Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 937

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Т.Отгонтөгс, шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Т-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01441 0585 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шуугдэгчийн биеийн байцаалт:

М овогт Т.С, Монгол Улсын иргэн, ..... өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд өрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, ээж, хоёр хүүхдийн хамт ...... тоотод оршин суудаг, .....  регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дугнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.С нь 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 39-ийн задгай тоотод Б.Э-ын картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,582,989 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч М овогт Т.С нь 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 39-ийн задгай тоотод Б.Э-ын виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг картнаас нийт 1,582,989 төгрөгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Т.С-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би хохирогч Э-тай тухайн өдөр М-аар дамжуулан танилцсан. Э-ын виза карт нь орны доор байсан. Харин Э унтаж байсан. Би Э-ын картны нууц дугаарыг дэлгүүрт болон О-д хэлж байх үед нь сонсож мэдсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Маш их харамсаж байна. Э-ын хохирол төлбөрийг төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…дэлгүүрийн худалдагчид картаар тооцоо хийх гээд пин кодоо хэлэхэд Т.С хажууд зогсож байсан. Дэлгүүрээс гараад буцаад Ч-д гэрт очоод Т.С бид хоёр авсан архиа хувааж уусан. Архи дуусахаас өмнө би унтаж амарсан. 2018.03.04-ний 19 цаг өнгөрч байхад сэрээд куртикны халаасанд хийсэн байсан ХААН банкны визаа картаа авах гэсэн боловч байхгүй болохоор нь М-ийн дүү О-оос миний картыг харсан уу, авсан уу гэж асуухад би аваагүй танд байгаа гэсэн. Карт байхгүй болохоор нь ХААН банкны 18001917 гэсэн дугаартай лавлах руу утсаараа залгаад автомат хариулагчаар нь дансаа хаалгасан. Тэр өдрөө тэнд хоноод 2018.03.05-ны өдөр 7 цаг өнгөрөөгөөд 21 дүгээр хороолол руу гарч явсан. 10 цагийн үед ХААН банкнаас бичиг баримтаараа 100,000 төгрөг аваад үлдэгдлийг нь асуухад 1,700,000 төгрөг байна гэхээр нь хаачихсан байна гэж бодоод яваад өгсөн юм. 2018-03-12-ны өдөр ХААН банкин дээр очоод данснаасаа мөнгө авах гэтэл миний дансанд 33,000 төгрөг байна гэж хэлсэн. М-ийн ээж Н, ...С тэр өдөр чиний Хаан банкны картыг аваад явсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-12 дугаар хуудас);

3. Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э манай гэрээс явах гээд эд зүйлээ бүртгэхэд ХААН банкны карт байхгүй байсан. Тэгээд эрээд байсан боловч олдохгүй байхаар нь би дүү О-ын гар утас руу залгаад Э-ын картыг асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Би гэрт хэн хэн үлдсэн талаар асуухад С, Э нар хамтдаа дэлгүүр явж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э-д “ХААН” банк руу залгаад картаа хаалгачих гэж хэлсэн. Э лавлах руу нь залгаад хаалгах талаар хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-15 дугаар хуудас);

4. Насанд хүрээгүй гэрч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э ах манайд унтаж байхад С гэдэг хүргэн ах орж ирээд цааш нь түлхээд халааснаас нь ХААН банкны картыг нь авсан юм. Тэгэхээр нь би “та буцаагаад хийгээч гэхэд” за хийчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас);

5. Хохирогч Б.Э-ын “Хаан банк” дахь 5166362477 дугаар дансны “депозит” хуулга (хх-ийн 27-28 дугаар хуудас);

6. Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 24-25 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Т.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас);

8. Шүүгдэгч Т.С нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 29 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.С-ийн үйлдэл дээрх шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Т.С нь бусдад 1,582,989 төгрөг буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан байх тул хулгайлах гэмт хэргийн хувьд хуульд заасан хохирол, хор уршиг учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэм хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн үйл баримт болон хохирлын талаар маргаагүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Э нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан зардалд 1,582,989 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэ нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Т.С-ээс 1,582,989 төгрөг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Т.С-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Т.С нь 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хохоо, Алтан-Овооны 39-ийн задгай тоотод иргэн Б.Э-ын картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,582,989 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Э-ын мэдүүлэг, гэрч О.М-ын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.О-ын мэдүүлэг, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны хуулга, яллагдагч С-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа тул төрийн нэрийн өмнөөс яллах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогчид 1,582,989 төгрөгийг төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж, олгох саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт: “...шүүх хуралдаанд шүүгдэгч Т.С-гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөллийн үгээ хэлье. Прокурор 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг, мөн хохирлоо төлнө гэдгээ илэрхийлсэн. Түүний эх Саран нь 50 хувийн групптэй. Халамжийн мөнгөөрөө ахуй амьдралаа залгуулж байдаг. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд төлбөрийн чадваргүй тул улсын өмгөөлөгч авсан байна...” гэв

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Т.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг арилгах зорилгод нийцсэн бөгөөд ялтанг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Т.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг хоёр сарын хугацаанд арилгах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаагаар тогтоож албадлагын арга хэмжээг сонгон хэрэглэх нь зохистой байна.

Энэхүү албадлагын арга хэмжээгээр хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хууль зүйн үр дагавартай тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуульд зааснаар төлбөр гаргуулж шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд шүүгдэгч Т.С нь гэмт хэгийн улмаас учирсан хор уршгийг хоёр сарын хугацаанд арилгах үүргээ биелүүлээгүйн улмаас шүүх түүнд ял оногдуулах бол Иргэний хуульд зааснаар хохирол төлбөр гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

1.М овогт Т.С-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.С-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг хоёр сарын хугацаанд арилгах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаагаар тогтоосугай.

4.Шүүгдэгч Т.С нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.С-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА