Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/0012

 

Б.А-ы нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг дарга, Баянзүрх

дүүргийн Засаг даргад тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:       Г.Банзрагч

М.Батсуурь

Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр захирамжийн О.Ж-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Т.Т-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0463 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 592 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б,  

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нарыг оролцуулж,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0463 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д тус тус заасныг баримтлан Б.А-ы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр захирамжийн О.Ж-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Т.Т-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 592 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Т.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х  нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:      

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 592 дугаартай магадлалыг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, үүний улмаас хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

4. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 8 дугаар гудамжны 8 Цайзын 83, 84а, 84б гэсэн газрыг иргэдэд эзэмшүүлэхээс өмнө амьтны хүрээлэнгийн газар байсан бөгөөд 1999 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Газрын харилцааны албаны 49 тоот зөвшөөрлийн дагуу иргэдэд уг газрыг эзэмшүүлсэн. Уг газраас эхэлж иргэн Б, Цайзын 83 тоот газрыг эзэмших эрх авч эзэмшиж хашаандаа нагац дүү Т, түүний хадмын хамт амьдарч эхэлсэн. Харин О.Ж Цайзын 8-ын 84а тоотод хашаа барьж Газрын тухай хуулийн 31.3-д зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байсан учраас Газрын тухай хуулийн 3.1.7, 4.1.3, 27.1, 29.1, 31.1, 31.2, 31.3, 32.1, 32.2, 32.2.2, 33.1, 34.1, 34.10, 35.1-д заасан заалтуудыг хангаж 2000 оны 08 дугаар сарын 23-нд өргөдөл өгснийг бүртгэл хяналтын картанд 967 гэж дугаарлан тэмдэглэж, Газрын албаны дарга гарын үсэг зурсан нотлох баримт хэрэгт авагдсан.

5. Гэтэл иргэн Х.Б 9 сар 3 хоногийн дараа буюу 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 250 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 8-ын 84 тоот 300 м.кв газар ашиглах гэрчилгээ авчээ.

6. Үүнийг харьцуулж үзвэл О.Ж-д 375 м.кв газар, иргэн Х.Б-д 300 м.кв газар, хаяг нь 8-ын 84а, 84 гэсэн хоёр өөр хаалганы дугаар иргэн Х.Б нь Газрын харилцааны албанд хэдэн оны хэдэн сарын хэдэнд хаанахын ямар газар эзэмших тухай өргөдлөө өгсөн, улмаар Газрын харилцааны алба бүртгэл хяналтын картанд хэд гэж дугаарлан тэмдэглэсэн, үүнийг Газрын албаны ямар албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсан баримт байхгүй.

7. Нэхэмжлэгч Б.А өргөдөлдөө манайх 1997 оноос эхэлж амьдарсан гэдгийг нотлох баримт байхгүй байхад 2 шатны шүүх нэхэмжлэгчийн өргөдөлд бичсэн тоог нотлох баримтаар үнэлж хууль буруу хэрэглэсэн.

8. Монгол Улсын хэмжээнд насанд хүрсэн иргэнд БНМАУ-ын иргэний паспорттай байсан. Уг паспортын бүртгэлийн дүрмийн 3-т Оршин суугаа газрын хүн амын анхан шатны ба хаягийн бүртгэлд тогтоосон хугацааны дотор бүртгүүлнэ. Дүрмийн 8-д “Паспортын дүрмээр тогтоосон журмыг иргэн бүр ёсчлон биелүүлэх үүрэгтэй” гэснээс үзэхэд иргэн Х.Б Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны анхан шатны /хүн амын/ ба хаягийн бүртгэлд бүртгүүлсэн болон 1997 онд иргэний паспортад бүртгэгдсэн хаяг байхгүй, хэрэгт авагдаагүй. Мөн уг газар дээр иргэн Х.Б гэр бүлийн хамт амьдарч, төрийн үйлчилгээ буюу цахилгааны төлбөрийг 1997 оноос 2008 оныг хүртэл төлсөн ямар ч баримт байхгүй. Нөгөө талаар шүүх гэрч Д.Х-д хууль сануулж авсан мэдүүлэгт “1999 онд газар өгч байхад энэ хүмүүс тухайн газар дээр нүүж ирсэн. Энэ хүний гэр бүлийг сайн мэднэ” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Х.Б нь уг газар дээр амьдарч /Цайзын 8-ын 84 тоотод/ байсан болох нь тогтоогдож байна гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. Яагаад гэвэл Д.Х нь Цайзын 8-84б тоот 300 м.кв газрыг нөхөр Ж-ы хамт 2004 оноос эзэмшин, амьдарч байсан баримт хэрэгт байхад 1999-өөс 2004 оныг хүртэлх асуудлыг мэдэх боломжгүй. Энэ гэрчийг нэхэмжлэгч А өөрөө олж ирсэн учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Магадлалд Б.А-ийн 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2009 оны 5 дугаар сарын 8, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл цахилгааны төлбөр төлсөн баримтууд, Б.А-ийн цэргийн үүрэгтний үнэмлэх зэргээр маргаан бүхий газар болох Цайзын 8-84 тоотод амьдарч байсан нь тогтоогдож байна.     

9. Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 13/199 дүгээр албан бичигт давхцуулан өмчилсөн гэх газруудын кадастрын зургийг Google earth орто фото зурагт он оноор шалгахад О.Ж нь тус хорооны Цайзын 9-83 тоот газарт нагац дүү Л.Б-тай хамт оршин сууж байсан. Мөн Т.Т, Л.Б нарын иргэний үнэмлэхний хаягийг үзвэл Баянзүрх дүүрэг, Цайзын 19 дүгээр хороо, 8-83 тоотод оршин сууж байсан үйл баримт тогтоогдож байна гэж магадлалд заажээ.

10. Тэгвэл О.Ж нь Цайзын 9-83 тоотод Л.Б-тай хамт оршин сууж байгаагүй. Тийм баримт байхгүй.

11. Харин Т.Т, Л.Б нар нь Баянзүрх дүүрэг, Цайзын 8-83 тоотод оршин сууж байсан. Цайзын 19 дүгээр хороо гэж байхгүй. Орто фото зурагт 83 тоотод гурван гэрийн буйр харагдаж байгаа болохоос биш уг гэрт хэн хэн амьдарч байгаа нь зурагнаас харагдахгүй. 8-83 тоотын эзэмшигч нь иргэн Л.Б болох нь нотлогдож байхад гурван гэрийн буйрны зураг нь О.Ж байсан байна гэж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтан Н.Л-гийн хэлсэн үг болохоос, уг гурван гэрийн буйр нь хэн хэний амьдарч байсныг харахад гагцхүү Л.Б, Т.Т нар болох нь хаягийн бүртгэлээр нотлогдож байхад О.Ж амьдарч байсан байна гэж нэг талыг барьж хийсвэр дүгнэлт хийсэн нь хууль буруу хэрэглэсний жишээ.

12. О.Ж-г нас барснаас хойш Т.Т нь өв залгамжлалаар өвлөж авсны дараах жилүүдэд уг газар дээр Б.Ад хэсэг хугацаанд цахилгааны төлбөр төлсөн баримтууд өгсөн нь хүний өмчилж авсан хашаа, амбаарт амьдарч төлбөр төлсөн гэх баримтууд нь 1997 оноос хойш эзэмшин амьдарч байсан гэдгийг нотлох баримт биш.

13. Үүнээс гадна иргэн Х.Б нь 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 250 дугаар захирамжаар 19 дүгээр хорооны 8-84 тоотод 300 м.кв газрыг 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа өмчилж авахын өмнө 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хийлгэсэн кадастрын зургийг нэгж талбайн дугаарыг 948327 гэж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 8-82 тоот гэж хийж 672.15 м.кв газрын зургийг гаргаж өгсөн байна. Энэ зургаас харвал иргэн Ж-ы эзэмшиж байсан 8-84б тоот 300 м.кв газар, иргэн О.Ж-гийн эзэмшлийн 8-84а тоот 374 м.кв газартай нэгтгэн зураг хийлгэж, нийслэлийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 606 дугаар захирамжаар Б.А-ыг хамтран өмчлөгчөөс хасуулж, Х.Б нь 672 м.кв өмчлөлийн газартай үлдсэн байна.

14. Энэ бүгдээс үзэхэд Х.Б болон түүний үр хүүхдүүд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 8-84а тоотод 1997 оноос хойш амьдарч байсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байхад 2 шатны шүүх хийсвэр дүгнэлт хийж нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

15. Уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Б нь улсын бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийг хэдэн сая төгрөгөөр авч, өөрөө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан хууль ёсны өмчлөгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэрүүд гаргасан байхад гуравдагч этгээдийн эрхийг хэн яаж хамгаалах юм бэ. Магадлалд нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр гуравдагч этгээдээс өмнө амьдарч байсан байх бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нар газар ашиглуулах, өмчлүүлэх тухай шийдвэр гаргахдаа газар дээр нь шалгалт хийж, кадастрын зургийг үйлдээгүй нь хууль зөрчсөн буюу хууль бус үйл ажиллагаа, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна гэжээ.

16. Гуравдагч этгээдээс өмнө нэхэмжлэгч маргаан бүхий газар дээр амьдарч байсан гэдэг нь ойлгомжгүй байна. Харин ч энэ газар дээр анх О.Ж эзэмших эрхийг хуулийн дагуу авч  жилээр газрын төлбөрөө төлсөн баримтуудыг шүүх юу гэж үнэлээд байгаа юм бэ.

17. Т.Б нь хуулийн шаардлага хангасан үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Үйлдэл нь хууль зөрчөөгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэжээ.

19. Нэхэмжлэгчээс “…өвлөх эрхийн гэрчилгээний дагуу шилжүүлэн авсан нэгж талбарын 18647312954327 дугаартай газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар О.Ж-д давхцуулан олгож, улмаар түүний зээ охин гэх Т.Т-т шилжүүлэн өмчлүүлсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж, хариуцагч нараас “…нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй” гэж тус тус маргасан байна.  

20. Маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” Б/159 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийг, нийслэлийн Засаг дарга 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 74 дүгээр захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гарч байжээ.  

21. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 23 дугаар зүйлийн 23.4-т “… дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д ““газрын кадастр” гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ”, 10.2.2-т “газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах, 10.2.6-д “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх” гэж заасан байна.

22. Гэтэл хариуцагч нар дээр дурдсан хуулиудад тухайлан заасан үндэслэлүүдийг шалгахгүйгээр маргаан бүхий газрыг бусдад давхцуулан эзэмшүүлж, өмчлүүлсэн, энэ талаар “…нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр гуравдагч этгээдээс өмнө амьдарч байсан байх бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нар газар ашиглуулах, өмчлүүлэх тухай шийдвэр гаргахдаа газар дээр нь шалгалт хийж, кадастрын зургийг үйлдээгүй нь хууль зөрчсөн буюу хууль бус үйл ажиллагаа, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна” гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

23. Тодруулбал, иргэн О.Ж 2000 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын харилцааны албанд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан, дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр захирамжаар О.Ж-д тус 374м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, иргэн Т.Т 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 055 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээний дагуу газар өвлөснийг нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Т.Т нарын 3 хүнд өмчлүүлсэн, 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэн Т.Т нараас гуравдагч этгээд болох Т.Б-т “Газар бэлэглэлийн гэрээ”-ний дагуу тус газрыг бэлэглэсэн, улмаар Т.Б 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 000077008 дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан,  мөн дүүргийн Засаг даргын 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 250 дугаар захирамжаар иргэн Х.Б-д маргаан бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар иргэн Х.Б болон түүний гэр бүлд тус газрыг өмчлүүлсэн, нэхэмжлэгч Б.А 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу маргаан бүхий газрыг өвлөснийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 606 дугаар захирамжаар түүнд өмчлүүлсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.    

24. Хэдийгээр энэ хэргийн гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүссэн боловч бодит байдал дээр тухайн газарт нэхэмжлэгч өмнө амьдарч байсан, түүний эрх залгамжлагчийн хамаарал бүхий этгээд одоо ч оршин сууж байгааг үгүйсгэх боломжгүй юм.

25. Иймд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх агуулга бүхий хяналтын гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0463 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 592 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН