Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0314/З |
Дугаар | 001/ХТ2020/0416 |
Огноо | 2020-12-07 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2020/0416
Ж.Дгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн
Засаг даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь,
Х.Батсүрэн,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “...олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м2 газар эзэмшихийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож 1702,2 м2 газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0338 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 461 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулж,
Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0338 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Дгаас гаргасан “...олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м2 газар эзэмшихийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа Нийслэлийн засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож 1702,2 м2 газрыг эзэмшүүлж гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 461 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Дгийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Дгийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, 161 м.кв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын шийдвэрлэхийг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Дгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.04-ний өдрийн 461 дүгээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “...Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй...” гэж заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.
4. Нэг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн үндэслэл бүхий дүгнэлтийг үгүйсгэж, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй магадлал гаргасан байна.
5. Гомдлын үндэслэл нь: Нэхэмжлэгч Ж.Д нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргахдаа ...олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м2 газар эзэмшихийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоолгож, 1702,2 м2 газрыг эзэмшүүлж гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулж, НЗД-ын 2003.07.08-ны өдрийн 283 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Ингэхдээ,“ ...Нэхэмжлэгч Ж.Дгийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, 161 м.кв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж...” нэхэмжлэлийг бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6. Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ “...олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м2 газар эзэмшихийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа НЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоолгох...” шаардлагын зарим хэсгийг хангаж буюу эс үйлдэхүй байна гэж түүнийг хууль бус болохыг тогтоож, 1702,2 м.кв газар бус 161 м.кв газрыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг НЗД-д даалгаж шийдвэрлэсэн байна.
7. ЗЕХ-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т ...Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно...” гэж заасан. Гэтэл Ж.Дгийн зөвхөн хавтаст хэрэгт авагдсан 2009, 2016, 2019 онуудад гаргасан хүсэлтийг хариуцагч Нийслэлийн засаг даргаас хуульд заасан хугацаанд зохих хариуг өгч байсан, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нэг ч үйлдэл гаргаж байгаагүй болох нь эдгээр бичгийн хариуг өгч байсан хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг. Үүнээс үзвэл хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Дгийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан ямар эс үйлдэхгүйг гаргаагүй, хугацаанд нь хариуг нь байсан, харин ч бүр шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай болохыг мэдэгдэж байсан байна. Гэтэл Давж заалдах шатны шүүх ЗЕХ-ийн 37.3-ийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Ж.Дд ашигтай байдлаар, нэхэмжлэлийн шаардлагыг хангахад нийцүүлэн хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа нь ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т “...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх...” хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
8. Хоёр. Хэзээ ч хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч Ж.Дгийн хүсэлтийг 10 жил түүнээс дээш хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулж байсан, хариу өгөөгүй эс үйлдэхүйг гаргаагүй байдаг нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогч нарын асуулт хариулт, тайлбар зэргээр нотлогддог тул түүнийг шүүх анзаарч үзэлгүйгээр 161 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг доорх газрыг эзэмшүүлэх нь зүйтэй байна гэх дүгнэлтэндээ хөтлөгдөж ЗЕХ-ийн 37 дугаар зүйлийг зөрчиж шийдвэр гаргахад хүрсэн байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн “...нэхэмжлэгч Ж.Дгийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, 161 м.кв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах...” гэж өөрчлөлт оруулсаныг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
9. Анхан шатны шүүх Ж.Дгийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ 161 м.кв барилгын хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгоогүй, энэ талаар шүүхэд хандаж байгаагүйн дээр нэхэмжлэгчийн гаргасан гомдол хүсэлтэд эрх бүхий байгууллагуудаас хуульд заасан журмын дагуу удаа дараа тухайн бүрт нь хариу өгч байсан болохыг дүгнэж улмаар захиргааны байгууллага эс үйлдэхүй гаргаагүй болохыг дүгнэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Дгийн хүсэлт, гомдолд хариуцагчаас хуульд заасан хугацааны дотор хариу өгсөн, тухайн шийдвэрт холбогдуулж нэхэмжлэгчээс шүүхэд хандаагүй тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй хэмээн зөв дүгнэсэн. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь ЗЕХ-ийн 37 дугаар зүйлийн 37.3, ЗХШХШТХ-ийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасныг зөв хэрэглэж шийдвэрийг гаргасан байхад давж заалдах шатны шүүх үүнийг буруутгаж, хуулийг буруу тайлбарлан улмаар нэхэмжлэгчийн тэрхүү хэсэг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
10. Гурав. Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэл гаргах эрхгүй болохын тухайд: Дээрх дурдсанаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн газрын алба, Нийслэлийн Засаг даргад удаа дараа буюу 2009 оноос хойш хүсэлт, гомдол гаргаж тухайн бүрт нь хариуг нь авсан атлаа тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Мөн 2016 онд батлагдсан ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байдаг тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Үүнээс үзвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ж.Дгийн нэхэмжлэлээс “...нэхэмжлэгч Ж.Дгийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, 161 м.кв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах...” гэж өөрчилж шийдвэрлэх бус ЗХШХШТХ-ийн 109.2-т заасны дагуу шийдвэрлэх хуульд нийцэхээр байжээ.
11. Түүнчлэн анхан шатны шүүх Ж.Дг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул түүнийгээ шүүхээр нотолж байж гэмээн газар эзэмших эрхийн асуудал тавигдахаар байгаа болохыг тодорхойлж дүгнэсэн. Ж.Д энэ олон жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ шүүхээр тогтоолгоогүй, өмчийн маргаантай эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Өнөөдөр давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан шиг 161 м.кв газрыг нэхэмжлэгчид зохих журмын дагуу олгож шийдвэрлэлээ гэхэд өмчийн маргаантай тохиолдолд энэхүү шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй нөхцөлд хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл Ж.Д өмчлөгч этгээд гэдгээ нотолсон цагт газрыг эзэмших боломжтой байхаар байна. Үүнээс үзвэл гуравдагч этгээдийн зүгээс хариу тайлбар болгон гаргаж, мэтгэлцэж байсан үндэслэл болох 161 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш этгээд газар эзэмших эрхээ баталгаажуулахаар нэхэмжлэл гаргаад байгаа нь ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул мөн л энэхүү нэхэмжлэлийг ЗХШХШТХ-ийн 109.2-т зааснаар татгалзах үндэслэлтэй байна.
12. Дөрөв. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсгийн 4 дэх хуудасны доод талын догол мөрд “...1702,2 м.кв газраас Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжаар 1541,2 м.кв газрыг /үл хөдлөх эд хөрөнгийн доорх 161 м.кв газраас бусад/ нь “К” ХХК-д эзэмшүүлсэн, тус захирамж хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа энэ тохиолдолд хариуцагчаас тухайн газрыг нэхэмжлэгч Ж.Дд эзэмшүүлэх ёстой гэж дүгнэх боломжгүй гэжээ. Энэхүү дүгнэлт нь бодит нөхцөл байдлаас илтэд зөрсөн, хэрэгт авагдсан баримтыг бүрэн дүүрэн нягтлалгүйгээр гаргасан дүгнэлт бөгөөд “К” ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Булга гэх нэртэй газарт байршилтай 2682 мкв талбай бүхий газар нь Зүүн талаараа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэстэй хил залгаа хашаалсан, урд болон баруун талаараа хашаалсан, хойд талаараа Нарантуул-2 худалдааны төвтэй хашаалсан хэлбэртэй байдаг.
13. Харин Ж.Д нь өөрийн 161 м.кв талбай бүхий байшингийн сууриас гадна барилгын баруун тал, зүүн талаараа орчны газраар хүрээлэгдсэн хэлбэртэйгээр байдаг. Энэ нь Ж. Дамчаа зөвхөн 161 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн газартайгаас өөр газаргүй мэтээр ойлгож тайлбарлах нь өрөөсгөл юм. Ж.Дгийн байшин тойрсон газар нь түүний ашиглалтанд байдаг газар бөгөөд “К” ХХК-ний эзэмшлийн 2682 м.кв газар нь тусдаа байршдаг болох хэрэгт авагдсан кадастрын зургаас тодорхой харагддаг болно. Иймд шүүх буруу дүгнэлт хийж зөвхөн байшингийн суурийн 161 м.кв газрыг Ж.Дд үлдээж бусад газрыг манай компанийг авсан мэтээр тайлбарлан бичиж, улмаар түүнийгээ үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагын зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
14. Дашрамд дурдахад Ж.Дд холбогдуулж “К” ХХК-ийн зүгээс “...түүний хууль бус үйлдлийг зогсоож, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх, өмч хөрөнгөд учруулсан хохирол болон түрээсийн орлогод 2,200,000 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийг гаргаж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.06.21-ний өдрийн 1167 дугаар захирамжаар Ж.Д хил залгаа “К” ХХК-ний ханыг цоолох, нураах зэрэг хууль бус үйлдэл гаргахгүй байх, тус компанийн үйл ажиллагаа явуулахад саад болохгүй байх гэснийг зөвшөөрсөн боловч өнөөдөр “К” ХХК-ний эзэмшлийн хашаанд том оврын ачааны Хово маркийн авто машиныг орц гарцан дээр байршуулж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргээд байгаа болно. Иймд гомдлыг хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
15. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.
16. Нэхэмжлэгч Ж.Д нь “...олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м.кв газар эзэмшихийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож 1702,2 м.кв газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
17. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг нэрлэн заасан бөгөөд мөн зүйлийн 47.1.4-д захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол гэж тус тус хуульчилсан. Нэхэмжлэгчийн гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
18. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2000 оны А/244 дүгээр захирамжаар анх “Б” ХХК-д 2375 м.кв газрыг эзэмшүүлж, 2002 оны 180 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн, 2550 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар “Б” ХХК-ийн нэр “К” ХХК болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус компанийн гаргасан хүсэлтийг үндэслэн, маргаан бүхий 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжаар 2550 м.кв газрыг гуравдагч этгээд “К” ХХК-д шилжүүлж эзэмшүүлсэнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм.
19. Харин, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу нэхэмжлэгч Ж.Дгийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож, 161 м.кв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсаныг буруутгах үндэслэлгүй байна.
20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан бол, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
21. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Монгол Улсын Шинжлэх ухаан боловсролын яамны харьяа Иргэний хамгаалалтын сургалт арга зүйн төвийн захирлын 1996 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 76 тоот албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2/462 тоот албан бичиг, О.О, Ж.Д нарын хооронд 1996 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хийсэн хэлцэл, 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Б” ХХК-ийн захирал О.Оаас Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд гаргасан хүсэлт зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Д нь маргаан бүхий газарт байрлах 161 м.кв үл хөдлөх хөрөнгийг түрээслэн /1990 оноос гэх/ ашиглаж байгаад 1996 онд худалдаж авч, одоог хүртэл эзэмшин ашиглаж буй, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
22. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтийг тухайн шатны Засаг даргад хуульд заасан журмын дагуу гаргахыг, харин тухайн Засаг дарга, газрын алба нь газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг нягтлан хянаж, хуульд нийцүүлэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хуульчилжээ.
23. Гэтэл Нийслэлийн газрын алба нь дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулалгүй, Ж.Дд эзэмших хүсэлт гаргасан 1702,2 м.кв газраас түүний эзэмшлийн 161 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэх боломжтой байхад 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01-06/125 тоот албан бичгээр “...тус барилгын хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгох шаардлагатай” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид зохих газрыг эзэмшүүлэхээс татгалзаж хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, иймээс давж заалдах шатны шүүхийн 161 м.кв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
24. Иймд гуравдагч этгээдийн “...хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Дгийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргаагүй, хугацаанд нь хариуг нь байсан, харин ч бүр шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай болохыг мэдэгдэж байсан, ...давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ж.Дд ашигтай байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахад нийцүүлэн хуулийг тайлбарлан хэрэглэсэн, ...нэхэмжлэгч Ж.Д шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, ...Ж.Д өмчлөгч этгээд гэдгээ нотолсон цагт газрыг эзэмших боломжтой, ...Ж.Дгийн байшин тойрсон газар нь түүний ашиглалтанд байдаг газар бөгөөд “К” ХХК-ний эзэмшлийн 2682 м.кв газар нь тусдаа байршдаг, иймд шүүх буруу дүгнэлт хийж зөвхөн байшингийн суурийн 161 м.кв газрыг Ж.Дд үлдээж бусад газрыг манай компанийг авсан мэтээр тайлбарлан, улмаар түүнийгээ үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэхээр байна” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
25. Иймд дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 461 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА