Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 889

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч О.Пүрэвсүрэн, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас С овогт Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02914 0971 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Б.Н, Монгол Улсын иргэн, ..... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин, засал чимэглэлчин мэргэжилтэй, ... жолооч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт .... тоотод оршин суудаг, .... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 7-20 тоотод байхдаа гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ж.М-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн мөр, шуу, зүүн чихний бэлбээнд цус хуралт зүүн гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

- 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 7-20 тоотод байхдаа гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ж.М-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч С овогт Б.Н нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 7-20 тоотод байхдаа гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ж.М-ийг зодож, бие махбодод нь тархи доргилт, зүүн мөр, шуу, зүүн чихний бэлбээнд цус хуралт, зүүн гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,  мөн 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 7-20 тоотод байхдаа гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ж.М-ийг зодож, бие махбодод нь “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр эхнэртэйгээ маргалдсан. Маргалдсан шалтгаан маань манай эхнэр зээл хөөцөлдөнө гэж гурван өдөр явсан. Намайг өөрийнхөө ажил дээр суулгачихаад би  өдрийн 11, 12 цагийн үед ирнэ гэж хэлээд явсан. Хүүтэйгээ нийлээд тэр чигтээ тэр өдөржингөө алга болсон. Би худгийг нь хаагаад байж байтал манай найз нэг шил архи авч ирсэн. Түүнийг нь нийлж уусан. Би эхнэрээ хайхаар 7 дугаар хороо руу дүүгийндээ очоод 19 цагийн үед ирэхэд манай эхнэр гэртээ ирсэн байсан. Тэгэхээр нь ганц гарын үсэг зуруулна гэж явчихаад өдөржингөө алга болчихлоо яасан вэ гээд маргалдсан. Архи уусан хүн мунхаг болчихдог юм байна. Би тэр уурандаа хоол авч шидээд 3-4 удаа алгадсан. Уурын мунхагаас хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. Би 10 сарын 01-ний өдөр ажилд орсон. 10 дугаар сарын 01-ний өдөр М архи уусан байсан. Хаанаас архи олж уусныг нь мэдэхгүй. Хүрээд ир гэж над руу залгасан. Улс орон даяар сар бүрийн нэгний өдөр архи зардаггүй байхад чи хаанаас архи авч уусан бэ гэхэд намайг хүрээд ир гэхээр нь очиход М урд талын айлд байсан. Цуг уусан хоёр найз нь манайд байсан. Би М-ийг өргөж аваад гэртээ оруулаад хойгуур нь унтсан. Тэгтэл маргааш нь манай эхнэр М өнөөдөр амрах болохоор нэг уучихъя гэсэн. Тэгээд тэр архи уучихаад бас маргаан эхэлсэн. Тэгэхээр нь 4-5 удаа цохисон. Адаг сүүлд нь шүүх дээр зогсож байгаадаа харамсаж байна. Мөн архинаас болж эхнэр хүүхдээсээ салсан. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ж.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зээл авахаар гадуур ажил хөөцөлдөж яваад 17 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Н байхгүй, манай хүүхэд ганцаараа байсан. Тэгээд гэрийнхээ хажуу дахь худаг дээрээ очсон. Би усны худаг дээр ажилладаг. Худаг дээрээ байхад 19 цагийн үед Н архи уучихсан согтуу ирээд хамтдаа гэртээ харьсан. Би гэрлүү ороод Н-ааг унтуулчихаад буцаад ажил дээрээ 20 цагийн үед очсон. Ажлаа тараад гэртээ ирсэн. Манай Н-ийн ах Э ирсэн. Би Н-ааг сэрэхээр нь хоол халааж өгөөд хажууд нь тавьчихаад байж байтал надаас зээл яасан, бүтэх шинж байна уу, чи яасан олон хоног зээл хөөцөлдөж явдаг юм гээд уурлаад над руу аягатай хоол шидсэн. Н хоол шидчихээд босож ирээд миний гарын булчин болон зүүн чих, толгой руу гараараа цохисон. Бас хөл рүү өшиглөтөл Э ах нь боль гэж хэлтэл Э рүү бас дайраад шууд гэрээс хөөгөөд гаргачихсан. Тэгээд би бие заслаа гэж хэлээд хажуу айл болох Н-ынд ороод цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд 2 хүүхдийнхээ хамт ороод иртэл Н барьж байсан униараа миний гэдэс рүү цохисон. Би өөрийн нөхөр Н-д маш их гомдолтой байна. Н-аас нэхэмжлэх зүйл гэвэл энэ хэргийг шийдсэний дараа 2 хүүхдийнхээ тэтгэмжийг гаргуулах санаатай байгаа. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-21 дүгээр хуудас),

-“...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн үед миний нөхөр Н нь согтуу агсам тавьж биднийг зодсон. Чи зээл авах гэж бүтэн 3 өдөр явлаа гэсэн. 2000 оноос эхлэн өдийг хүртэл амьдрахдаа хэрүүл зодоон байнга гаргаж, зарим үед цагдаа хүртэл дууддаг. Гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байгаагаа одоо л мэдэрч байна. Зарим үед зодуулснаа гэрийнхнээсээ нууж байлаа. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх (хх-ийн 9 дүгээр хуудас),

-“...2018 оны 9 дүгээр сарын 01-ний орой гэртээ байж байтал манай ажлын газрын О, түүний нөхөр Г, Н, Н нар ирээд бид 5 нийлж дарс хувааж уугаад байж байтал гаднаас манай хамтран амьдрагч Н орж ирсэн юм. Тэгээд тэр оройдоо бид нар хамтдаа ууж идэж байгаад унтаж амарсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө босоод Н дахиж нэмж архи ууя гээд бид нар хамтдаа дахиад 2 шил 0,5 литрийн архи авч уусан. Тэгээд архиа уучихаад Н намайг чи тэр цагдаагаас миний иргэний үнэмлэхийг авч өг гээд шууд миний нүүр лүү 4-5 удаа цохисон юм. Тэгээд манай найзууд боль гээд салгаад би цагдаа дуудтал Н гэрээс гараад яваад өгсөн бөгөөд удалгүй хойноос нь цагдаа нар орж ирсэн ба Н хайж эхэлсэн юм. Тэгээд цагдаа нар Н олоогүй явсны дараа Н гаднаас буцаж орж ирээд удалгүй буцаад гараад яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 96-97 дугаар хуудас);

3. Гэрч С.З-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байхад охин М орж ирээд намайг Н зодоод гэхээр нь яасан гэж зодож байгаа юм бэ гэхэд зээл удаан хөөцөлдөж, яасан олон хоног явдаг гээд зодсон гэж хэлсэн. Тухайн үед зүүн талын хөл гар нь хөхөрчихсөн байх шиг байсан. Бас зүүн чих нь байхаа шалбарчихсан байсан. Хорооныхоо цагдаагаас эмнэлгийн бичиг авсан гэхээр нь охиныхоо хамт шүүх эмнэлэгт явж үзүүлж байсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас);

4. Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н-ийн гэрт нь очиход Н унтаж байсан бөгөөд М ажлаасаа ирчихсэн байж байсан. Тэгээд би гэрт нь ороод өөрийнхөө авсан нэг шил архийг задлаад сууж байтал Н сэрсэн бөгөөд Н-ааг М хоол ид гээд хоол аягалж өгсөн. Тэгээд байж байтал Н М-ийг чи гадуур тэнээд гэртээ ерөөсөө тогтохгүй юм, зээл чинь бүтэж байгаа юм уу гээд уурлаад байсан. Тэгж уурлаж байгаад аягатай хоолоо шал руу цацаж асгаад маргаад байхаар нь би гэрээс нь гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас);

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10811 дугаартай “...Ж.М-ийн биед тархи доргилт, зүүн мөр, шуу, зүүн чихний бэлбээнд цус хуралт зүүн гарын 4 дүгээр хурууны зөөдөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 87 дугаар хуудас);

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7286 дугаартай “...Ж.М-ийн духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөх, нуруу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 21 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Б.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 42 дугаар хуудас);

8. Гэмт хэрэг, зөрчлийн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн үйлдсэн аюулын зэргийн үнэлгээ (хх-ийн 46-48 дугаар хуудас);

9. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 55-57дугаар хуудас);

10. Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шалгах хуудас бүхий лавлагаа (хх-ийн 44 дүгээр хуудас);

11. Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэрээ 2-3 удаа гар хүрч зодож цохисон асуудал байгаа боловч яг хэзээ гэдгээ сайн санахгүй байна аа. Ер нь бол эхнэртээ гар хүрэх болсон шалтгаан гэвэл манай эхнэр архи их уугаад, гэр орны ажил хийнэ гэж огт байхгүй, хүүхдийн хувцас хунар ч угаахгүй болохоор миний уур хүрээд байдаг юм аа. Би өнгөрсөн оны буюу 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 6 дугаар cap хүртэл жижиг тэрэг хөлслөөд таксинд яваад нэг удаа архи дарс ууж идсэн зүйлгүй л байдаг байсан. Өдөр шөнөгүй л мөнгө олох гэж хөлсний машинтай яваад ирж байхад хоол унд байхгүй, согтуу, гал ч байхгүй, 2 хүүхэд гадаа гудамжинд байдаг тохиолдлууд маш их байдаг. Тиймээс би эхнэртээ уур хүрээд байдаг байсан юм аа. Харин 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 23 цаг 40 минутын үед би гэртээ ирэхэд манай эхнэр гэртээ байхгүй байсан. Хоёр найз нь согтуу манайд унтаж байсан. Харин эхнэрээ хайгаад урд айл руу ороход М согтуу унтаж байсан.Тэгэхээр нь өргөөд гэртээ оруулаад унтсан. Маргааш өглөө нь М болон хоёр найз нь унтаж босоод дахин 0.75 литрийн архи авчраад хуваагаад ууцгаагаад дахиад 0.75 литрийн архи аваад бид нар хувааж уусан. Би согтоод нэг сэрсэн чинь намайг манай дүүгийн гэрээс цагдаа ирээд авсан.Би тухайн үед архи уучихаад яг юу болсноо санахгүй байна. Мөн зодсон цохисон талаар бол огт санахгүй байна. Би гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин эхнэрээ зодсон асуудалд холбогдож байгаагаа мэдэж...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 67-68 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хохирогч Ж.М-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Н, хохирогч Ж.М нар нь албан ёсны гэр бүлийн баталгаа бүхий эхнэр, нөхөр байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие мах бодид халдсан үйлдэл, эсүйлдэхүйг ойлгоно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Б.Н-г  “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Б.Н-ийн хоёр удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэн нэг яллаж, нэг ял оногдуулах нь зөв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Н-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ж.М-ийн биед хөнгөн гэмтэл учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. 

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Н ньхэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх шүүгдэгч Б.Н-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн байх тулшүүгдэгч Б.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 1,600 (нэг мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд ялтанг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С овогт Б.Н-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д нэг мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүлхүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэдоролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан,эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА