Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 102/2022/00786/И |
Дугаар | 210/ма2022/01877 |
Огноо | 2022-10-12 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 210/ма2022/01877
2022 10 12 210/МА2022/01877
Д.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/02837 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э-ын хариуцагч О.М-д холбогдуулан гаргасан 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Д ХХК -д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Уг компанийн өр төлбөр нэхэгдэхэд О.М нь надаас 20,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлж, Д ХХК -ийн эзэмшилд байсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны тоот орон сууцыг мөнгөө буцаан авах хүртэл түрээсийн төлбөр төлөхгүйгээр үнэ төлбөргүй суухаар тохиролцсон. Гэтэл ОХУ-ын үйлдвэрийн газар нь Д ХХК -тай байгуулсан гэрээг цуцалж, И ХХК нь 2017 оны 10 дугаар сараас түрээсийн байрыг эзэмших болсон. И ХХК нь цахилгаан тасалж, дарамталсан учраас сар бүр 500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн. О.М эс зээлсэн мөнгөө нэхэхээр ...удахгүй өгнө. Чи хүлээж бай, наад байр чинь удахгүй хувьчлагдана, би н.Хуягаад хэлчихсэн байгаа... гэж хэлдэг. О.М тэй найз нөхдийн харьцаатай учраас итгэж мөнгө зээлсэн боловч төлөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандаж О.М эс 33,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч дарамталж, биед халдсан тул нэхэмжлэлээ татан авч байсан. Гэвч дарамт шахалт, айлган сүрдүүлэлт зогсоогүй тул О.М болон И ХХК -ийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгуулахаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар зарын 16-ны өдрийн 107 дугаартай тогтоол, Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/194 болон 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/1261 дугаартай тус тус хариу мэдэгдэх хуудсаар зээлээ буцаан өгөөгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэх эрхтэй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хаасан. Иймд О.М эс 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн би тухайн нэхэмжлэлд дурдсан И ХХК -тай хамааралгүй бөгөөд Д.Э ыг дарамталсан асуудал байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.М эс 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М эс 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан боловч 2022 оны 08 дугаар сарын 14-ний орой биеийн байдал гэнэт муудаж мөн оны 08 дугаар сарын 15-ны өдөр эмчийн магадлагааг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгааныг үл хайхран шүүх хуралдааныг хуралдуулж шийдвэр гаргасан. Уг шүүх хуралдаанд хариуцагч миний бие өөрийн биеэр оролцон нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх хууль ёсны эрхээ эдлэх боломжоор хангалгүйгээр хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцоогүй гэсэн нь үндэслэлгүй. Тухайн гомдолд нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах болон өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж хэлсэн. Гэтэл шүүх хуралдааны товыг мэдэгдсэний дараа эмнэлгийн магадлагааг ирүүлсэн. Тухайн магадлагаа нь шүүх хуралдаан хойшлуулах эсхүл биечлэн оролцож өмгөөлөгч авах эсэх талаар дурдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зохигчид шүүхэд тайлбарыг бичгээр гаргана гэж заасан. Шүүх хуралдаанд биечлэн оролцож, өмгөөлөгч авах талаар бичгийн тайлбар, хүсэлт гаргаагүй. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгчээс хүсэлттэй холбоотой санал хүсэлтийг авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч О.М-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ...хариуцагч О.М-д 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг зээлдүүлснийг буцаан төлөөгүй тул гаргуулна гэж, хариуцагч ...И ХХК -д хамааралгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх1-2, 41/
4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч нэхэмжлэгч Д.Э аас хариуцагч О.М-ийн ХААН банк дахь 5084192299 тоот дансанд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг өмнө нь шаардаж байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх3, 9-17/
5. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Э зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч О.М эс шаардах эрхтэй.
6. Хариуцагч О.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч О.М-д 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн өдрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж /хх38-40/ өгсөн байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүрэг болон зохигчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, иргэний хэрэг үүсгэснээс 7 сар, 6 хоногийн дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж, хэргийн оролцогчийн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ.
7. Хариуцагч давж заалдах гомдолдоо ...2022 оны 08 дугаар сарын 14-ний орой биеийн байдал гэнэт муудсан учраас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эмчийн магадлагааг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд оролцуулаагүйд гомдолтой гэжээ. Гэвч хариуцагч О.М анхан шатны шүүх хуралдаан болох өдөр Аминжаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөр огноолсон эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн атлаа шүүх хуралдааныг хойшлуулах тухай ямар нэгэн бичгийн хүсэлтийг ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулсаныг буруутгахгүй. Учир нь шүүх уг эмнэлгийн магадлагааг үндэслэн хариуцагч О.М-ийг шүүх хуралдааныг хойшлуулах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд шүүх хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/02837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ЦОГТСАЙХАН