Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 856

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Т овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03428 0997 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Б.Б, Монгол Улсын иргэн, ..... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт ........ тоотод оршин суудаг, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан, ...... регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.С-той маргалдаж, түүний нүүр лүү хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Т овогт Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны оройн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.С-той зам тавьж өгсөнгүй гэсэн шалтгаанаар маргалдаж, түүний нүүр лүү гараараа хоёр удаа цохиж, бие махбодод нь “уруул, зүүн шуу, бугалганд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд: “...хохирогч У.С-д нь гэр хорооллын гудамжинд өөдөөс машинтайгаа тулж зогсчихоод гэрлээ анивчуулаад байсан. Манай машин хажуу тийш шахаж зам тавьж өгсөн боловч хажуугаар орж зогсоод элдвээр хараасан. Тэр үед би нүүр лүү нь зөөврийн гэрэл тусгасан нь үнэн. Тэгээд манай хүү, хохирогч залуу хоёр муудалцаж, харилцан барилцаад авахаар нь би салгах зорилготой очсон. Гэтэл хохирогч залуу надтай зууралдаад байхаар нь би гарыг нь тавиулах гэж хоёр удаа алгадсан юм. Би С-д гэмтэл учруулснаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хавтас хэрэгт албан ёсоор баримт гаргаж өгөөгүй, надаас нэхэмжилсэн зүйл байхгүй, би өнөөдрийг хүртэл хохирогчтой уулзах гээд чадаагүй, хохирол төлбөр төлөх боломж олдоогүй...” гэв.

2. Хохирогч У.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2018 оны 7 дугаар 15-ны өдөр Соната-6 загварын автомашинаар халтуур (хувиараа таксинд явах) хийж яваад оройн 22 цагийн үед “Өргөө” кино театрын урдаас хоёр хүн аваад, нэгдүгээр хорооллын арын гэр хорооллын нарийн гудамжааар явж байтал Ланд-100 загварын автомашин урдаас орж ирээд холын гэрлээ асаачихсан нүд гялбуулаад үзэгдэх орчин хязгаарлаад байсан. Би өөдөөс нь мөн холын гэрлээ асааж, гурван удаа анивчуулсан. Тэгээд би хашаа руу шахаад зогстол нөгөө машин хажуугаар гарах үед нь би цонхоо онгойлгож байгаад “гэрлээ шилжүүлээчээ” гэж хэлтэл өөдөөс ангийн гэрэл нүүр лүү тусгасан. Дараа нь машины жолооч махлаг залуу цонхоор гараа оруулж ирээд миний нүүр лүү цохисон, дахин цохих гэхэд нь би хоёр гарыг нь бариад зууралдаж байтал, хажууд нь сууж явсан арай настай ах бууж ирснээ гартаа барьсан нэг зүйлээр миний баруун гар луу цохиж салгасан. Би зүүн гараа тавихгүй байж байтал нөгөө ах миний зүүн гарыг салгаад машины хаалганд хөшиж дараад миний уруул руу хоёр удаа цохьсон. Тэгээд “чи ярьдаг хүндээ яриарай” гэж хэлчихээд буцаад машиндаа суугаад явчихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас),

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 7 дүгээр сарын 18-ны өдрийн 8766 дугаартай “...У.С-ын биед уруул, зүүн шуу, бугалганд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 20 дугаар хуудас),

4. Шүүгдэгч Б.Б-ийн иргэний бүртгэлийн нэгдсэн лавлагаа (хх-ийн 27 дугаар хуудас),

5. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 15-ны орой Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын гэр хороололд гэр бүлийнхэнтэйгээ хүүхдийнхээ 23-09 УНӨ улсын дугаартай “Тоёота ландкруйзер-100” загварын автомашинтай явж байтал урдаас хурц гэрэлтэй машин орж ирэхээр нь гэрлээ анивчуулсан чинь гэрлээ шилжүүлэхгүй яваад байсан. Тэр үед би өөдөөс нь зөөврийн гэрэл тусгасан, гэтэл нөгөөх машин бидний урдаас тулж зогсоод, хажуугаар зөрөхдөө “хурц гэрэл тусгалаа” гээд элдвээр хараасан. Манай хүү машин барьж явсан бөгөөд “чи яахаараа хүн доромжилдог юм” гээд цонхоороо нөгөөх машины жолооочтой зууралдсан. Тэгэхээр нь би бууж очоод хоёр машины голоор орж тэр хоёрыг салгахад, надтай зууралдсан. Би баруун гар дээр нь гараараа доош дарж тавиулахад Тэр залуу гар хөшчихлөө гэх зэргээр юм яриад байхаар нь би гараараа хохирогч залуугийн нүүр лүү хоёр удаа цохисон. Тэгээд нөгөө залуу яваад өгөхөөр нь би ч бас машиндаа суугаад явчихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Тодруулбал, анагаахын шинжлэх ухааны хөнгөн зэргийн гэмтэл гэснийг хууль зүйн хувьд эрүүл мэндийн хөнгөн хохиролд хамааруулан ойлгоно.

Хохирогч У.С-д нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас түүнд учирсан эрүүл мэндийн хохирлын зардалд 240,000 төгрөг нэхэмжилсэн боловч тэрээр энэ талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул иргэний нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй байна. Иймд хохирогч У.С нь эмчилгээний зардлаа баримтаар гаргаж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч У.С-ын биед гэмтэл учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа, хохирогчийн зүй бус харьцаанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Б.Б-ийн хувьд илтэд зөрүүтэй том оврын буюу “Toyota Landcruiser 100” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан байх бөгөөд хохирогч гэрлийн гялбаанд орох эрсдэл өндөр байсан гэж үзэхээр байна. Гэтэл шүүгдэгч хохирогчийн нүүр лүү нэмэлтээр ангийн гэрэл тусгаж буй үйлдэл нь түүний ёс суртахуун, төлөвшил, гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг тодорхой илтгэж буйг дурдах нь зүйтэй. 

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогч У.С-ын эмчилгээний зардлаа баримтаар гаргаж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: “...шүүгдэгч Б.Б-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тухайн гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь хохирогч У.С нь  тухайн үед өөрийгөө цагдаа байна гэж сүрдүүлж байсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорыг нөхөн төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуу мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон бөгөөд ялтанг цээрлүүлэх, нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овогт Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч У.С нь энэ хэрэгт хамаарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА