Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 881

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Мөнхтулга       хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол овогт Дэмчигийн Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805056271093  дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Б.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны гадаа иргэн Б.М-тай “автомашин шүргэлээ” гэсэн шалтгаанаар маргаж хүч хэрэглэн халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж тонгойх явцад нь гараараа цохиж биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний  дотор буланд шарх, ухархайн доод хана, хамар ясны хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би биеэ барьж чадахгүй хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй гэв. 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.М мөрдөн байцаалтад: “Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 65 дугаар байны гадаа автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн хар ногоон өнгийн мицубуши мантиро маркын 53-52 УБЭ улсын дугаартай авто машинаа  зогсоолд байрлуулах гээд ухрах үйлдэл хийж байхад ард байсан цагаан өнгийн жижиг суудлын машины дохиолол дуугарахаар нь буцаж урагш болж байгаад ухарч  зогсоолд байрлуулчихаад явж байтал гэнэт нэг залуу гарч ирээд миний машиныг өшгөлж цонх руу гараараа цохиод байхаар нь очоод чи яаж байгаа юм гэхэд үгийн зөрүүгүй  миний элэг рүү гараа атгаж 4-5 удаа дараа нь толгой нүүр нүд рүү олон удаа цохиж зодсон. Тэгтэл нэг залуу гарч ирж салгасан...” /хх-ийн 4-5/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13029 дугаартай дүгнэлтэд: Б.М-н биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор буланд шарх, ухархайн доод хана, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Д.Б мөрдөн байцаалтад: “Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65-72 тоотод гэртээ байж байгаад цонхоороо доошоо зогсоол руу хартал миний 48-33 УБЭ улсын дугаартай Тоёота Приус 20 машин хажуугаар зогсоолд орох гээд мини Пажеро маркийн машин ухрах үйлдэл хийхдээ миний машины хамар руу тулаад буцаж эргэлт хийгээд 2-3 удаа ухрах үйлдэл хийгээд байхаар нь би бууж очоод хартал нөгөө машин миний машины баруун талд зогсоол дээр тавьчихаад жолооч нь цаашаа алхаад явж байсан тэгэхээр нь би жолоочийг нь дуудахад хүрээд ирсэн. Тэгээд би яаж байгаан бэ машин мөргөчихлөө гэхэд нөгөө жолооч ах би яагаачгүй гээд бид 2 хэсэг маргалдаад би уг ахыг түлхээд уурандаа нүүр рүү 1 удаа цохиход нүдэнд нь оноод цус гарсан. Тэгээд би тэр ахыг тэвэрч зууралдсан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

Гэрэл зургийн үзүүлэлт, хохиролтой холбоотой баримтууд,

 

Шүүгдэгч Д.Б хувийн байдалтай холбоотойгоор: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 33/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34-35/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 37/, эрүүл мэндийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 39/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 46/, ял шалгах хуудас /хх-ийн 48/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны гадаа иргэн Б.Мтай “автомашин шүргэлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж бие махбодид нь халдаж  эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.М-н” ...үгийн зөрүүгүй  миний элэг рүү гараа атгаж 4-5 удаа дараа нь толгой нүүр нүд рүү олон удаа цохиж зодсон...” /хх-ийн 4/ гэх мэдүүлэг болон, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13029 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 15/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 16-17/, хохирогч Б.М шүүгдэгч Д.Бэс хохиролд 2460.000 төгрөг хүлээн авсан  баримт /хх-ийн 54/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд сэжигтнээр Д.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би уг ахыг түлхээд уурандаа нүүр рүү 1 удаа цохиход нүдэнд нь оноод цус гарсан. /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ хохирлоо бүрэн авсан тул гомдол санал байхгүй,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр  торгох саналыг Д.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.