Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01966

 

 

 

 

 

 

 

2022 11 07 210/МА2022/01966

 

 

 

З ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01944 дугаар шийдвэртэй,

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

Э яаманд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 805,413,041 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалаг, Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Э нь С ХХК-тай 2010 онд гэрээ байгуулж, ХХ төвийн өргөтгөлийн барилгын ажлыг хийлгэхээр харилцан тохиролцсон. С ХХК тус ажлыг үргэлжлүүлэх боломжгүйгээ 2015 онд мэдэгдсэн тул Э ны сайдын тушаалаар тус компанитай байгуулсан гэрээг цуцалж, барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээг З ХХК-тай байгуулсан.

1.2. С ХХК-аас ажлыг хүлээн авсан тухай актын шийдвэрлэх хэсгийн 3-т С ХХК нь тус өргөтгөлийн барилгын хийгдээгүй үлдсэн бүх ажлыг өөрийн хөрөнгөөр /Концессын журмаар/ гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдэж байгаа тул асуудлыг захиалагч тал шийдэхээр тогтов гэсэн байдаг.

Энэхүү актын 1 дүгээр хавсралтад дутуу буюу хийгдээгүй ажлын дүн 805,413,041 төгрөг гэж тусгасан. З ХХК нь энэхүү гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс "барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Иймд З ХХК нь ХХ төвийн өргөтгөлийн барилгын дутуу буюу хийгдээгүй орхисон ажлыг Э ны даалгавраар хийсэн тул ажлын төсөвт үнэ 805,413,041 төгрөгийг Э наас гаргуулна.

1.3. Э ны нэмэлт тайлбарт дурдагдсан ажил үйлчилгээг ашиглагч байгууллага болох ХХ -өөс нийт 337,852,590 төгрөгийн зардлаар хийж гүйцэтгэсэн гэх доголдолтой ажлууд нь З ХХК-ийн нэхэмжлэлд хамааралгүй, мөн доголдлын талаар бидэнд мэдэгдэж байгаагүй, нотлогдоогүй болно гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 З ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ХХ төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээлгэн өгсөн боловч нэхэмжлэгчээс тухайн үүрэг даалгаврын биелэлтийг хэрэгжүүлээгүй.

2.2. Нэхэмжлэгч З ХХК-ийн барьж гүйцэтгэсэн ХХ -ийн өргөтгөлийн барилгыг ашиглах явцад олон тооны доголдол илэрсэн тул доголдлыг засаж залруулах талаар гүйцэтгэгч талд удаа дараа шаардлага тавьсан боловч доголдлыг засаж залруулаагүй. Иймд ХХ -өөс эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс нэхэмжлэлд дурдсан 21 төрлийн нийт 337,852,590 төгрөгийн ажил үйлчилгээг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэсэн байна.

2.3. Нэхэмжлэгчийн барьж гүйцэтгэсэн ХХ -ийн Өргөтгөлийн барилгын ашиглалтын төлөв байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төлөвлөгөөт бус шалгалтыг хийж, тус газрын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтээр ХХ -ийн өргөтгөлийн барилгад олон тооны зөрчил, дутагдал гарсныг тогтоож, ашиглалтын төлөв байдлыг 27.35 хувьтай дунд зэргийн эрсдэлтэй болохыг тогтоосон.

Мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчил арилгуулах албан бичгээр нэхэмжлэгчийг барилгын хойд, зүүн, урд талын дээврийн ус зайлуулах хоолойг бүрэн гүйцэт хийгээгүй, бүрэн бэхлээгүй, зоорийн давхрын бие засах агааржуулалтыг хоолойг битүүлсэн, бохирын шугамыг холбохдоо чанаргүй жийргэвч хийсэн зэрэг зөрчлийг арилгахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн барьсан барилга байгууламж, түүнд суурилуулсан барилгын материал нь чанарын шаардлага хангахгүй нь дээрх баримтуудаар тогтоогдсон ба 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ХХ -ийн Туяа эмчилгээний тасагт сантехникийн холболтын хоолой задарсны улмаас ус алдаж, өвчтөнүүдийн туяа эмчилгээний үйлчилгээ бүрэн зогсож хүнд нөхцөл байдал үүсээд байна.

2.4. ХХ -ийн өргөтгөлийн барилга угсралтын ажлаас С ХХК-ийн хариуцан гүйцэтгэх ажлын жагсаалтын дутуу буюу хийгдээгүй ажлын төсвийг 805,413,041 төгрөг гэж заасан ч тухайн ажилд ХХ -өөс хийсэн гадна цахилгаан кабель, гадна зам талбайн ажил, лифт гэх мэт ажлууд багтсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Э наас 805,413,041 /найман зуун таван сая дөрвөн зуун арван гурван мянга дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулж З ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,185,015 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э наас 4,185,015 /дөрвөн сая нэг зуун наян таван мянга арван таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зөрүүтэй байдлыг арилгах ажиллагааг хийхгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримт үндэслэх зарчмыг зөрчсөн.

4.2. Хариуцагч талаас 2019 оны 12 дугаар сарын 06, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдийн хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2020/00871 дугаар захирамжаар хангалгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Э наас 3 итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд хэн аль нь адил эрх үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба Б.Гомбодорж урьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан атлаа хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй.

5.2. Ажил хүлээж авахдаа Э тай 2,642,263,460 төгрөгийн гэрээ байгуулсан боловч С ХХК хийгээгүй үлдээсэн 805,413,041 төгрөгийн ажлыг үргэлжлүүлэн хийх талаар захиалагчийн өгсөн үүргийн дагуу гүйцэтгэгч тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Хэргийн 1 дүгээр хавтасны 30 дахь талд авагдсан баримтад 564,000,000 төгрөгийг Э наас З ХХК-д өгөхөөр нягтлан бодогчийн гаргасан тооцоонд хийгдээгүй ажлын зөрүү 436,178,738 төгрөгт барьцаа 128,039,200 төгрөгийг нэмж нийт 564,000,000 төгрөг гарсан. Ингэхдээ дутуу ажлын төсөв 805,413,041 төгрөгөөс С ХХК-ийн нэмэлт хийсэн ажлыг хасаж 436,178,738 төгрөг гаргасан нь үндэслэлгүй.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Э анд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 805,413,041 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Э нь С ХХК-тай 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ХХХ дүүрэгт баригдах ХХ төвийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлын гэрээ байгуулж, уг гэрээгээр 3,026,545,386 төгрөгийн ажлыг 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 3 дугаар хавтасны 74-92 дахь тал/

 

3.а. Мөн талууд 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ сунгасан актаар дээрх гэрээгээр гүйцэтгэх ажилд тулгамдаж байгаа асуудлуудыг захиалагч болон гүйцэтгэгч байгууллагууд яаралтай шийдвэрлүүлэн барилга угсралтын ажлыг хэвийн явагдах нөхцөлийг хангахаар болж, гэрээг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгажээ. /хэргийн 3 дугаар хавтасны 31-33 дахь тал/

 

3.б. Улмаар, 2013 онд ХХ төвийн барилга угсралтын ажлын төсвийг 2,70,917,539 төгрөгөөр нэмэгдүүлж, Э С ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХХХ дүүрэгт баригдах ХХ төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 5,597,400,000 төгрөгөөр барилга угсралтын үлдэгдэл ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 3 дугаар хавтасны 38-39 дэх тал/

 

3.в. С ХХК уг өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй тул Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 342 дугаар тушаалаар С ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээг З ХХК-тай байгуулахаар шийдвэрлэжээ. /хэргийн 4 дүгээр хавтасны 19 дэх тал/

 

3.г. Э нь С ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж дутуу буюу хийгдээгүй ажлын төсөвт өртөг 805,413,041 төгрөг, С ХХК нь тус өргөтгөлийн барилгын хийгдээгүй үлдсэн бүх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдэж байгаа тул асуудлыг захиалагч тал шийдвэрлэхээр тогтсон байна.

 

4. Э нь З ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ХХ төвийн өргөтгөл барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь тус төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь 2,642,263,460 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хэргийн 3 дугаар хавтасны 110-131 дэх тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4.а. Нэхэмжлэгч З ХХК гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 104 дэх тал/

 

4.б. Хариуцагч Э нь С ХХК-ийн дутуу буюу гүйцэтгээгүй ажлыг нэхэмжлэгч З ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохиролцон хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэгч нь уг ажлын төсөвт өртгийг буюу ажлын хөлсийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

5. Хэрэгт Барилгын төсөвчдийн холбооны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт авагдсан ба тус дүгнэлтэд З ХХК нь ХХ төвийн барилгын өргөтгөлийн угсралтын ажлыг гэрээний дагуу 2,642,263,460 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

Мөн С ХХК-ийн дутуу орхисон 722,998,577 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч З ХХК хийж гүйцэтгэсэн гэжээ.

 

5.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Учир нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн актад С ХХК-ийн дутуу буюу хийгдээгүй ажлыг 805,413,041 төгрөг гэснийг Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлтэд С ХХК-ийн дутуу орхисон 722,998,577 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж төсөвт өртгийг тодорхойлсон нь үндэслэлтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Э наас 722,998,577 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З ХХК-д олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалтад нийцнэ.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан тул 337,852,590 төгрөгийн зардал гаргасан гэх татгалзлаа З ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 2,642,263,460 төгрөгийн ажил, эсхүл С ХХК-ийн дутуу орхисон ажлын аль нь болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, энэ талаар шаардлага гаргаагүй тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

7. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 06, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтийг эрх, хэмжээнийхээ хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2020/00871 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01944 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...805,413,041 /найман зуун таван сая дөрвөн зуун арван гурван мянга дөчин нэгэн/ гэснийг ...722,998,577 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82,414,464 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 4,185,015 /дөрвөн сая нэг зуун наян таван мянга арван таван/ гэснийг ...3,772,943 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ