Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2022/00038

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2022/00038

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 148/ШШ2022/000592 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******

 Хариуцагч *******ХХК-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай

 Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдсайхан /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах

 ******* миний бие 2015 оны 09 сард Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станц болох Жаст ойл ХХК-д түгээгчээр ажилд орж, 2019 оны 08 дугаар сард эрхлэгч, түгээгч албан тушаалын ажлыг гүйцэтгэж 7 жил тасралтгүй ажиллаж ажлын алдаа дутагдал, эд хөрөнгийн дутагдал гаргаж байгаагүй төдийгүй сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Жаст ойл ХХК нь *******ХХК-д байраа түрээсэлж ажил үйлчилгээгээ энэ компанид шилжүүлж байгаа нэг ч ажилтан ажлаас халагдахгүй, халахгүй гэж хэлж байсан боловч 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр М.Намжилмаа гэх эмэгтэй ирээд эд хөрөнгөө тоолоод намайг ажлаас халлаа нэг бол хүсэлтээрээ халагдах өргөдөл өг гэж хэлэхэд тийм асуудал байхгүй, танайх нэг ч ажилтныг ажлаас халахгүй гэж тохиролцсон байсан гэтэл яагаад ажлаас халах болов гэж асуухад захирал мэдэж байгаа гэж Наранцэцэг гэдэг хүнтэй утсаар холбогдоход чамайг би хална гэж ярьсан.

Ингээд ажиллуулахгүй явж болно гэсний дагуу би явсан. Тушаалаа авъя гэхэд байж бай маргааш гаргана гэсээр байгаад ажлыг минь хийлгэхгүй, 10 гаруй хоногийн дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр миний хувийн мэйл хаягаар тушаал чинь гэж бичиж явуулсан байсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-ыг баримталсан байна. Баримталсан заалтыг судлаад үзэхэд сахилгын шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зогсоож байгаа нөхцөл байдал харагдаж байна. Мөн 123 дугаар зүйлийн 123.2.5 нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-тэй салшгүй холбоотой байдаг. Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан эсвэл хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд 123 дугаар зүйлийн 123.2.5 дах заалтыг хэрэглэхээр хуульчилсан байдаг.

Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлаар хариуцагч талаас нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг ноцтой зөрчсөн учраас хөдөлмөрийн харилцааг цуцалсан гэдгээ нотолсон нотолгоо хэрэгт авагдсан баримт дунд байхгүй байна. Тиймээс үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХН-03 дугаартай Хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх шаардлагыг гаргаж байна. *******ХХК-иас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод намайг 500,000 төгрөгийн цалинтай гэж тодорхойлолт ирүүлсэн боловч надад 2 сарын аваанз гэж 500,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 900,000 төгрөг цалин гэж шилжүүлсэн мөн 718,000 төгрөг нийт 2,118,000 төгрөг шилжүүлснээс харахад 500,000 төгрөгийн цалинтай гэж харагдахгүй байна. Би ажилгүй байсан хугацаанд цалинд 11,648,992 төгрөг нэхэмжилж байна ...гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

 1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах.

2. *******ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Жаст ойл ХХК-ийн Ерөнхий захирал Баярсайхантай түрээсийн гэрээ хийж Сэлэнгэ аймаг дахь Жаст ойл ХХК-ийн 15 дугаартай шатахуун түгээх станцыг түрээсийн гэрээгээр ажиллуулсан. Тухайн үед бид хоорондоо хийсэн гэрээгээр Жаст ойл ХХК нь бүх ажилчдаа халахаар тохиролцсон. Үүний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарч ажилчдаа халсан. Би колонк дээр ирээд ажлаа авах гэтэл ******* байсан. Чи ажлаа надад хүлээлгэж өгнө үү гэж шаардлага тавиад дараагийн оруулах хүнээ дагуулаад очсон байсан. Тэр хүн маань гэрч болж болно.

...******* өөрөө ч мэдэж байгаа 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-нийг хүртэл колонк цэнэглэх хүртэл ажиллуулахаар тохирсон. ******* бол миний үндсэн ажилтан биш Жаст ойл ХХК-ийн үндсэн ажилтан ерөнхий захирал нь ажлаас нь халаад манайд хүлээлгэж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154.2-т зааснаар нэхэмжлэгч тал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс хуульд заасан. Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхлээд энэ хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь зүйлчлэлд бүрэн хамаарч байна. Хөдөлмөрийн эрхийн маргааны маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй бол комиссгүй аж ахуйн нэгж байгууллага, иргэд хоорондын маргааныг сум дундын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэсэн байдаг. Тэгэхээр энэ урьдчилан шийдвэрлэх ажиллагааг заавал гүйцэтгэсний дараа дахин нэхэмжлэл гаргах эрх нь байгаа учраас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 148/ШШ2022/000592 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******г *******ХХК-ийн эрхлэгч түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6,018,506 төгрөг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг *******ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч Тэгш өндөр ХХК-иас 181,446 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

...1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу ******* нь тухайн асуудлаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

Гэтэл нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж заажээ. ******* нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзсэн бол нэн тэргүүнд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжтой байсан ба тус маргаан шийдвэрлэх байгууллагад хандах боломжгүй байсан болох нь тогтоогдоогүй байна.

2. ******* нь 2018 оноос Жаст-Ойл ХХК-д түгээгчээр ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн тухай захирлын тушаал хэрэгт авагдсан байдаг.

Үүний дараа *******ХХК нь Жаст-Ойл ХХК-ний ШТС-ыг түрээслэн ажиллуулсан ба *******ХХК-ний захирал Д.Наранцэцэг түгээгч ******* нар харилцан тохиролцож 1 сарын хугацаатай буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 500.000 төгрөгөөр ажиллах болсон.

Мөн *******г 01 сар ажиллах хугацаанд Жаст-Ойл ШТС нь шатахуунгүй сул зогсолт хийж байсан болно гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж оролцоно. ******* нь Жаст ойл ХХК ажиллаж байгаад ажлаас нь чөлөөлсөн байсан. Тэгш өндөр ХХК нь Жаст ойл ХХК-ийн шатахуун түгээх станцыг түрээсийн гэрээгээр ажиллуулах болсон тэр үед ******* нь ажлаа өгөхгүй дур зоргоороо аашилсан. Тэгээд өрөвдөөд хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаанд шатахуун түгээх станцын манаачаар ажиллуулж 500.000 төгрөгийн цалин өгөхөөр болсон. Энэ бүх баримт нь байгаа боловч анхан шатны шүүхэд оролцсон өмгөөлөгч нотлох баримтыг бүрэн гаргаж өгөөгүй хайнга хандсан тул нэхэмжлэгчийн талд шийдвэрлэгдсэн. Мөн урьдчилан шийдвэрлэх журмыг шүүх зөрчиж хэрэг хянан шийдвэрлэсэн тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт хангалттай бүрдүүлж өгөөгүй гэж хэргийг дахин шийдвэрлүүлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. *******ХХК нь надтай колонкийн эрхлэгч, түгээгчээр ажиллуулахаар гэрээ байгуулсан. Ажиллах хугацааны цалинг урьд авч байсан хэмжээгээр олгоно гэж тохироод цалин өгсөн. Миний дансанд цалинг олгосон. Сарын цалин 500,000 төгрөг байсан гэдэг нь огт худлаа. Ямар ч үндэслэлгүйгээр шууд сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн болохоор шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж үзэж байна гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Шүүх урьдчилан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцээн явуулж байна. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс шийдвэрлүүлэхээр заасан боловч хуульд заавал урьдчилан шийдвэрлүүлэх талаар тусгайлан заагаагүй шүүх шийдэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь заалтад энэ талаар тодорхой заасан.

*******ХХК нь *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдэг боловч хэрэгт авагдсан баримтаар энэ нь үгүйсэгдсэн. Нэхэмжлэгчид нотлох баримт байхгүй учраас шүүхэд хүсэлт гаргаж хариуцагчаас нотлох баримтууд гаргуулсан. Гэтэл өнөөдөр нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж хэргийг дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргаад байгаа нь үндэслэлгүй. Тэгээд анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх шатанд хариуцагчийг төлөөлж, мэргэжлийн өмгөөлөгч оролцуулсан байж ийм тайлбар хэлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлсөн тухай тушаалдаа сахилгын зөрчил гаргасан гэдэг боловч үүнийгээ хариуцагч нотлоогүй, манаачаар ажиллуулсан, сард 500.000 төгрөгийн цалин олгохоор тохиролцсон гэж огт баримтгүй тайлбар гаргаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 3. Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгчийг үндсэн ажилтан биш, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хэргийг хянаад нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

 4. Хэрэгт авагдсан баримтын талаар: Хариуцагч /ажил олгогч/ *******ХХК нь нэхэмжлэгч /ажилтан/ *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа боловч зохигчдоос шүүхэд ирүүлсэн ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 70-74 ху/, *******ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай  ХН-03 дугаартай тушаал болон ажиллах хугацаанд түүнд цалин олгож байсан тухай нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулга зэрэг баримтаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Мөн ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан атлаа *******г түгээгч эрхлэгчээр бус харин манаачаар ажиллуулж сарын 500.000 төгрөгөөр тооцон цалин олгохоор тохиролцсон гэсэн тайлбараар талуудын хооронд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүссэн нь давхар нотлогдож байна.

Ажил олгогчоос *******г ажилд томилох тухай тушаал гаргаагүй боловч түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажилтан түүний гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, гэрээний хугацаа, талуудын эрх үүрэг зэргийг харилцан тохиролцсон байх ба улмаар ажилтантай байгуулсан, гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа зэргээр хариуцагчийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Ажил олгогч *******ХХК нь ажилтан *******тэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай  2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ХН-03 дугаартай захирлын тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах болсон үндэслэлээ сахилгын зөрчил гаргасан гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож, сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалтын хамгийн хүнд буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ байгууллагын эд хогшил эвдэж сүйтгэсэн, зохисгүй авирласан, өгсөн үүрэг даалгавар гүйцэтгээгүй гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрлөх эрхийн харилцааг цуцалсан шийдвэр нь үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй болох талаар гаргасан ажилтны гомдол үндэслэлтэй, анхан шатны шүүхээс ажил олгогчийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохих хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 5. Хариуцагч *******ХХК-ийн давж заалдах гомдлын талаар:

а. Нэхэмжлэгч ******* нь шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн гомдлын хувьд: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх тухай зохицуулалтыг тусгажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар гаргасан ажилтны гомдлыг шүүх шууд шийдвэрлэхээр заасан байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

б. Ажилтан *******г сарын 500.000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон гэсэн гомдлын хувьд: ******* нь *******ХХК-нд 2022 оны 02 дугаар сараас 03 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан байх ба тухайн хугацаанд ажил олгогчоос 2022 оны 02 сарын 16-ны 500,000 төгрөг, 2022 оны 03 сарын 04-ний өдөр 900,000 төгрөг, 2022 оны 03 сарын 10-ны өдөр 718.000 төгрөгийн цалин олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул ажилтны сарын цалинг 500,000 төгрөгөөр тохиролцсон гэсэн татгалзал үндэслэлгүй хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй тул шүүхээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу  ажилтны нөхөх олговрыг тооцон гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

в. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн хариуцлагагүй байдлын улмаас нотлох баримт бүрдүүлж чадаагүй гэсэн гомдлын хувьд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэргэжлийн өмгөөлөгчтэй оролцсон байх ба нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтыг хариуцагчаас албадан гаргуулахаар хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, нотлох баримттай холбоотойгоор удаа дараа шүүх хуралдаан хойшилж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөх хангалттай хугацаа байсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байдалд шүүх болон бусад оролцогчидтой хамааралтай тэдгээрийн буруутай, хууль зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 11.648.992 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүхийн шийдвэрээр ажил олгогчоос нөхөх олговорт 6.018.506 төгрөг гаргуулж олгохоор буюу нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 148/ШШ2022/000592 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 181,446 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН