| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0865/Э |
| Дугаар | 890 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 890
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч О.Пүрэвсүрэн, шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Т овогт Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03927 1132 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Х.Б, Монгол Улсын иргэн, ......... Хөвсгөл аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийтийн хоолны технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт ..... тоотод оршин суудаг, .... регистрийн дугаартай,ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 11-351 тоотод Б.Б-тай маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Т овогт Х.Б нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 11-351 тоотод архидан согтуурч байх үедээ агсамнаж, Б.Б-ийн давсаг руу 2-3 удаа өшиглөж, баруун шууг нь хазаж, үснээс нь зулгааж, бие махбодод нь “тархи доргилт, баруун нүдний дотор ба гадна хэсэг, доод зовхи, хацрын дээд хэсэг, баруун, зүүн бугалга, шуу, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, баруун шуу, зүүн өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Х.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, зүйл анги, учирсан хохирлын талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. ХохирогчБ.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2018 оны 8 сарын 12-ны өглөө гэртээ байж байхад хөрш Б над руу залгаад “чи сайхан цай хийж бай, гадаа хүйтэн байна,чиний гарын цайг ууя”гэж хэлсэн. Би зөвшөөрөөд 12 цагт манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би Б-ийг Э-д хэлээрээ манайд хамт ирж цай уу гэж хэлсэн юм. Би 12 цагийн үед хийцтэй цай хийгээд дуусаж байхад Э орж ирээд араас нь Б орж ирсэн. Б, Э бид гурав цайгаа уугаад 15 цаг хүртэл юм яриад сууж байх үед Б “гадаа сэрүүн байгаа юм чинь гурвуулаа ганц шил архи хувааж ууя”гэж санал гаргасан. Б картаа надад өгөөд, би дэлгүүр орж 0.5 литрийн соёрхол нэртэй архи авчираад, бид хувааж уучихаад Б бид хоёр дэлгүүр орж дахин 0.5 соёрхол нэртэй архи авчирч ууцгаасан....Тэр үед Б гэрийн баганаас бариад Г хэл амаар доромжлоод хөл гар луу нь өшиглөөд байсан. Би салгах санаатай голоор нь ороход Б миний давсагруу 2-3 удаа өшиглөж, миний баруун шуунаас хазаад тавихгүй болохоор нь тавиулах санаатай Б-ийн үснээс нь хойш татахад тэрээр хазахаа болиод, миний үснээс зулгааж, бид хоёр зууралдаад гэрээс гарсан. Миний биед учирсан гэмтлийг Б учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-24 дүгээр хуудас);
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10011 дугаартай “...Б.Б-ийн биед тархи доргилт, баруун нүдний дотор ба гадна хэсэг, доод зовхи, хацрын дээд хэсэг, баруун, зүүн бугалга, шуу, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, баруун шуу, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 36 дугаар хуудас);
4. Шүүгдэгч Х.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 51 дүгээр хуудас);
5. Шүүгдэгч Х.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Х.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б-ийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Би Б-аас уучлал гуйсан. Б бид хоёр олон жил найзалж байгаа найзууд юм. Б намайг уучилсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 196 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгааряллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журамд нийцсэн байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит тогтооход ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хохирогч Б.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний байгууллагын Шүүх эмнэлгийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Х.Б-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарэрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн байх тулшүүгдэгч Х.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн буюу бусдад төлөх төлбөргүйг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурророос ялын төрөл, хэмжээний талаар гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд шүүгдэгч уг саналтай танилцсан, хууль зүйн үр дагаварыг ухамсарлаж ойлгосон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч түүнтэй эвлэрсэн байна.
Прокурорын санал нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоов.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй,түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Т овогт Х.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүлхүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолхүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Б-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА