| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 124/2016/0028/з |
| Дугаар | 43 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 43
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: , иргэн Д. Д, иргэн Э. Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Ж, Т.Ц нарт холбогдох,
Увс аймгийн МХГ-ын улсын байцаагч Ж.Ж , Т.Ц нарын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 тоот, улсын байцаагч М.О, гаргасан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20/07/030/692 тоот дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б , Д.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Н , хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б , Д.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: иргэн Л. Д би бусад 2 хүний хамт 2013 онд Улаангом сумын 10-р багийн нутагт 9 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан. Гэтэл 2016 оны 2 дугаар сард бидний барьж ашиглалтанд оруулсан орон сууцыг худалдан авсан Р.Б , Д.Б , Б.Д гэх хүмүүс халаалт муу, цонх мөсдөж хөлддөг, хана мөөгөнцөрддөг, бохир үнэртдэг гэх шалтгаануудын улмаас орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, 236.718.925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид уг хэргийг шийдвэрлэхээс татгалзаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр хэргийн харъяалал тогтоосон. Уг иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас Улаангом сумын 10-р багийн иргэн Д.Б, гомдлын дагуу Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Ж , Т.Ц нарын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 тоот, улсын байцаагч М.О гаргасан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20/07/030/692 тоот дүгнэлтүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг дүгнэлт нь бидний барьж ашиглалтанд оруулсан орон сууцны барилгын ашиглалт, чанар, нөхцөл нь холбогдох хууль, стандарт, дүрэм журмын шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар иргэн Д.Б байлцуулан гаргасан дүгнэлт байсан. Бидний зүгээс уг дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхөд л мэдсэн бөгөөд бидний барьсан орон сууцны талаар улсын байцаагчийн дүгнэлт гарсан талаар өмнө нь мэдээгүй байсан. Гэтэл бидний барьж ашиглалтанд оруулсан орон сууцны талаар дүгнэлт гаргаж байж бидэнд мэдэгдээгүй, биднийг байлцуулж дүгнэлт гаргаагүй, гаргасан дүгнэлтээ бидэнд албан ёсоор мэдэгдэж, гардуулаагүй, дүгнэлтийн талаар санал бодлоо илэрхийлж, гомдол гаргах боломж нөхцлөөр хангаагүй. Түүнчлэн бидний зүгээс ийм дүгнэлт гарсан гэдгийг мэдээд албан ёсоор гардаж авахаар Мэргэжлийн хяналтын газрын зохих албан тушаалтанд хандахад “дүгнэлт өгөх боломжгүй, та нарт дүгнэлт гардуулах шаардлагагүй, та нарт мэдэгдэж, та нарыг байлцуулах шаардлагагүй” гэсэн хариуг амаар өгсөн. Бид Монгол Улсын иргэний хувьд өөрсдийн барьж ашиглалтанд оруулсан орон сууцны талаар холбогдох байгууллагаас гарсан шийдвэр, дүгнэлтийг албан ёсоор мэдэх эрхтэй гэж үзэж байна. Энэ талаар Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд тодорхой хуульчилж өгсөн байдаг. Гэтэл бидний эрх ашиг сонирхолд нөлөөлөх дүгнэлт гаргах гэж байж биднийг байлцуулаагүй дүгнэлт гарсаныг бидэнд мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй, дүгнэлтийн талаар гомдол гаргах эрхээр хангаагүйд гомдолтой байна. Бид өмнө нь амаар 3 удаа уг дүгнэлтүүдийг гардаж авах талаар Увс аймгийн МХГ-т хандахад “дүгнэлтүүдийг өгөх боломжгүй” гэж хэлээд өгөөгүй. Иймд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бичгээр албан ёсоор удирдлагад нь гомдол гаргахад Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын нарийн бичгийн ажилтан гэх эмэгтэй “гомдлыг чинь авахгүй” гэж хэлээд биднийг загнаж, аймгийн МХГ-ын газрын түр орлон гүйцэтгэгч Д гэх хүнд хэлснээр уг Д нь манай эхнэртэй ёс зүйгүй харьцаж, “та нараас өргөдөл гомдол авахгүй, бид гаргачихсан дүгнэлттэй холбоотой гомдол хүлээж авахгүй” гэж хэлээд загнаад гомдлыг авахгүй буцаагаад явуулсан. Нэгэнт бид дүгнэлтийг хүлээн авч гомдол гаргах боломжгүй байгаа, бид дээрх дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан, дүгнэлтүүдийг холбогдох хууль болон улсын байцаагчийн дүгнэлт гаргахдаа баримталдаг гол баримт бичиг болох Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 тоот тушаалаар Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг зөрчиж гаргасан тул улсын байцаагч Ж.Жигжидсүрэн, Т.Ц нарын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 тоот, улсын байцаагч М.О гаргасан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20/07/030/692 тоот дүгнэлтүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Ж , Т.Ц нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 9 айлын орон сууцны оршин суугч Д.Б ирүүлсэн өргөдлийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 20/07/030/291 тоот удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын өмнө болон дараа нь барилгыг барьсан гэх Д.Д , Э.Б нар луу утсаар удаа дараа мэдэгдсэн боловч очих боломжгүй гэсэн хариуг өгсөн тул энэ тухай хяналт шалгалтын тэмдэглэл дээр тэмдэглэж, гомдол гаргасан иргэн Д.Б байлцуулан хяналт шалгалтыг хийж дүгнэлт гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасны дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй гэсэн заалтыг үндэслэж иргэн Д.Б ирүүлсэн өргөдлийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг өргөдөл гомдолд дурьдсан асуудлын хүрээнд хийхэд дотор халаалтын шугам сүлжээ, халаах хэрэгсэл цоорч ус алддаг, ашиглалтын шаардлага хангаагүй, барилгын тагт нь бэхэлгээ дутуу хийгдсэнээс хазайлт өгсөн, ан цав үүссэн нь “Барилгын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт /Хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан/ шаардлагыг хангахгүй байсан. Мөн энэ 9 айлын орон сууцны барилга нь зураг төсөлгүй, улсын комиссын актгүй байхад улсын бүртгэлийн гэрчилгээг ямар үндэслэлээр гаргуулж авсан нь тодорхойгүй, одоог хүртэл энэ барилгын ашиглаж байгаа нь “Барилгын тухай” хуулийн 11,12,13,14 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж байна. Нэхэмжлэгч нар 2016 оны 3, 7 дугаар сард 20/07/030/526 тоот дүгнэлтийг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах талаар амаар болон бичгээр хүсэлт гаргаж байсан бөгөөд тухай бүр нь хариуг нь өгч байсан. 2016 оны 08 дугаар сард бичгээр дахин гомдол гаргахад хяналт шалгалттай холбоотой гомдол гаргах хугацаа хэдийн өнгөрсөн тул өргөдлийг хүлээн авах боломжгүйг тайлбарлан өргөдлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 312 дугаар тушаалын 13.1-ийн дагуу шалгуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, шийдвэр захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд 30 хоногийн дотор хяналт шалгалт хийсэн байгууллагын удирдлагад гомдол гаргах эрхтэй байдаг. Энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд өргөдөл, гомдлыг хүлээн авах боломжгүй болно” гэжээ.
Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О байцаагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ж.Ж , Т.Ц нарын гаргасан дүгнэлтээс бохирын үнэр гардаг гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх дүгнэлтүүдийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Т.О гаргасан писбитон байхгүй гэж хэлснийг зөвшөөрөхгүй байна. Мэргэжлийн хүмүүсээр барилгаа бариулсан гэж үзэж байгаа. Уг байранд би гэр бүлийн хамт амьдардаг, хэрэв бохир үнэртдэг байсан бол ямар нэгэн арга хэмжээ авна шүү дээ. Паар цоорсон, болконы хазайлтыг хүлээн зөвшөөрч байна. Гурван сард паар цоорсон, би есөн сард буцаад шинээр сольж өгсөн. Нэхэмжлэл гаргасан иргэн Д.Б паарыг Э.Б сольж өгөх ёстой ба хоорондоо мөнгө төгрөгийн асуудалтай байсан байх. Э.Б эзэмшлийн газар дээр өөрийн хөрөнгөөр 9 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан. Манай байрны оршин суугч нар анхнаасаа өөрсдөө хөөцөлдөж байж гэрээ хийж шинэ байранд орчихоод, дараа нь гомдол гаргаж байна. Гомдол гаргасан гурван оршин суугчдаас болж Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийж дүгнэлт гарсан. Байцаагч нарын дүгнэлтийн зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандсан” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Б өргөдөл, гомдол гаргасан учраас эрчим хүчний байцаагч Т.Ц тай хамт очиж тухайн үеийн нөхцөл байдал дээр үндэслээд дүгнэлт гаргасан. Харин М.О гэдэг хүн ямар процессээр дүгнэлтээ гаргасныг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ байцаагчийн гаргасан дүгнэлтийг барилгын оношлогооны төвөөр шинжлүүлээд баталгаатай болгож болно. Миний гаргасан дүгнэлтийг биелүүлэх буюу илэрсэн зөрчлүүдийг арилгуулах боломжтой гэж үзэж байна” гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуульчдын холбооны гишүүн, шүүхэд төлөөлөх эрх 1065 дугаартай өмгөөлөгч Ө.Нарантуяа миний бие өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Э.Б , Д.Д нар өөрсдийнх нь ашиглалтанд оруулсан объекттой холбогдуулж тэдний эрх ашиг хөндөгдөж байна гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 08 дугаар сарын 31-ний Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ тодорхой тайлбарласан байгаа. Нэхэмжлэгч нар улсын байцаагчийн дүгнэлтийг тухайн 9 айлын орон сууцанд оршин суудаг иргэдийн Иргэний хэргийн шүүх хэргийн материал танилцуулахад анх мэдсэн. 2016 оны 04 дүгээр сард улсын байцаагчийн дүгнэлтийн талаар мэдсэний дараа 5 сард сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Ингээд 08 дугаар сард Э.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг Баян-Өлгий аймгийн шүүх рүү шилжсэн. Баян-Өлгий аймгаас 2016 оны 08 дугаар сард прокурорын байгууллагын дардастай 2013 оны дүгнэлт ирсэн. Ингээд 2013 онд дүгнэлт гарсан байна гэдгийг нэхэмжлэгч Д.Доржсүрэн болон Э.Б нар мэдсэн. Улсын байцаагчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулаад Мэргэжлийн хяналтын газрын даргад өргөдөл өгсөн. Миний бие өмгөөлөгчийн зүгээс тухайн өргөдлөө байгууллагын даргын нарийн бичгийн даргад өгөөрэй өргөдөл авсны дараа тэмдэглэл хөтөлж авдаг шүү, дараа нь хариуг нь надад хэлээрэй гэж хэлээд миний бие Баян-Өлгий аймаг руу шүүх хуралдаанд оролцохоор явсан. Нэхэмжлэгч Д.Д эхнэр Мэргэжлийн хяналтын газрын нарийн бичиг охин намайг загнаад даргад танилцуулна гэсэн өргөдлийг миний өөдөөс шидсэн гэж хэлсэн. Ингээд бид ярилцаад Захиргааны хэргийн шүүхийн харьяалагдах маргаан учраас 2016 оны 08 дугаар сарын 31-нд Увс аймгийн МХГ-ын улсын байцаагч Ж.Ж , Т.Ц нарын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 тоот, улсын байцаагч М.О гаргасан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20/07/030/692 тоот дүгнэлт нь хууль бус дүгнэлт гарсан гэж үзэж дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан . Яагаад хууль бус дүгнэлт гэж үзээд байна гэхээр хуулинд зааснаар дүгнэлтийн талаар мэдэгдэх ёстой байсан. Нэхэмжлэгч нарын барилгын объект барьсан зураг төсөл, төвлөгөө, гэрээ, ашиглалтанд орсны дараах бусад гэрээнүүд гээд 10 сантиметр гаруй зузаан материал байдаг. Дээрх хоёр байцаагчийн дүгнэлтүүд нэг объектэн дээр хоёр янзын дүгнэлт гараад байгаа. 2013 онд улсын байцаагч М.О дүгнэлтэд 13 зөрчил дурьдсан байна. Уг зөрчлийн улмаас тус орон сууцны барилга байгууламж нь газар хөдлөлтийн 8 баллыг тэсвэрлэх чадваргүй, бат бөх тогтвортой байх нөхцлийг алдагдуулсан дүгнэлт гарчихсан. Нэхэмжлэгч нар дээрх 13 зөрчлөөс 11 зөрчлийг нь үгүйсгэдэг. Мөн улсын байцаагч нь хуулиа зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 54 дүгээр зүйлийг зөрчсөн. Жишээ нь: 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийн тав дахь зөрчилд барилгад хэрэглэсэн материалын гарал үүсэл чанарын батламж байхгүй, найм дахь зөрчилд барилгын хэмжээнээс писбитон хийгдээгүй аюултай нөхцөл үүссэн гэсэн байдаг. Тухайн үедээ улсын байцаагч нь тухайн объект нь эрсдэлийн ямар ангилалд хамаарах нь тодорхой бус байна. Тэгэхээр улсын байцаагчийн дүгнэлт дахь 13 зөрчил нь тухайн орон сууцны бодит байдалтай нийцэхгүй байна. 2015 онд тус 9 айлын орон сууцанд оршин суугч Д.Б гэх иргэн хүсэлт гаргасан байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэн болон аж ахуйн нэгжийн гомдол хүсэлтээр ажиллаж дүгнэлт гаргадаг байх. Гэхдээ шууд дүгнэлт гаргахгүйгээр улсын байцаагчийн акт, даалгавар бичиж, даалгавартай хяналт тавьдаг. Ингэснээр даалгавар хэрхэн биелүүлсэн байдлаас хамаарч аж ахуйн нэгжид уян хатан үйлчилдэг юм байна. Гэтэл улсын байцаагч нь эрх мэдлээ ашиглаад шууд дүгнэлт гаргасан. 0.7 га газарт хашаа барьсны дараа хашааны мод унагаах асуудал яригдаагүй шүү дээ. Бүхэл бүтэн хоёр, гурван айл эдийн засгаар хохирч байна. Нэхэмжлэгч Д.Д , Э.Б нар ах дүү нартайгаа нийлж өөрсдөө амьдрах үүднээс 9 айлын орон сууц барьсан болохоос биш зарах гэж бодоогүй гэж хэлдэг. Гэтэл Э.Б ийн эгчээр нь дамжуулаад иргэн Д.Б нь манайх гэр хороололд хэцүү байна гэснээр Э.Б өөрөө амьдарч буй орон сууцаа иргэн Д.Б д зарсан байдаг. Ингээд ах дүү нартаа өгөх гэж байсан байрнаас одоо иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаад байгаа тус байранд оршин суугч иргэдэд зарсан байгаа. Ер нь тухайн байрандаа өөрсдөө амьдрах бодолтой байсан болохоос биш, зарж борлуулах сонирхолгүй байсан. 2015 онд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Ж , Т.Ц нар дүгнэлт гаргасан. Энэ хяналт шалгалтаар хоёр зөрчил гарсан. Үүнээс үзэхэд өмнөх 13 зөрчил нь арилж сүүлийн хяналт шалгалтаар хоёр зөрчил гарсан байна гэж би ойлгож байгаа. Т.Ц байцаагчийн хувьд эрчим хүчний асуудлаар давхар явж дүгнэлт гаргасан байх. 2015 оны дүгнэлтийн хувьд мөн улсын байцаагчийн даалгавар, шаардлага тавьж явах ёстой байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага нь шууд дүгнэлт гаргаад байгааг ойлгохгүй байна. Хариуцагчаас бохирын үнэрийг ямар багажаар хэмждэг вэ гэж асуулт асуухад амьд организмын мэдрэхүй буюу таван мэдрэхүйн нэгээр үнэр гарч байна гэж үзэж дүгнэлт хийсэн гэж хариулт өгсөн. Хуулиндаа хяналт шалгалтыг арваас доошгүй хоногт хийх ёстой. Нэг удаа утсаар залгаад утсаа авахгүй болохоор манай байгууллагыг хүндэтгэхгүй байна гэж үзсэн гэж өчигдрийн хуралд хариуцагч хэлсэн. 10 хоногт нэг л удаа ярьсан. Цаана нь ес хоног ямар ажиллагаа хийсэн юм бэ? Тухайлбал 10 дугаар сарын 05-ны өдөр шалгасан бол долоо хоногийн дараа дахиад шалгаж болно шүү дээ. Ганцхан Д.Б-ийн гэр биш, бусад найман айл буюу Д.Д-ийн гэрт ч орж үзэн харьцуулалт хийж байж бохирын үнэрийн асуудлыг дүгнэлтэндээ бичих байсан. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн ч гэсэн 10 хоногийн хугацаатай шалгалт хийдэг, мөн хуулийн 52.4 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй. Тэгэхээр бохирын үнэр 10 хоног үнэртээд байсан уу, нэг хоног үнэртсэн үү гэдэг бас эргэлзээтэй. Болконы хазайлтыг улсын байцаагч хэдэн сантиметр байгааг дүгнэлтэндээ тусгаагүй байсан. Халаалтын асуудал бол хоёр шинэ дулааны станц ажиллаж байгаа болохоор зөрчил арилсан байх. Улсын байцаагч нарын удаа дараа гаргасан дүгнэлтийг хууль бус гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 тоот тушаалыг удирдлага болгож хяналт шалгалт хийх ёстой байх. Уг тушаалын 12.7-д зааснаар хяналтын хуудсаар шалгалт хийсэн улсын байцаагч тэмдэг дарж баталгаажуулсны дараа хяналтын хуудсыг шалгуулагч этгээдэд заавал танилцуулна гэсэн зохицуулалт байдаг. Танилцуулсны дараа санал хүсэлтийг нь авна. Мөн хуулийн 12.11-д хяналт шалгалтын дүгнэлтийг гурван хувь үйлдээд нэг хувийг нь шалгуулж байгаа этгээд, нэг нь гомдол гаргасан иргэнд, нөгөө нь Мэргэжлийн хяналтын байгууллагын архивт тус тус үлдээнэ. Улсын байцаагч Ж.Ж ийн хувьд 2015 онд дүгнэлтээ гаргахад ажилд ороод удаагүй байсан учраас алдаа гаргасан байж болно. Гэхдээ алдаа гаргаснаас болж иргэн хохирох ёсгүй. 2013 оны дүгнэлтийн хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.10, 5.12 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалыг зөрчиж дүгнэлт гаргаж, иргэн хүнийг хохироосны улмаас эрх ашиг хөндөгдсөн гэж шүүхэд хандсан. Хариуцагчийн хэлснээр гуравдугаар ангиллын зэрэгт орж байгаа барилга байгууламж нь инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй, хоёр давхар хүртэл 3600 метр куб эзэлхүүнтэй иргэний барилга болон амины орон сууцны гэж тогтоол бий. Тэгэхээр нэхэмжлэгч нарын объект 1780 метр куб, давхар харгалзахгүй учраас дээрх тогтоолын дагуу барьсан гэдэг нь миний үйлчлүүлэгчийн шүүх хуралд хэлсэн үг нь үндэслэлтэй. Хэргийн материал шинжлэн судлахад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Мэргэжлийн хяналтын байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгч Мөнхбаярын албан тоотыг судлуулсан байгаа. Албан байгууллага тухайн үедээ иргэний өгсөн өргөдлийг хүлээж авах буюу тэмдэглэж авчихаад албан бичгээр хариу өгсөн бол бид нар дараагийн шатанд хандах байсан. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандах байсан. Тийм учраас улсын байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Д ,Э.Б нар нь Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Ж , Т.Ц нарын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 тоот, улсын байцаагч М.О гаргасан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20/07/030/692 тоот дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар “бидний ашиглалтанд оруулсан орон сууцны талаар дүгнэлт гаргаж байж бидэнд мэдэгдээгүй, биднийг байлцуулж дүгнэлт гаргаагүй, дүгнэлтийн талаар санал бодлоо илэрхийлж, гомдол гаргах боломж нөхцлөөр хангаагүй” гэж маргасан бол хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газар хариу тайлбартаа: “шалгуулагч иргэн аж ахуйн нэгж, байгууллага улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаа шийдвэр захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд 30 хоногийн дотор хяналт шалгалт хийсэн байгууллагын удирдлагад гомдол гаргах эрхтэй байдаг. Энэ хугацаа хэтэрсэн учраас өргөдөл гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж үзсэн байна.
1.Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч М.О гаргасан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07/030/692 тоот дүгнэлтийн талаар:
Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч М.О нь 2013 оны 12 дугаар 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 3 давхар 9 айлын орон сууцны барилгын чанар байдал, техникийн бичиг баримтын бүрдэлт холбогдох хууль стандарт, дүрэм журмын шаардлагыг хэрхэн хангаж байгаад аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.О д, тус газрын инженер Д.О , Б.Б нарын хамт барилгын захиалагч бөгөөд гүйцэтгэсэн гэх иргэн Э.Б , Д нарыг байлцуулан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн байна. Тэрээр уг хяналт шалгалтаар илэрсэн буюу 9 айлын орон сууцны барилга байгууламжид үүссэн зөрчлүүд газар хөдлөлтийн 8 баллыг тэсвэрлэн, бат бэх тогтвортой байх нөхцлийг алдагдуулсан учир нэмэлт арга хэмжээ авч хүчитгэхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжгүй гэж үзэн 07/030/692 тоот дүгнэлт гаргажээ.
Хяналт шалгалтын удирдамж болон дүгнэлтэд аймгийн Засаг даргын шийдвэрээр томилсон бүрэлдэхүүнд орж хяналт шалгалт хийсэн гэж дурдагдсан байгаа боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно. Нэхэмжлэгч Э.Б-ийн “ 2013 онд аймгийн Засаг даргад хандан улсын комисс ажиллуулж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан” гэх тайлбар, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.О “... аймгийн Засаг дарга улсын комиссыг өрөөндөө дуудаж барилгыг хүлээж ав гэж үүрэг өгсөн “ гэх мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд 9 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд хүлээж авах эсэх асуудлаар улсын комиссын шийдвэр гаргах ёстой байсан гэж ойлгогдож байгаа бөгөөд харин аймгийн Засаг даргын 9 айлын орон сууцны барилгын ашиглалт хамгаалалт, чанар байдалд хяналт шалгалт хийлгүүлэхээр бүрэлдэхүүн томилсон талаар шийдвэр гарсан нь тогтоогдохгүй байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн гаргасан 20/07/030/692 тоот дүгнэлтийг иргэн Д.Д , Э.Б нарт мэдэгдсэн, хүргүүлсэн баримтуудыг шүүхийн шаардснаар гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгч нарын “.. дүгнэлтээ бидэнд албан ёсоор мэдэгдэж гардуулаагүй, дүгнэлтийн талаар санал бодлоо илэрхийлэх, гомдол гаргах боломж нөхцлөөр хангаагүй” гэсэн тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Улсын байцаагч Ж.Ж , Т.Ц нарын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 20/07/080/291 тоот дүгнэлтийн талаар:
Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 9 айлын орон сууцны оршин суугч Д.Батмөнхийн ирүүлсэн өргөдлийн дагуу МХГ-ын улсын байцаагч Ж.Ж , Т.Ц нар нь МХГ-ын даргын баталсан 20/07/080/291 тоот удирдамжаар Улаангом сумын 9 айлын орон сууцны барилгын ашиглалт, чанар, нөхцөл нь холбогдох хууль, стандарт, дүрэм журмын шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна. Тус хяналт шалгалтаар Улаангом сумын 10 дугаарт багт байрлах 9 айлын орон сууцны барилгын үндсэн даацын хийцүүд нь бат бэх тогтвор байдлаа алдаагүй байгаа ч тагтанд хазайлт үүссэн, дотор халаалтын шугам, халаах хэрэгсэл цоорч ус алддаг, бохирын шугамнаас үнэр гардаг зэрэг зөрчлүүд нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан “хүн амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн,түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан” гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэжээ. МХГ-ын даргын баталсан 20/07/080/291 тоот удирдамжинд урьд өмнө нь шалгалт хийгдэж байгаагүй талаар тусгасан байна.
Улсын байцаагч нар шалгалт хийсэн тухай тэмдэглэлд шалгалт хийх болсон тухайгаа Э.Б , Н.Д нарт мэдэгдсэн боловч очих боломжгүй гэсэн хариу авсан учраас шалгалтыг өргөдөл гаргагч Д. г оролцуулан хийсэн талаар тэмдэглэсэн байгаа боловч шалгалтын үр дүн, дүгнэлтийг танилцуулж, шалгуулагч этгээдийн санал хүсэлтийг авах талаар ямар арга хэмжээ авсан талаар тус тэмдэглэлд тусгагдаагүй байна. Хариуцагч МХГ-ын байцаагч Ж.Жигжидсүрэн тайлбартаа:” Дүгнэлтийг яг хаягаар нь хүргүүлээгүй, харин утсаар мэдэгдэж танилцуулсан байгаа. Танилцуулсан талаараа баталгаажуулж баримтжуулаагүй” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
3. Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 9 айлын орон сууцыг Д.Д , Э.Б нарын 3 хүн хамтран хөрөнгө оруулалтыг гарган барьж ашиглалтанд оруулсан ба тухайн орон сууцны барилгад 9 айл амьдардаг юм байна. 2013 онд шалгалт хийх үед 4 айл амьдарч байсан бол 2015 онд шалгалт хийх үед оршин суудаг айлын тоо нэмэгдэж 9 болсон байжээ. МХГ-ын улсын байцаагч нарын “тухайн орон сууцыг цааш хүчитгэхгүйгээр ашиглах боломжгүй, хүн амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан” гэж үзэхгүй гэсэн дүгнэлтүүдээс үзэхэд тухайн 9 айлын орон сууц нь ашиглах эрүүл ахуй болон аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй, цаашид ашиглах боломжгүй гэсэн утга санааг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь барилгад хөрөнгө оруулсан иргэдээс гадна тухайн орон сууцыг худалдаж авсан 9 айлын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болсон байна. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа тэдгээр урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах ёстой байсан байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Төрийн хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлддэг бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал, дүгнэлт, шалгуулагч этгээдийн санал дүгнэлтийг тусгах”-аар мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.10-д “шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэж заасан байна. Аймгийн МХГ-ын улсын байцаагч нар 07/030/69220, /07/080/291 тоот дүгнэлтүүдийг гаргахдаа шалгуулагч этгээдүүдэд шалгалтын тэмдэглэлийн нэг хувийг гардуулж өгөөгүй, тэдгээрийн санал дүгнэлтийг тусгаагүй байгаа ба мөн дүгнэлтийг хүргүүлж, мэдэгдсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүх захиргааг дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж үзлээ. Нэхэмжлэгч иргэний хэргийн материалтай танилцснаар улсын байцаагч нарыг дүгнэлтийн талаар мэдэж, аймгийн МХГ-ын даргад маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2016 оны 05 дугаар сарын 15-нд Э.Б , 2016 оны 08 дугаар сарын 26-нд Д.Д нар гомдол гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд захиргаа маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдснээр гомдол болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэхээр ойлгогдож байна.
Иймээс хариуцагчийн “хөөн хэлэцэх хугацаа хэтэрсэн” гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд шүүх Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.10 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн МХГ-ын улсын байцаагч Ж.Ж , Т.Ц нарын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 тоот, улсын байцаагч М.О гаргасан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20/07/030/692 тоот дүгнэлтүүдийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.10 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б , Н.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн МХГ-ын улсын байцаагч Ж.Ж , Т.Ц нарын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 тоот, улсын байцаагч М.О гаргасан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20/07/030/692 тоот дүгнэлтүүдийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ