2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2026/03153

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2026/03153

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Б даргалж, шүүгч Б.Б, А.З нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК /******************************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НЗД/Хан-уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200-т байрлах/-д холбогдох,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 19,195,661,122 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын газар чөлөөлөлтийн зардалд 19,932,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Д.М, Б.ГЭмаа нар хүрэлцэн ирээгүй бөгөөд талуудын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 19,195,661,122 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

Үүнд: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/555 дугаартай захирамж, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дүгээр захирамжийн улмаас Э ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046790 дугаартай, 000491774 тоот гэрчилгээтэй хөрөнгө болох төмөр замыг эвдэн сүйтгэж, мөн төмөр замын зурвас газар дээр нь шинээр авто зам барьсан. Өөрөөр хэлбэл Э ХХК-ийн өмчлөлийн маргаангүй, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206046790 дугаартай, 000491774 тоот гэрчилгээтэй, 13 дугаар салаа төмөр зам нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Төмөр замын зурвас газар-тайгаа хамт байх ёстой бөгөөд Э ХХК-ийн өмчийг хууль бусаар нураан эвдэлж, цаашид ашиглах ямар ч боломжгүй болгосон.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар манай компани Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад шүүхээс Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэсэн ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0313 дугаартай магадлалаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын гомдлыг хүлээн аваад ... Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0237 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/555 дугаартай захирамжийг хэвээр үлдээсэн.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0237 дугаартай тогтоолоор Э ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, эцэслэн шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 237 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн хувьд нөхөх олговорыг эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж дүгнэсэн байдаг.

Мөн захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хооронд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Э ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох төмөр зам, төмөр замын зурвас газар болон хамгаалалтын хашааг эвдэн буулгаж, Төмөр замын хэмжилт хийдэг засвар үйлчилгээний тоног төхөөрөмжийн байрыг эвдэн устган, ачин хаяж, Э ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206046790 дугаартай, төмөр зам, төмөр замын зурвас газар болон түүний суурь бүтцийг хуулан эвдэж, шинэ авто замаа хүчээр барьж дуусгасан.

2.Үл хөдлөх эд хөрөнгийн хохирлыг барагдуулахаар НЗДХ.Нямбаатартай манай компанийн зүгээс уулзаж, ярилцаж байсан боловч танай асуудлыг нааштай шийднэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Энэ талаар Э ХХК-ийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 156 дугаартай албан бичгүүдээр НЗДбөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүсэлт, гомдол гаргасан ба НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын дарга Д.Амгалангаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05-02/6784, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05-02/7458 дугаартай албан бичгүүдэд зөвхөн төмөр замын зурвас газарт нөхөх олговор олгох боломжгүй хэмээн мэдэгдсэн.

3.Нэгэнт хариуцагч хохирлын асуудлыг шийдэхгүй байгаа учраас хохирлын үнэлгээг хөрөнгө үнэлгээний Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-аар үнэлүүлэхэд Э ХХК-ийн өмчлөлийн төмөр замын үнэлгээ 5,159,749,500 төгрөг, төмөр замын зурвас газар нь 14,035,911,622 төгрөг, нийт 19,195,661,122 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046790 дугаартай, 000491774 тоот гэрчилгээ нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын зүгээс дур мэдэн, хүч түрэн халдсан шийдвэр, үйл ажиллагааны улмаас Э ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгө байрлаж буй төмөр замын зурвас газарт учирсан хохирол 19,195,661,122 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч НЗДнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Э ХХК-ийн 19,195,661,122 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж дараах тайлбарыг гаргаж байна.

1.Төмөр замын зурвас газрын нөхөн төлбөр 14,035,911,622 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/150 дугаар захирамжаар Э ХХК-д төмөр замын хамгаалалтын зурвас зориулалтаар 22,790 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, дээрх захирамжийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

А/150 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газар эзэмших эрх олгож, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/555 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар дээрх 2017 оны А/150 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/555 дугаар захирамж гарсантай холбогдуулан 2023 оны А/640 дүгээр Газар албадан чөлөөлөх тухай захирамжийг гаргасан.

Нийслэлийн Засаг даргын А/555, А/640 дүгээр захирамжуудтай холбогдуулан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0237 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0313 дугаартай магадлал гарч, дээрх захирамжуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба захирамжууд нь бүхэлдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Газар эзэмших эрх хүчингүй болсноор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д зааснаар Э ХХК-ийн 22,790 м.кв газрын эзэмших эрх бүхэлдээ дуусгавар болсон.

Нэхэмжлэгчийн төмөр зам нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төмөр замын зурвас газартайгаа байна гэж үндэслэн газрын төлбөрийг нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна гэж заасан ба эзэмших, өмчлөх эрх нь Э ХХК-д олгогдоогүй тул төмөр замын зурвас газрын нөхөн төлбөр болох 14,035,911,622 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.Төмөр замын байгууламжийн нөхөн төлбөр болох 5,159,749,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Э ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсноор Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж,

41.3 дахь хэсэгт энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын А/640 дүгээр Газар албадан чөлөөлөх захирамжийг гаргасан ба уг захирамж хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/150 дугаар захирамж гарсантай холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулан, тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсноор Газрын тухай хуулийн 47, 49 дүгээр зүйлийн дагуу газар дээрх эд хөрөнгийн эрх мөн дуусгавар болсон байна.

Газрын тухай хуулийн 41.1, 41.3, 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр газрыг албадан чөлөөлсөн нь Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу хүн амын нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэн улсын болон орон нутгийн шинж чанартай авто зам, төмөр зам, дүүжин тээвэр, гүүр, гүүрний барилга байгууламж, явган болон дугуйн зам, нийтийн тээврийн үйлчилгээний барилга байгууламж байгуулахад тус газрыг хууль ёсны хүрээнд чөлөөлсөн тул төмөр замын байгууламжийн нөхөн төлбөр болох 5,159,749,500 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/555, А/640 дүгээр захирамжууд нь хүчин төгөлдөр бөгөөд Э ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон, газар эзэмших эрх дуусгавар болсонтой холбогдуулан газрыг чөлөөлсөн тул нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчид холбогдуулан маргаан бүхий газрыг чөлөөлсөн зардалд 19,195,661,122 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Э ХХК-ийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/555 дугаар захирамжаар дуусгавар болсон байна.

Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд Газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлнө,

41.1-д Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ,

41.2-д Энэ хуулийн 39.1.1-39.1.4-д заасан үндэслэлийн дагуу газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна гэж,

Мөн хуулийн 41.4-т Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна гэж тус тус заасан байна.

Дээрх заалтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/640 дүгээр Газрыг албадан чөлөөлөх тухай захирамжийг гарган газар чөлөөлөхөд шаардагдах зардлыг 19,932,000 төгрөгөөр баталсан ба Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж Тотал инж ХХК-аар газрыг албадан чөлөөлүүлсэн.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Э ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон, эрх дуусгавар болсонтой холбогдуулан тус хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу эзэмшигчийн эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болсон, мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшигч нь тухайн газрыг чөлөөлж Нийслэлийн Засаг даргад шилжүүлэх үүргийг хүлээж, чөлөөлсөн зардлыг өөрөө хариуцахаар байна.

Иймд Э ХХК-ийн Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах, 22790 м.кв газрыг төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар эзэмшиж байсан газрыг чөлөөлөхөд гарсан зардал 19,932,000 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.

 

4.Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: ...Э ХХК-ийн эзэмшлийн газарт байрлаж байсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046790 дугаартай, 000491774 тоот гэрчилгээ нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа буюу төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг нотолсон төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдсан.

Манай байгууллагын өмчлөлд хууль бусаар халдаж, гэм хор учруулсан гэх агуулгаар шаардлага гаргасан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргажээ.

 

5.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д.Мөнхнаран, Б.ГЭмаа нар хүрэлцэн ирээгүй бөгөөд талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг үндэслэн иргэдийн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

6.Нотлох баримтын тухайд:

6.1 Нэхэмжлэгчээс: Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046790 дугаартай гэрчилгээний хуулбар,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0237 дугаартай шийдвэр,

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0237 дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол,

Э групп-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128 дугаартай Тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05-02/6784 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Э групп-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 156 дугаартай Гомдол гаргах тухай албан бичиг,

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05-02/7458 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Хөрөнгө-эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан,

Э групп-ийн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 120 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0313 дугаартай магадлал гэсэн баримтуудыг,

 

6.2 Хариуцагчаас: Нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01/2715 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01-05/7538 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дугаартай Газар албадан чөлөөлөх тухай захирамж,

Иргэн бичгийн бүртгэл, хяналтын карт,

Э групп-ийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 09/366 дугаартай Э групп-ийн ерөнхий захирал Д.Сэргэлэн танаа албан бичиг,

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл,

Э групп-ийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай Материал хүргүүлэх тухай албан бичиг,

Э ХХК-ийн дүрэм,

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/555 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамж,

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дугаартай Газар албадан чөлөөлөх тухай захирамж,

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05-02/7458 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05-02/6784 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01-10/8242 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01-10/2617 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03-11/391 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 03-11/2044 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/3379 дугаартай Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас,

Э ХХК-ийн газрыг албадан чөлөөлж буй ажлын явцын зургууд,

Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт 2017.3.23-ны өдөр,

Э ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын болон нэгж талбарын байршлын кадастрын зургууд,

Э ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,

Э ХХК-ийн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000321339 дугаартай гэрчилгээний хуулбар,

Э ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046790 дугаартай гэрчилгээний хуулбар,

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/1500 дугаартай Газар эзэмших эрх олгох тухай захирамж,

Газар эзэмших эрх олгож байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт,

Нийслэлийн Газар зохион байгууллатын албаны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ дугаартай Ажил гүйцэтгүүлэх гэрээ,

Э ХХК-ийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлөх ажлын Нөхөн олговрын үнэлгээний ажлын гүйцэтгэл 01, гэрээ дүгнэсэн протокол,

Чингисийн өргөн чөлөөнөөс -баруун үйлдвэрийн гудамж хүртэл авто зам, төмөр зам буулгах ажлын фото зургууд гэсэн баримтуудыг тус тус шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Э ХХК-ийн 19,195,661,122 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 5,159,749,500 төгрөгийг хангаж, үлдэх 14,035,911,622 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Э ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/555 дугаартай, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дүгээр захирамжийн улмаас Э ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046790 дугаартай, 000491774 тоот гэрчилгээтэй хөрөнгө болох төмөр замыг хууль бусаар нураан эвдэлж, цаашид ашиглах ямар ч боломжгүй болгосон тул дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахад шүүхээс манай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0313 дугаартай магадлалаар Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0237 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/555 дугаартай захирамжийг хэвээр үлдээснийг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0237 дугаартай тогтоолоор Э ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн хувьд нөхөх олговорыг эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж дүгнэсэн байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн хохирлыг барагдуулахаар Нийслэлийн Засаг даргатай уулзаж, хүсэлт, гомдол гаргасан боловч төмөр замын зурвас газарт нөхөх олговор олгох боломжгүй хэмээн мэдэгдсэн учир хохирлын үнэлгээг хийлгэхэд Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр Э ХХК-ийн өмчлөлийн төмөр замын үнэлгээ 5,159,749,500 төгрөг, төмөр замын зурвас газар нь 14,035,911,622 төгрөг, нийт 19,195,661,122 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.

Улсын бүртгэлийн байгууллагаас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа.

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар дур мэдэн, хүч түрэн халдсан шийдвэр, үйл ажиллагааны улмаас Э ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгө байрлаж буй төмөр замын зурвас газарт учирсан хохирол 19,195,661,122 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч НЗДнь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, Э ХХК-д 22,790 м.кв газрыг төмөр замын хамгаалалтын зурвас зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/150 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/555 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар дээрх 2017 оны А/150 дугаар захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/640 дүгээр Газар албадан чөлөөлөх тухай захирамжийг мөн гаргасан.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0237 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0313 дугаартай магадлал гарч, дээрх захирамжуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул захирамжууд нь бүхэлдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Газар эзэмших эрх хүчингүй болсноор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д зааснаар Э ХХК-ийн 22,790 м.кв газрын эзэмших эрх бүхэлдээ дуусгавар болсон. Төмөр замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна гэж заасан ба эзэмших, өмчлөх эрх нь Э ХХК-д олгогдоогүй тул төмөр замын зурвас газрын нөхөн төлбөр болох 14,035,911,622 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 47, 49 дүгээр зүйлийн дагуу газар дээрх эд хөрөнгийн эрх мөн дуусгавар болсон учир мөн хуулийн 41.1, 41.3, 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр газрыг албадан чөлөөлсөн тул Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу төмөр замын байгууламжийн нөхөн төлбөр болох 5,159,749,500 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/555, А/640 дүгээр захирамжууд нь хүчин төгөлдөр бөгөөд Э ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон, газар эзэмших эрх дуусгавар болсонтой холбогдуулан газрыг чөлөөлсөн тул нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.

 

4.Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/150 дугаар захирамж болон уг захирамжийн хавсралт гэх баримтаар нэхэмжлэгч Э ХХК-д Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2016.03.10-ны өдрийн 09/366 тоот албан бичиг, холбогдох бусад материалыг үндэслэн Хан-уул дүүргийн 3 дугаар хороонд, 22790 м.кв талбайтай төмөр замын хамгаалалтын зурвас бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн Нийслэлийн газрын албанаас 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г Э ХХК-тай байгуулан, улмаар 000321339 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ мөн өдөр гарч, уг газрыг нэхэмжлэгч Э ХХК нь төмөр замын хамгаалалтын зурвас зориулалтаар эзэмшжээ.

 

4.2.Мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046790 дугаартай гэрчилгээ гэх баримтаар Э ХХК нь Нийслэлийн Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, Чингисийн өргөн чөлөө 112 тоот хаягт байршилтай, 1125 м урттай, төмөр зам зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон байна.

 

4.3.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/150 дугаар захирамжаар Э ХХК-д төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар 22790 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, ...газар эзэмших гэрээг цуцлахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд,

мөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/640 дүгээр захирамжаар Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км автозам, гүүрийн ажлын нөлөөлөлд өртсөн Э ХХК-ийн эзэмшиж байсан газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу албадан чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт тус тус даалгажээ.

 

4.4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0237 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0313 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Нийслэлийн Засаг дарга-д холбогдох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг ...анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/150 дугаар захирамжаар Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э ХХК-д төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар 22790 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэхдээ Улаанбаатар Төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ...танай харьяа үйлдвэрийн зүүн талд байрлах хуучин төмөр зам ба даланг танай мэдэлд шилжүүлэв гэх 09/366 тоот албан бичиг, холбогдох бусад материалыг үндэслэн олгосон гэснээс үзэхэд хариуцагч нь тус маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болохоор тус тус зохицуулсан боловч уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т энэ хуулийн 34.1.4, 35.1.6-д эрх төрийн байгууллагад хамаарахгүй гэж зааснаас үзвэл газар эзэмшиж, ашиглаж буй төрийн байгууллага тухай газраа бусдад шилжүүлэх, ашиглуулах эрхгүй байхаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, мөн Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам-ыг хэрэгжүүлээгүй, тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газар эзэмших эрх олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул НЗДөөрт хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/555 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. ...нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, зөвхөн өргөдөл болон Улаанбаатар Төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 09/366 тоот албан бичгийг үндэслэн эзэмшүүдсэн буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмыг хэрэглээгүй нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрхээ захиргааны байгууллага хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна гэж,

Мөн ...Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дүгээр захирамжаас үзэхэд ...Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км автозам, гүүрийн ажлын нөлөөлөлд өртсөн Э ХХК-ийн эзэмшиж байсан газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу албадан чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн үйл баримт ойлгогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн ...нэхэмжлэгч Э ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан газрыг авто зам, гүүр барих ажлын хүрээнд албадан чөлөөлсөн нь нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр байх ба уг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дугаар Газар албадан чөлөөлөх тухай захирамжийг утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, бодит байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ гэж тус тус дүгнэн,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар шийдвэрийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 42 дугаар зүйлийн 42.1, 46 дугаар зүйлийн 46.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

 

4.5.Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0237 дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор нэхэмжлэгч Э ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

 

4.6.Нэхэмжлэгч Э ХХК-ийн Нийслэлийн Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, Чингисийн өргөн чөлөө 112 тоот хаягт байршилтай, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 19,195,661,122 төгрөгөөр үнэлсэн болох нь Хөрөнгө-эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан гэх баримтаар тогтоогдож байна.

 

5.Дээрхээс нэхэмжлэгч Э ХХК-ийн төмөр замын зурвас газрын нөхөн төлбөрт 14,035,911,622 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

 

5.1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/150 дугаар захирамжаар Э ХХК-д төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22790 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр НЗДтүүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн дуусгавар болгосныг нэхэмжлэгч Э ХХК нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0237 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0313 дугаартай магадлалаар тус тус нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

5.2.Дээрх шүүхийн шийдвэрүүдэд нэхэмжлэгч Э ХХК-ийн төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалттай Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 22790 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/555 дугаар захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших эрхийн дуусгавар болгосон нь хуульд нийцсэнийг шүүх дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дээрх А/555 дугаартай захирамжийг хуульд нийцсэн эсэхийг дахин нотлохгүй.

 

5.3.Захиргааны байгууллага нь анхнаасаа хууль зөрчиж иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/555 дугаартай захирамж гаргах болсон үндэслэлд газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэл мөн газар эзэмших эрхийг дуусгавар болгоход нөлөөлсөн байна.

 

5.4.Иймд нэхэмжлэгч Э ХХК нь Нийслэлийн Засаг даргын А/555 дугаартай захирамжаар газрын эзэмших эрхийг хүчингүй болгосноор гэм хор учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй, тодруулбал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагчаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахад уг гэм хорыг учруулсан хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон, уг гэм хор болон үйл ажиллагаа хоорондоо шалтгаант холбоотой байх учиртай юм. Гэтэл ийм нөхцөл байдал тогтоогдоогүй тул төмөр замын зурвас газрын нөхөн төлбөрт 14,035,911,622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

 

6.Нэхэмжлэгч Э ХХК-ийн төмөр замын байгууламжийн нөхөн төлбөрт 5,159,749,500 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

 

6.1.Нэхэмжлэгч Э ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд суманд орших манай эзэмшлийн газарт Улаанбаатар төмөр зам ХНН 1997 онд дур мэдэн 194 м, 2015 онд 106 м төмөр зам сунган барьсан асуудлыг талууд эвлэрлийн журмаар 2016 онд протокол үйлдэн манай компани тус нийгэмлэгээс газар ашигласны төлбөр нэхэмжлэхгүй байхаар тохирч, Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт буюу манай үйлдвэрийн зүүн талд байрлах, өөрийн өмчлөлийн хуучин төмөр зам ба даланг тус нийгэмлэг нь манай компанид 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Энэхүү төмөр зам даланг тус нийгэмлэгийн даргын 2014 оны А-207 дугаар тушаалаар хааж, төмөр замын хөдөлгөөнийг хаасан. Тус нийгэмлэгийн БНМАУ-ын Тээврийн яам, ЗСБНХУ-ын Зам харилцааны яамны баталсан 1968 оны дүрмээр нийгэмлэг нь төмөр замаа өмчлөх, иргэн, хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх зэрэг бүх эрх мэдэл олгогдсон байдаг. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1125 м урттай төмөр замын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас олгосон гэж тайлбарлажээ.

 

6.2.Нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046790 дугаартай гэрчилгээний хуулбар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөрзамын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 09/366 дугаартай Э групп-ийн ерөнхий захирал Д.Сэргэлэн танаа гэх албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

6.3.Талууд маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн төмөр замын байгууламж байсан талаар болон уг төмөр замын байгууламжийг хариуцагч нь чөлөөлж, буулгасан зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин дээрх төмөр замын байгууламжийг нурааж, газрыг чөлөөлсөн үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь учирсан хохирлоо шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6.4.Захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ,

20.2.5-д газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч Э ХХК-ийн эзэмших байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах бол эхлээд газар эзэмшигчтэй тохиролцох үүрэгтэй. Гэтэл нэгэнт эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрх олж авч, үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигчийн эрх, захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа тогтвортой байдалд итгэх итгэлийг хамгаалах зарчмыг харгалзахгүй, газар эзэмшиж буй этгээдийн өмчлөх эрхийг хөндөхдөө нөхөн олговрын асуудлыг урьдчилан тохиролцоогүй буруутай байна. Тодруулбал захиргааны байгууллага нийтийн эрх ашгийн үүднээс урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгох бүрэн эрхтэй боловч газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо зөвхөн газар эзэмших эрхийг хүчингүй болгоод орхих бус үүсэх үр дагаварыг зохицуулж, өмчлөгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийг хүндэтгэн, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх, газрыг чөлөөлснөөс учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой.

 

6.5.Дээрхээс нэхэмжлэгч нь төмөр замын байгууламжийг хариуцагч нь чөлөөлж, буулгаснаас үүсэх хохирлыг хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

6.6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүүгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, уг гэм арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх талаар Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д мөн заасан байна.

 

6.7.Нэхэмжлэгч нь Хөрөнгө-эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайланг үндэслэсэн байх ба уг тайлангаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046790 дугаар гэрчилгээтэй Э ХХК-ийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, Чингисийн өргөн чөлөө 112 тоот хаягт байршилтай, 1125 м урттай, төмөр зам зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 5,159,749,500 төгрөг гэж тогтоосон бөгөөд хариуцагч тал тухайн үнэлгээг няцааж маргаагүй тул энэ хэмжээгээр хохирлоо тодорхойлж шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

6.8.Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 5,159,749,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 14,035,911,622 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын газар нь газар чөлөөлөлтийн зардалд 19,932,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

7.1.Нэхэмжлэгч нь Манай байгууллагын өмчлөлд хууль бусаар халдаж, гэм хор учруулсан гэх агуулгаар шаардлага гаргасан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гарган маргаж байна.

 

7.2.Хариуцагч нь хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дугаартай Газар албадан чөлөөлөх тухай захирамж,

Э ХХК-ийн газрыг албадан чөлөөлж буй ажлын явцын зургууд,

Нийслэлийн Газар зохион байгууллатын албаны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/24 дугаартай Ажил гүйцэтгүүлэх гэрээ,

Э ХХК-ийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлөх ажлын Нөхөн олговрын үнэлгээний ажлын гүйцэтгэл 01, гэрээ дүгнэсэн протокол,

Чингисийн өргөн чөлөөнөөс -баруун үйлдвэрийн гудамж хүртэл авто зам, төмөр зам буулгах ажлын фото зургууд гэсэн баримтуудыг сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ.

 

7.3.Дээрх баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгч Э ХХК-ийн газрыг албадан чөлөөлөх ажлыг Тотал инж ХХК-аар 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын14-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 19,932,000 төгрөгийг төлсөн, тухайн газарт нэхэмжлэгч Э ХХК-ийн өмчлөлийн 1125 м урттай, төмөр зам зориулалттай үл хөдлөх хөрөнгө байсан болох нь тогтоогдож байна.

 

7.4.Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч Э ХХК-ийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, Чингисийн өргөн чөлөө 112 тоот хаягт байршилтай, 1125 м урттай, төмөр зам зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газар чөлөөлж, буулгаснаас үүсэх хохирлыг буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж, хохирол учруулсан үйлдлийн улмаас гарсан зардлыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй юм.

 

7.5.Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргын газрын нэхэмжлэгч Э ХХК-д холбогдох газар чөлөөлөлтийн зардал 19,932,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.10, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авсан тохиолдолд нөхөн олговор, үнийг төлүүлэхтэй холбогдон гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн төсвийн байгууллагын нэхэмжлэл нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын газраас улсын тэмдэгтийн хураамжид 25,956,697 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 5,159,749,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,035,911,622 төгрөгийг,

хариуцагч Нийслэлийн Засаг даргын газрын газар чөлөөлөлтийн зардал 19,932,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.10, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 25,956,697 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАЯРМАА

 

А.ЗҮМБЭ