Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 936

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баасанцэрэн, улсын яллагч Ц.Гансүлд, шүүгдэгч А.А, Г.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А.А, Д овогт Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01860 0474 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шуугдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт А.А, Монгол Улсын иргэн, 1...... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өргөгч угсрагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эмээ, өвөө, ахын хамт ...... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ........, урьд ял шийтгүүлж байгаагүй.

2. Д овогт Г.Г, Монгол Улсын иргэн, ........ өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, эх, ахын хамт ....... тоотод оршин суудаг, регистрийн дугаар УХ00261376, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дугнэлтэд дурдсанаар:

Яллагдагч А.А, Г.Г нар бүлэглэн машин механизм ашиглаж 2018 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 58г байрны гадна байрлуулсан иргэн О.Ц-ийн эзэмшлийн 36-17 УНД улсын дугаартай “Тоёота Приус20” загварын автомашины 480,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг калбак, 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлахыг завдсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт А.А, Д овогт Г.Г нар бүлэглэж, 10-86 УБД улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, 2018 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 58г байрны гадна байрлуулсан иргэн О.Ц-ийн эзэмшлийн 36-17 УНД улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашины 480,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 4 ширхэг калпак, 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахыг завдсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Шүүгдэгч А.А-н шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэг;

2.Шүүгдэгч Г.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байна. Тиймээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг;

3.Хохирогч О.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үүрээр 04 цагт унтаж байхад цонхны доод талд чимээ гараад байсан тэгэхээр нь цонхоороо харахад миний тээврийн хэрэгслийн цаад талд приус 20 маркийн улаан хүрэн өнгийн 10-86 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогссон, танихгүй хоёр залуу миний тээврийн хэрэгслийн 2 дугуйг тайлаад тавьсан байж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10, 11-12 дугаар хуудас);

4.Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хадам ах П.Б нь 10-86 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг хувь лизингээр худалдаж авсан юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сард Солонгос руу ажиллаж амьдрахаар явсан байсан. Одоо бол Монголд байхгүй. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр манай гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 06-170 тоотод байрлах хашаанд байсан 10-86 убд улсын дугаартай улаан хүрэн өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгслийг манай эхнэр П.Б-с дүү А.А “манай хүүхдийг цэцэрлэгээс авна” гэж хэлээд авч явсан юм байна лээ. Тэгээд манай хүүхдийг цэцэрлэгээс авч өгчихөөд тэр чигээрээ тээврийн хэрэгсэл аваад явчихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас);

5.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 03-06 дугаар хуудас);

6.“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “...Автомашины дугуй, калпакыг 480,000 төгрөгөөр үнэлж, хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 30-33 дугаар хуудас);

7.Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хорооллын эцсээс 1 хүн аваад Ханын материалд хүргэж буулгасан. Тэгээд буцаад машинтайгаа гарах гэж байсан чинь байрны хойд талд саарал өнгийн “Приус-20” загварын автомашин байсан. А хоёулаа энэ машины дугуйг нь тайлаад авъя гэхээр нь бид 2 машинаасаа буугаад А жолоочийн баруун хойд талын дугуйг нь тайлж байсан. Гэтэл машины эзэн нь гарч ирээд бид хоёрыг барьж авсан. Тэгээд тэр хүн цагдаа дуудсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46дугаар хуудас);

8.Шүүгдэгч А.А-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 10-86 УБД улсын дугаартай “Приус 20”загварын автомашиныг гуйж аваад өглөө халтууранд гарсан. ...Г-тэй уулзаад бид хоёр цааш таксинд явж байгаад шөнийн 3 цагийн үед хорооллын эцсээс 1 хүн аваад ханын материалын эцэс орсон. Бид хоёр хүнээ буулгаад буцаад байрнаас гарах гэж явж байхад саарал өнгийн ”Приус 20” загварын автомашин байхаар нь би машинаа зогсоосон. Тэгээд тэр машины дугуйг нь тайлж авъя гээд жолоочийн хойд талын дугуйг тайлж байсан. Тэгтэл машины эзэн нь гарч ирээд Г бид хоёрыг барьж авсан. Удалгүй хоёр цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-49дүгээр хуудас)зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын туйлд нь хүргэж чадаагүй үйлдэл дээрх шинжийг бүрэн хангажээ.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч нараас хулгайлах гэмт хэргийн үйлдэл, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээний талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд шүүх хэрэгт цугларч шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд нягт нямбай хянан үзэв.

Шүүгдэгч А.А, Г.Г нар нь нийт 480,000 төгрөг буюу 300,000 төгрөгөөс дээш үнэлгээ бүхий эд зүйлс хулгайлахаар завдсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд хохирлын хэр хэмжээг 480,000 төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгч А.А, Г.Г нар бусдын эд хөрөнгийг хулгайлахад чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч хохирогч гарч ирснээр тэдний хүсэл зоригоос үл хамааран гэмт хэрэг төгсөөгүй байх тул тэднийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ. Мөн тэд хулгайлсан зарим эд зүйлс болох 4 ширхэг калпакыг машиныхаа тээшинд ачсан байсан, дөрвөн дугуйг ачиж авч явах байсан гэж мэдүүлсэн зэргээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10-86 УБД улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан техник, хэрэгсэлд хамааруулна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхиий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч А.А, Г.Г нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл болох тул тэднийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.А, Г.Г нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхиий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Жич: Гэмт хэргийн зүйлчлэлийн онол ёсоор зүйлчлэхдээ ерөнхий ангид заасан тодорхойлолтыг нь бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад заасан ялд нөлөөлөх буюу ял оногдуулах нөхцөл тогтоосон зүйл, хэсэг, заалт (2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)-ыг журамладаг бөгөөд тодорхойлолт нь хууль зүйн дүгнэлт хийхэд хамаардаг болохыг анхаарвал зохино.

Хохирогч О.Ц нь автомашины дугуй, калпакаа буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Г, А.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлт: “...Шүүгдэгч А.А, Г.Г нар бүлэглэн машин механизм ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Ц-ийн эзэмшлийн автомашины калпак, дугуй зэргийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь хохирогч О.Ц болон гэрчийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлсийн үнэлгээ, А.А, Г.Г нарын яллагдагчаар өгсөн болон өнөөдөр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа тул төрийн нэрийн өмнөөс яллах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч А.А, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхиий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Чулуунбаатарын дүгнэлт: “...Миний хоёр үйлчлүүлэгч өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийллээ. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт асуултад чин үнэнчээр хариулж байгаа нь тэдний хувийн байдлыг илтгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус харгалзаж хөнгөрүүлэх боломжтой. Мөн гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутай хүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлана. Уг зүйл, хэсэгт ялын доод хэмжээг зааж өгөөгүй тул тухайн төрлийн ялын үндсэн доод хэмжээнээс дээш гэж ойлгохоор байна. Иймд миний хоёр үйлчлүүлэгчид тусгай ангид зааснаас доош хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгч нарын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхиий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.А-д арван сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Г-д зургаан сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирч болох байсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, тэдний хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.А, Г.Г нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан техник хэрэгсэл болох 10-86 УБД улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашин нь хэрэг гарах үед тэдний өмчлөлд байгаагүй болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг туйлдаа хүрээгүй, хохирогчид бодит хохирол учраагүй зэргийг харгалзан хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд хорих ял оногдуулсан тул “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт А.А, Д овогт Г.Г нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхиий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.А-д арван сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Г-д зургаан сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Г.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  А.А, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.А, Г.Г нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.А, Г.Г нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                                     Б.БАТАА