Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 935

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Ш овогт Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04368 1214 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт Ж.Д, Монгол Улсын иргэн,Завхан аймагт ...... өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа төмрийн түүхий эдийн цэг дээр хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт ..... тоотод оршин суудаг, ...... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ё.З-ийг “машины хойд тал руу цохилоо” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Ш овогт Ж.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ё.З-ийг машины хойд тал руу цохилоо гэх шалтгаанаар түүний нүүр лүү 3-4 удаа гараараа цохиж, бие махбодод нь “...зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан”үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэх зүйлгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ё.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Миний дэлгүүр”-ийн зүүн урд байрлах явган хүний гарцаар атомашины замыг хөндлөн ногоон гэрлээр гарч байхад 95-92 УНД улсын дугаартай автомашин миний урдуур ороод ирэхээр нь би тэр үед жолоочид хандаж ногоон гэрэл ассан байна гээд амандаа хэлээд ногоон гэрэл рүү заасан чинь жолооч машин дотроосоо өөдөөс салаавч гаргаад урдуур машинтайгаа гарахаар нь миний уур хүрээд уг машины хойд талын хэсэгт нь гараараа цохисон. Тэгээд би цаашаа яваад замын тусгаарлах уулзвар дээр зогсож байхад жолооч миний ар талаас хүрч ирээд намайг татсан, тэр үед би эргээд хартал миний нүүрлүү 4-5 удаа гараараа цохиход миний зүүн талын хөмсөг задарч 3 оёдол таиулсан мөн хамар шалбарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-16 дугаар хуудас);

3. Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн үед нөхөр Д-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн явган хүний гарцан дээр зүүнээсээ баруун тал руугаа чиглэлтэй явж байхад явган хүний гарцаар гарч явсан хүн машины хойд тал руу цохиод гараад явчихаар нь нөхөр машинаасаа бууж очоод тэр залуутай маргалдаж байгаад хоорондоо заамдалцаад манай нөхөр гараараа тэр залуугийн хөмсөг рүү нэг удаа цохиход зүүн талын хөмсөг нь язарчихсан байсан...”гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас);

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11603 дугаартай “...Ё.З-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс шалтгаална..." гэсэн дүгнэлт (хх-ийн 26дугаар хуудас);

5. Шүүгдэгч Ж.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч Ж.Д нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Ж.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн үед өөрийн 95-92 УНД улсын дугаартай “Тоёота Акио” загварын автомашинтай эхнэр М-ийн хамт гэмтлийн эмнэлэг уруудаад Саппоро чиглэлтэй явж байсан. Тэгээд Сонинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн гэрлэн дохион дээр ногоон гэрлээр гараад явахад явган хүний замаар гарч байсан З гэдэг залуу машины араар гарахдаа машин руу гараараа цохиод гарахаар нь би бууж очоод чи яаж байгаа юм гэхэд З солиор яадаг юм бэ гээд бид хоёр хоорондоо маргалдаж, намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд гараараа нүүр хавьцаа нь цохиход зүүн талын хөмсөг нь язраад цус гарахад манай эхнэр хүрч ирээд намайг боль гэж загнаад миний газар унасан жижиг цүнхийг аваад намайг машинд суулгасан. Тэгтэл тэр залуу цагдаа дуудна гээд машин явуулахгүй байхаар нь машин дотроосоо хаалгаа цоожлоод цагдааг иртэл сууж байгаад цагдаа ирэхээр цагдаагийн хэлтэс дээр хамт ирсэн юм. Өөр болсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40-43 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч Ё.З нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 212 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хохирогч Ё.З-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Д-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ё.З-ийн биед хөнгөн гэмтэл учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ё.З нь мөрдөн байцаалтын шатандшүүгдэгчээс нийт 768,000  төгрөгийн нөхөн төлбөр авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Ж.Д-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Д-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаварыг ухамсарлаж ойлгосон байна. Түүнчлэн уг санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүх улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ш овогт Ж.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Ж.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуультайг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүлхүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан,эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Д-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                           Б.БАТАА