Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 873

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Д.Цолмон, шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас П овогт О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 12101 0666 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

П овогт О.Ц, Монгол Улсын иргэн, ........ өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар 70 хувь тогтонги алдалт бүхий хөгжлийн бэрхшээлтэй, ам бүл гурав, нөхөр, хүүхдийн хамт ...... тоотод оршин суудаг, урьд яд шийтгүүлж байгаагүй, ...............регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талааряллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 16-101г тоотод Г.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч П овогт О.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 16-101г тоотод Г.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний бие махбодод “сэрээний 10 дугаар нугаламын дарагдаж шахагдсан далд нугарал, дух, нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч О.Ц нь шүүх хуралдаанд: “...Би 10 дугаар анги төгсөж чадаагүй. Хохирогч Г.Э нь манай нагац эгчийн хүүхэд. Тухайн үед Г.Э намайг гичий жингэр гээд идэж байсан хоолоо цацахаар нь цохисон. Манай гэр бүлд нөхөр ажил хийдэг. Би группын мөнгө болох 150,000 төгрөгийг сардаа авдаг. Түүнээс өөр манай гэрт орлого байхгүй. Би 7 хоног ажил хийж үзсэн. Биеийн байдлаас болж ажил хийж байгаагүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэв.

2. Хохирогч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хичээл тараад ирэхэд гэрт эмээгийн дүүгийн хүүхэд О.Ц нөхөр хүүхдийн хамт өвөөтэй хөзөр тоглоод сууж байсан. Би цай уугаад сууж байсан чинь өвөө О.Ц-г ундаа аваад өг гэсэн. Ц надаас ундаа асуухаар нь жаахан чанга дуугаар мэдэхгүй гэсэн чинь хоол ундаа харамлалаа гэж уурлаад янз бүрээр хэлж надтай хэрэлдэж байгаад намайг алгадахаар  нь би зөрүүлээд ууж байсан цайгаа цацсан чинь намайг үсдэж чирсэн би хөдлөх боломжгүй байсан. Гэтэл Ц-ны нөхөр Н, өвөө Д хоёр салгасан. Ингээд би хажуу талын хүргэн ахындаа ороод байж байтал Ц араас орж ирээд намайг үсдээд газраар чирээд, шал мөргүүлээд нэг гараараа тогооны шилэн тагаар нуруу руу хүчтэй цохиж мөр, нуруу, хэсэг рүү дэвсээд байсан. Би доор нь үсдүүлж даруулсан байдалтай байсан. Нэг харсан чинь нөхөр нь орж ирээд салгаад Ц-ыг аваад явахаар нь би цагдаа дуудсан. Тухайн үед хүргэн ахын гэрт бага насны хүүхдүүд байсан. Шинжээчийн дүгнэлтээ учирсан гэмтлүүдийг Ц-ны учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас),

3. Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 2 сард цагаан сарын дараа өдөр нь эхнэрийн дүүгийн хүүхэд Ц нөхрийн хамт ирээд бид 3 хөзөр тоглож байхад гаднаас зээ охин Э хичээлээ тараад ирсэн. Ц нь Э-ийг ундаа аваад өг гэсэн чинь мэдэхггүй гэсэн байх би сайн сонсохгүй чих хатуу учраас юу гэж хэлснийг сайн сонсоогүй... нэг харсан чинь Ц, Э-ийг үсдээд доош дарсан байхаар нь түүний нөхөр Н бид хоёр салгасан чинь Э урагшаа хүргэн Ц-ийнд орсон... би араас нь орсон чинь зодоон дууссан байсан... Дараа нь Э эмнэлэгт үзүүлэхэд нуруу нь хугарсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас),

4. Гэрч А.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сард цагаан сарын дараа өдрийг сайн санахгүй байна. Эхнэр Ц нагац эгчийндээ очиж хөзөр тоглоё гээд байхаар нь хүүхдийн хамт очоод тоглоод сууж байсан чинь гаднаас зээ охин Э өдөр орж ирээд цайгаа уугаад зуухны хажууд сууж байсан. Тэгээд Ц Э-ийг цаанаас ундаа аваад өг гэсэн чинь өөрөө авахгүй юу чадахгүй гичий минь гэж хэлэхэд эхнэр юу гэнээ чи гээд нудраад авсан. Тэгтэл өөдөөс нь аягатай хоолоо шидсэн. ...Ц хохирогчийн нүүрэн тус газар гараарай цохисон, зууралдаад үсдэлцээд байсан, хохирогчийн нуруу нь зууралдаж байхдаа орны ирмэгт нидрэгдсэн байх, юмаар цохисон эсэхийг хараагүй...”, “...Э гарахад араас нь манай эхнэр гараад явсан. Тэгэхээр нь би зодоон болж магадгүй гэж бодоод хүргэний гэрт ороход хохирогч эхнэр хоёр барилцаад, үсдэлцсэн байсан би хүүхдээ аваад уурлаад гараад явсан гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 82, 40 дүгээр хуудас),

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 3102 дугаартай “...Г.Э-ийн сэрээний 10 дугаар нугаламын дарагдаж шахагдсан далд хугарал, дух, нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 35 дугаар хуудас),

6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 403 дугаартай “...О.Ц нь”Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямрал шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. О.Ц уг өвчний улмаас СЭМҮТ-д 2012 оноос хойш нийт 5 удаа хэвтэн эмчлүүлж байсан 6247, 4927, 5554, 5950, 1836 дугаартай таван удаагийн өвчний түүх байна. О.Ц нь хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна ...” гэсэн дүгнэлт (хх-ийн 28-32 дугаар хуудас)

7. Шүүгдэгч О.Ц-ны иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 54 дүгээр хуудас),

8. Сонгинохайрхан дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлан комиссын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “О.Ц-ны хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг 70 хувиар тогтоосон” акт (хх-ийн 56 дугаар хуудас)

9. Шүүгдэгч О.Ц нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56 дугаар хуудас),

10. Шүүгдэгч О.Ц-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 2 дугаар сард цагаан сарын дараа хүргэн ах Д-ын гэрт хөзөр тоглохоор нөхөр хүүхдийн хамт очоод тоглож байхад Э орж ирээд цай уугаад сууж байгаад би ундаа аваад өг гэснээс болж маргалдаад зууралдсан. Харилцан үсдэлцэж зодолдож салсан. Тэгээд хохирогч гараад явахаар нь уур хүрсэндээ Д ахын хүргэний гэрт араас нь ороод хохирогчтой дахин барьцалдаж байхад Д салгахдаа миний үснээс зулгаасан. Тэгээд салаад гараад явцгаасан. Д-ын хүргэний гэрт 2-3 насны жоохон хүүхдүүд байсан. Тухайн үед би хохирогчийн нуруунд юмаар цохиогүй, өшиглөсөн байх гэж бодож байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Учирсан гэм хорыг арилгана...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 77-79 дүгээр хуудас)зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул энэ шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хохирогч Г.Э-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 3102 дугаартай дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн үйл баримт, учирсан хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч О.Ц-ны үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Ц-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөр төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлт: “...Шүүгдэгч О.Ц нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч Д-ын мэдүүлэг, гэрч Н-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа тул төрийн нэрийн өмнөөс ял оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүгдэгч О.Ц-ны өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Ц-ны хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй зэргийг харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.Ц шүүх хуралдаанд: “...Би тогтмол эм тариа хэрэглэдэг, халамжийн мөнгө маань хаанаа ч хүрдэггүй. Иймд надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, хөдөлмөрийн чадвар 70 хувь тогтонги алдалт бүхий хувийн байдалд нь тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх болон цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Засгийн газрын 2015 оны 11 дугаар тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.1-д “бүрэн алдсан буюу 70-аас дээш хувь” гэж зааснаар шүүгдэгч О.Ц нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд ... оногдуулахгүй” гэж зааснаар түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүйг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.П овогт О.Ц-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч О.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Ц-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА