Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 208/МА2022/00048

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 208/МА2022/00048

 

******* *******ны Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 732 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* *******ны Сэлэнгэ салбар,

 Хариуцагч ******* ******* ХХК, ******* нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 33.503.784,2 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

 Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1. ******* ******* ХХК-тай байгуулсан 4325108453 тоот зээл болон ипотекийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 33,503,784,2 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах

2.... Зээлдэгч ******* ******* ХХК \захирал *******\ нь 2018.11.28-ны өдөр ******* *******тай ******* тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар, ******* тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус зээлж авсан.

...Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлийг хугацаанд нь эргэн төлөхгүй байсаар гэрээ зөрчигдсөн ба зээлдэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний нөхцөл өөрчлөн ******* тоот тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгаж, төлөгдөөгүй овоорсон төлөлтийг хэрхэн төлөх талаар тохиролцон гэрээний хавсралт 1-д график шинэчлэн тохирсон. Гэтэл зээлдэгч нар нь дахин гэрээг ноцтой зөрчин зээлээ хугацаанд нь төлөхгүй байсан ба *******ны зүгээс удаа дараа зээлээ төлөхийг сануулж байсан ч огт ахиц гараагүй.

Иймд зээлийн гэрээний 3.3.4-т заасны дагуу *******ны зүгээс өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж байна. Зээлдэгч нарыг шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар буюу 2022.06.07-ны өдрийн байдлаар ЗГ-4325108453 тоот зээлийн гэрээ 301 хоног хугацаа хэтэрч

Үндсэн зээлийн үлдэгдэл 24,888,888,99 төгрөг, зээлийн хүү 5,226,341,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194,234,68 төгрөг нийт 30,421,465,13 төгрөгийн өр

ЗГ-4325108454 тоот зээлийн гэрээ 301 хоног хугацаа хэтэрч үндсэн зээл 3,028,779,45 төгрөг, зээлийн хүү 564,070,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,890,15 төгрөг нийт 3,082,319,07 төгрөгийн өр тус тус хуримтлагдсан байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

 1. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа.

 2.Гол нь энэ хугацаанд зээл төлж чадаагүй үндэслэл шаардлагыг гэрээнд тусгаж өгөөгүй. Гэнэтийн ослоос үүссэн асуудал учраас үүнийг иргэнд буруу өгөх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байна. 27.917.688,44 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү зөвшөөрөхгүй. Үндэслэл нь зээлийн хүүг түр зогсоосон. Засгийн газар түр зогсоосон учраас иргэн, хуулийн этгээд төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Давагдашгүй хүчин зүйлээс болж ийм асуудалд орсон тул хүү, алдангийг хасаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 732 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг баримтлан 4325108453 тоот зээл болон ипотекийн гэрээ, ЗГ-4325108453-А, ЗГ-4325108453-Б тоот гэрээг цуцалж,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК, ******* нараас 33,214,659.19 төгрөг гаргуулан ******* *******ны Сэлэнгэ салбарт олгож, 289,124.83 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1-р баг Бүргэдэй Найрамдал 2 гудамж 217 тоот хаягт байршилтай Ү-1301000632 тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД-000635217 тоот гэрчилгээний дугаартай, 183.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, тус хаягт байрлах ГД-000738277 тоот гэрчилгээний дугаартай, 4304000160 тоот нэгж талбарын дугаартай 0.018 га талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалган,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,468 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 325,468 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү

2.Хэрэгсэхгүй болгосон хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:...1.Ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.7-д Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлдэгчийн саналыг үндэслэн энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн зээлийн гэрээний хугацааг сунгахаар шийдвэрлэсэн. Банкны өөрийн эх үүсвэртэй зээлийн хувьд *******ны нөхцөл журмын дагуу зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахаар тусгагдсан. Үүний дагуу Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газар болон Монгол *******наас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дагуу ******* ******* ХХК /Захирал *******/ болон ******* нарын ЗГ432108453 тоот зээлийн гэрээг 2020 оны 06 сарын 17-ны өдөр *******-А, 2020 оны 10 сарын 12-ны өдөр *******-Б тоот нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ******* тоот зээлийн гэрээг мөн адил 2020 оны 06 сарын 17-ны өдөр *******-А, 2020 оны 10 сарын 12-ны өдөр ЗГ432510845-Б тоот нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ тус тус байгуулан цар тахалын нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар болон Монгол *******наас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлсэн байтал нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна

Мөн Зээлийн гэрээний 2.5-д Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-т заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүргэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов,

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй. 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Хариуцагч нь, зээлээ төлөх өдөр хүртэл гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Иймээс нэхэмжлэлийн дүнгээс хассан 289,124.83 төгрөг нь үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 07-ны өдрийг 732 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхээс эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч ******* *******ны Сэлэнгэ салбар хариуцагч ******* ******* ХХК, батлан даагч ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24.888.888.99 төгрөг, зээлийн хүү 5.226.341.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194.234.68 төгрөг, зээлийн гэрээний үүрэг 3.028.779.45 төгрөг, зээлийн хүү 564.070.22 төгрөг нэмэгдүүлсэн хүү 94.890.15 төгрөг болсон тул зээлдэгч ******* ******* ХХК-тай байгуулсан ЗГ-4325108453 тоот зээлийн болон ипотекийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 33.503.784.2 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...үндсэн зээлийн 27.917.688.44 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогссон, Засгийн газрын тогтоол, Монгол *******ны тушаал гарч зээлийн хүүг хойшлуулах, зогсоох арга хэмжээ авахаар заасан байхад нэхэмжлэгч зээлийн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн этгээд төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.

******* *******ны Сэлэнгэ салбар болон ******* ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн иргэн ******* ******* *******ны Сэлэнгэ салбарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн, мөн хуульд заасан шаардлагуудыг хангасан, тус тус хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Зээлдүүлэгч ******* *******ны Сэлэнгэ салбар нь зээлийн гэрээний дагуу 60.000.000 төгрөгийг зээлдэгч ******* ******* ХХК-ийн захирал *******д олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Зээлдэгч нар 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 60 сарын, 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байх ба зээлийн гэрээний эргэн төлөлт хийгдэхгүй байсны улмаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөн нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгасан боловч зээлдэгч нар үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлдэгч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нар нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө 301 хоногоор хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан байна. (хх-ийн 62-р тал)

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан байх ба нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч ******* ******* ХХК болон ******* нар зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу 40.000.000 төгрөг зээлсэн гэрээний үүрэгт 24.888.888.99 төгрөг, зээлийн хүү 5.226.341.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194.234.68 төгрөг, 20.000.000 төгрөг зээлсэн гэрээний үүрэгт 3.028.779.45 төгрөг, зээлийн хүү 564.070.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94.890.15 төгрөгийн төлбөртэй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдсон тул нийт 33.503.784.2 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

Давж заалдах гомдлын талаар:

Зохигчид зээлийн гэрээний үндсэн зээл болон сард төлөх зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй харин өөрөөс үл шалтгаалах байдлын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээний үүрэг зөрчсөн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэснийг баримтлан хариуцагч нарын зээлийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны /301 хоногийн/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн нэмэгдүүлсэн хүү 289.124.83 төгрөг төлөхөөс чөлөөлсөн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч талаас цар тахалтай холбоотойгоор тухайн зээлдэгчийн төлбөр төлөөгүй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж зээлийн гэрээний хугацааг тодорхой хугацаагаар сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Мөн зээлдэгч нь Ковид-19 өвчин Монгол улсад тархахаас өмнө буюу 2018 онд уг зээлийг бизнесийн зориулалтаар авсан ба зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ч Монгол улсад цар тахал тархаагүй байсныг дурьдах нь зүйтэй.

Хариуцагч нар нь гэрээний үүргээ 301 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн, гэрээний зөрчлийг арилгах талаар зээлдүүлэгчээс удаа дараа сануулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул зээлдэгчээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар гэрээг цуцлах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

Хэдийгээр зээлдэгч нар нь өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас зээл төлж чадаагүй хугацаа хэтрүүлсэн, цар тахалтай холбогдуулан Засгийн газар болон Монгол *******ны ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн гэрээний хүүг чөлөөлөх талаар зохицуулалт байхад ******* үндэслэлгүйгээр хүү нэхэмжилсэн гэж маргаж байгаа боловч Монгол *******ны ерөнхийлөгчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн А-122, 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А-320, 2020 оны 11 сарын 23-ны өдрийн А-423 тоот тушаалуудаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас эхлэн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, нэг удаа сунгахыг *******уудад зөвшөөрсөн.

Тус тушаалаар зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар заасан байх ба харин зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах, чөлөөлөх талаар зохицуулаагүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах тухай зохицуулалт байх ба тухайн заалтыг үндэслэн анхан шатны шүүхээс хариуцагч нарыг зээлийн гэрээний үүрэг болох зээлийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлж хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д "хүү" гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг ойлгоно гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 21.2-д ...Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

  Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсгээ зурсан, гэрээг хуулийн хүрээнд, сайн дурын үндсэн дээр бичгээр үйлдэж, баталгаажуулсан байх тул хэн аль нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас төлөгдөөгүй үндсэн зээл болон зээлийг ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилсэн байх ба зээлдэгч нарын эдийн засгийн болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэрээгээр тохирч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа төлөөгүйн хариуцлага хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагч нараас төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 33.503.784.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Хариуцагч нарын татгалзлын хувьд цаг үеийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хямралд өртсөн гэсэн үндэслэлээр гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа боловч шүүхээс дээрхи үндэслэлээр талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээс хариуцагч нарыг чөлөөлөх хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү болох 289,124.83 төгрөгийг төлөхөөс чөлөөлж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,468 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн хариуцагч нараас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхээс нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулах шаардлагагүй болохыг дурьдав

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 732 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 2 дахь заалтыг:

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* ******* ХХК, ******* нараас 33.503.784.2 төгрөг гаргуулан ******* *******ны Сэлэнгэ салбарт олгосугай. гэж,  өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 9.324 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ