Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 181/2022/00501/И |
Дугаар | 210/ма2022/01934 |
Огноо | 2022-10-28 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 210/ма2022/01934
2022 10 28 210/МА2022/01934
П.Э-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Э-гийн хариуцагч О ХХК -д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2005 оны 10 дугаар сард үндсэн ажилтнаар томилогдож, механик, хөргөлтийн ахлах ажилтан, мэргэжилтэн, 2018 оноос дэд бүтцийн хэлтэст механик засварын менежерийн албан тушаалд тус тус ажиллахдаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй үр бүтээлтэй, дэвшин ажилласан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүйгээр, тодорхойгүй хугацаагаар, цалин хөлс олгохгүйгээр үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Ажлаас халсан тушаалд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу халагдсан үндэслэл нь хуульд нийцэх ёстой. Гэтэл дээрх тушаалд байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтны гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, ажлаас чөлөөлсний дараа ажилтны зөрчлийг шалгах гэж байгаа нь хуульд нийцэхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан цалин хөлс авах эрхтэй, ажил олгогч ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй. Гэтэл уг үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заасан болохоос О ХХК -д ийм эрх, хэмжээ байхгүй. Чөлөө олгох журмын 14 дүгээр зүйлд зааснаар энэхүү чөлөө олгохтой холбоотой журам нь 10 хоног хэрэгжих ёстой. Мөн журмын 16.3.3-т компанийн үйл ажиллагаатай холбоотой эсхүл ажлын шаардлагаас бусад тохиолдолд гэж заасан. П.Э т холбогдох хэрэг гэж байхгүй. Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгө залилуулсантай холбоотой маргааныг О ХХК -ийн гомдлоор авч хэлэлцэх хэрэгт П.Э гэрчээр мэдүүлэг өгсөн болохоос яллагдагчаар татсан зүйл байхгүй. Чөлөө олгох журмын 14.1, 18.1.18-д 10 хүртэлх өдрийн олговоргүй чөлөө олгоно гэж заасан. 2020 оны 08 дугаар сараас хойш нэхэмжлэгчээр ажил хөдөлмөр гүйцэтгүүлэхгүй, цалин хөлсийг олгоогүй нь хөдөлмөрийн гэрээг цуцалсантай адилтган үзэж байна. Иймд П.Э ийг О ХХК -ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Ус, цахилгаан хангамжийн хэлтэст механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах буюу 5, 6, 7 дугаар сарын дундаж цалин хөлс болох 22,157,932 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаагаар бодоход 531,838,368 төгрөг, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. П.Э нь О ХХК -д механик засварын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө завшсан байж болзошгүй гэж үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд өнөөдрийг хүртэл ажиллагаа явуулж байгаа. Тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар хариуцагч байгууллага захиргааны чөлөө олгох эрхтэй. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дах хэсэгт хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцагч байгууллага ажилтандаа чөлөө олгож болно гэж заасан. Чөлөө олгох журмын 16.3.3-т тухайн этгээд хууль хяналтын байгууллагад гэрчээр оролцож байгаа бол чөлөө олгоно гэж заасан. П.Э нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар өөрийн шалгагдаж байгаа хэрэг дээр маргадаггүй, мөн гэрчээр тайлбар өгсөн гэдгээ хэлдэг, өмнө шүүхийн зүгээс энэ талаар асуухад маргаагүй. Чөлөө олгох журмын дагуу нөхцөл нь бүрдсэн учраас чөлөө олгосон. Хариуцагч компанийн хувьд П.Э т чөлөө олгосон болохоос ажлаас халаагүй. Хуучин Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлаар хэрэв ажилтныг буруу халсан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалттай. Ажлаас халсан тушаал шийдвэр байхгүй байхад ажилд эгүүлэн тогтоолгох боломжгүй. Иймд дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Э ийг хариуцагч О ХХК -ийн Дэд бүтцийн хэлтэс, Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О ХХК -аас ажилгүй хугацааны олговорт 507,101,448 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,736,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Э-гийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутган, шилжүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч О ХХК -д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөг тул түүний урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан П.Э т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 2,693,457 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгоогүй, шийдвэр гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хууль /1999оны/-ийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.1.5-д заасан үндэслэлээр компанид хэвээр хадгалагдаж байгаа атал шүүхээс нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч П.Э ийг ажлаас нь үндэслэлгүй халах тухай тушаал, шийдвэр гаргасан эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлтэй байтал ажилтны албан тушаал нь компанид хэвээр хадгалагдаж байхад ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болсон. П.Э-гийн үйлдлийг шалган тогтоох ажиллагаа явагдаж байгаа тул чөлөө олгох журамд заасны дагуу ажлаас нь тодорхой хугацаанд түр чөлөөлсөн болохоос ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд гэрээг гэрээг дуусгавар болох үндэслэл бий болоогүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түүнчлэн, хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх нөхцөл бүрдсэн байгааг холбогдох нотлох баримтыг гарган өгч, хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс ажлаас халаагүй, албан тушаал хадгалагдаж байгаа гэж тайлбарлаж байна. 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Улсын Дээд шүүхийн зөвлөмжид Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ гэж заасан. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаанд П.Э т цалин хөлс олгоогүй, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг зогсоосон тул ажлаас халсантай адилтгаж гэж үзэхээр байна. Чөлөө олгох журмын 16.3.3-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн бөгөөд уг журмаар 10 хоногийн хугацаатай чөлөө олгохоор зохицуулсан. Иймд 11 дэх өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цалинтай чөлөө олгосон тохиолдолд ажлын байр хадгалагдаж байгаа гэж үзэх боломжтой. Мөн нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт холбогдсон гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас П.Э нэг удаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэрчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаггүй. Гэмт хэрэг үйлдсэн нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар хуулиар зохицуулсан. Эрүүгийн хэрэгт гомдол, хүсэлт гаргахад та нар хэргийн оролцогч биш тул тайлбар өгөх боломжгүй гэдэг. Хэрэв ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд тус эрүүгийн хэргийн хэрэгтэн хэзээ олдож, хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл хүлээх асуудал үүснэ. Ямар нэгэн шийдвэрийг гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гаргах ёстой байтал шууд ажлаас чөлөөлсөн. Иймд хариуцагчийн гаргасан гомдол бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч О ХХК -д холбогдуулан О ХХК -ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Ус, цахилгаан хангамжийн хэлтэст механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. П.Э нь О ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №HR3521 дугаартай тушаалаар О ХХК -ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Ус, цахилгаан хангамжийн хэлтэст механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. /хх12, 13, 14-19/
Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж зөв дүгнэжээ.
5.а Хариуцагч О ХХК нь П.Э т 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс цалинтай чөлөө олгож байсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус компани нь ...П.Э т холбогдох асуудлыг шалгах явцад хууль хяналтын байгууллагаар зайлшгүй шалгуулах нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр тодорхойгүй хугацаанд цалин хөлс олгохгүйгээр ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүргүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.
5.б. Хэрэв нэхэмжлэгчийг эрх бүхий байгууллагаас шалгахаар бол албан тушаал эрхлэх эрхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоох хуулийн зохицуулалттай байхад О ХХК нь чөлөө олгох журмын 16.3.3-т заасныг үндэслэн цалингүй чөлөө олгож, ажиллах эрхийг түдгэлзүүлсэн нь буруу. Тухайн ажилтны ажиллах, цалин хөлс авах эрхийг хангаагүй нөхцөл байдлыг ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
6.а О ХХК нь П.Э ийг албан тушаалаа урвуулан ашиглаж компанид их хэмжээний хохирол учруулсан гэж цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан байх боловч Сүхбаатар дүүргийн Прокурорын газар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5/390 дугаартай П.Э нь уг хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн, хэргийн оролцогч биш гэсэн мэдэгдэх хуудас ирүүлсэн байна. /хх/
6.б. Хэрэгт хариуцагч О ХХК -ийн гомдлыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон хэдий ч нэхэмжлэгч П.Э ийг яллагдагчаар татсан, уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар үргэлжлүүлэн шалгаж байгаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
7.а Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон, ногдох цалин хөлстэй тэнцэх олговорт /492 хоног х 1,030,694төгрөг/ 507,101,448 төгрөгийг хариуцагч О ХХК -аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заалт болон Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д нийцжээ.
7.б. Мөн хариуцагч О ХХК -д П.Э-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,693,457 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЦОГТСАЙХАН