2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2026/03913

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, шүүгч Б.Баярмаа, Ч.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,   өөрийн байранд байрлах, У з з а г ОНӨААТҮГ /РД:6109209/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,   тоотод байрлах, ДХХК /РД: /-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг,  тоотод оршин суух, Б овогт Ч Т /РД: /

 

Гэм хорын хохиролд 20,113,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өсөхбаяр нар оролцов.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд өөрийгөө эзгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг бичгээр мэдэгдсэн, түүнийг эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч У з з а г ОНӨААТҮГ нь хариуцагч ДХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 20,113,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Д ХХК-ийн жолооч Ч.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө 00:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг * улсын дугаартай машин дээр экскаватор ачин тээвэрлэх явцдаа мөргөж эвдэн хэргийн газраас явсан байсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Тээврийн цагдаагийн хэсгээс олж илрүүлэн Д ХХК-ийн жолооч Ч.Т ын буруутай үйлдлээс болсныг олж тогтоон нотолж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд Д ХХК-ийн жолооч Ч.Т ын буруутай үйлдлээс учирсан хохирол 20,113,355 төгрөгийг Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2016.08.31-ний өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан У з з а г ОНӨААТҮГ-ын дүрмийн үүргийн дагуу эвдэрсэн өндрийн хязгаарын шонг дахин ашиглах боломжгүй байсныг бүгдийг шинээр авч ашиглалтад оруулсан. Иймээс дээрх өндрийн хязгаарын шонг засварлан шинээр байршуулахад манай байгууллагаас гарсан 20,113,355 төгрөгийг хариуцагч Д ХХК-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч ДХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 20,113,355 төгрөгийг шаардаж байгаа боловч энэ нь эрх бүхий этгээдээр үнэлгээний байгууллагаар баталгаажаагүй байхад өнөөдрийг хүртэл энэ шаардлагаа дэмжиж байна. Төсөв гээд байгаа нь өөрийн дотоод газраас авсан түүнийгээ үнэлж 20,113,355 төгрөгийн шаардлага гаргадаг. У з з а г ОНӨААТҮГ-ын дүрмээр нийслэлийн төсвийн дагуу тухайн жилд хийгдэх зам засварын ажлыг хийж гүйцэтгэх, шинээр замын байгууламж бий болгосон тохиолдолд Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгүүлж нийслэлийн өмчид бүртгээд явдаг байгаа. Гэтэл өөрсдийн хийсэн зүйл гээд байгаа нь стандартын шаардлага хангасан болох нь эргэлзээтэй, түүнийг нийслэлийн өмчид бүртгүүлэх ажлууд хийгдээгүй байсан гэж харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй эсэх нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч байгууллагад эрх олгосон зүйл байхгүй, харин замын засвар арчлалтыг хийх талаар төсвийг баталж өгсөн байгаа. Анх нэхэмжлэл гаргахад Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн замын хөгжлийн газраас эрхээ шилжүүлсэн баримт авагдаагүй, харин 2026 оны 02 сард Нийслэлийн замын хөгжлийн газраас эрх шилжүүлэх тухай агуулгатай бичгийг ирүүлсэн байдаг. Ингэхдээ нэхэмжлэгч өөрөө хүсэж хүсэлт илгээгээд улмаар хариуд нь эрхийг шилжүүлж байна гэсэн агуулгатай албан тоотыг хүргүүлсэн байна. Түүнээс хойш шаардах эрх шилжүүлж байна гэсэн агуулгын дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй. ...Д ХХК-д жолоочоор ажиллаж байсан Ч.Т ын 100 хувийн хариуцлагагүй, буруутай үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан бөгөөд тухайн үйлдэлд нь Зөрчлийн хэрэг үүсч, цагдаагийн байгууллагаар шалгагдсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас шүүхэд зөрчил гаргасан этгээд нь хохирлыг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Д ХХК-ийн эзэмшлийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж яваад Нисэхийн Чингисийн хүрээ орчмоос экскаватор ачаад хонхорын чиглэлд явж байхдаа Хийморийн овооны өндөрийн хязгаарын шонг мөргөж гэмтээсэн гэх зам тээврийн осолд холбогдож дуудагдсан байна. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Миний жолоодож явсан өгсүүр газар хүч алдан цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тухайн үед экскаваторын оператор хамт цуг явах байсан бөгөөд яваагүй. Мөн миний бие Төв аймгийн нутгаар явъя гэсэн. Тухайн үед постны мөнгө болон замын хөдөлгөөний мөнгө олгоогүй. Тиймээс уулын замаар явах болсон. Энэ авто замын аваар осолд ямар ч холбоогүй болно. Одоо миний бие Өмнөговийн Гурван тэс сумын харьяа нүүрс тээврийн ажил алба хашиж байгаа. Миний ээж элэг солиулсан, эмчийн хяналтад байгаа. Миний бие асарч байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс У з з а г ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, гэрэл зургууд, Эрх бүхий албан тушаалтны 2021.09.29-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны 2021.101.12-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны 2021.10.18-ны өдрийн магадлагаа, эрх бүхий албан тушаалтны 2021.10.18-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол, эрх бүхий албан тушаалтны 2021.10.15-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2021.10.18-ны өдрийн №0028521 тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны 2021.10.18-ны өдрийн Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2021.10.01-ний өдрийн албан бичиг, оврын хаалт суурилуулах төсөвт өртгийн товчоо, гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг баримтыг, Замын хөгжлийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6/2384 тоот албан бичиг, У з з а г ОНӨААТҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 470 тоот албан бичиг, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн УБЗЗАГ/А/273-03 тоот Нийслэлийн автозамын сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажил /Багц-3/, /Засвар, арчлалт/, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/273 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамж, хавсралт, Итгэмжлэл, У з з а г ОНӨААТҮГ-ын Шаардах эрх шилжүүлэх тухай албан бичиг, Замын хөгжлийн газрын 2026.02.05-ны өдрийн 02/н236 дугаар албан бичиг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 Хариуцагчаас 2021.06.29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2021.06.29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Д ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт зэрэг баримт, Ц.Батмэндэд олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Гуравдагч этгээдээс хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Өмчийн харилцааны газрын 2025.05.26-ны 1/861, 2024.12.16-ны 3/2142 албан тоот, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Замын хөгжлийн газрын 2025.09.16-ны өдрийн 02/2500 дугаар албан бичиг, Замын хөгжлийн газрын 2022.11.30-ны өдрийн 6/2384 дугаар албан бичиг, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч У з з а г ОНӨААТҮГ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...ДХХК-ийн жолооч Ч.Т ын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө 00:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг мөргөж эвдсэн. Нийслэлийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны А/273 тоот захирамжаар манай байгууллагад Нийслэлийн замын засвар арчлалт гүйцэтгэл бүх асуудлыг засварлаж хариуцахаар эрх олгосон. Мөн Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн дагуу захирамжаараа манай байгууллагад замын засвар арчлалтыг хариуцуулсан бөгөөд уг эвдэлсэн өндрийн шонг бид өөрсдийн зардлаар засварлаж, хэвийн болгосон. Замын хөгжлийн газраас шаардах эрхээ шилжүүлсэн тул хариуцагчаас 20,113,355 төгрөгийг шаардах эрхтэй. гэжээ.

 

3. Хариуцагч ДХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Манай компанийн жолооч Ч.Т ын буруутай үйл ажиллагааны улмаас осол гарсан, энэ талаар маргахгүй. Нэхэмжлэгч нь дүрэм болон хуульд зааснаар тухайн шонгийн хууль ёсны өмчлөгч биш. Засвар хамгаалалт, арчлалтыг л хариуцах үүрэгтэй. Харин Замын хөгжлийн газарт хохирлыг шаардах эрх нь байгаа. Уг шонг нийслэлийн өмчид бүртгэж хүлээн авсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчээс шонг засварласан гэх боловч бодит зардалд хэдэн төгрөг гарсан нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...ДХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа байгууллагын эзэмшлийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Хийморийн овооны өндрийн хязгаарын шонг мөргөж гэмтээсэн нь үнэн,  тухайн үед экскаваторын оператор цуг явах байсан боловч яваагүй, постын мөнгө болон замын хураамжийн мөнгө олгоогүй тул уулын замаар явж осол болсон... гэжээ.  

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 ДХХК-ийн жолооч Ч.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 17-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Богд уулын хажууд дахь Хийморийн овооны замд * улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон экскаватор ачиж тээвэрлэж явахдаа Богд уулын замын Хийморь овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг мөргөж МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №0028521 тоот Шийтгэлийн хуудас, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон. /1хх17, 20-21, 22, 26/

 

5.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Т нь хариуцагч Д ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу жолоочоор ажилладаг нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ДХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /1хх49-59, 75/

 

5.3 У з з а г ОНӨААТҮГ-ын 2021.10.16-ны өдрийн 422 дугаар албан бичигт Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Богд уулын хажууд дахь Хийморийн овооны хажуугийн өндрийн хязгаарын шонг манай байгууллага нь 2021.05.04-ний өдөр засварлаж, хэвийн байдалд нь оруулсан... гэжээ. /1хх-93/

 

5.4 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газрын 2022.11.30-ны өдрийн 6/2384 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Богд уулын арын авто замын өндрийн хязгаарыг ... У з з а г ОНӨААТҮГ нь 2021.10.21-ний өдөр дүрмээр хүлээсэн чиг үүргийн дагуу 20,113,355 төгрөгийн өөрийн зардлаар эвдэрсэн өндрийн хязгаарыг шинэчлэн байршуулсан нь үнэн болно. гэжээ. /1хх-121/

 

5.5 Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025.08.07-ны өдрийн 207 дугаар Хохирлын үнэлгээний тайланд Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонгийн зах зээлийн үнэ цэнийг 16,646,000 төгрөг гэж тодорхойлжээ. /1хх249-2хх28/

 

6. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 20,113,355 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй эсэх талаар маргасан.

 

7. 2021.04.13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/273 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамжийн 1-т ...Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт бусад ажлын жагсаалтыг хавсралтаар баталж, дүрмээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэж, үр дүнг танилцуулж ажиллахыг У з з а г ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай..., 2-т ... төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 4,454,700,000 төгрөгийг 2021 оны төсөвт батлагдсан Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар, арчлалт, бусад зардал-аас холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ... хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт даалгасугай. гэжээ. /1хх-127/

 

Улмаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон У з з а г ОНӨААТҮГ нар 2021.04.15-ны өдрийн УБЗЗАГ/А/273-03 дугаар Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажил /Багц-3/, /Засвар, арчлалт/ гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээний 4.5-д Техникийн тодорхойлолт, 5-д гэрээ нь энд дурдсан ажлыг гүйцэтгэх... гэж заасан байна. /1хх123-124/

 

Дээрх гэрээнд заасан Нийслэлийн авто замын хөгжлийн газрын баталсан Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалтын ажлын техникийн тодорхойлолтын 3-т Ажлын цар хүрээг тодорхойлсон ба энэ ажилд гэнэтийн болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан авто замын зорчих хэсэгт гарсан эвдрэлийг ...засварлах гэснээс үзэхэд нийслэлийн замын засвар, арчлалт гүйцэтгэлийг засварлаж хариуцах эрхийг гэрээгээр У з з а г ОНӨААТҮГ-т бүрэн олгосон нь Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-д "зам хариуцагч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна гэж заасантай нийцжээ.

 

8. Нэхэмжлэгч У з з а г ОНӨААТҮГ нь тус гэрээнд заасан үүргийн хүрээнд зам тээврийн ослын улмаас гэмтсэн Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Богд уулын зам дахь Хийморийн овооны хажуугийн өндрийн хязгаарын шонг өөрийн зардлаар засаж, шинэчлэн байршуулсан болох нь Замын хөгжлийн газрын 2021.10.12-ны өдрийн 5/1854, 2025.09.16-ны өдрийн 02/2500 дугаар албан бичгүүд, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2021.10.01-ний өдрийн албан бичиг, Фото зураг, талуудын тайлбараар тогтоогдож байна. /1хх76-83, 2хх-30/

 

9. Нийслэлийн өмчийн харилцааны газраас ирүүлсэн албан бичигт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонгийн байршил буюу тус гүүрэн байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх талаар хүсэлтийг Нийслэлийн замын хөгжлийн газраас ирүүлээгүй байх тул манай байгууллагад мэдээлэл байхгүй байна гэх хариуг шүүхэд ирүүлсэн боловч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. гэж заасан байх тул нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн авто зам, замын байгууламж нь төрийн өмчид хамаарахаар байна. /1хх244-245/

 

Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д Нийслэл, орон нутгийн чанартай авто зам түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга түүнээс эрх олгогдсон этгээд байна гэж зааснаар уг авто зам буюу Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонгийн эзэмшигч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газар болох нь 2021.04.15-ны өдрийн УБЗЗАГ/А/273-03 дугаар Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажил /Багц-3/, /Засвар, арчлалт/ гэрээ, Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалтын ажлын техникийн тодорхойлолт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн замын хөгжлийн газрын 2021.10.12-ны өдрийн 5/1854, 2025.09.16-ны өдрийн 02/2500, 2026.02.05-ны өдрийн 02/236 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдсон. /2хх32, 54/

 

10. Тухайлбал, 2026.02.05-ны өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас нэхэмжлэгч У з з а г ОНӨААТҮГ-т Шаардах эрхийг шилжүүлжээ. Үүнд: 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шон мөргөж дахин ашиглах боломжгүй болж эвдэрсэн байсныг дүрмээр хүлээсэн үүргийн дагуу У з з а г ОНӨААТҮГ газар нь өөрийн хөрөнгөөр дахин шинээр барьж ашиглалтад оруулсан. Тухайн өндрийн хязгаарын шонг хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 20,113,355 төгрөгийг шаардах эрхийг У з з а г ОНӨААТҮГ-т үүгээр шилжүүлж байна гэжээ. /2хх-54/

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт зааснаар хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно, 123.6 дах хэсэгт Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг засаж, шинэчлэн байршуулсны зардлыг шаардах эрхийг нэхэмжлэгч У з з а г ОНӨААТҮГ-т шилжсэн гэж үзэхээр байна.

 

11. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Т нь хариуцагч Д ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу жолоочоор ажилладаг нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ДХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /1хх49-59, 75/

 

12. Шүүхээс томилогдсон 2025.08.07-ны өдрийн 207 дугаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд Хохирлын үнэлгээний тайланд Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонгийн зах зээлийн үнэ цэнийг 16,646,000 төгрөг гэж тодорхойлсон тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь гэм хорын бодит хохиролд 16,646,000 төгрөгийг хариуцагч ДХХК-аас шаардах эрхтэй гэж үзнэ. /1хх249-2хх28/

 

13. Иргэдийн төлөөлөгч Б.А нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч байгууллагын жолоочийн буруу, тэмдэг тэмдэглэгээг зөрчсөн байна. Төлбөрийг буулгах боломжтой бол буулгах нь зөв гэж дүгнэсэн.

 

14. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ДХХК-аас гэм хорын хохиролд 16,646,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У з з а г ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,467,355 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзлээ.

 

15. Шинжээчийн ажлын зардал 500,000 төгрөгөөс нэхэмжлэгч У з з а г ОНӨААТҮГ-аас 86,150 төгрөгийг, хариуцагч ДХХК-аас 413,850 төгрөгийг тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДХХК-аас гэм хорын хохиролд 16,646,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У з з а г ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,467,355 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын зардалд нэхэмжлэгч У з з а г ОНӨААТҮГ-аас 86,150 төгрөгийг, хариуцагч Д ХХК-аас 413,850 төгрөгийг тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.БАЯРМАА

 

Ч.БАЯРСҮРЭН