| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0851/Э |
| Дугаар | 874 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 874
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч А.Ганзориг (томилолтоор), шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02270 0931 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт А.Г, Монгол Улсын иргэн, ........, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт ...... тоотод түр оршин суудаг, ........... регистрийн дугаартай, урьд дөрвөн удаа ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч А.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 32-84 тоотод оршин суух Р.Г-ийн гэрт Н.Б нартай архидан согтуурч байх үедээ Р.Г-ийн “Samsung4” загварын гар утас, алтан нуухтай, мөнгөн халбагатай, даваа толгойтой нэг ширхэг халтар манан хөөрөг, даалин зэргийг хулгайлан 1,230,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт А.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 32-84 тоотод оршин суух Р.Г-ийн гэрт Н.Б нартай архидан согтуурч байх үедээ Р.Г-ийн “Samsung Note-4” загварын гар утас, алтан нуухтай, мөнгөн халбагатай, даваа толгойтой нэг ширхэг халтар манан хөөрөг, даалин хулгайлж, бусдад 1,230,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч А.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би бага насны хоёр хүүхэдтэй. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Миний буруу, ийм алдаа гаргасандаа шүүх бүрэлдэхүүнээс уучлалт гуйж байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Р.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10-11 цагийн үед би Б-ын гэрт очоод нэг шил архи уухаар болоод Чандмань дэлгүүрт ортол Г-тай таарчихсан юм. Г нь Б бид хоёрыг дагаад салахгүй болохоор нь манайд очиж архиа ууцгаасан. Би архи уугаад тасарсан байсан. Өдөр 12 цаг гэж сэрээд утсаар ярих гэтэл утас алга болсон байсан. Гайхаад гар утсаа хайж байтал мөн алтан нуухтай, халтар манан хөөрөг маань даалинтайгаа алга болсон байсан. Г, Б хоёрыг аваад явсан байна, авчирч өгөх байх гээд хүлээсэн. Маргааш өглөө нь гэрээсээ гараад Хөтөлийн автобусны буудал дээр байдаг таксины жолооч нараас Г-ыг асуухад “өчигдөр нэлээн согтуу нэг халтар манан хөөрөг зарна гээд бариад явж байсан” гэж хэлцгээсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-20 дугаар хуудас);
3. Хохирогч Р.Г-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн гомдол “...Г, Б нартай гэртээ архи ууж байгаад гэрээсээ алтан нуухтай, мөнгөн халбагатай, халтар манан хөөрөг, “Нөүт 4”загварын гар утас алдсан тул олж өгч буруутай этгээдуүдийг хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэсэн гомдол(хх-ийн 5 дугаар хуудас);
4. Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэртээ ганцаараа байхад Г орж ирээд “юу байна, мөнгө байна уу, хоол идээд ганц юм уугаад дотроо засчих хзрэгтэй байна” гэж хэлсэн. Бид хоёр хамт гадагш гараад Чандмань дэлгүүр ороод архи аваад гарч байгаад гудамжны үзүүрт салхи Д буюу Г-тай таарсан юм. Г түүнийг яв гэж хөөсөн, гэтэл Г би та хоёртой ганц татчихъя гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь Г түүнийг “за за ор ор” гээд гэртээ оруулсан юм. Би уг архинаас 3 татчихаад гэрлүүгээ харьсан. Харин салхи Д буюу Г, Г хоёр үлдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас);
5. Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 25-ны орой Хөтөлийн “Өгөөж тулга” дэлгүүрийн үүдэнд машинтайгаа зогсож байтал Г архи уусан халамцуу байдалтай ирээд надтай хөөрөглөсөн. Тэрээр алтан нуухтай хөөрөг байна, тамхил гээд надад гаргаж өгсөн. Би тэр хөөргийг авч тамхилангаа харахад улаан өнгийн толгойтой, бор өнгийн жижиг хөөрөг байсан. Чи наад хөөргөө зарах юм уу гэхэд Г дуугаралгүй яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас);
6. Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр намайг Хөтөлийн таксины зогсоол дээр машинтайгаа зогсож байхад Г ирээд нэг хөөрөг зармаар байна гээд жижиг улаан толгойтой бор өнгийн хөөрөг гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас);
7. Иргэний нэхэмжлэгч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой цагийг нь сайн санахгүй байна, намхан нуруутай, буржгар үстэй, том алаг нүдтэй залуу өөрийгөө Г гэж хэлээд даваа толгойтой алтан нуухтай даалингүй хөөргийг 20,000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40-41дүгээр хуудас);
8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 06-09 дүгээр хуудас);
9. “Арвижих эстимэйт” ХХК-ийн эрхлэн гүйцэтгэсэн “гар утас, хөөрөг, даалинг нийт 1,230,000 төгрөгөөр үнэлж, хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан(хх-ийн 55-56 дугаар хуудас);
10. Шүүгдэгч А.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 66 дугаар хуудас);
11. Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгэгдэж байсан талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69 дүгээр хуудас);
12. Шүүгдэгч А.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр миний төрсөн өдөр болж байсан яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Хөтөлийн “Чандмань” хүнсний дэлгүүрт Б, Г хоёртой тааралдсан юм.Тэгээд Г-ийн гэрт очиж архи уухаар болсон. Г-ийн гэрт орсон, архиа ууцгаасан, тэгтэл Г хурдан согтоод Б-тай муудалцаад, бие биенээ баян ядуугаар нь дуудаад байсан.Тэгээд Г жижиг модон хайрцаг гаргаж ирээд алтан бөгж гаргаж ирээд хуруундаа зүүчихээд“би Ланд-200 машин авч унах гэж байгаа” гээд онгироод байсан. Тэгснээ намайг“чи архи олж ир, утсаар ярь” гээд байхаар нь би гар утсыг халаасандаа хийсэн байсан. Тэгтэл Г намайг жижиг өрөөрүүгээ чирч оруулаад би хөөрөг хийж зардаг гээд гайхуулаад байсан. Тэгээд Г-д дахиад архи хийж өгтөл Г орон дээрээ гараад унтаад өгсөн. Тэгтэл Б явъя гээд түрүүлээд гараад явчихаар нь би тал шил архиа өвөртлөөд араас нь гарах гэтэл ширээний доор хар алаг ууттай юм байхаар нь авч халааслаад гарсан. Дараа нь үзсэн чинь хөөрөг байсан. Тэгээд Б-ын гэрт очоод үлдсэн архиа уусан. Б согтоод унтсан. Би Б-ын гэрээс гараад өөрийнхөө “Гранд 2” загварын гар утсаа танихгүй хүнд зарж мөнгөөр нь архи уусан. Тэр өдөр угаасаа миний төрсөн өдөр байсан юм. Харин Г-ийн цагаан өнгийн ”Samsung” загварын гар утас, хөөрөг хоёрыг яаснаа санахгүй байна. Би тухайн үед их согтуу байсан бөгөөд хөөргийг 112-ын автобусны буудлын ойролцоох “Барын нүд” барьцаалан зээлдүүлэх газарт 20,000 төгрөгөөр барьцаалснаа сүүлд мэдсэн. Гар утас, дайлан хоёрыг яаснаа огт мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 64-65 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь уг шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч А.Г нь нийт 1,230,000 төгрөг буюу 300,001 төгрөгөөс дээш үнэлгээ бүхий “Samsung Note-4” загварын гар утас, алтан нуухтай, мөнгөн халбагатай, даваа толгойтой нэг ширхэг халтар манан хөөрөг, даалин хулгайлсан байх тул хулгайлах гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 1,230,000 төгрөгөөр тогтоов.
Хохирогч Р.Г нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан зардалд 1,230,000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирогч хулгайлагдсан хөөргөө буцаан авсан гэдгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ. Иймд “Арвижих эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаснаар гар утас, даалингийн үнэ болох 230,000 төгрөгийг шүүгдэгч А.Г-с гаргуулж, хохирогч Р.Г-д олгох нь зүйтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн үйл баримт болон хохирлын талаар маргаагүй, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч А.Г-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр авч, өөрийн дураар захиран зарцуулсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Г-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхболон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Улсын яллагчийн дүгнэлт: “...Шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал дүгнэлт: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй, зүйлчлэл дээр маргаангүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг. Улсын яллагчийн зүгээс 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгож байна. Шүүхээс хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч А.Г-ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч А.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний гэр бүлийн байдлыг харгалзантүүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг арилгах зорилгод нийцсэн бөгөөд ялтанг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Г нь энэхүү албадлагын арга хэмжээгээр хүлээлгэсэн үүргийг тэнссэн хугацаанд биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хууль зүйн үр дагавартай тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл 230,000 төгрөгийг Иргэний хуульд зааснаар төлбөр гаргуулахаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ. Хэрэв шүүгдэгч А.Г гэмт хэгийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргээ биелүүлээгүйн улмаас шүүх түүнд ял оногдуулах бол Иргэний хуульд зааснаар хохирол төлбөр гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1.Б овогт А.Г-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаартэнссэн хугацаанд“согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох”хязгаарлалт тогтоосугай.
4.Шүүгдэгч А.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 230,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүлхүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Г-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА