Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 183/2021/03167/И |
Дугаар | 210/ма2022/01935 |
Огноо | 2022-10-28 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 210/ма2022/01935
2022 10 28 210/МА2022/01935
Э.Э-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01858 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э-гийн хариуцагч Т.С д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1,540,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Э.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Т.С нь Э.Э-гийн нүүр болон нүд рүү гараараа цохиж, машинаас татаж унагаан, өшиглөх зэргээр зодож биед нь баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун харааны хүүхэн харааны өргөсгөл, хүүхэн харааны булчингийн урагдал, 7 шүдний эмтрэл, зовхи, хамрын нуруу, эгэмд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Т.С г гэм буруутайд тооцсон. Уг гэмтлийн улмаас Э.Э-гийн нүдний хараанд өөрчлөлт орж, муудсан тул шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Болор мэлмий эмнэлэгт хараа заслын лазерын оношилгоо 75,000 төгрөг, хараа заслын лазер мэс засал 1,465,000 төгрөг, нийт 1,540,000 төгрөгийг хариуцагч Т.С гээс эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Тус дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл нь хурдан хугацаанд эдгэрдэг гэсэн бөгөөд цаашид хараанд нөлөөлнө, хараа муудна гэсэн дүгнэлт гараагүй. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 2.4.1, 2.4.2-т хөнгөн зэргийн гэмтлийг тодорхойлсон. Хариуцагчийн Э.Э-гийн нүд рүү цохисон үйлдэл нь хараа тэглүүлэх мэс засал хийлгүүлсэнтэй шалтгаант холбоогүй. Нэхэмжлэгчийн лазерын хараа заслын оношилгоо, үзлэгийн картад 10 дугаар ангид хараа муудсан, 2011 онд нүдний хараа тэглүүлэх мэс засал хийлгүүлсэн, 2011 он хүртэл контакт линз зүүсэн, удамшлын хараа муутай гэсэн. Мөн лазерын хараа заслын хагалгаанд орохыг зөвшөөрсөн тухай картад өвчтөн нь мэс засал болон түүнтэй холбоотой гарч болох хүндрэл, эрсдэл, үр дүнгийн талаар бүрэн ойлгосон хэмээн хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Болор мэлмий эмнэлгийн онош дээр Э.Э нь гэмтлийн улмаас хараа муудаж, тэглүүлсэн гэсэн дүгнэлт байхгүй. Эмчилгээ нь лазер хагалгааны дараах хараа муудсан гэсэн ба өвчтөний нүдний даралт, эвэрлэг бүрхүүл зэрэг нь хэвийн гэсэн онош тогтоосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.С гээс гэм хорын хохиролд 1,540,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.С гээс улсын тэмдэгтийн хураамжид 39,590 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Т.С нь Э.Э-гийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Улмаар хариуцагч Т.С г гэм буруутайд тооцож, 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Э.Э нь хараа тэглүүлэх мэс засал хийлгүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэж дүгнэсэн. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 2.4.1, 2.4.2-т хөнгөн зэргийн гэмтлийг тодорхойлсон. Үүнээс үзэхэд, хөнгөн зэргийн гэмтэл нь хурдан хугацаанд эдгэрдэг. Иймд, 2019 оны 04 дүгээр сард нүд рүү цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл нь 2021 оны 01 дүгээр сард илрэх боломжгүй тул хараа тэглүүлэх мэс засал хийлгүүлэх болсон шалтгаан нь хариуцагчийн үйлдлээс болоогүй. Мөн Э.Э-гийн хараа нь зодуулсны улмаас муудсан, цаашид хараанд нөлөөлнө гэсэн дүгнэлт байхгүй. Тус эмнэлгийн лазерын хараа заслын оношилгоо, үзлэгийн картад удамшлын хараа муутай гэж тэмдэглэгдсэн. Иймд хариуцагчийн Э.Э-гийг зодсон үйлдэл, хараа тэглүүлэх мэс засал хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй. Тиймээс, хараа заслын лазерын оношилгоо 75,000 төгрөгөөр, хараа заслын лазер мэс засал 1,465,000 төгрөг, нийт 1,540,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Тухайн гэмт хэрэг 2019 оны 04 дүгээр сард гарсан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сард хагалгаанд орсон нь цаг хугацааны хувьд боломжгүй бөгөөд 28 хоногийн хугацаанд эдгэрэх хэмжээний гэмтэл байсан гэх агуулгаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан. Үүнд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 419 дугаар шийтгэх тогтоолоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдахад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэж дүгнэсэн. Тухайн эмчилгээ, эдгэрэлтийг цаг хугацааны хувьд тооцоолж хэлэх боломжгүй бөгөөд шинжээч эмч нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам нь нүдний гэмтлийг хараа бууралтаар үндэслэн тогтоодог гэж тайлбарласан. Дээрх тохиолдолд Э.Э-гийн хараа бууралт нь 0,1 байх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна гэж шинжээч дүгнэсэн. Гэмт хэргийн улмаас Э.Э-гийн хараа буурсныг тогтоосон бөгөөд учирсан хохиролд шалтгаант холбоо хор уршиг үүснэ. Тухайн гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг арилгахын тулд Болор мэлмий эмнэлэгт лазер, хараа засал тэглүүлэх мэс засал хийлгэсэн. Мөн хараа муудсан нь гэмт хэргийн улмаас бус удамшлаас үүдэлтэй гэж хариуцагч тал тайлбарласан боловч гэмтлийн зэрэг тогтоогдсон. Дээрх нөхцөлд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг өгсөн гэж гомдолд дурдсан хэдий ч Болор мэлмий эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, төлбөр төлсөн баримтыг эх хувиар нь өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Т.С д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1,540,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Т.С д зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан, энэ асуудал эрүүгийн шүүхээр шийдэгдсэн бөгөөд уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийн хүрээнд учирсан зардлаа гаргуулна гэж, хариуцагчийн тайлбар татгалзлаа ...хөнгөн зэргийн гэмтэл хурдан хугацаанд эдгэрдэг, хараанд нөлөөлөх талаар дүгнэлт гараагүй, дээрх үйлдэл нь мэс засал хийлгүүлсэнтэй шалтгаант холбоогүй, мэс засалд орохдоо эрсдэл, үр дагаврыг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, өвчтөний нүдний даралт, эвэрлэг бүрхүүл хэвийн гэсэн оноштой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх1, 30/
4. Хариуцагч Т.С нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван богд ХХК-ийн ойролцоо өөрийн автомашинтай явж байхдаа нэхэмжлэгч Э.Э-гийн нүүр болон нүд рүү гараараа цохиж, машинаас татаж унагаан, өшиглөх зэргээр зодож биед нь баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун харааны хүүхэн харааны өргөсгөл, хүүхэн харааны булчингийн урагдал, 7 шүдний эмтрэл, зовхи, хамрын нуруу, эгэмд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.
Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинж буюу 2.4.1, 2.4.2-т заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч, нэхэмжлэгч Э.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/419 дугаар шийтгэх тогтоол, Болор мэлмий эмнэлгийн төлбөрийн баримт, Болор мэлмий нүдний эмнэлгийн Лазерын хараа заслын оношилгоо, үзлэгийн карт, Лазерын хараа заслын хагалгаанд орохыг зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байна. /хх4-12, 13-18/
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан тул хариуцагч Т.С нь бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулснаас үүссэн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан бодитойгоор үнэлж, нэхэмжлэгчийн биед хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Т.С гээс хохиролд 1,540,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хохирогчийн хараа тэглүүлэх мэс засал хийлгүүлэх болсон шалтгаан нь хариуцагчийн үйлдлээс болоогүй, зодуулсны улмаас хараа муудсан дүгнэлт гараагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Э.Э-гийн биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун харааны хүүхэн харааны өргөсгөл, хүүхэн харааны булчингийн урагдал бүхий хөнгөн зэргийн гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан бөгөөд нэхэмжлэгч гэмтэл авснаас хойш хараа тэглүүлэх мэс засал хийлгэсэн нь хариуцагч Т.С гийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэхээр байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дах хэсэгт Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно гэж тус тус заажээ. Анхан шатны шүүх хуралдаанд зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан байх тул анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01858 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЦОГТСАЙХАН