Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0005

 

 

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0005

Улаанбаатар хот

 

Н.Ө-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0659 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Ө-н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0659  шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ө-н “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн Б.Болд-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамж мөн дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар захирамжаар газар шинээр эзэмшүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд газар олголт хийсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчсөн.

...Л.Б Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд газар эзэмших хүсэлт гаргаагүй, тэр ч байтугай уг хороонд нэг ширхэг ч шон зоогоогүй этгээд газар эзэмших гэрчилгээг хуурамчаар авсан нь Н.Д шүүгчийн дэргэд 2008 онд кадастрын зураг хийлгэдэггүй байсан гэж хэлснээр Газрын тухай хууль зөрчснийг нотолж байгаа юм...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Өаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдлын үндэслэлээ “...Б.Б Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд газар эзэмших хүсэлт гаргаагүй..”, “...Баянзүрх дүүргийн 2007 оны 420, 2011 оны 07 дугаар захирамжуудаар газар шинээр эзэмшүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд газар олголт хийсэн..” гэж тайлбарлан маргасан.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “...газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж зааснаар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдээс оршин суух хороондоо газар эзэмших хүсэлт гаргасан байхыг шаардахгүй бөгөөд гуравдагч этгээд Б.Б-с Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж гаргасан маргаан бүхий газрыг эзэмшихийг хүссэн өргөдөл болон шаардлагатай бусад баримтуудыг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар түүнд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар захирамжтай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж маргаагүй, маргаан бүхий захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар олголт хийсэн эсэхээс үл хамаарч уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0659 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

                   ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                   ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН