| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2020/03657/И |
| Дугаар | 210/ма2022/01953 |
| Огноо | 2022-11-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 210/ма2022/01953
2022 11 04 210/МА2022/01953
Ч.Г-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/02989 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Г-гийн хариуцагч М.Б-д холбогдуулан гаргасан амины орон сууц, газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан түрээсийн орлого 147,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй, амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах, хэлцлийн үнэд илүү төлсөн 575,569,987 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г , түүний өмгөөлөгч Д.М, хариуцагч М.Б, түүний өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1 М.Б-д өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016259 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай 272 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаагаар түрээслэхийг зөвшөөрсөн. Гэтэл уг орон сууцанд 2016 оны 12 дугаар сараас одоог хүртэл амьдарч, орон сууцыг чөлөөлөхгүй, худалдан авахаар амины орон сууц үзэхээр очсон хүнийг оруулахгүй, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг зөрчиж байна.
1.2 Иймд орон сууц, гарааш ашигласан хугацааны төлбөрийг тухайн үеийн ханш болох сарын 2,500,000 төгрөгөөр тооцсон. Нэмэгдүүлсэн шаардлага нь нэхэмжлэл гаргасан 2020 оны 09 дүгээр сараас эхлэн одоо хүртэл хугацаанд орон сууцыг чөлөөлөхгүй хохироож байгаа тул 110,000,000 төгрөг дээр 37,500,000 төгрөгийг нэмж, нийт 147,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр М.Б нь С ХХК -д өөрийн эзэмшдэг хувиас 10 хувийг Ч.Г т шилжүүлж өгсөн. Мөн Г.Хасбаатар өөрийн эзэмшдэг хувиас 20 хувийг шилжүүлж өгснөөр С ХХК -ийн 30 хувийг Ч.Г эзэмших болсон. Г.Хасбаатараас авсан хувьцааны төлбөрт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 54.8 м.кв талбайтай 2 өрөө амины орон сууц өгч үндсэн төлбөрийг төлж байсан. Ч.Г амины орон сууц зарагдахгүй байх тул чи авах уу гээд 2016 оны 12 дугаар сард 350,000,000 төгрөгийн үнээр авахаар амаар харилцан тохиролцож, орон сууцанд нүүж ороод өнөөдрийг хүртэл амьдарч байна.
2.2. С ХХК -ийн 10 хувийн хувьцааг худалдан борлуулж тус мөнгийг гаргая гэсэн. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ч.Г нь М.Б гийн шилжүүлж өгсөн хувьцааг 575,569,987 төгрөгөөр хуралдан борлуулсан. Үүний дараа хэлцлээсээ буцаж орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2.3 Компанийн хувьцааг тухайн үед концессын гэрээ авахаас өмнө үнэд хүрээгүй байсан учраас тодорхой үнэ хэлэх боломж байхгүй байсан. Ирээдүйд компанийн хувьцаа өснө гэдгийг Ч.Г болон М.Б нарт тодорхой хэлж байсан. Тийм учраас аман хэлцлийг тухайн үед хийсэн. Хувьцааг 575,569,987 төгрөгөөр худалдсаны дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар Ч.Г тай тохиролцсон тохиролцоо байсан. Гэтэл түүнээсээ буцаж баримтгүй гэх шалтгаанаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь холбогдох баримтуудаар тогтоогдоно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
3.1 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орон сууцанд орсон. 2020 онд манай компанийн хувьцааны үнэ өссөн учраас Ч.Г т итгэл хүлээлгэж 10 хувийн хувьцааг шилжүүлж, дараа нь С ХХК -ийн 24 хувь, нийт 34 хувийг Ч.Г-гийн нэр дээр эзэмшүүлж, миний хувьцааны 16 хувийг хоорондоо хамтарч худалдана гэж тохиролцсон боловч зөвхөн өөрийнх нь нэр дээр байгаа учраас өөрөө гарын үсэг зурж 10 хувийн хувьцааг 205,000 ам.доллароор худалдан борлуулсан. Уг мөнгийг авснаа хэлээгүй, дараа нь мэдсэн.
3.2 Амины орон сууц худалдан авахаар ирсэн хүмүүсийг оруулаагүй. Учир нь хувьцааг худалдан борлуулж 350,000,000 төгрөгийг төлсөн. Ч.Г бүх мөнгийг нь авч үндэслэлгүй хөрөнгөжсөн атлаа амины орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Баянгол дүүргийн 7 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016259 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай 272 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, 688 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, мөн үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээг М.Б гийн нэр дээр шилжүүлэхийг Ч.Г т даалгуулах, мөн нийт хувьцаа худалдсан үнэ болох 575,569,987 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 М.Б Ч.Г нар компанийн хувьцаагаар амины орон сууц худалдах, худалдан авах ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. М.Б гийн үүсгэн байгуулсан С ХХК нь 2016 оны 09 дүгээр сард бусдад өр төлбөртэй, үл хөдлөх хөрөнгөгүй, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1,000,000 төгрөг, 2 хүний 50, 50 хувийн хувьцаа эзэмшдэг байсан.
4.2 М.Б гийн зүгээс тус компанийн 10 хувийг Ч.Г-гийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлж, хамтран ажиллах санал тавьсны дагуу Ч.Г зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С ХХК -ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Х-ын хувьцааны 20 хувь, мөн 50 хувийн хувьцаа эзэмшигч М.Б гийн хувьцааны 10 хувь нийт 30 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж авах гэрээ хийж хуулийн дагуу бүртгүүлсэн ба үүний дараа Г.Х-рын 30 хувийн хувьцааг нэмж үнэ тохирон худалдан авч 60 хувийн хувьцааг захиран зарцуулах эрхтэй болсон. Энэ талаар Г.Хар мэдүүлэхдээ ...20 хувийн хувьцааг М.Б бид 2 компанийг дэмжиж ажилласан тул үнэ төлбөргүй шилжүүлж, дараа нь 30 хувийн хувьцааг нь худалдсан гэж тайлбарласан.
4.3. Ч.Г нь нийт 60 хувийн хувьцаатай байсан. 24 хувийн хувьцаа нь С ХХК -д хамааралгүй. Ч.Г нь хувьцааг Т.Ч, Ч.Х нарт худалдсан нь 10 хувийн хувьцааны асуудал болохоос биш М.Б , Ч.Г нарын хооронд хамааралгүй. Ч.Г нь С ХХК -ийн бүх үйл ажиллагаанд нь оролцож нийт 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж ажилласан талаар нотлох баримтууд гаргаж өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016259 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай 272 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс 147,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч М.Б гийн нэхэмжлэлтэй Баянгол дүүрэг 7 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 1625/004618639311017229 дугаар бүхий 688 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар болон Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016259 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай 272 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 575,569,987 төгрөг гаргуулах тухай Ч.Г т холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,123,600 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,334,130 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г т олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1 Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн. М.Б гийн хууль бус эзэмшлээс амины орон сууцыг чөлөөлүүлэхээр 2020 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч үүнээс хойш М.Б нь орон сууцыг чөлөөлөхгүй хууль ёсны өмчлөгч Ч.Г ийг гомдоож, хохироон дахин гэм хор учруулсаар байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тухайн орон сууцыг бусдад түрээслүүлэн олох ёстой байсан орлого болох 47,500,000 төгрөгийг нэхэмжилсэн.
6.2 М.Б г орон сууцанд суулгахаас өмнө бусдад сарын 2,500,000 төгрөгөөр түрээслүүлж байсан тухай гэрээ, төлбөрийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг бүрэн хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн 47,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
7.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь тус орон сууцыг 2016 онд компанийн хувьцаагаар худалдан авахаар харилцан тохиролцож, тухайн орон сууцанд орсон. 2016 оны 06 дугаар сараас хойш 6 жил тус орон сууцанд амьдарч байгаа.
7.2 Ч.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр М.Б гаас С ХХК -ийн 10 хувийн хувьцааг шилжүүлэн авч, орон сууцанд оруулж, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10 хувийн хувьцааг М ХХК-д 575,569,987 төгрөгөөр худалдсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл шүүхэд гаргасан. Тус орон сууцыг манай зүгээс худалдан авсан гэж үзэж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах гомдол үндэслэлгүй байх хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
8. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1 Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4, 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасныг зөрчсөн.
8.2 М.Б С ХХК -ийн өөрийн эзэмшлийн 34 хувийн хувьцаанаас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10 хувийн хувьцааг, дараа нь үлдсэн 24 хувийн хувьцааг, нийт 34 хувийн хувьцааг Ч.Г т үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгсөн. Ч.Г 10 хувийн хувьцааны төлбөрт 350,000,000 төгрөгөөр тооцож өөрийн өмчлөлийн амины орон сууцыг М.Б-д өгөхөөр тохиролцсон. Ч.Г С ХХК-ийн өөрийн эзэмшлийн 14 хувийн хувьцааг Т.Ч-д шилжүүлж, хувьцааны төлбөр болох 205,005 ам.доллар буюу 575,569,987 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр авсан. Ч.Г өөрийн өмчлөлийн амины орон сууцны өмчлөх эрхийг М.Б-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч тохиролцоондоо хүрэлгүй хувьцаа худалдсан мөнгө болон амины орон сууцтай үлдэж байгаа нь шударга бус юм. Хувьцаа худалдсан 575,569,987 төгрөгөөс амины орон сууцны 350,000,000 төгрөгийг хасахад 225,569,987 төгрөгийн зөрүү гарч байна. Иймд, амины орон сууцны өмчлөх эрх, зөрүү 225,569,987 төгрөгийг М.Б шаардах эрхтэй.
8.3 Анхан шатны шүүх ...үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж... хэмээн шийдвэрлэхдээ тухайн орон сууцанд М.Б 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа, Ч.Г нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн нотолж байгаа, М.Б үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргасан ба үүнтэй холбогдох нотлох баримтууд болох М.Б гийн С ХХК -ийн өөрийн эзэмшлийн 34 хувийн хувьцаанаасаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10 хувийг, дараа нь үлдсэн 24 хувийг, нийт 34 хувийн хувьцааг ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлж өгсөн зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн талаар ямар нэг дүгнэлт өгөөгүй.
8.4 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 492 дугаар зүйлд заасан заасан асуудлаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй. Мөн М.Б маргааны зүйл болох амины орон сууцанд гэр бүлийн хамт оршин суудаг бөгөөд гэр бүлийн гишүүдийг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Иймд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдүүд бүгд оролцсон гэж үзэх үндэслэлгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 0526 дугаар магадлал, гэрч Г.Хасбаатар Т.Чулуунхүү нарын мэдүүлэг зэргээр Ч.Г С ХХК -ийн хувьцаануудыг бусдаас төлбөртэйгөөр шилжүүлэн авч байсан нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
9.1 Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлж дүгнэсэн. М.Б , Ч.Г-гийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.
9.2 М.Б , Г.Х нар нь С ХХК -ийн санхүүгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх зорилгоор надтай тохиролцож, М.Б 10 хувь, Г.Х 20 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлсэн. Улмаар Г.Х дахин 20 хувийн хувьцааг надад худалдаж, миний бие тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Энэ үеэс хойш М.Б нь миний гарын үсгийг дуурайлган зурж, хувьцааг бусдад шилжүүлсэн. Мөн компанийн үйл ажиллагаанд оролцох, өр төлбөрийг барагдуулах, тендерт оролцох, төлбөрийн чадвар сайтай гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах, ажлын байраар хангах зэрэг үйл ажиллагааг явуулж, ямар үр дүнд хүрсэн талаарх холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ талаар хариуцагч үгүйсгээгүй.
9.3 М.Б нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн, түүний дараагаар Ч.Г т 24 хувийн хувьцааг Ч.Г т үнэ төлбөргүй шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Харин хувьцаагаа өөр этгээдэд худалдсан байдаг. Тухайн орон сууцыг худалдахаар худалдан авах сонирхолтой этгээдүүдэд үзүүлж байсан бөгөөд 2020 онд хувьцааг худалдсанаас хойш орон сууцыг чөлөөлөхгүй миний өмчлөх эрхийг зөрчиж байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн зэрэгцээ маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар гаргасан зохигчдын давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч М.Б-д холбогдуулан амины орон сууц, газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан түрээсийн орлого 147,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах, хэлцлийн үнэд илүү төлсөн 575,569,987 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж маргажээ.
4.1 Уг хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хэргийн нөхцөл байдал тодорхой бус, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Учир нь талуудын маргааны зүйл буюу амины орон сууцны үнэ тодорхой бус бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар амины орон сууц, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох учиртай.
4.2 Талууд тухайн үед хэлцэл хийгдэж байсан гэх 2016 оны 09 дүгээр сард болон шүүхэд нэхэмжлэл гаргах үед тухайн амины орон сууцны үнэ ханш ямар байсан эсэх нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ. Учир нь хариуцагчийн зүгээс 350,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгө гэх агуулгаар тайлбарласан боловч нэг талын тайлбарыг үндэслэн маргааныг шийдвэрлэх, уг амины орон сууцны үнийг тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үнэ тодорхой байх ёстой.
4.3 Дээрх үнийг тодорхойлохтой холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар тухайн хөрөнгийг үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Гэтэл анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байдал улсын тэмдэгтийн хураамжийг зөв төлсөн гэж үзэх үндэслэлгүй.
4.4 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилан хариуцуулж шийдвэрлэдэг. Ийнхүү хуваарилан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд амины орон сууцны үнэ тодорхойгүй байхад уг зардлыг хуваарилан шийдвэрлэх боломжгүй байна.
4.5 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн удирдан чиглүүлж байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодруулах нь зохигч талууд маргааны зүйлийн талаар зөв мэтгэлцэх, улмаар хэргийн үйл баримтыг зөв тогтооход ач холбогдолтой байдаг.
5.1 Хариуцагч М.Б нь С ХХК -ийн 34 хувийн хувьцааг Ч.Г-гийн эзэмшилд шилжүүлсэн, мөн хариуцагч нь 2016 оны 12 дугаар сараас хойш нэхэмжлэгчийн өмчлөлийн амины орон сууц, газрыг бодитойгоор эзэмшиж, ашиглаж байгаа зэрэг нөхцөл байдлаас үзэхэд талуудын хооронд хэлцэл хийгдсэн эсэх үйл баримт ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байх тул уг асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй.
5.2 Эдгээр нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, улмаар холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэнэ. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/02989 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 395,450 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ЦОГТСАЙХАН