Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0017

 

 

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаарh221/МА2019/0017 

Улаанбаатар хот

 

 

 

“М” ХХК, Б.А,

Г.С нарын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, түүний өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0654 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Р” ХХК-ийн төлөөлөгч Э.О, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК, Б.А, Г.С нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Архитектур, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0654 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.5, 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж “Р” ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ 2016/01-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт, барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Архитектур, инженерийн Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн “Р” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг дэмжсэн хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Р” ХХК-ийн төлөөлөгч Э.О давж заалдах гомдолдоо: “... Маргаан бүхий захиргааны актууд нь ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй, зөрчихгүй байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

 Нэхэмжлэгч Г.С-н тухайд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/344 дугаартай захирамжаар 320 м.кв газрыг эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон ба хэрэгт авагдсан баримтаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан эсэх болон нэхэмжлэгч байх эсэх нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах гол үндэслэлээ “...эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зөрчигдсөн асуудлыг харгалзан үзээгүй, 7.5-д заасан үүргээ биелүүлээгүй... мөн барилгын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан шаардлагыг хангаагүй байхад архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг баталснаар гуравдагч этгээдийн барих барилга нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан шаардлагыг хангаагүй... зөрчлүүд байхад хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд архитектур төлөвлөлтийн даалгавар батлах нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар “Р” ХХК-ийн эзэмшлийн газартай залгаа хөрш зэргэлдээ байрлах газар эзэмшигч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдэж тайлбар, саналыг нь авч мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй байна...” гэжээ.

“Р” ХХК нь өөрийн өмчлөлийн барилга болон эзэмшлийн газартаа барилга барихаар төлөвлөн Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Харин барилгын ажлын зөвшөөрөл аваагүй тул барилга барих ажиллагаа явагдахгүй, хуулийн 7 дугаар зүйл нь барилгын ажлын зөвшөөрөл олгохтой холбоотой харилцаанд үйлчлэх хуулийн зохицуулалт байна.

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол Б.Ренчингийн гудамж 10/1 тоот хаягт байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 1956 онд ашиглалтад орсон ба ашиглалтын хугацаа дууссан тул тус барилгыг дахин шинэ барилга барихаар төлөвлөн холбогдох хууль, журмын дагуу үе шаттайгаар ажлуудаа хийж, зохих зөвшөөрлүүдийг авахаар ажиллаж байсан.

Тус барилгын ашиглалтын хугацаа дууссан тул дээврийг засварлах ажил хийхээр дээврийн хэсгийг хуулах ажил хийсэн ба энэ талаараа ч анхан шатны шүүхэд удаа дараа тайлбарласан байтал нэг цогц барилгын нэг ханаар тусгаарлагдсан, нэг суурьтай барилгыг нураасан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг” ойлгохоор заасан.

Хуульд зааснаар барилга байгууламжийн зураг төслийн магадлал хийх ажиллагаанаас өмнө аливаа барилга барих тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгаврыг харьяа хот төлөвлөлтийн газраас авахаар хуульчилсан.

Мөн хуульд зааснаар барилгын ажлын зөвшөөрөл нь барилга байгууламжийн зураг төслийн магадлал хийгдсэний дараа олгогддог зөвшөөрөл байна.

Гэтэл анхан шатны шүүхээс барилгын энэхүү дараалал бүхий үйл ажиллагааг харгалзан үзэлгүйгээр гуравдагч этгээд компанид барилгын ажлын зөвшөөрөл олгогдсон мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй, Барилгын тухай хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нийслэлд Архитектур төлөвлөлтийн даалгавар авахтай холбоотой харилцааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмаар зохицуулсан.

Тус журмын 3 дугаар бүлгээр Барилгын эх загвар зураг батлах ажиллагааг зохицуулсан ба 3.6-д архитектур төлөвлөлтийн даалгавар батлах талаар зохицуулсан ба үүнд зааснаар хэн нэгэн этгээдийг оролцуулж санал авах талаар огт зохицуулаагүй байна.

Түүнчлэн тус журмын 4.2-д дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно.

4.2.1.  орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад;

4.2.2.  гэр хорооллын газар дахь нэг талбарт барилга барих /амины орон сууцнаас бусад барилгын хувьд/ гэсэн хоёр тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангахаар зохицуулсан байна.

Одоо маргаж буй тохиолдол нь дээрх хоёрын алинд ч хамаарахгүй юм.

Анхан шатны шүүхээс барилгын шат дараалал бүхий үйл ажиллагааг анхаараагүйн дээр энэ үе шатанд сонсох ажиллагаа хийх талаар хууль болоод журамд зохицуулаагүй болохыг анхаараагүй байна.

Шүүхээс сонсох ажиллагаа хийлгүйгээр хариуцагчаас архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн нь дээрх байдлаар үгүйсгэгдэж, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан ба Барилгын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмаар маргаж буй харилцааг зохицуулсан болох нь дээр дурдсанаас тодорхой харагдаж байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно” гэж заасан ба нэхэмжлэгч нар нь Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний үйлчлэл нь шууд болон шууд бусаар чиглэх нөхцөл байдал байхгүй юм.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын газартай давхцуулан, нэхэмжлэгч нарын өмчлөлийн барилгыг оролцуулан барилгын зураг төсөл төлөвлөгдөөгүй болох нь тогтоогдсон ба ямар нэгэн байдлаар орц гарцыг хаасан зүйлгүй болно.

Анхан шатны шүүхээс мэргэжлийн зөвлөл нь хүсэлтийг хэлэлцэхдээ бусад иргэн, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байдлыг хяналгүйгээр шууд архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг дэмжиж дүгнэлт гаргасан нь хууль, журамд нийцээгүй байна гэжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3.6-д ”барилга барих хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн шийдвэрийг үндэслэн “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг ажлын 2 хоногт багтаан Улаанбаатар хотын Ерөнхий архитектуроор баталгаажуулж, түүнийг хүсэлт гаргагчид хүлээлгэн өгнө” гэж заасан.

Үүнд зааснаар мэргэжлийн зөвлөл нь хурлаар хэлэлцэж дэмжсэн шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ шатанд ч хэн нэгнийг оролцуулан санал авах талаар зохицуулаагүй байна.

Анхан шатны шүүхээс дээрх журмын 8.1.3-д заасныг зөрчиж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг гэсэн нь дээрх журмыг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг дэмжсэн шийдвэр гаргасан нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйлгүй ба Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөө нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх бүхий газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй болно.

Шүүхийн шийдвэр нь бодит байдалд биелэгдэх боломжтой байх ёстой байтал хууль, журмаар нэгэнт зохицуулагдсан харилцаанд өөр хуулийг хэрэглэн бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэснээр захиргааны байгууллагыг хууль, журмаар зохицуулагдан нэгэнт тогтсон үйл ажиллагаанд өөр шаардлага тавьж бодит байдалд биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 длтаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0654 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нараас “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж “Р” ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2016/01-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт, барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах, Архитектур, Инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн “Р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “гуравдагч этгээд нь архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барих барилгын талбайд төлөвлөж буулгах барилгын блокуудын тусгаарлагч ханууд нь зэргэлдээ байршилтай “М” ХХК-ийн өмчлөлийн барилгын гадна хана.... барилгын үндсэн хийц бүтээцэд эвдрэл гэмтэл үүсэх нөхцөл бүрдсэн болохыг Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсээс шалгаж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолоор тогтоогдож байна. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 ..... 7.5-д, ..... үүргээ биелүүлээгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөөний зураг гэж тодорхойлсон ба тус захиргааны актууд нь барилгын ажлын зөвшөөрөл биш байтал даалгавар гарсан олгогдсоноор гуравдагч этгээд нь хуучин барилгаа буулгах ажил эхлүүлэх үндэс болсон мэтээр тайлбарлсан нь өөрөө хуулийг буруу тайлбарласан болсон байна. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан Барилгын ажлын зөвшөөрөл нь маргаан бүхий захиргааны актуудаас тусдаа акт байх бөгөөд одоогийн байдлаар гуравдагч этгээдэд олгогдоогүй байдаг. Гуравдагч этгээд нь хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл авалгүйгээр барилга буулгах ажил хийсэн нь буруу байх бөгөөд уг асуудлаар Мэргэжлийн хяналтын газар болон Ерөнхий төлөвлөгөний газраас мэдэгдэл шаардлага хүргүүлж барилга буулгах ажлыг зогсоосон. Харин уг асуудал нь гуравдагч этгээдэд хууль дүрэм журам нормын дагуу олгогдсон Архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөөний зургаас үл хамаарсан болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Мөн барилгын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д ‘‘нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх” гэсэн шаардлагыг хангаагүй байхад Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг баталснаар гуравдагч этгээдийн барих барилга нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэжээ

Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд орчны газар эзэмшигчидтэй зөвшилцөх, барилгын норм дүрэм, журмын дагуу барилга хоорондын зай хэмжээг баримтлан барилгын зураг төслийг боловсруулах, автомашины орц гарц, зам талбайг тухайн орчны барилга байгууламж, ногоон байгууламжтай уялдуулан нэгтгэн төлөвлөх тухай зааж өгсөн.

Архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын захиалагч болон баригдах барилгын ажлын зураг, барилгын загвар зургийг боловсруулахад мэдээлэл болох зөвшөөрөгдөх хэмжээ хязгаарыг зааж өгдөг баримт бичиг юм. Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан нөхцөл шаардлага холбогдох норм дүрмийн заалтыг баримтлан гуравдагч этгээд нь барилгын эх загвар зургийг гүйцэтгэн ирүүлж батлуулсан. Ингэхдээ дээр дурдсан хуулийн зүйл заалтыг хангасан байдаг. Шүүх дүгнэхдээ тодорхой хуулийн зүйл заалтыг дурдсан байх ба тухайн хуулийн заалтыг нотлох үйл баримт нотлох баримт дурдаагүй болно. Барилга барих үйл ажиллагаа нь Барилгын тухай хуулийн 12 зүйлийн 12.1.1, 14 зүйлийн 14.1.2-т заасны дагуу норм дүрмийг баримтална. Шүүх яг ямар норм дүрмийг зөрчиж төлөвлөсөн, энэ нь ийм байдлаар нотлогдож байна гэдэг байдлаар дүгнээгүй нь хэт нэг талыг баримталсан, хэргийг тал бүрээс нь үнэн бодитой шийдвэрлэнэ гэсэн нөхцөл шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Мөн гуравдагч этгээд барилга буулгах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгоогүй байхад нэг цогц барилгын нэг ханаар тусгаарлагдсан, нэг суурьтай барилгыг нурааснаар .... Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д .... 26 дугаар зүйлийн 26.3-д .... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д .... Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д гэж заасан үүргээ биелүүлээгүй байна” гэжээ.

Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу гуравдагч этгээд нь баталгаажсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн холбогдох нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зургийг боловсруулан ирүүлснийг хянан үзээд загвар зураг баталгаажсан тус хуулийн заалтыг зөрчөөгүй шүүх ямар үндэслэлээр хэрхэн зөрчсөн талаар дурдаагүй. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барихад барилгын ажлын зөвшөөрлийг авах ёстой байсан ч гуравдагч этгээд нь барилга буулгахдаа тухайн зөвшөөрлийг аваагүй байдаг ба уг үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээж торгууль төлсөн байдаг, мөн одоогоор барилга буулгах ажил нь зогссон байдалтай байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасанчлан гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын хооронд газрын маргаан байхгүй бөгөөд хэл хязгаар давхацсан юмуу бусдын газар эзэмших ашиглах эрхэд халдсан хязгаарласан зүйл баримт бичгээр нотлогдоогүй талууд маргаагүй байх атал шүүх тус заалтыг зөрчсөн зэргээр тайлбарласан нь үндэслэлгүй болсон, хуулийн буруу тайлбарласан хэрэг маргаанд хамааралгүй зүйлийн талаар дүгнэлт хийсэн.

Мөн шүүх дээрх зөрчлүүд байсаар байхад “эрх бүхий байгууллага нь Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан. “Р” ХХК-ийн эзэмшлийн газартай залгаа хөрш зэргэлдээ байрлах газар эзэмших, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдэж тайлбар, саналыг авч мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй байна” гэжээ

Архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилгын зөвшөөрөл авах хамгийн анхдагч захиргааны акт бөгөөд дээрх зөрчигдсөн гэх даалгавар гаргахдаа анхаарч үзэх байсан гэх хуулийн заалтууд нь Барилгын дараагийн үр дагавар үүсгэх баримт бичиг буюу эх загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн үед дагаж мөрдөгдөх заалтууд юм. Тус заалтуудаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг буруутгасан нь өөрөө хууль буруу тайлбарласан байдал харагддаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.7-д заасны дагуу сонсох ажиллагааг бусад хэлбэрээр явуулсан. Хуулийн тус заалтыг хэрэгжүүлэхдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 4 дүгээр зүйлийн дагуу санал авахыг гуравдагч этгээдэд даалгасан. Үүний дагуу гуравдагч этгээд нь тус журмын 4.13 /Иргэн хуулийн этгээдээс барилга барих үйл ажиллагаатай холбогдуулан хууль бус санал тавьж, санаатайгаар саад учруулж, мөнгө, хөрөнгө шаардсан нь нотлогдсон тохиолдолд тухайн иргэн хуулийн этгээдээс санал авахгүй/ дахь заалт байна гэсэн албан бичгийг манай байгууллагад удаа дараа хүргүүлсэн байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Тус мэргэжлийн зөвлөл нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.9-д .... Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаар тушаалаар батлагдсан “Архитектур, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1.5-д “барилга байгууламжийн зураг төслийн даалгавар норм нормативын баримт бичгийн техникийн даалгаврыг хянана” гэж заасан үүрэгтэй байна. Үүнээс үзэхэд .... дэмжиж дүгнэлт гаргасан нь дээрх хууль журамд нийцээгүй байна” гэжээ

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл нь барилгын үйл ажиллагаанд оролцогч болох захиалагчийн чиг үүргийг зааж өгсөн заалт байх юм. Өөрөөр хэлбэл барилга барих үйл ажиллагаа явуулахдаа мөрдөх арга хэмжээг зааж өгсөн байна. Мөн Барилга, хот байгуулалтын сайдын журам нь хэргийн оролцогч хариуцагч тал болох Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, зохицуулсан журам биш бөгөөд үндэслэх хэсэгт дурдаж буруутгасан дээрх журмын 2.1.5 дахь заалт нь норм норматив боловсруулах барилга байгууламжийн зураг төслийн техникийн даалгаврыг хянах тухай заасан байна. Манай газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл нь норм нормативын баримт бичиг болон барилга байгууламжийн зураг төслийн техникийн даалгаврыг хянах чиг үүрэггүй болно. Үүнээс хархад шүүх хэт нэг талыг буруутгах гэсэн буруутгах үндэслэлүүдээ хэрэгт холбоогүй, эрх зүйн зохицуулалтуудыг дурдан түүнийгээ буруу тайлбарлан дүгнэсэн нь өөрөө хууль буруу хэрэглэсэн алдаа болж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0654 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иргэн Б.А, Г.С болон “М” ХХК-ийн зүгээс Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж, “Pиверсайд  ланд” ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2013/01-29 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт, барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Архитектур,  инженерийн Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн “Р” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг дэмжсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...кадастрын зургаас харахад газрууд нь энд тэндгүй тойроод хоорондоо сүлжилдсэн, хэн нэг нь барилга барихад яалт ч үгүй нөгөө хүний эрх ашиг хөндөгдсөн байдал үүсэхээр байгаа. Нэхэмжлэгч Б.А-н тухайд газрыг нь тойруулан барилгажих талбай төлөвлөснөөс орц гарцыг хаасан. Мөн 1 суурьтай, 1 ханаар тусгаарлагдсан цогц барилгын өмчлөгч болох Б.А-тэй зөвшилцөхгүйгээр барилгын 1 хэсгийг нь нурааж барилга барих төлөвлөлт хийсэн. Г.Сы тухайд цахилгааны дэд станцын  зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 321 м.кв талбайг тойруулаад барилга барихаар төлөвлөж загвар зураг ерөнхий төлөвлөгөө баталснаас үзэхэд орц гарц хааж, өмчлөх эрхийг зөрчсөн.  “М” ХХК-ийн тухайд дэд станц, агуулах конторын зориулалттай газрынх нь нилээдгүй хэсэг дээр авто зогсоол төлөвлөсөн байна” гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Б.А анх 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” ХХК-ийн хашаанд 1039 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ авч, улмаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар захирамжаар түүнд үйлчилгээний зориулалтаар 1167 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Г.С 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж-8/1 тоотод цахилгааны дэд станцын зориулалттай 104 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ авч, улмаар нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/344 дугаар захирамжаар түүнд 320 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

            “М” ХХК нь 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Улсын циркийн зүүн талд тус компанийн барилга байгууламж, контор, үйлчилгээ, дэд станцын зориулалттай 1952 м.кв талбайтай 9 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ авч, улмаар тус компанид нийслэлийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар шийдвэрээр 6520 м.кв газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Р” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 10/1 тоот байршилтай 3551 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ авч, улмаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/676 дугаар захирамжаар тус компанид 5008 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучнаар “Шаазан ваар”-ны үйлдвэрийн орчим нийслэлийн Засаг даргын 2015 оны А/676 дугаар захирамжаар олгогдсон дээрх 5008 м.кв газарт Y-2203011534 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 3551 м.кв талбай бүхий хэсгийг буулган шинэчлэн барилгажуулах хүсэлтийг “Р” ХХК-аас ирүүлснийг Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар хурлаар хэлэлцүүлэн 21 давхар орон сууц, үйлчилгээний барилгын төлөвлөлтийн шийдлийг дэмжиж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2016/18-07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байна.

Улмаар тус компаниас барилгын давхрыг өөрчлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 01 дүгээр хурлаар хэлэлцүүлэн 15 давхар орон сууц, үйлчилгээний барилгын төлөвлөлтийн шийдлийг дэмжсэн бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас өөрчлөн баталсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2016/01-29 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг түүний хавсралт, барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт олгожээ. Тус даалгаварт орон сууц, үйлчилгээний барилгын зориулалтаар 600.5 м.кв барилгажих талбайд консолгүй, тагт болон рампыг нормоор тооцон эдэлбэр газарт багтаан төлөвлөх, газар доорхи хэсэгт 2 давхар, газраас дээш 15 давхар барилга барихаар төлөвлөжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу хөрш залгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, газар эзэмшигчийн тайлбарыг сонсох, санал гаргах боломж олголгүйгээр, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийлгүйгээр архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт баталсан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

Учир нь хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/4604 албан бичгээр нэхэмжлэгчид өгсөн хариу тайлбартаа “...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас уг даалгаврыг батлахдаа хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд орчны газар эзэмшигчидтэй зөвшилцөх, барилгын норм дүрэм, журмын дагуу барилга хоорондын зай хэмжээг баримтлан барилгын зураг төслийг боловсруулах, автомашины орц гарц, зам талбайг тухайн орчны барилга байгууламж, ногоон байгууламжтай уялдуулан нэгтгэн төлөвлөх тухай зааж өгсөн” гэснээс дүгнэхэд захиргааны байгууллага өөрөө дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд “барилгын үйл ажиллагаа шат дараалалтай явагддаг тул архитектур төлөвлөлтийн даалгавар авах үе шатанд сонсох ажиллагаа хийх талаар хууль болоод журамд зохицуулаагүйг шүүх анхаараагүй” гэх гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн Архитектур төлөвлөлтийн даалгаврын 8 дахь хэсгийн архитектур төлөвлөлтийн шаардлагад “...хөрш залгаа газар эзэмшигчтэй болон урд талын орон сууцны барилгын иргэдтэй зөвшөөрөлцөн барилгын эх загвар зураг төслийг боловсруулан батлуулах”, 9 дэх хэсгийн хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд “...барилгын талбайн зохион байгуулалтын зургийг хавсаргах, онцгой байдлын үед гал унтраах, аврах баг бүрэлдэхүүн саадгүй ажиллах боломжтой төлөвлөх, Автомашины орц, гарц, зам талбайг тухайн орчны барилга байгууламж, ногоон байгууламжтай уялдуулан нэгтгэн төлөвлөх ба орчны газар эзэмшигчтэй зөвшилцөн шийдвэрлэх”, анхааруулга хэсгийн 3-т “Хуучин барилга байгууламжийг зайлшгүй буулгах...бол эрх бүхий байгууллагын албан ёсны техникийн дүгнэлт /акт/ шийдвэрийг архитектур төлөвлөлтийн даалгаварт хавсаргах” гэжээ.

Гэтэл гуравдагч этгээд “Р” ХХК нь уг нэг суурьтай, нэг ханаар тусгаарласан цогц барилгын бусад өмчлөгч болох “М” ХХК болон иргэн Б.А нартай зөвшилцөлгүй, шинээр төлөвлөж буй барилгажилтын талбайд байрласан Шаазангийн үйлдвэрийн обьектын хуучин барилгын дээврийн хучлагыг буулгахдаа эрх бүхий байгууллагаас олгодог барилгын ажлын зөвшөөрөлгүй эхэлсэн нь  Барилгын тухай хуулийн холбогдох хуулийн заалтууд, дээрх журмын  заалтуудыг зөрчсөн байна.

Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна” гээд, 12 дугаар зүйлийн 12.1.4-д “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байна” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт авагдсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02-02/3196 дугаар албан бичгээс үзэхэд  “Pиверсайд  ланд” ХХК нь ерөнхий болон оноосон хил, зааг, тэдгээрийн эргэлтийн цэгийн дагуу газар дээр нь тэмдэглэж хашаа барьж эхэлсэн бөгөөд энэ нь иргэн Г.Сы үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2203010651 дугаартай 104 м.кв талбайтай, цахилгаан дэд станцын зориулалттай нэг давхар барилга руу орж гарах гарцгүй болох нөхцөл үүсгэсэн байх  бөгөөд ийнхүү бусдын орц гарцыг төлөвлөөгүй нь ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.4-д заасан шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж, энэ журмын 4 дүгээр хавсралт /хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах заалт, 6.3.1-д хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогджээ.

Иргэн Г.Сы гомдол, мэдээллийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1702000099 дугаартай “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол”-д “Зэргэлдээ байрлах “М” ХХК-ийн үйлдвэрийн барилгын гадна хана буюу “Pиверсайд ланд” ХХК-ийн тухайн төлөвлөж буулгах барилгын блокуудын тусгаарлагч ханууд нь хоорондоо нэг ханаар тусгаарлагдсан, зэргэлдээ барилгын өмчлөгчөөс санал мэдэгдлийг аваагүй, дээврийн буулгалтын ажлыг гүйцэтгэсэн, “М” ХХК-ийн өмчлөлийн автогараашийн дээврийн хэсэг ил задгай болсон,...барилгын дээврийн урд талын хэсгийг буулгаснаас мөн компанийн үйлдвэрийн барилгын тусгаарлагч хананд дулаан алдагдал үүсэх, барилгын үндсэн хийц бүтээцэд эвдрэл, гэмтэл үүсэх нөхцөл бүрдсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна” гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээс гадна нийтийн эзэмшлийн газрыг орц гарцгүй болгон ногоон байгууламж, авто зогсоол төлөвлөсөн, ерөнхий төлөвлөгөөний зургаас үзэхэд “М” ХХК-ийн эзэмшлийн 6520 м.кв газрын нэг хэсэг болох цахилгааны дэд өртөөний хойно байрлах газарт газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй авто зогсоол төлөвлөж батлуулсан, нэхэмжлэгч Б.А-н эзэмшил газрын баруун талд байрлах нийтийн эзэмшлийн газар болох авто замын орц гарцыг хааж, архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан нь хууль бус  юм.

 Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаан бүхий актууд хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд эдгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

 Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурьдсан асуудлыг харгалзан үзнэ” гээд, 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх ашиг сонирхол”, 7.5-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах” үүрэг хүлээнэ гэж заажээ.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд  газар эзэмшигчийн  хэрэгжүүлэх эрх, үүргийг заахдаа 35.3.5 дахь заалтаар бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх талаар заасан байх бөгөөд гуравдагч этгээдийн шинээр барилга барихын тулд нураахаар төлөвлөж буй барилга нь нэхэмжлэгч нарын барилгатай нэг ханаар тусгаарлагдсан, нэг суурьтай, нэг цогц барилга бөгөөд ашиглалтын хугацаа дуусаагүй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг обьект учраас бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй юм.               

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “Pиверсайд  ланд” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгох үндэслэл болсон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Архитектур, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн “P” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг дэмжсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.9-д “...барилга байгууламжийн зураг төслийн даалгавар, норм нормативын баримт бичгийн техникийн даалгаврыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хянуулсан байна” гэж зохицуулснаас үзэхэд “...манай газрын дэргэдэх орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь норм нормативын баримт бичиг болон барилга байгууламжийн зураг төслийн техникийн даалгаврыг хянах чиг үүрэггүй ” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Түүнчлэн уг зөвлөл нь Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаар тушаалаар батлагдсан “Архитектур, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1.5-д “барилга байгууламжийн  зураг төслийн даалгавар, норм нормативын баримт бичгийн техникийн даалгаврыг хянана” гэсэн чиг үүрэгтэй байхад хүсэлтийг хэлэлцэхдээ бусад иргэн, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байдлыг хяналгүйгээр шууд архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахыг дэмжиж дүгнэлт гаргасан нь холбогдох хууль, журмын заалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн төлөөлөгч Э.О, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд “Р” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

                           ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

                           ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН