Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01967

 

 

 

 

 

 

 

2022 11 07 210/МА2022/01967

 

 

 

С ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02991 дугаар шийдвэртэй,

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 29,782,500 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээнээс учирсан хохиролд 37,177,141 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд, М.Заяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. С ХХК нь Г ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч С ХХК нь Дундговь аймгийн Баянжаргалан сум дахь Г ХХК-ийн уурхайн талбайд байрлах жонш баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлж, нэг сарын төлбөр 19,855,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

1.2. С ХХК гэрээнд заасан ажил үйлчилгээг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 1 сарын хугацаанд үзүүлсэн боловч Г ХХК ажлын хөлс 19,855,000 төгрөгийг төлөөгүй.

Гэрээний 6.1-т "Захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан.

Иймд ажлын хөлс 19,855,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны алданги 9,927,500 төгрөг, нийт 29,782,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Г ХХК болон С ХХК-ийн хооронд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 6 сарын хугацаатай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан.

2.2. С ХХК 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Г ХХК-ийн үйлдвэрт ажилласан боловч Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1-т заасан ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд баяжуулах үйлдвэрийн ажилтнуудыг зохион байгуулах, сургах, удирдлагаар хангах зэрэг ажлыг хийгээгүй.

Мөн С ХХК-ийн ажилтнууд үйлдвэрт ажиллах хугацаандаа мэдлэг туршлагагүйн улмаас технологийн алдаа гаргаж хаягдлын өтгөрүүлэгчийг дүүргэх, дизель генераторын түлшний банкны шланкыг эвдэх, эргэлтийн усан сангийн түвшинг хэтрүүлэх, тэжээлийн бункерыг гацаах, автомат хамгаалалтын цахилгааны горимын алдаа гаргах, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг удаа дараа эвдэх зэрэг алдаа дутагдал гаргаж Г ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн өтгөрүүлэгч төхөөрөмжийн гол эвдэрч үйлдвэрийн ажил 2 сар гаруй хугацаанд зогссон.

Энэ талаар С ХХК-ийн удирдлагуудад хандсан боловч ажлаа орхиж явсан тул тухайн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас 18,000,000 төгрөгөөр худалдан авсан.

2.3. С ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, тухайн үед Г ХХК-ийн үйлдвэрт ажилласан Д.Х , Х.Т, Г.М, Г.Д, Б.Т нар өдөр тутмын ажил үүргээ мэддэггүй, ажлын туршлагагүй, үйлдвэрийн төхөөрөмжтэй харьцаж, ажиллуулж үзээгүй байсан тул тус компаниас ажилтнуудын мэргэжлийн үнэмлэхийг шаардсан боловч гаргаж өгөөгүй.

Мөн тухайн үед ажиллаж байсан ажилтнуудыг өөр ажилтнаар солино гэж бидэнд мэдэгдэж байсан тул С ХХК-ийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. С ХХК нь Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлээгүйгээс Г ХХК-д учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилнэ.

С ХХК-ийн ажилтнууд Г ХХК-ийн Шинэ усны уурхайн үйлдвэрт ажиллаж байхдаа 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хаягдлын өтгөрүүлэгч тоног төхөөрөмжийн голыг эвдсэний улмаас үйлдвэр бүрэн зогссон. Бид өтгөрүүлэгч голыг БНХАУ-аас 6150 юань буюу тухайн үеийн ханшаар 2,515,350 төгрөгөөр худалдан авсан.

3.2. С ХХК-ийн ажилтнууд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд зөвлөх үйлчилгээ үзүүлж гаргасан баяжмал чанарын шаардлага хангаагүй.

Энэ хугацаанд ашигласан 594,4 литр тосны хүчил 3,181,360 төгрөг, 1239 литр шингэн шил 3,063,150 төгрөг, 1303,3 кг техникийн сода 3,613,600 төгрөг, 30,7 кг полиакриламид 368,400 төгрөг, 1041,67 кг ган бөмбөлгийн элэгдэл 2,098,094 төгрөг, 54 ширхэг шуудай 1,080,000 төгрөг, 149,1 тонн хүдэр 40 хувийн агууламжтай 21,257,187 төгрөг нийт 34,661,791 болно.

Иймд С ХХК-ийн ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас Г ХХК-д учирсан хохиролд /34,661,791+2,515,350/ нийт 37,177,141 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр С ХХК-ийн ажилтнуудын ямар шалтгааны улмаас хаягдлын өтгөрүүлэгч тоног төхөөрөмжийн гол эвдэрсэн нь тодорхойгүй, аливаа нотолгооны хэрэгслээр нотлогдоогүй. Г ХХК-аас гаргаж өгсөн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлд тухайн хуралд оролцсон хүмүүсийн гарын үсэг байхгүй тул уг хурлын тэмдэглэл нотлох баримтын ач холбогдолгүй.

Гэрээний 4.1.2, 5.2.4-т зааснаар тоног төхөөрөмж эвдэрч, үйлдвэрийн ашиглалтад доголдол үүссэн бол Г ХХК-ийн шаардлагаар талуудын ижил тооны төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн комиссыг хамтран байгуулж буруутай талыг олонхын саналаар тогтоож акт үйлдсэний үндсэн дээр бодит хохирлыг тогтоох ёстой.

Г ХХК-аас энэ талаар санал, шаардлага гараагүй тул уг эвдрэлийг С ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэлгүй.

4.2. С ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээт ажлыг гүйцэтгэж эхэлсэн ба тухайн үйлдвэр дөнгөж баригдаж дууссан тул техник төхөөрөмжүүдийг удаан хугацаанд асааж, ажиллуулаагүй, үйлдвэрийн технологийн жигдрүүлэлт хийгдээгүй байсан. Иймд ажил эхлэх үеэр баяжмалын өтгөрүүлэгчид байсан үлдэгдэл материалыг зайлуулах, цэвэрлэх ажиллагаа хийгдсэн ба баяжмалын чанарыг Г ХХК-ийн лабораторийн үр дүнд үндэслэн тохиргоо хийсэн тул чанарын шаардлага хангасан баяжмал гаргаагүй гэх үндэслэлгүй.

Гэрээний 2.3-т талууд жонш баяжуулах үйлдвэрийн тохиргоо, жигдрүүлэлтийг хийж, хэвийн үйл ажиллагаанд оруулахад нийт 6 сарын хугацаа шаардлагатай болохыг харилцан тохиролцсон боловч Г ХХК нь төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ажил гүйцэтгэх хугацаа 1 сараас дээш хугацаагаар үргэлжлээгүй.

Гэрээний 4.2.4, 4.2.5-т зааснаар баяжмал гаргахад ашигласан бараа материалыг захиалагч Г ХХК хариуцах ёстой тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г ХХК-аас 29,782,500 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгож, Г ХХК-ийн 37,177,141 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 306,863 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 343,825 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 306,863 төгрөг гаргуулах нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. С ХХК-ийн ажилтнууд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Г ХХК-ийн үйлдвэрт ажилласан боловч Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.2-т заасан хүрээнд ажлаа гүйцэтгээгүй.

Мөн удаа дараа технологийн алдаа гаргаж, хаягдлын өтгөрүүлэгчийг дүүргэх, дизель генераторын түлшний банкны шланкыг эвдэх, эргэлтийн усан сангийн түвшинг хэтрүүлэх, тэжээлийн бункерыг гацаах, автомат хамгаалалтын цахилгааны горимын алдаа гаргах, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эвдэх зэрэг алдаа гаргаж манай компанийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулж чадаагүй.

6.2. С ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд тухайн үед Г ХХК-ийн үйлдвэрт ажилласан Д.Х , Х.Т, Г.М, Г.Д, Б.Т нарын ажил үүргээ мэддэггүй, туршлагагүй, үйлдвэрийн тоног төхөөрөмж ажиллуулж үзээгүй нь мэдэгдсэн ба мэргэжлийн үнэмлэх шаардахад бидэнд өгөөгүй.

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой тул шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,855,000 төгрөг, алдангид 9,927,500 төгрөг нийт 29,782,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хохиролд 37,177,141 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Зохигчдын хооронд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч С ХХК нь Дундговь аймгийн Баянжаргалан сум дахь Г ХХК-ийн уурхайн талбайд байрлах жонш баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг гэрээнд заасан ажлын цар хүрээнд багтаан холбогдох технологийн дагуу хийж гүйцэтгэх, захиалагч Г ХХК нь үйлдвэрийн ашиглалтын үр дүнг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх6-7/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэлтэй дүгнэсэн байна.

 

3.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд хариуцагч компанид ажилласан боловч хариуцагч Г ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хөлсийг төлөөгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзсан байна.

 

3.б. Талууд гэрээний 2.1-д хийх ажлын цар хүрээг баяжуулах үйлдвэрийн ажилтнуудыг зохион байгуулах, сургах, удирдлагаар хангах, хүдэр баяжуулах технологийн процессыг удирдах, хянах, тохируулах, технологи тооцоо, тоо чанарын схем боловсруулах, технологийн хяналтын горим боловсруулж, мөрдүүлэх, тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангаж ажиллуулах, урвалж найруулах, зарцуулалтыг оновчлох, урвалжийн сонголт, чанарыг сайжруулах санал гаргах, баяжуулах үйлдвэрийн сэлбэгийн жагсаалт, засвар үйлчилгээний төлөвлөлтөд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах гэж тохиролцжээ.

 

3.в. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажил үүргийг гүйцэтгэж байсан болох нь гэрч Д.Х ын ...С ХХК-д ажиллаж байх хугацаандаа Г ХХК-д ...2020 оны 07 дугаар сарын 07, 08-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан, ...өглөө, орой ээлжээр 6 хүн тэнд байрлаж ажилласан, ...үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлэх гэж төслийн инженерээр ажилласан гэх, гэрч Х.Тын ...С ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ хооронд Г ХХК-д очиж баяжуулах үйлдвэрийн технологийн процессыг жигдрүүлэх ажилд гар бие оролцсон, гэрээний дагуу Г ХХК-ийн үйлдвэрийн ажилчдыг сургах, талбай буюу үйлдвэрт дадлагажуулах, онолын мэдээлэл олгох, цаашид манай удирдлагад тухайн ажилчид ажиллах процессыг хийсэн гэх, гэрч Б.Тийн ...технологи талаас нь ажилчдыг чиглүүлж, тоног төхөөрөмжтэй хэрхэн харилцах сургалтыг гал тогооных нь зааланд үзүүлэн үзүүлэх байдлаар сургалт хийсэн, сургалтад тоног төхөөрөмж болон тээрэм яаж ажиллах талаар заасан гэх мэдүүлгүүд болон С ХХК-ийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, бүтээгдэхүүний химийн лабораторийн шинжилгээний үр дүн, технологи тооцоо дүгнэлт сайжруулах санал бүхий и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн баримт, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх33, 41, 110, 144/

 

3.г. Хэргийн 41-102 дахь талд авагдсан С ХХК-ийн тайлангийн химийн лабораторийн шинжилгээний хүснэгтэд 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 28-ны өдрийн хоорондох хугацааны хүдэр, баяжмал, хаягдал болон савлагааны байдлыг, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 1 сарын хугацаанд баяжуулах үйлдвэрийн өдөр тутмын тайланд баяжуулах үйлдвэр хүлээн авснаас ээлж хүлээлцэх хүртэл хийгдсэн ажлыг гэрэл зургийн хамт тус тус тусгаснаас үзвэл тус компанийг Г ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн ажилтнуудыг зохион байгуулах, сургах, удирдлагаар хангах болон баяжуулах үйлдвэрт хүдэр баяжуулах технологийн процессыг удирдах, хянах, тохируулах зэрэг ажлыг хийж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

3.д. Талууд 6 сарын хугацаатай гэрээ байгуулж нэхэмжлэгч энэ хугацаанд хариуцагч компанид ажиллах үүрэгтэй байсан боловч хариуцагч төлбөр төлөөгүйн улмаас нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллаагүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар дээрх 1 сарын хугацааны ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс 19,855,000 төгрөгийг хариуцагч Г ХХК-аас шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4. Алдангийн тухайд

 

4.а. Анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 9,927,500 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.б. Хариуцагч нь гэрээний дагуу нэг сарын төлбөр 19,855,000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсноор 7 хоногт багтаан эхний сарын төлбөрийн урьдчилгаа 9,927,500 төгрөг, цаашид 15 хоног тутамд дараагийн 15 хоногийн төлбөр болох 9,927,500 төгрөгийг нэхэмжлэхийн дагуу ажлын 2 хоногт багтаан төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилласан 1 сарын төлбөрийг төлөөгүй, хэсэгчилсэн төлбөрт алданги тооцох нь талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан боловч сарын төлбөрийг төлөөгүйтэй холбоотой анз тооцох талаар гэрээндээ тохиролцоогүй байна.

 

4.в. Түүнчлэн, гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад үндсэн гэрээ цуцлагдсанаар түүнтэй салшгүй холбоотой нэмэлт үүрэг болох анзын тохиролцоо нэгэн адил цуцлагдах тул алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

5.а. Хариуцагч компанийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Учир нь хариуцагч ...нэхэмжлэгч байгууллагын ажилтнууд хаягдал өтгөрүүлэгч тоног төхөөрөмжийн голыг эвдсэний улмаас учирсан хохирол болон баяжмал гаргахад зарцуулсан материалын зардалд нийт 37,177,141 төгрөг гаргуулна гэх сөрөг нэхэмжлэлийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчид хохирол учруулсан талаар нотлох баримт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч байгууллагын ажилтнуудын алдаа гаргасны улмаас тоног төхөөрөмж эвдэрснийг шүүх анхаараагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.б. Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллагын ажилчдын мэргэжлийн үнэмлэхийн орчуулга хэрэгт авагдсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна. /хх122-125/

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02991 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...29,782,500 /хорин есөн сая долоон зуун наян хоёр мянга таван зуун/ гэснийг ...19,855,000 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,927,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ...306,863 гэснийг ...257,225 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,825 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ