Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 42

 

 

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд холбогдох,

       “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/461 дүгээр захирамжийн “Цагаан хөшөө трейд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах, У.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

    “Цагаан хөшөө трейд” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2012 онд аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батсайхан нар ажиллаж байхдаа Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 1200 мкв газрыг “Тэс загал” ХХК-д орон сууцны зориулалтаар олгосон бөгөөд тус компани нь 2 жилийн хугацаанд ямар ч ажил хийгээгүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр гэрчилгээг нь 2015 онд хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/02 дугаар тогтоолоор орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг манай компанид 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын А/229 дүгээр захирамжаар 1000 мкв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болно. Газар эзэмшүүлэх захирамж гардан авснаас хойш газрын геодизи хийлгэх, орон сууцны барилгын зураг төсөв хийлгэх ажлыг хийлгэн дуусаж барилгын ажил эхлэх гэж байтал 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын А/461 дүгээр захирамж гарч урьд гарсан аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна. Манай компани өнгөрсөн жилүүдэд аймгийн төвд 130 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан цаашид энэ чиглэлээр ажиллах бүрэн боломжтой юм. Гэтэл аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн хүчингүй болгожээ. Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй байхад хүчингүй болгосноор манай компанид зураг хийлгэсний үнэ, холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөл авсны үнэ зэрэг 30 гаруй сая төгрөгийн хохирол учирсан болно. Мөн энэ намар эхлэх байсан ажил зогссоноос 30 гаруй хүн ажилгүй байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед хувийн хэвшлээ дэмжихийн оронд хааж боогдуулж байгаад харамсаж байна. Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/461 дүгээр захирамжийн “Цагаан хөшөө трейд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батхишиг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Цагаан хөшөө трейд” ХХК нь 2002 онд анх байгуулагдсан. Үүнээс хойш 14  жил барилга угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Манай компани Улаангом суманд 130 айлын орон сууц барьж ашиглалтанд өгсөн. Цаашид дахин орон сууц барих тухай аймгийн Засаг даргад хүсэлтээ гаргахад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 тоот захирамжаар 1000 метр квадрат газрыг “Цагаан хөшөө трейд” ХХК-д орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр  шийдвэрлэсэн. Манай компани дээрх захирамжийг гардаж аваад барилгынхаа ажлыг явуулахаар барилгын зураг төсөл, геодезийн ажлууд хийгдэж, зураг төсөл нь гараад явж байсан. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 10-нд дахин шинэ захирамж гарч аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 дүгээр захирамжийг хүчингүй болгож, барилгын ажил зогссон. Үүнээс болж 30 гаруй хүний ажлын байрны орон тоо алдагдаж хохиролтой байна. Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/461 тоот захирамжийн “Цагаан хөшөө трейд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

       Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т аймаг нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заажээ.

        Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/02 дугаар тогтоолоор батлагдсан “аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний 2 дугаар хавсралт “хот тосгон болон бусад суурин газарт өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулах газрын хэмжээ”-ын 1 дүгээр баганад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар Уланагом сумын нутагт 66.87 га газрыг төвлөгдсөн байх бөгөөд дэлгэрэнгүй хавсралт 1-р хүснэгтэд Улаангом сумын 3-р багийн нутаг Бөхийн өргөөний хойд талд орон сууцы зориулалтаар газар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байна.

       Гэтэл 2016 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй газарт аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 дүгээр захирамжаар “Цагаан хөшөө трейд” ХХК-д 1000 мкв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн нь хууль бус байна.

    2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэсэн бөгөөд “Цагаан хөшөө трейд” ХХК-д хуульд заасан хэмжээнээс илүү гарсан газрыг хуульд заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсноос гадна газар эзэмших хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж давуу эрх олгосон байна.

      Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 дүгээр захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутагт “Цагаан хөшөө трейд” ХХК-д 1000 мкв газар газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх тухай хэсэг нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг илт зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу хүчингүй болгож хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан болно гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн Засаг даргын эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулдаг. Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ энэхүү хуулийг удирдлага болгон холбогдох салбар хуулийг хэрэгжүүлж ажилладаг. Үүний дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дахь заалтыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр А/461 дүгээр захирамжийг гаргахдаа, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн гаргасан. Аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байдаг. Энэхүү чиг үүргийг онолын үүднээс авч үзэхэд Д.Баярсайханы 1996 оны “Эрх зүйн онол” номонд чиг үүргийг нийгмийн зохицуулалтын шинжээр нь нийгмийн харилцааг зохицуулах чиг үүрэг, хамгаалах чиг үүрэг гэж тодорхойлсон байдаг. Тухайлбал эрх олгох, үүрэг хүлээлгэх, хариуцлага ногдуулах, зөвшөөрөх, хориглох, урамшуулах гэж дурдаад, эрх зүйн хамгаалах зохицуулах чиг үүрэг нь хоорондоо зохистой, тэнцвэртэй байхаас гадна ихэнхдээ зохицуулах чиг үүрэг нь харьцангуй давамгайлах чиглэлтэй байх нь зохимжтой гэж дурдсан байна. Гэтэл хуулиар заагдаагүй хориглогдсон хуулийн заалтыг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргасан нь чиг үүргийн бус үйл ажиллагаа явуулсан, чиг үүргээ гажуудуулсан гэж үзэхээр байна. Мөн “Цагаан хөшөө трейд” ХХК нь орон сууцны зориулалтаар газар хүссэн хүсэлтээ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлж, ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн 177 дугаарт он сар, өдөргүй бүртгэгдсэн талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Отгонболд нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тухайн үеийн газрын кадастар хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Пүрэвдоржид судлаж шийдвэрлэхийг зааж цохолт хийсэн байдаг. Гэтэл “Цагаан хөшөө трейд” ХХК-д аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 тоот захирамжаар газар олгож, тухайн өдрөө гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, газар хүссэн хүсэлт ирээгүй байхад газар олгосон шийдвэр гаргаж, гэрээ байгуулж гэрчилгээ олгосон нь Газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу хүсэлтийг үндэслэн Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн дуудлага худалдааны журмаар газрыг эзэмшүүлээгүй, газар зохион байгуулалтын тухайн оны төлөвлөгөөнд тусаагүй газарт  газар эзэмшүүлсэн зэрэг зөрчил гарсан. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т аж ахуйн нэгж байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана гэж заагаад 32.3.2 дахь хэсэгт тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг байна гэсэн шаардлагыг хангаагүй, энэ талаарх материал хувийн хэрэгт авагдаагүй, гэрчилгээний хуулбарыг хавсаргаагүй зэрэг зөрчил гарсан. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7-д заасан захиргааны акт илт хууль бус байх хоёр шинжийг агуулсан захирамж, энэ нь мөн хуулийн 9.2-т заасан захиргааны актын аль нэг заалт нь илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно гэсэн заалтын үндэслэл хангагдсан. Мөн “Цагаан хөшөө трейд” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 25-нд газрын төлбөр болох 13500 төгрөг тушаасан байх ба 2016 онд төлбөр тушаагаагүй. Энэ нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг үндсэн хэмжээгээр хуваан улирал бүрээр сарын эхний 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилан төлж болно гэсэн заалтыг зөрчсөн байна гэв.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болор-Эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр хууль зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсний дагуу дээрх шийдвэрийг хүчингүй болгосон. Хууль бус шийдвэрийг тухайн Засаг дарга нь өөрөө хүчингүй болгосон. “Цагаан хөшөө трейд” ХХК тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар хүсэлт гаргаж болно. Тэгээд тухайн оныхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад хууль ёсны дагуу өргөдөл хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж болно. Аймгийн Засаг даргын зүгээс “Цагаан хөшөө трейд” ХХК-д орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэхгүй гэсэн зүйл байхгүй байгаа. Мөн энэ үндэслэлээр  “Хяргас трейд” ХХК болон Увс аймгийн Жудо бөхийн холбоонд орон сууцны зориулалтаар олгосон газруудыг хүчингүй болсон байгаа. Газрын төлбөрийн ногдуулалтыг жил бүрийн нэгдүгээр сарын 20-ны дотор татварын албанд илгээдэг. Гэхдээ ногдуулалт илгээснээс хойш газар эзэмших хүсэлт гаргаад шийдвэрлэгдсэн этгээд гэрээнд заагдсаны дагуу улирал бүрээр газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй байдаг гэв.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу ойлголттой байх шиг байна. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн гэдэг хүн хууль журмын дагуу газар олгосон юм уу гэдэгт бид нар маргаагүй. “Цагаан хөшөө трейд” ХХК барилга барих эрхтэй, тусгай зөвшөөрөлтэй, аж ахуйн нэгж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү компани Увс аймагт үйл ажиллагаа явуулж, татвараа төлж ажилладаг. Тийм ч учраас Увс аймгийн Засаг даргад хандаж газар олгоно уу гэж хүсэлт тавьсныг аймгийн Засаг дарга хүсэлтийг нь хүлээж аваад шийдсэн. Дараагийн Засаг дарга гарч ирээд урьд ажиллаж байсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Үүн дээр Д.Цэндсүрэн, Д.Батсайхан гэдэг хоёр хүний тухай огт яригдаагүй. Засаг дарга гэдэг албан тушаалын тухай яригдаж байгаа. Тэгэхээр Засаг дарга эрх шилжүүлж авснаар үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилж байдаг, аймаг орон нутаг удирддаг, гүйцэтгэх засаглалын эрх бүхий субьект. Хэрэв хууль бусаар газар өгсөн бол өмнөх Засаг даргын буруу, харин манай компанийн буруу биш гэв.

     Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Барилга угсралт, засварын ажлыг үндсэн үйл ажиллагааны чиглэл болгон эрхэлдэг Цагаан хөшөө трейд ХХК-нд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 4 сарын 26-ны өдрийн А/229 дүгээр захирамжаар Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1000 м2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ. Улмаар уг компани эрх бүхий байгуулагатай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг[1] байгуулснаар Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд нэгж талбарын 85016009319 дугаар бүхий 1000 м2 талбайтай, 2643693 регистрийн дугаартай Цагаан хөшөө трейд ХХК-ийн эзэмшлийн газар хэмээн баталгаажжээ[2].

        Нэхэмжлэгч Цагаан хөшөө трейд ХХК нь эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглахаар холбогдох эрх авсан байгууллагууд, тухайлбал “КонКонсалтинг” ХХК-тай зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, “Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ний техникийн нөхцөл, “Чандмань-Увс” ХХК-ний техникийн нөхцөл, “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-ний техникийн нөхцөл, “Увс Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ-ын техникийн нөхцөл, Цагаан хөшөө трейд ХХК-ийн орон сууцны барилгын зураг төсөл боловсруулахад зориулсан инжинер-геологийн судалгааны ажлын дүгнэлт зэргийг гаргуулж үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, банкны баримт, зарлагын зарим баримтаар тогтоогдож байна.

       Хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч компанид газар эзэмших эрхийг олгосон захирамжийн холбогдох заалт, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3: “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө .... өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4: “Аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, мөн газрын хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1: “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно” гэснийг үндэслэжээ.

         Хариуцагч аймгийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 дүгээр захирамжаар Улаангом сумын 3 дугаар багийн нутагт “Цагаан хөшөө трейд” ХХК-д 1000 мкв  газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх тухай хэсэг нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг илт зөрчсөн буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заагаагүй газарт газрыг эзэмшүүлсэн нь хууль бус гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр мөн дэмжиж, мэтгэлцэж байв.

      Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орон сууцны хорооллыг төвлөрүүлэхээр Увс аймгийн Засаг даргын 2007 оны 12 сарын 4-ний өдрийн 493 дугаар захирамжаар Монгол Улсын Засгийн газрын “40000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 4,6 га газрыг Орон сууц санхүүжилтийн корпорацид олгосон шийдвэр гарч байж. Үүнээс тухайн үед 1200 мкв газрыг /одоо маргаж буй газар/ “Тэсзагал” ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмшүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нэгж талбарын хувийн хэргээр[3] нотлогдож байна.

            Түүнчлэн мөн багийн нутаг дэвсгэрт “ТОСК” ТӨҮГ-т 26000 м2 газрыг “Галдан бошигт” орон сууцны хорооллын зориулалтаар эзэмшүүлсэн Увс аймгийн Засаг даргын 2014 оны 3 сарын 31-ний А/198 дугаар шийдвэр хэрэгт баримтаар авагдсан байна.

          Тэгэхээр орон сууцны хороолол барихаар хотын хөгжлийн хэтийн зорилтонд тусгаж, 1000 айлыг орон сууцжуулах зорилтыг аймгийн Засаг даргаас дэвшүүлэн хэрэгжүүлэх явцад Газрын тухай хуульд заасны дагуу “Цагаан хөшөө трейд” ХХК-д орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд байна гэж шүүх дүгнэлээ. Увс аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө /хх-ийн  40-46 дугаар хуудас/-нд Улаангомд 29500 м2 газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар орон сууцны зориулалтаар олгохоор заагджээ. Иймд хариуцагчийн “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь маргаан бүхий актаар эзэмшүүлсэн газрын байрлал нь эргэн тойрондоо орон сууцны хорооллуудтай, инжинерийн шугам сүлжээтэй, урьд нь тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж орон сууцны зориулалтаар олгогдсон байсан газрыг дахин мөн тэр зориулалтаар олгосон байгаа нь Газрын тухай хуулийн 33.4-д заасныг зөрчөөгүй байна.

         Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч газар эзэмшигч хуулийн этгээдэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй, энэ байдал тогтоогдож хэрэгт авагдсан баримт байхгүй байхад, түүнчлэн захиргааны байгууллага буюу Засаг даргын шийдвэрийн дагуу тухайн шийдвэрт итгэн үйл ажиллагаа явуулж мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх буюу бодит хөрөнгө гаргасан байхад дараагийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа Засаг даргаас нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон явдал нь хууль ёсны дагуу хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хариуцагч захиргааны байгууллага зөрчсөн буруутай, өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан зургийн үнэ, барилга барих газрын геологи судалгааны үнэ, техникийн нөхцлүүдийг хийлгэхэд төлсөн үнэ зэргийг төлсөн банкны баримт, зарлагын баримтаар мөнгөн дүнгээр тооцогдох хөрөнгийг нэхэмжлэгч компаниас гаргасныг хариуцагч анхаараагүй үүгээрээ нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн, маргаан бүхий захиргааны акт хууль бус байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэдэг нь нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байхыг ойлгодог байна.

       Захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргах явцдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулахгүйгээр шууд шийдвэрлэсэн нь захиргааны актыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэл болж байна.

      Шүүх маргаантай асуудалд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбар, гэрчийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дээр дурдсан байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу шийдвэрлэлээ. Ингэхдээ нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн буюу хууль бус шийдвэрийн улмаас хохирсон хохирлоо шаардах эрх Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ззааснаар нэхэмжлэгчид үүссэн, харин хохирлыг барагдуулахдаа мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д: “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэсэн хуульд заасан зохицуулалтын дагуу хариуцагчийн ажлын алба болох аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлж байгаа болно.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ.

         1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/461 дүгээр захирамжийн “Цагаан хөшөө трейд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

       3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /аймгийн ЗДТГ-ын санхүүгээс/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа ;өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас Цагаан хөшөө трейд ХХК-ийн нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан гэрээ.

[2] Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас. Газрын Харилцаа, Геодези, Зураг зүйн газрын албан тоот

[3] Хавтаст хэргийн 64-74 дүгээр хуудас