Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0635

 

 

 

 

Х.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0623 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Д-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0623 дугаар шийдвэрээр: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т тус тус заасныг баримтлан Х.Д-ийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Х.Д-г албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай б/346 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулж, цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил, нийт 22.6 жил, төрийн албанд нийт 24.11 жил ажилласныг тогтоолгох, нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан аль шийдвэрийн төрөлд хамаарч байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Энэ үед Х.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 02 сарын 20-ны өдрийн б/69 дүгээр тушаалаар албан тушаалаас халагдаж, 2003 оны 03 сарын 06-ны өдрийн б/186 дугаар тушаалаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээр /энгийнээр/ томилогдсон болно” гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлага болон нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт болсон байна. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 02 сарын 20-ны өдрийн б/69 дүгээр тушаалаар албан тушаалаас халагдсан нь хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд тус албан тушаалд эргүүлэн томилохдоо энгийнээр томилсон нь цэргийн албанд ажилласан хугацааг тогтооход нөлөөлсөн гэсэн шаардлагад шүүх дүгнэлт өгөөгүй болно. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн томилогдохдоо энгийнээр томилсон тушаалд гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн зөвхөн энэ үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тухайн хөөн хэлэлцэх хугацааны талаар шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт огт дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан байна.

2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2018 оны 03 сарын 28 өдрийн б/346 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа цэргийн албанд ажилласан хугацааг үндэслэлгүйгээр багасгасан нь нэхэмжлэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ зэрэгт нөлөөлж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэсэн үндэслэлийг дурдсан байхад, дээрх шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч маргаан бүхий актыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ... б/346 дугаар тушаалыг илт хууль бусад тооцох үндэслэл байхгүй ба ... цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэснийг зөрчөөгүй байна” гэж, мөн үндэслэх хэсгийн 2-т “нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д... ” гэж тус тус үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь цэргийн албанд ажилласан хугацаа, оногдох нэмэгдэл зэргийг хариуцагч үндэслэлгүй бууруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга, шаардлагадаа тусгасан мөн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа дурдсан байхад анхан шатны шүүх эдгээрт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн болно.

Тухайлбал, нэхэмжлэгч нь тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр 1997 онд томилогдож 2004 он хүртэл ажилласан байхад тус хугацааны цэргийн цолны болон хоригдолтой ажилласан нэмэгдлийг олгоогүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагад шүүх дүгнэлт өгөөгүй юм. Шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасныг үндэслэсэн боловч хурлын тэмдэглэлд тусгагдаагүй, мөн шүүгчээс тогтоол танилцуулахдаа энэ зохицуулалтыг хэрэглээгүй болно.

3. Захиргааны хэргийн шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд нэхэмжлэлээ ямар хэлбэр, агуулга, бүрдүүлбэртэйгээр хэрхэн гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зааж өгсөн тул шүүх нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгчийн захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, хариуцагч нь акт гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага, утга болон нотлох баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд шаардагдах захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага зүй ёсоор тавигдана.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хамт ажиллаж байсан албан хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргах тухай хариуцагчийн тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэхүү нотлох баримтын дагуу тус албан хаагчийн ажилласан байдлын тухай нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг 2018 оны 09 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргахад шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь хурлын тэмдэглэлд тусгагдаж 128/Ш32018/6163 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Тухайн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан боловч нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захирамжид дурдаагүй байна. Нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтэд, нэг байгууллагад, адил албан тушаалд, адил хугацаанд ажиллаж байсан албан хаагчийн энгийнээр ажилласан бүх хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулж, цэргийн алба хаасан бүрэн тэтгэвэр тогтоож өгсөн нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх гэсэн төрийн албаны үндсэн зарчмыг зөрчиж нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэлээр хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр татгалзаж, тухайн хүсэлтээ хангуулах боломжийг хязгаарлаж, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Д нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Х.Д-г албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай Б/346 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулж, цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил, нийт 22.6 жил, төрийн албанд нийт 24.11 жил ажилласныг тогтоолгох, нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг үндэслэн Х.Д-г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас нь цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, түүнийг цэргийн албанд биеэр 10 жил 03 сар 29 хоног, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл 02 сарыг нэмж тооцон, цэргийн албанд нийт 10 жил 05 сар 29 хоног ажилласнаар тооцож, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад олгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд цэргийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөхөөр гарсан маргаан бүхий захиргааны акт болох Б/346 дугаар тушаал илт хууль бус биш юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, шүүхийн дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/346 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж дүгнэх үндэслэл, нөхцөл тогтоогдоогүй байх тул шүүхээс илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй.

Тодруулбал, утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь тухайн захиргааны актыг эрх зүйн мэдлэггүй, ердийн хүн хараад хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийхүйц байх шаардлагатай. Түүнчлэн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг нь хувийн болон нийтийн эрх зүйн аль ч салбарт бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй гэсэн эрх зүйн үндсэн зарчимд нийцсэн байхыг ойлгоно.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Х.Д-г албан тушаалаас чөлөөлж, цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай” Б/346 дугаар актыг дээрх тайлбарт тодорхойлсон байдлаар дүгнэх боломжгүй байна.

Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий акт “илт хууль бус” байх шинжийг агуулсан эсэхэд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгчийн “...цэргийн албанд ажилласан хугацаа, оногдох нэмэгдэл зэргийг хариуцагч үндэслэлгүй бууруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга, шаардлагадаа тусгасан мөн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа дурдсан байхад анхан шатны шүүх эдгээрт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн...” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Нөгөөтэйгүүр, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч ... эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Х.Д-ийн тухайд уг хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь цэргийн байгууллагад 10 жил 05 сар 29 хоног ажилласан байх тул 36 сарын тэтгэмж авах эрх үүсээгүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн “тогтоох” хэсэгт бичвэрийн болон хууль хэрэглээний алдаа байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0623 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5/, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д-ийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Х.Д-г албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай” Б/346 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулж, цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20 жил 8 сар, нэмэгдэл 1 жил 10 сар, нийт 22 жил 6 сар, төрийн албанд нийт 24 жил 11 сар ажилласныг тогтоолгох, нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР