Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 208/МА2022/00039

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 208/МА2022/00039

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

 Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: 6.600.000 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нэхэмжлэлдээ:

 1.    6.600.000 төгрөг гаргуулах

 2. Иргэн ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн УБУ-12/11 дугаартай Улаан буудайн урьдчилгаа олгон дэмжлэг үзүүлж, Улаан буудай худалдан авах гэрээ ******* ******* ХХК-тай байгуулсан. Тус гэрээний дагуу ******* ******* ХХК нь *******т 5,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр улаан буудай тариалахад нь дэмжлэг болж зээлдүүлсэн. Уг гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дахь 40 га талбайгаас хураах нийт ургацыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны дотор үйлдвэрийн нөхцөлөөр нийлүүлэхээр тохирсон боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй худлаа хэлж өөр газар худалдсан ба дээрх шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилсэн боловч удахгүй өгнө гэж худлаа хэлсээр өнөөдрийг хүрлээ.

... ******* ******* ХХК нь иргэн *******, ******* нарын эхнэр нөхөр буюу гэр бүлийн хүмүүсээс зээлдүүлсэн 4.400,000 төгрөг, гэрээний 5.3-т заасан гэрээний үүргийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 2,200,000 төгрөг нийт 6,600,000 /Зургаан сая зургаан зуу/ төгрөг болон Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,550 төгрөгийг тус тус гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч *******, Б.Сугар нар хариу тайлбартаа:

 ... Хүү алданги төлөх ямар ч боломж байхгүй. Үндсэн төлбөр болох 4.400.000 төгрөгийг Цагааннуур сумын нутаг Баянхангай гэдэг газар тарьж ургуулж байгаа сонгиноо хурааж авч борлуулж 2022 оны 09 дүгээр сарын 25 гэхэд төлж дуусгах боломжтой байна. Наана нь төлөх боломж байхгүй. Намайг байлцуулахгүйгээр хурлыг хийж болох бол татгалзах зүйл алга. Түүнээс гадна шүүх хуралдааныг хойшлуулж болохоор бол хойшлуулж өгөхийг хүсч байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 6.600.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 120,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 120,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

 1.    Хүү алдангийн 2.200.000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү

 2. Иргэн *******, ******* нараас ******* ХХК нь 6.600.000 төгрөг нэхэмжилсэн болно. 2019.09.18-нд ******* ******* ХХК нь миний эзэмшлийн Гандан хайрхан ХХК-ийн 1095000036642 тоот төрийн банкны дансанд 5.000.000 төгрөг улаан буудайны урьдчилгаа шилжүүлсэн нь үнэн буюу тухайн жил бороо ихтэй намар оройтож 10- сарын дундуур улаан буудайгаа хурааж авсан. ******* ******* ХХК нь машин явуулж буудайгаа авъя гэсэн, тэр ирсэн хүмүүс нь захирал Булгаа нь чийгтэй нойтон байна хатааж өг гэсэн юмаа, хүйтэрчих гээд надад цаг нартай уралдаж ажиллаж байгаа хүмүүс хатаах тоног төхөөрөмжөө хэрэглүүлэх боломж байгаагүй тул Од группт нойтноор нь өгсөн. Covid гэдэг өвчин гарч Од групп увуулж цувуулж мөнгөө өгсөн тулд ******* ******* ХХК-ийн мөнгийг өгч чадаагүй алдагдалд орсон, үүнээс хойш боломжоороо 1 сая гаруй төгрөг өгсөн байх гэж болдож байна сайн санахгүй байгаа. Баримттай 500.000+300.000+300.000=1.100.000 байна. Миний бизнесийн алдагдалд орсон аргагүй байдлыг харгалзан үзэж ******* ******* ХХК-д төлөх ёстой 5.000.000 төгрөгнөөс миний төлсөн баримтаар нотлогдож байгаа 1.100.000 төгрөгийг хасч, мөн хүү алдангийн 2.200.000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү. Үндсэн мөнгөө өгч чадахгүй алдагдалд орсон би энэхүү 2.200.000 төгрөгийг үнэндээ төлж чадахгүй дарамтад орж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэргийн үйл баримт буюу зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эрх зүйн дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Нэхэмжлэлийн шаардлагын талаар: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 6,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байх ба хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй гэсэн үндэслэлээр гэрээний хариуцлагаас чөлөөлүүлэх талаар маргажээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний үүргээ хугацаанд биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлажээ.

 4. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар:

******* ******* ХХК хариуцагч  *******, ******* нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12- ны өдөр Улаан буудайн урьдчилгаа олгон дэмжлэг үзүүлж, худалдан авах тухай гэсэн гэрээг бичгээр байгуулж, талууд гэрээний зорилгоо улаан буудай тариалалт, буудай хураалтад зориулж 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талаас шилжүүлж, хариуцагчаас 2019 оны намрын шинэ ургацын улаан буудайнаасаа гэрээний үнээр тооцон нийлүүлэх гэж тодорхойлж, гэрээний үүрэг биелүүлэх хугацааг 2019 оны 11 сарын 01-ний дотор гүйцэтгэх, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцжээ.

Тус гэрээний дагуу ******* ******* ХХК-аас 5.000.000 төгрөгийг хариуцагч *******, ******* нарт буюу Гандан Хайрхан ХХК -нд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээ, мөнгө шилжүүлсэн тухай баримт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

******* Гурил ХХК нь гэрээнийхээ дагуу мөнгө шилжүүлэх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлсэн байх ба хариуцагч нар нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2022 оны 05 сарын 30-ны өдөр гэрээний үүрэгт 4.400.000 төгрөг гаргуулах, гэрээний хариуцлага буюу хугацаанд нь үүргээ биелүүлээгүй алданги 2.200.000 төгрөг гаргуулахаар хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нар нь гэрээний үүрэг 4.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө харин алданги 2.200.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргасан байх ба үндэслэлээ төлбөрийн чадваргүй гэжээ.

 5. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээндээ 5.000.000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлэх гэж тэмдэглэсэн байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга болон улаан буудайн шинэ ургацаас худалдан авахаар урьдчилан тохирч намрын ургац хураахаас өмнө мөнгийг шилжүүлж байгаа нь нэг төрлийн урьдчилсан гэрээ гэж үзэхээр байна.

Талууд ирээдүйд тодорхой эд хөрөнгийн талаар худалдах худалдан авах гэрээ байгуулахаар тохирч болох бөгөөд энэ гэрээ нь тодорхой хугацааны дотор эсхүл тодорхой үйл явдал болохоос өмнө байгуулагдсан байхыг шаарддаг, гэрээний агуулгын талаар талууд урьдчилан тохиролцсон байхаар тодорхойлогддог тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс 5.000.000 төгрөгийг хариуцагч нарт хүүгүйгээр зээлүүлсэн гэж зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь үндэслэлгүй болжээ.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний хувьд худалдах худалдан авах гэрээний нэг төрөл тул маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх нь зүйд нийцнэ.

Хариуцагч нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гэрээний үүрэг гаргуулах тухай шаардлага үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар үүргээ биелүүлэхээр шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Мөн талууд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцон гаргуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 6. Хариуцагч нарын давж заалдах гомдлын талаар:

Хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт цувуулж 1.100.000 төгрөгийн төлбөр төлснийг үндсэн төлбөрөөсөө хасуулах, байгалийн болон бусад нөхцөл байдлын улмаас ургацаа хугацаанд нь хурааж авч чадаагүйн улмаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн үүргээ биелүүлж чадахгүй хүнд нөхцөлд орсон тул алданги 2.200.000 төгрөгийг төлөх боломжгүй байгааг харгалзан алдангийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Аливаа гэрээг байгуулахдаа гэрээний хариуцлага буюу гэрээний талууд үүргээ гүйцэтгээгүй эсхүл үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ төлөө мөнгөн төлбөр төлөхөөр тохиролцож болохоор хуульчилсан.

Зохигчид нь гэрээндээ алданги төлөхөөр тохиролцож гэрээг бичгээр байгуулсан байх ба хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул алданги тооцон гаргуулахаар гаргасан шаардлага үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн дээд хязгаарыг тогтоож өгсөн байх ба хариуцагч нар гэрээгээр 2019 оны 11 сарын 01-ний дотор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь энэхүү хязгаарт багтаан алданги нэхэмжилсэн нь дээрхи хуулийн зохицуулалтад нийцэж байна.

Хэдийгээр хариуцагч нар гэрээний хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн, эдийн засгийн хувьд алданги төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ татгалзалтай холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүхээс алдангийн хэмжээг багасгах үндэслэлгүй юм.

 Хариуцагч нар нь давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлын хамт нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний дансанд 2021 оны 03 сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 11 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 11 сарын 10-ны өдөр 300,000 төгрөг нийт 1.100.000 төгрөгийг үндсэн төлбөрт төлсөн гэсэн баримт ирүүлжээ.

Хариуцагч нь энэхүү баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй буюу анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхэд хэлэлцэгдээгүй нотлох баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.5 анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй..., 161 дүгээр зүйлийн 161.4 давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасан тул давж заалдах шатны шүүх тухайн нотлох баримтыг хүлээн авч хэлэлцэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нарын давж заалдах гомдолдоо хавсаргасан баримтыг давж заалдах шатны шүүхээс үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасах хуулийн үндэслэлгүй.

Харин энэхүү баримтаа үндэслэн нэхэмжлэгчтэй гэрээний үүрэг биелүүлсэн талаараа тооцоо нийлэх эрх нь нээлттэй болохыг хариуцагч нарт тайлбарлах нь зүйтэй.

 7. Иймд хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн зохих заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 269 дүгээр зүйлийн 269.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 6.600.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай. гэж,

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 50.150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН