| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0806/Э |
| Дугаар | 834 |
| Огноо | 2018-09-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 834
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Т овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 034300 0978 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Д.Б, Монгол Улсын иргэн, ....... өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эцэг, эх, хүүхдийн хамт .... тоотод оршин суудаг, .... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Б-ыг хавсарч унаган хөлөн дээр нь дэвсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Т овогт Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Б руу “миний малыг бойлж өгдөггүй” гэж агсамнан түүнийг хавсарч унаган хөл дээр нь дэвсэж зодсоны улмаас Т.Б-ын бие махбодод “баруун шаант тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, зүйлчлэл, хор уршгийн талаар маргаан байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2. Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ... саравчны цаана унтаж байсан Б босож ирээд архинаас 2-3 удаа уусан. Тэгснээ “чи миний малыг бойлж өгдөггүй” гээд над руу агсамнаж байснаа “хоёулаа уулзъя” гээд зогсож байсан машины хажуу тал руу оруулаад намайг дэгээдэж унагаад миний хөл дээр дэвссэн. Би босох гэсэн чинь хөл өвдөөд босож чадахгүй байсан. Тэгээд эхнэр бид хоёр эмнэлэгт үзүүлсэн чинь хөл хугарсан байсан. Б намайг дэгээдэж унагаад миний хөл дээр нэг удаа дэвссэнээс болж миний хөл хугарч гэмтсэн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 4 дүгээр хуудас),
3. Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Б-ын хүзүүгээр нь тэврээд машин тойроод урагшаа алхсан. Намайг харж байхад Б, Б-ыг дэгээдэж унасан. Б хоёр гараараа газар тулаад босож байсан чинь Б эргэж хараад түүний хөл дээр дэвссэн. Тэгсэн Б хөл хугалчихлаа гэж орилсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 8959 дугаартай “...Т.Б-ын биед баруун шаант тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 19 дүгээр хуудас),
5. Шүүгдэгч Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 40 дүгээр хуудас),
6. Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33 дугаар хуудас),
7. Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б-ыг хавсарч унагаад хөл дээрээс нь нэг удаа өшиглөсөн... би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хохирогч Т.Б-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсанд тооцно.
Хохирогч Т.Батжаргал нь шүүхийн шатанд “шүүгдэгчээс нийт 2,000,000 төгрөгийн нөхөн төлбөр авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн үйл баримт болон хохирлын талаар маргаагүй, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Д.Б-гийн үйлдэл идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлт: “...Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Б-ыг хавсарч унаган хөлөн дээр нь дэвсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирогчийн өвчин шаналал, эрүүл мэндийг сарниулсан хугацаа, хадаас авахуулах мэс ажилбар дахин хийгдэх зэрэг нөхцөл байдалд тохирохгүй байгааг тус тус үндэслэн шүүх гэм буруугийн хэр хэмжээнд нийцүүлэн тохирох ялыг хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 1,600 (нэг мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон, түүнийг нийгэмшүүлэх болон цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Т овогт Д.Б-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д нэг мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу нэг сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Д.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА