Дашдэмбэрэл”...согтуу ах нөгөө залууд картаа өгч мөнгө авхуулсан. Нөгөө залуу бүх мөнгийг нь аваад халаасандаа хийчихсэн. Тэр залуу надад 1170000 төгрөг тоолж өгсөн...” /хх-ийн 17/, гэрч Ч.Мягмар “...Б-гийн утсанд мессэж ирсэн байсныг анзаараад хартал данснаас 2000000 төгрөг гарсан байна гэсэн байсан...” /хх-ийн 19/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Б.Хын мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор л авчихсан юм. Би уг нь дараа нь мөнгөтэй болохоороо өгчихнө гэж бодож байсан боловч амжаагүй явсаар байгаад ийм асуудалд орчихлоо” /хх-ийн 42/ гэх мэдүүлгээр давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Прокуророос Б.Хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Хыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Б.Хыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч О.Б”...хохирлын 800.000 төгрөг авсан, одоо цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн бичгийн хүсэлт /хх-ийн 46/ гаргасан байх тул Б.Хыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүгдэгч Б.Хыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...3 жил хүртэл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч Б.Хт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.