Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 785

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Б.П-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03518 0925 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.П, Монгол Улсын иргэн, ...... өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.....” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл дөрөв, ...... тоотод оршин суух бүртгэлтэй боловч эхнэр хоёр хүүхдийн хамт ..... тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, (......) регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.П нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 338-212 тоот гэртээ хадам ах болох Д.Э-г “миний амьдралд оролцлоо” гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Б овогт Б.П нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 338-212 тоот гэртээ хамт амьдардаг хадам ах болох Д.Э-г “миний амьдралд оролцлоо” гэх шалтгаанаар зодож, бие махбодод нь “зүүн хацрын төвгөр, зүүн чихний гэдсэнд шарх, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун доод гуравдугаар шүд унасан” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд: “...Би мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хадам ах Д.Э-гийн биед гэмтэл учруулж зодсон нь үнэн. Мөн хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Хохирогч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ хариад амарч байтал манай хүргэн Б.П гаднаас согтуу орж ирээд манай дүүтэй маргалдаад байхаар нь “чи болиоч” гэж хэлсэн. Гэтэл Б.П уурлаад “чи миний амьдралд оролцлоо” гээд намайг үгийн зөрүүгүй зодсон. Миний биед учирсан гэмтлүүдийг Б.П гараараа цохиж, өшиглөж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-8 дугаар хуудас),

3. Гэрч Ц.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Б.П-ын хамт Эрдэнэт хотод амьдарч байгаад Улаанбаатар хотод ажил хийхээр 4 настай хүү Т, 1 настай охин С нарын хамт ирж ах Э-гийн гэрт амьдарч байсан юм. Тэгсэн 2018 оны 07 дугаар сарын 26- ны өдөр П ажлаа тарж ирэхдээ архи уусан халамцуу байсан бөгөөд урьд оройн хэрүүлээс болоод П надтай хэрүүл хийж, бид хоёр маргалдаж байсан чинь ах Д.Э “чи хоёр шээсээ аваад зайл” гээд хөөсөн. Тэгээд Б.П, Д.Э ах хоёр хоорондоо барьцалдаж аваад Б.П, Д.Э ахыг орон дээр түлхэж унагаад нүүр лүү нь нэг удаа цохиод, дараа нь гадаа хашаанд дахин барьцалдаж, Б.П дахин нэг удаа цохиод би дундуур нь орж салгасан. Харин Д.Э ах цагдаагийн байгуулагад мэдэгдсэн...”, ”...Манай нөхөр Б.П ах Э нар өмнө нь маргалдаж зодолдож байгаагүй тухайн үед ах Д.Э биднийг хөөснөөс болж маргалдсан...”  гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас),

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9233 дугаартай “...Д.Э-гийн биед зүүн хацрын төвгөр, зүүн чихний гэдсэнд шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун доод гуравдугаар шүд унасан гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо ба ир ирмэгтэй  зүйлийн тус бүр нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нэг шүд унасан нь хөдөлмөрийн чадварыг тогтмол 5 хувь алдагдуулна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 18 дугаар хуудас),

5. Шүүгдэгч Б.П-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34 дүгээр хуудас),

6. Шүүгдэгч Б.П нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн  40 дүгээр хуудас),

7. Шүүгдэгч Б.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 5 сараас хадам ах Д.Э-гийн гэрт амьдарч эхэлсэн юм. Би 2018 оны 7 сарын 26-ны өдөр ажлаасаа тарж ирээд эхнэр Д-тай маргалдаад байж байсан чинь Д.Э ах “чи хоёр шээсээ аваад зайл” гэхээр нь миний уур хүрээд Д.Э-гийн нүүр лүү нэг удаа алгадаж, нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Мөн цээж рүү нь нэг удаа өшиглөсөн, дараа нь эрүү рүү нь гараараа нэг удаа цохисон...”, “...Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Харин Д.Э согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрөө байхгүй.

Хохирогч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан гэмтлийн эмчилгээний зардалд 208,860 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх боловч энэ нь төлөгдөөгүй байх тул нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.П-аас 208,860 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Э-д олгох нь зүйтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.П-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Э-гийн биед гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. 

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.П нь хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх Б.П-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Хохирогч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцаанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Б.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.П-аас хохирогч Д.Э-д эмчилгээний зардал болох 208,860 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, бусдад учруулсан хор уршгийн хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд ялтанг цээрлүүлэх, нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б.П-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвбаатарт оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.П-аас 208,860 (хоёр зуун найман мянга найман зуун жар) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Э-д олгосугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.П-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА