2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2026/03782

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,   тоотод оршин суух, Г  овогт П Э /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,   тоотод оршин байрлах, "Х х ү " ХХК /РД: / ,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,   тоотод оршин суух, Б овогт Д Ч /РД: / нарт холбогдох,

 

160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , түүний өмгөөлөгч Т.Мөнхбат, хариуцагч "Х х ү " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , түүний өмгөөлөгч Т.М , хариуцагч Д.Ч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч "Х х ү " ХХК, Д.Ч нарт холбогдуулан 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч "Х х ү " ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 01.02.404 дугаар "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулсан. Гэрээгээр хариуцагч нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Э р хотхоны 63.59 м.кв орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч тохирсон үнийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт "Захиалагч нь гэрээний 3.1-т заасан төлбөрийг компанид Хавсралт 2-т заасан графикийн дагуу төлнө" гэж заасан бөгөөд хавсралт 2-т орон сууцны төлбөрийн графикт: нэгт "Захиалагч нь орон сууцны төлбөрт Х ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах №0171338 дугаартай, 5560 м2 газрыг 160,000,000 сая төгрөгт тооцон Х х ү ХХК-ийн менежер Д овогтой Ч ийн нэр дээр шилжүүлэх" гэж, хоёрт "2023 оны 06 дугаар сард Х ХХК-ийн захирал П.Э ын Хаан банкны дансанд газрын үнэ болох 160,000,000 сая төгрөгийг шилжүүлж энэхүү орон сууц захиалгын гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцож энэхүү орон сууц тохиролцооны гэрээг байгуулав." гэж, гуравт "Үүгээр газар худалдах худалдан авах төлбөртэй асуудал дууссан гэж үзнэ." гэж тус тус заасан.

Талууд Х ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах №0171338 дугаартай, 5560 м2 газрыг 160,000,000 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг орон сууц захиалгын гэрээгээр халхавчилсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" байна. Иймд талуудын хооронд хийсэн орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл боловч халхавчилсан хэлцэл (газар худалдах, худалдан авах тухай хэлцэл) хүчин төгөлдөр байна. Учир нь талууд харилцан тохиролцож нэг тал газар шилжүүлэх, нөгөө тал төлбөр төлөх үүргийг хүлээж түүнийг хэрэгжүүлэх хүсэл зоригийг илэрхийлж санал нэгдэж гэрээнд заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний дагуу Х ХХК-г ашиглах эрх бүхий газрын хамтаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "Х х ү " ХХК-ийн менежер Дүгэржав овогтой Ч ийн нэр дээр шилжүүлж гэрээний үүргийг биелүүлсэн.

Нэхэмжлэгч П.Э болон Х х ү ХХК нарын хооронд Орон сууц захиалгын гэрээнээс гадна Х ХХК-г худалдах худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцэл байгуулагдсан. Тус үүргийн хэлцлээр П.Э нь Х х ү ХХК-ийн хамаарал бүхий этгээдэд Х ХХК-г шилжүүлэн өгөх, Х х ү ХХК нь Х ХХК- г өөрийн хамаарал бүхий этгээдэд шилжүүлэн авсны хариуд 160,000,000 төгрөгийг П.Э д шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Харин хариуцагч нар өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг барагдуулаагүй, үүргийн хэлцлийн үүрэгт 160,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч "Х х ү " ХХК хариу тайлбартаа: Орон сууц захиалгын гэрээний тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэвч нэхэмжлэлийн үндэслэлээс авч үзвэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагаврыг арилгуулахаар нэхэмжилсэн эсэх, эсхүл манай компанийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй байна.

Тодруулбал, Нэхэмжлэгч нь манай компанитай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж буй энэ тохиолдолд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан эрх зүйн үр дагаврыг шаардах эрхтэй боловч харилцан буцаалцах зүйл байхгүй гэж үзэж байна. Орон сууц захиалгын гэрээний дагуу өгсөн, авсан зүйлийг харилцан буцаах бол нэхэмжлэлийн үнэ болох 160,000,000 төгрөгийг бид аваагүй, тийнхүү хөрөнгийн шилжүүлэг хийгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Худалдах, худалдан авах гэрээний тухайд: Хэдийгээр Орон сууц захиалгын гэрээ- ний хавсралт 2-ын 1 болон 2-т заасан зохицуулалтаар Х ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах №0171338 дугаартай 5560 м2 газрыг 160,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 39.1.1-д ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно гэж зохицуулснаас үзэхэд газар ашиглах эрх авсан газар ашиглагч нь бусдад өөрийн газраа хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлэн ашиглуулахыг хориглосон байх ба ийнхүү шилжүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад ч байдаггүй.

Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан зохицуулалтуудаас үзэхэд газар эзэмшигчийн хуулиар олгосон зарим эрх, үүрэгтэй адил байх боловч мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заасан эрхүүдийг хуулиар олгоогүй байгаагаас үзэхэд газар ашиглах эрхийн тухайд уг эрхийг газар ашиглагчаас бусдад шилжүүлэх, газар ашиглах шийдвэр гаргасан этгээдээс түүнийг бусдад шилжүүлэх тухай шийдвэр гаргах нь хориглогдсон гэж үзэхээр байна. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах нь тусгай зөвшөөрөлд хамаардаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд энэ үед Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байх тул тусгай зөвшөөрөл, тэр дундаа тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх буюу газар худалдсан гэж үзэхгүй ба тухайн газрыг худалдах эрх зүйн боломж анхнаасаа байгаагүй байдаг. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 19-т Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 18-д зааснаас бусад зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно гэж заасан тул газар худалдах, худалдан авахаар тохиролцсон хэлцэл нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй, хууль зөрчсөн хэлцэл байна.

Харин Х ХХК-ийн хувьцааг бусдад худалдах, эрх шилжүүлсэн эсэх нь манай компанид хамааралгүй бөгөөд менежер Д.Ч т компанийн эрхийг шилжүүлсэн эсэх нь манай компаниас 160,000,000 төгрөг шаардах эрх зүйн үндэслэл биш байх бөгөөд ийнхүү шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд П.Э ын Х х ү ХХК-иас 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

 

3. Хариуцагч Д.Ч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хоёр хариуцагчийн хэнээс хэдэн төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. П.Э ын нэхэмжлэлд надтай байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3,56.1.8-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж буй атлаа

160,000,000 төгрөг гаргуулах нь эрх зүйн үндэслэлгүй, хууль бус нэхэмжлэл гэж үзэж байна.

Миний бие Д.Ч нь П.Э аас газар худалдаж аваагүй, зөвхөн Х ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан байхад надаас 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, шаардах зрхгүй болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах эрхийг бусдад худалдах боломжгүй ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч зөвхөн өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдад худалдах боломжтой бөгөөд Х ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,000,000 төгрөгөөр тооцож, худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно.

Гэрээ, хэлцэл нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч буй тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Х ХХК-ийн хувьцааг буцаан авах боломжтой буюу өгсөн, авснаа буцаах эрх зүйн үр дагавартай. Тодруулбал, Х ХХК-ийн хувьцааг миний бие бусдад шилжүүлээгүй ба аливаа компанийн хувьцаа нь өгсөн, авснаа буцаалцах боломжтой хөрөнгө учраас 1,000,000 төгрөгийн үнийг гаргуулахаар шаардах эрхгүй юм.

Иймд П.Э ын нэхэмжлэлтэй, Х х ү " ХХК, Д.Ч нарт холбогдох иргэний хэргийн хамтран хариуцагч Д.Ч надад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

 

4. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууц захиалгын гэрээ, Хавсралт, Худалдах худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Иргэний үнэмлэхийн хуулбарууд, Х ХХК-ийн дүрэм, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Дансны хуулга, Харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас "Х х ү " ХХК-аас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Дүрэм, Итгэмжлэл, Хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Д.Ч оос Хариу тайлбар, Итгэмжлэл баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагч "Х х ү " ХХК-ийн хүсэлтээр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичиг, нотлох баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Х ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч П.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ..."Х х ү " ХХК-тай Х ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах №0171338 дугаартай, 5560 м2 газрыг 160,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01.02.404 дугаар "Орон сууц захиалгын гэрээ"-гээр халхавчилсан. Учир нь харилцан тохиролцож нэг тал газар шилжүүлэх, нөгөө тал төлбөр төлөх үүргийг хүлээж түүнийг хэрэгжүүлэх хүсэл зоригийг илэрхийлж санал нэгдэж гэрээнд заасан. П.Э болон Х х ү ХХК нарын хооронд Орон сууц захиалгын гэрээнээс гадна Х ХХК-г худалдах, худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцэл байгуулагдсан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу Х ХХК-г ашиглах эрх бүхий газрын хамтаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "Х х ү " ХХК-ийн менежер Д.Ч ийн нэр дээр шилжүүлж гэрээний үүргийг биелүүлсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн хэлцлийн үүрэгт 160,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч "Х х ү " ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч нь манай компанитай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж буй энэ тохиолдолд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан эрх зүйн үр дагаврыг шаардах эрхтэй боловч харилцан буцаалцах зүйл байхгүй, 160,000,000 төгрөгийг бид аваагүй, тийнхүү хөрөнгийн шилжүүлэг хийгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Орон сууц захиалгын гэрээ-ний хавсралт 2-ын 1 болон 2-т заасан зохицуулалтаар Х ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах №0171338 дугаартай 5560 м2 газрыг 160,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна. Харин Х ХХК-ийн хувьцааг бусдад худалдах, эрх шилжүүлсэн эсэх нь манай компанид хамааралгүй бөгөөд менежер Д.Ч т компанийн эрхийг шилжүүлсэн эсэх нь манай компаниас 160,000,000 төгрөг шаардах эрх зүйн үндэслэл биш байх бөгөөд ийнхүү шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд П.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

 

4. Хариуцагч Д.Ч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Миний бие П.Э аас газар худалдаж аваагүй, зөвхөн Х ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан байхад надаас 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, шаардах эрхгүй, төлөх төлбөргүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах эрхийг бусдад худалдах боломжгүй. Х ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,000,000 төгрөгөөр тооцож, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Х ХХК-ийн хувьцааг миний бие бусдад шилжүүлээгүй ба аливаа компанийн хувьцаа нь өгсөн, авснаа буцаалцах боломжтой хөрөнгө учраас 1,000,000 төгрөгийн үнийг гаргуулахаар шаардах эрхгүй. Иймд П.Э ын надад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Нэхэмжлэгч П.Э 2023.02.01-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г хариуцагч Х х ү ХХК-тай байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч Х х ү ХХК нь Хан-Уул дүүргийн , Э р хотхоны 1-404 тоот, 63,59 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч П.Э орон сууцны төлбөрт 1 м.кв 4,500,000 төгрөгөөр тооцож нийт 286,155,000 төгрөгийг гэрээний 3.3-т зааснаар захиалагч гэрээний 3.1-т заасан төлбөрийг компанид Хавсралт 2-т заасан графикийн дагуу төлөх үүргийг хүлээжээ. /хх6-8/

 

5.2 Дээрх 2023.02.01-ны өдрийн гэрээний Хавсралт 2-т

-Захиалагч нь орон сууцны төлбөрт Х ХХК-нийн Монгол улс Байгаль орчин Аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №0171338 дугаартай 5560 м2 аялал жуулчлалын зориулалттай газрыг 160,000,000 төгрөгт тооцон Х х ү ХХК-нийн менежер Д овогтой Ч ийн нэр дээр шилжүүлэх.

-2023 оны 06 дугаар сард Х ХХК-нийн захирал П овогтой Э ын Хаан банк  тоот дансанд газрын үнэ болох 160,000,000 төгрөгийг шилжүүлж, энэхүү орон сууц захиалгын гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцож энэхүү орон сууц тохиролцооны гэрээг байгуулав.

-Үүгээр газар худалдах худалдан авах төлбөртэй холбоотой асуудал дуусна гэж талууд харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /хх-9/

 

5.3 Улмаар нэхэмжлэгч П.Э 2023.02.01-ний өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-г хариуцагч Д.Ч той байгуулж, уг гэрээгээр Х ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч П.Э нь өөрийн эзэмшдэг 100 ширхэг хувьцааг нийт 1,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч гэрээний үүргээ шударгаар, бодитоор зохих ёсоор биелүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-10/

 

5.4 2023.02.01-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нд эрх шилжүүлэгч Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Э нь хувьцаанд ногдох эрх, үүргээ шилжүүлэн авагч Д.Ч т шилжүүлэх, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр компанитай холбоотой эрх шилжүүлэгчийн эрх, үүрэг шилжүүлсэн хэмжээгээр дуусгавар болж, эрх шилжүүлэн авагч нь шилжүүлэн авсан хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээнэ гэж дурджээ. /хх-11/

 

5.5 2023.02.01-ний өдрийн  Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Д.Ч ийг бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулан 2023.02.08-ны өдөр бүртгэл хийгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаагаар тогтоогдож байна. /хх-59/

 

6. Талуудын маргааны зүйл нь 2023.02.01-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр эсэх, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 160,000,000 төгрөгийг шаардах эрхтэй эсэх талаар маргасан.

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Орон сууц захиалгын гэрээгээр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, харин Х ХХК-ийн ашиглах эрх бүхий газрыг худалдах, худалдан авах хүсэл зориг байсан гэж тайлбарлаж, 160,000,000 төгрөгийг хариуцагч нараас шаардсан.

 

8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д Ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн Тусгай зөвшөөрлийн жагсаалтад 1.18-т тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэж, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 19-д Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 18-д зааснаас бусад зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно гэж зохицуулсан байна.

 

Мөн 2020.05.14-ний өдрийн №2020/216 дугаар Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Х ХХК нарын хооронд байгуулагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-ний 5.16-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д Ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулсан нөхцөлд газар ашиглах эрхийг цуцлах, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авах үндэслэл болно гэж заажээ. /хх35-37/

 

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл, нэг талаас П.Э д орон сууц захиалан бариулах, нөгөө талаар Х х ү ХХК нь орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, улмаар төлбөрийг 286,155,000 төгрөгөөр тохиролцсон атлаа төлбөрийн нөхцлийг тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 5,560 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай газрыг 160,000,000 төгрөгт тооцож, уг төлбөрийг П.Э ын дансанд шилжүүлснээр уг гэрээг цуцлахаар талууд тохиролцсон нь тухайн гэрээг хэрэгжүүлэх хүсэл зориг байгаагүй нь тогтоогдож байх бөгөөд эдгээр этгээдүүдийн хооронд хүсэл зориг нэгдсэн буюу гэрээний гол нөхцөл орон сууц захиалан бариулах талаар хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдохгүй байх тул Орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлийн талууд уг хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор байгуулагдсан нийтлэг шинжтэй ба өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна.

 

9. Түүнчлэн, талууд Орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч бодит байдалд Х ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам нэртэй 5,560 м.кв талбайтай аялал, зөвшөөрөл бүхий хүн түр будаалах отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалттай газрыг худалдах, худалдан авахыг хүсч, улмаар П.Э болон Д.Ч нарын хооронд Х ХХК-ийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, Д.Ч ийн нэр дээр шилжүүлэхийг илэрхийлэн тухайн хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар халхавчлах зорилгоор илэрхийлэгдсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр бус байна. Хуулийн энэхүү зохицуулалт нь халхавчлах зорилгоор хэлцэл хийсэн талуудын ашиг сонирхлын байдалд нийцэж, уг зохицуулалт нь хүсэл зоригоо илэрхийлэгч болон хүлээн авагч талуудад үйлчилж буй зохицуулалт бөгөөд хүсэл зоригийг хүлээн авагч тал нөгөө талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр халхавчлах хэлцлийг хийж байгаа тул эрх зүйн хамгаалалт эдлэх шаардлагагүй юм.

 

Халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн цаанаа хэлцэл хийгч талуудын хүсч буй хэлцэл нуугдаж буй бөгөөд халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхад, халхавчлагдаж буй хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн үг биш юм. Халхавчлагдаж буй хэлцэл нь түүнд тавигдах шаардлагыг хангаж буй тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

Иймээс эрх ашиг нь хөндөгдсөн этгээд түүнийг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

10. Нэхэмжлэгч П.Э болон хариуцагч Д.Ч нарын хооронд байгуулагдсан 2023.02.01-ний өдрийн  Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хороонд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба худалдагч П.Э нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа баримтаар тогтоогдсон гэж үзнэ.

 

11. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн 2023.02.01-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний гол нөхцөл болох

3.1-т Гэрээний зүйлийн үнэ: хувьцааг худалдагч тал худалдан авагч талд 1,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов.

3.2-т Төлбөр тооцоо дууссан гэж гэрээний талууд харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /хх-10/

 

Гэвч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх гэж заасан бөгөөд хариуцагч Д.Ч гэрээгээр хүлээсэн 1,000,000 төгрөг төлөх үүргийг биелүүлээгүй нөхцөл байдал талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний 3.1-т гэрээний үнийг 1,000,000 төгрөгөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 160,000,000 төгрөгийг шаардах эрхгүй бөгөөд харин хариуцагч Д.Ч нь нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэх тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

12. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ч оос 2023.02.01-ний өдрийн  Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний төлбөр 1,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

13. Мөн, нэхэмжлэгч П.Э болон хариуцагч Х х ү ХХК нарын хооронд Орон сууц захиалгын гэрээ-ийг байгуулах санал, түүнийг хүлээн авсан гэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй буюу Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл бүрдээгүй бол тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Х х ү ХХК-д холбогдуулан 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч оос 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ч оос 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Э д олгож, нэхэмжлэлээс үлдэх 159,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч Х х ү ХХК-д холбогдуулан 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч оос 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ