Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 634

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Т.Нансалмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Должинсүрэн, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тус дүүргийн прокурорын газраас Х овогт С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00251 0151 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт С.А, Монгол Улсын иргэн, ...... өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, гурван хүүхдийн хамт .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар .... , урьд ял шийтгүүлж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч С.А нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-4 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.Должинсүрэнтэй маргалдаж улмаар ширээн дээр байсан аягыг С.Д рүү шидэж, түүний дэргэд тоглож байсан 3 настай хүү А.Ч-гийн толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Х овогт С.А нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-4 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр С.До-тэй маргалдаж, ширээн дээр байсан шаазан аягыг С.Д-гийн зүгт доогуур чиглүүлэн шидсэн бөгөөд уг аяга нь 3 настай хүү А.Ч-гийн толгойг онож тархины хүнд зэргийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн чихний шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.А нь шүүх хуралдаанд: “...2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүү Ч-д гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад хүүгээ гэмтээх санаа зорилго байгаагүй. Би өмнөх өдрүүдэд ажил ихтэй байсны улмаас ядарсан байсан бөгөөд эхнэртэйгээ маргалдсан уурандаа ширээн дээр байсан аяганд уураа гаргаж шидсэн. Эхнэрээ гэмтээх санаа ч байгаагүй бөгөөд аягыг доош чиглүүлэн шидсэн. Хүүдээ учирсан гэмтлийг оношлуулж эмчилгээ хийлгэсэн. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна...” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд: “...2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн үед манай нөхөр А-ийн дүү Н, Б нар ирсэн. Би тухайн үед хоол цай хийж байгаад А, Б хоёрын ярианы дундуур орж, А-тэй маргалдсан. Түүнээс болж А миний хөл рүү аяга шидсэн. Гэхдээ би хоол хийж байсан учир аяга шидэж байхыг нь хараагүй. Тухайн үед хаанаас ч юм мэдэхгүй гэнэт хүү Чойжилсүрэн гүйж гарч ирээд аяганд оногдсон. Одоо бидний хүү Ч-гийн биеийн байдал хэвийн байгаа. Хүүгийн маань гавлын яс ойролцоогоор 2 сантиметрийн хүрээтэй онгорхой байгаа бөгөөд бага насны хүүхэд учир яс нь төлжинө гэсэн. Цаашид хүүхдээ асарч хамгаалахад эцэг нь байх хэрэгтэй тул түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.  

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн үед манай нөхөр А-ийн дүү Нямсүрэн нөхөр Б-ын хамт манай гэрт ирсэн. Би хоол унд хийж өгч байгаад нөхөр бид хоёр ялихгүй зүйлээс болж маргалдсан. А над руу аяга шидэхэд миний дэргэд тоглоод гүйж явсан 3 настай хүү Ч-гийн зүүн чихнийх нь дээд талд цохигдсон. Тэгээд бид хүүхдээ аваад шууд дүүргийн хүүхдийн эмнэлэгт үзүүлэхэд “Гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай” гээд түргэний машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Манай хүү гэмтлийн эмнэлэгт толгойн хагалгаанд ороод 19 хоноод гарсан. Тэр өдөр ямар гай нь дуудсан юм бол доо. Үнэхээр санамсаргүй зүйл болсон. Уг нь миний хөл рүү шидсэн юм билээ. Миний ч буруу байгаа гэж бодож байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 61-62 дугаар хуудас),

- “...би ярианых нь дундуур ороод нөхөртөө “танай том ах С манайд ирнэ гэчихээд ирсэнгүй, манайхыг тоосонгүй” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр уурлаад “чи юун сүртэй пизда вэ гэхээр нь би битгий хуцаад бай" гэж хэлсэн. Манай нөхөр ширээн дээр байсан цайны шаазан аяга аваад над руу шидсэн. Энэ үед манай 3 настай хүү Ч над руу гүйж ирж таараад Ч-гийн зүүн чихнийх нь ард А-ийн шидсэн аяганд оногдсон. Ч-гийн зүүн чихний дээд тал нь сэтэрсэн цус гарч байсан. ...Ч гэрээс ухаан алдаад гарсан юм. ...эмч нар Ч-гийн тархины томографийн зураг авахуулаад яаралтай тархины хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-7 дугаар хуудас),

4. Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд А ах болохоор “С ах жолоочийн үнэмлэхээ сэргээлгэж амжаагүй байгаа гээд, Д эгч жолоочийн үнэмлэхээ сэргээлгэсэн” гээд хоорондоо маргалдах ч биш, хэлэлцэх ч биш үг сөргөөлдөөд ярилцаж байсан. Тэгж байтал А уурлаад ширээн дээр байсан аягыг аваад эхнэр Д рүү шидсэн. Тэгтэл хажууд нь тоглож байсан 3 настай Ч-гийн толгойг шидсэн аяга нь оносон. Ч-гийн чихнийх нь хойхон талаас жаахан газар цус шүүрч байсан. Н эмийн сан орж эм авчираад чихийг нь цэвэрлэж боосон. Энэ үед Ч-гийн царай нь цонхийгоод сонин болчихоор нь миний машинаар эмнэлэг дээр ирсэн. Тэгээд яаралтай толгойн хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 дүгээр хуудас),

5. Гэрч С.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А ах ширээний дэргэд сууж байснаа ширээн дээрх аягыг аваад Д эгч рүү шидсэн. Тэр үед уг шидсэн аяга нь Чойсүрэнгийн чих орчим оносон...” гэсэн мэдүүлэг (хх-ийнн 11-12 дугаар хуудас),

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1069 дугаартай “...А.Ч-гийн биед тархины хүнд зэргийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн чихний шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална..." гэсэн дүгнэлт (хх-ийн 24 дүгээр хуудас),

7. Шүүгдэгч С.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 22 дүгээр хуудас),

8. Шүүгдэгч С.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 28 дугаар хуудас),

10. Шүүгдэгч С.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед хоёр дүү Б, Н нар ирсэн. ...Эхнэр хоол унд хийж байсан. Б бид хоёр “манай том ах С-г жолоочийн үнэмлэхээ хасуулсан гэсэн” гэж ярьж байхад эхнэр хажуугаас орж ирээд “С ах жолоочийн үнэмлэхээ хасуулаагүй гэсэн” гээд дундуур орж ирснээс болж эхнэр бид хоёр маргалдсан. ...эхнэр өмнөөс үг сөргөөлдөөд байхаар нь ширээн дээр байсан аяга аваад эхнэр лүүгээ доохнуур шидсэн чинь манай хүүхэд Ч тоглож яваад хажуугаас нь гүйж ороод аяганд оногдсон. Хүүгийн чихний араас нь цус гараад эмийн сангаас бинт авч цусыг нь бооход хүүхэд ухаан алдаад унасан. Бид хүүгээ аваад дүүргийн хүүхдийн эмнэлэг дээр аваачихад “Гэмтлийн эмнэлэг ор” гээд түргэний машинаар аваачсан. Толгойн хагалгаанд ороод бие гайгүй болж гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 55-56 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэдэг нь эрүүл мэндийн шинжлэх ухааны хүнд зэргийн гэмтэл гэх ойлголтыг агуулах бөгөөд гэмтлээс үүдэх эд мөнгөний зардлыг өөртөө багтаасан өргөн ойлголт юм. Иймд хүний биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх хууль зүйн ойлголтоос агуулгын зөрөөгүй гэж үзнэ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч С.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ эхнэртэйгээ маргаж, улмаар маргалдсан уурандаа эхнэр лүүгээ аяга шидсэн үйлдэл нь идэвхтэй үйлдэл байсан бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзнэ. Шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч С.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүх улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт, хэргийн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах няцаалт байна. Үүнд:

Шүүгдэгч С.А нь хохирогч 3 настай хүү А.Ч-гийн эсрэг ямар нэгэн хүчирхийлэл үйлдээгүй, түүнд уурлаагүй, хүүхэд рүү чиглэсэн сэтгэхүйн харьцаа огтоос байгаагүй нь хэрэгт цугларсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоно. Үүнийг ч улсын яллагч үгүйсгээгүй.

Улсын яллагчийн хувьд шүүгдэгчийн үйлдэл идэвхтэй, хэрүүл маргаанаас үүдэлтэй бөгөөд хүнд гэмтэл учирсан хор уршигт хүргэсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна хэмээн мэтгэлцсэн нь өрөөсгөл юм. Учир нь, идэвхтэй үйлдэл бүрийг гэм буруугийн санаатай хэлбэрт хамааруулахгүй. Эрүүгийн эрх зүйн онол ёсоор гэм буруугийн санаатай хэлбэрийг тодорхойлоход хор уршгийг хүссэн үү, эсхүл өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр хор уршигт зориуд хүргэсэн үү гэсэн өөрийн үйлдэл болон учирсан хор уршигт хандсан гэмт этгээдийн сэтгэхүйн харьцааг тогтоох нь чухал. Гэм буруугийн шууд санаатай хэлбэр болох хор уршгийг хүсэж учруулсан сэтгэхүйн харьцааг тайлбарлах нь илүүц бөгөөд энэ хэрэгт хамааралгүй болох нь тодорхой юм. Харин энэ хэргийн хувьд улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг няцаан үгүйсгэхэд гэм буруугийн шууд бус санаатай хэлбэр болох хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэтгэхүйн харьцааг болгоомжгүй гэм буруугаас ялгах шаардлагатай байна.

Шууд бус санааны хүсэл зоригийн шинж нь өөрийн үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнийг зориуд бий болгосон байдаг бөгөөд зориуд гэж байгаагийн учир шалтгаан нь гэмт этгээд хохирогч хоёрын хооронд харилцааны хийгээд бие махбодын зөрчил үүссэн байхыг шаардана.

Шүүгдэгч С.А-ийн хувьд эхнэртэйгээ маргаж, тэдний хооронд харилцааны зөрчил үүссэн хэдий ч харьцангуй ойрхон орон зай (монгол гэр)-д аягыг зориуд доош нь чиглүүлж шидсэн байгаагаас үзвэл түүний шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үндэслэл бүхий байна. Энэ хэргийн хохирогч, гэрч нар ч үүнийг нь баталдаг. Хэрэв шүүгдэгч үнэхээр эхнэрээ гэмтээх санаа агуулсан бол таван ханатай монгол гэрийн доторх орон зайд доош нь чиглүүлэхгүйгээр аяга шидэх бүрэн боломжтой байсан.

Тодруулбал, шүүгдэгч С.А нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх, тооцох боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас өөрийн төрсөн хүү, 3 настай А.Ч-д хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00251 0151 дугаартай хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх шүүгдэгч С.А-ийг "хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүх шүүгдэгч С.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих саналтай байна...” гэв.

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж, шүүх хуралдаан хоёр үе шаттай явагдсан хэдий ч шүүгдэгчийн мэдүүлэг, өмгөөлөгчийн мэтгэлцээн нь шүүхээс гаргасан гэм буруугийн талаарх шийдвэртэй агуулгын зөрөөгүй байгаа учир шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч С.А-ийг гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч С.А-д мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэх боломжтой байх бөгөөд энэ нь түүнийг нийгэмшүүлэх, өөрийн сөрөг зан үйл, хандлагаа өөрчлөх, засарч хүмүүжих боломж олгох үр нөлөөтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хүнд хохиролтой холбоотой эмчилгээний зардал бүхий хохирлыг шүүгдэгч өөрөө бүрэн хариуцсан бөгөөд энэ хуралдаанаар шийдвэрлэх төлбөр байхгүй хэдий ч хүүхдийн гавлын яс 2 сантиметрийн тойрогтой онгорхой байгаа нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх замаар хүүгийнхээ өмнө үүрэг хүлээж, гэмээ цайруулах бололцоо олгох нь үр нөлөөтэй хийгээд зүй зохистой гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хягаарлалт тогтоож албадлагын арга хэмжээ хэрэглэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Х овогт С.А-ийг "хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.А-д мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хягаарлалт тогтоож албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.А тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.А-д авсан “хувийн баталагаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА