Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 883

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч Ю.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

Бд холбогдох эрүүгийн 1805025400934 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Ю.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан Г.Гийн цүнхтэй эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ю.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн тул нэмж шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Би гэмшиж байна гэв. 

 

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд: “Би 2018 оны 4 дүгээр сарын 29-ний 00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла нэртэй бааранд 3 найзын хамт үйлчлүүлж байгаад сандал дээр өөрийн гар цүнхээ орхиод бүжиглэж байгаад иртэл миний гар цүнхийг хулгайлсан байсан. Тэгээд баарны хяналтын камерийн бичлэгийг шүүтэл хажуугаар явж байсан эрэгтэй хүн миний цүнхийг хулгайлаад авч гарч байгаа нь бичигдсэн байсан. Тэгтэл миний цүнхийг хулгайлаад гарч явсан хүнтэй хамт явж байсан эрэгтэй хүн Б.Мөнх-Эрдэнэ нь Хаан банкны картаар үйлчлүүлэн тооцоо хийсэн байсан. Би 2018 оны 4 дүгээр сарын 29-ний 04 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгчихөөд гарч явтал Стелла баарнаас утасдаж миний гар цүнхийг нойлийн өрөөнөөс олсон гэж хэлэхээр нь очиж үзтэл миний цүнх байсан ба дотор нь иргэний үнэмлэхнээс өөр зүйл байгаагүй. Уг нь миний цүнхэнд эмийн сангийн орлогын мөнгө 540,000 төгрөг, iphone 6 маркийн цагаан өнгийн гар утас, миний хэрэглээний мөнгө 60,000 орчим төгрөг, гэрийн түлхүүр, ажлын түлхүүр зэрэг эд зүйлс байсан. Бүгд байхгүй болсон байсан. Тэгтэл надтай хамт явж байсан найз Энхжаргал өглөө 09 цаг өнгөрч байхад миний 99980797 дугаар руу залгатал эмэгтэй хүн аваад гар утсыг чинь олсон Эмээлтэд ирж ав гэж хэлсэн байсан. Би тэр хүн рүү утсаар холбогдож байгаад Эмээлтэд байдаг “Мал бордох” гэх газарт танихгүй 2 эмэгтэй хүнтэй уулзаж байгаад гар утас олж өглөө гэж 50,000 төгрөгний шагнал өгч өөрийн гар утсаа олж авсан. Тэгэхэд тэр хоёр эмэгтэй хүн Стелла баарны гаднаас гар утсыг чинь 10,000 төгрөгний хамт олсон гэж хэлсэн. Тэгээд надаас шагнал гэж 100,000 төгрөг авна гээд байсан. Миний цүнхэнд 600,000 төгрөг байсан гэдгийг надаас өөр мэдэх хүн байхгүй. Эмийн сангийн 3 хоногийн орлогын мөнгө байсан” /хх-ийн 12/

Хохирогч Г.Г дахин байцаалтаар”...Миний алдсан цүнхэнд байсан 600,000 төгрөгийн баримт гэхээр зүйл байхгүй. Тийм болохоор тэр мөнгийг байсан үгүйг нотолж чадахгүй. Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан. Болсон асуудлыг бүрэн дүүрэн санахгүй байна. Би цүнхийг хулгайлсан гэх хүнийг танихгүй”  /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд:  “Би 2018 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла нэртэй бааранд танил Нарангэрэл түүний нөхөр Дулмаа, Сараа нарын хамт үйлчлүүлж нэг шил архи хувааж ууж байгаад би согтсон байсан. Тэгээд уг бааранд орохдоо орох тасалбарын үнэ 50.000 төгрөг, дотор ороод  архи, пиво авсан тооцоо 76.000 төгрөгийг би өөрийн 5925305097 тоот данстай картнаас уншуулсан байсан. Би нэг мэдэхэд баарнаас гарчихсан  Нарангэрэл түүний нөхрийн хамт гурвуулаа таксинд сууж байсан. Тэгээд таксины мөнгө 25000 төгрөг гарсан байсан. Нарангэрэл нөхөртэйгөө явчихсан. Би таксины 25000 төгрөгийг төлөөд дахиад такси бариад гэртээ харьсан. Би цүнх хулгайлаагүй. Би цүнх хулгайлсан хүнийг хараагүй ” /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Нарангэрэл мөрдөн байцаалтанд: “ Ю.Б манай нөхөр байгаа юм. Би өөрийн төрсөн эгч болох Б.Буяндэлгэрийн хамт байж байгаад уг эмэгтэйд гар утсыг нь Эмээлтийн “Мал бордох” гэдэг газарт уулзаад өгсөн.  Энэ нь манай  гэрийн ойролцоо байдаг газар юм. Тухайн үед би эгчийгээ хань татаад аваад гарчихсан юм. Уг гар утсыг манай нөхөр болох Ю.Б надад өгсөн. Надад өгөхдөө би энэ гaр утсыг олсон гэж хэлсэн. Би 2018 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө өөрийн нөхөр болох Ю.Бы хамт уг бааранд орсон.  Ю.Б уг шөнийн клубт зэргэлдээ сууж байсан эмэгтэйн гар цүнхийг хулгайлсан талаар би мэдэхгүй байна. Надад маргааш өглөө нь гар утас олсон гэж л хэлсэн. Эхлээд гарахдаа чиний цүнхтэй андуураад нэг эмэгтэй хүний цүнхийг барьчихсан явж байгаад андуурснаа мэдээд буцаагаад байранд нь тавьчихлаа гэж хэлж байсан. Би уг гар утсыг гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгө гэдгийг мэдээгүй. Унтаад өглөө босоод иртэл би энэ гар утсыг олсон л гэж байсан. Би олсон гэж бодсон учраас мөнгө өгч байж ав гэж хэлээд 50,000 төгрөг авсан. Түүнээс өөр мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Би Ю.Бтай үгсэн тохиролцон уг гар утсыг хулгайлсан, олсон гэж хэлэн мөнгө авсан асуудал байхгүй” /хх-ийн  18-19/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Буяндэлгэр мөрдөн байцаалтанд: “... 2018 оны 4 дүгээр сарын 29-нд би Нарангэрэлийн гэрт ортол Ю.Б нь шөнө утас олсон гэж ярьсан. Тэгж байтал нөгөө утасных нь эзэн залгаад утсаа авъя гэсэн гэж байсан. Тэгээд орой манай дүү Нарангэрэл хамт гараад ирье гэхээр нь гартал нэг эмэгтэйтэй уулзаж утсыг нь өгсөн. Тэр эмэгтэй хариуд нь 40000 төгрөг өгч байсан... Айфон 6 маркын саарал өнгийн утас байсан санагдаж байна. Ю.Б нь надад “Би энэ гар утсыг олсон” л гэж байсан. Би ч тухайн үед лавлаж асуугаагүй. Ю.Б болон Нарангэрэл нар нь үгсэн тохиролцож уг гар утсыг хулгайлан авсан талаар мэдэхгүй. Гар утсыг нь олж өгсөн болохоор мөнгө өгсөн. Тэрнээс биш тухайн хүнийг дарамталж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй...” /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар Ю.Б мөрдөн байцаалтанд: “Би 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр найзуудтайгаа уулзаад гадуур явж байгаад салаад эхнэртэйгээ хамт “Стелла” шөнийн клубт хамт орсон. Би уг шөнийн клубээс гарахдаа эхнэрийнхээ цүнхтэй андуураад нэг эмэгтэй хүний гар цүнхийг  бариад гарчихсан байж байгаад буцаж оруулж байранд нь тавьчихаад гарсан.  Би шөнийн клубээс гараад явж байхдаа гаднаас гар утас олсон. Би тухайн үед гар утсыг аваад халаасандаа хийгээд эхнэртэйгээ хамт такси бариад гэр рүүгээ харьсан. Би өглөө босоод нөгөө гар утсыг хартал хүн залгахаар нь аваад ярьсан. Би орой очиж гар утсаа авъя гэж хэлээд манай гэрийг заалгасан. Би эхнэртээ нөгөө гар утсыг олсон юм гэж хэлээд өгсөн. Эхнэр уг утасны эзэнтэй утсаар ярьж байгаад гар утсыг нь өгсөн байсан. Би уг гар утсыг шөнийн клубээс олсон. Яг хаанаас олсон гэдгээ санахгүй байна. Би нилээн согтуу байсан. Болсон асуудлыг сайн санахгүй байна” /хх-ийн 22-23/ гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25, 29/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ю.Б 2018 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан Г.Гийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Гийн ”... Би 2018 оны 04 дүгээр сарын 29-ний 00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла нэртэй бааранд 3 найзын хамт үйлчлүүлж байгаад сандал дээр өөрийн гар цүнхээ орхиод бүжиглэж байгаад иртэл миний гар цүнхийг хулгайлсан байсан. Тэгээд баарны хяналтын камерийн бичлэгийг шүүтэл хажуугаар явж байсан эрэгтэй хүн миний цүнхийг хулгайлаад авч гарч байгаа нь бичигдсэн байсан...” /хх-ийн 12/, гэрч Б.Нарангэрэлийн “... Би өөрийн төрсөн эгч болох Б.Буяндэлгэрийн хамт байж байгаад уг эмэгтэйд гар утсыг нь өгсөн...Уг гар утсыг манай нөхөр болох Ю.Б надад олсон гэж хэлж өгсөн...”/хх-ийн 18-19/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25, 29/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Прокуророос Ю.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ю.Быг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Ю.Быг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хяналтын прокурор яллах дүгнэлтэнд хохиролын үнийн дүнг 1.143.000 төгрөг гэж ташаа бичсэнийг  493.000 төгрөг болгож шүүх зөвтгөснийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ю.Б хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлсээ буцаан биет байдлаар өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг  бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ю.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ю.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан эд зүйлсийг биет байдлаар буцаан өгч хохиролоо нөхөн төлсөнд тооцогдсон Ю.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т  заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                       

          

   ТОГТООХ нь:

1.     Шүүгдэгч Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Шүүгдэгч Ю.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Ю.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ю.Бд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ю.Бд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ