Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/0424

 

 Д.Э, “Э” ХХК, “Б” ХХК,

 “Э” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК,

“Э” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Баянзүрх

 дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                  Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                     Г.Банзрагч,

                                                М.Батсуурь,

                                                Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:            Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 25 дугаар бүхий “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/”-ыг тогтоосон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10ий өдрийн 128/ШШ2020/0403 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 499 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.Э, “Э” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, нэхэмжлэгч  “Э” ХХК-ийн өмгөөлөгч Ж.С нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10ий өдрийн 128/ШШ2020/0403 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн  3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Д.Э, “Э” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК-иудаас гаргасан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2. “Ж” ХХК, “Ж” ХХК-иуд нь шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаанд нэхэмжлэлээ дэмжиж ирүүлээгүйг, иргэн О.Бнь өөрийн газар ашиглах эрхээ Т ХХК-д шилжүүлснээр тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх уг татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 499 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.  

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Д.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 403 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 499 магадлалыг нэхэмжлэгч  Э” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

4. “Э” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашигладаг бөгөөд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолын дагуу манай газрын төлбөр 7 дахин нэмэгдсэн. Шүүхээс манай компани нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож, хэргийг шийдвэрлэсэн гэдгийг шүүхийн шийдвэрийг бичгээр гарсны дараа олж мэдлээ. Учир нь анх нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ тодорхойлохдоо хавсралт-1-д заасан хилийн зааг, бүсийг өөрчлөх гэж тодорхойлсон, гэхдээ нэхэмжлэгч талын зүгээс үүнээс хойш төлбөрийг тогтоосон 2 дугаар хавсралтыг мөн үндэслэлгүй гэж үзэж байгаа гэдгээ шүүх хуралд тодорхой хэлсэн байдаг. Гэтэл манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн хилийн бүс, заагтай холбоотой асуудлаар хязгаарлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

5. Шүүхээс үндэслэлээ тайлбарлахдаа Газрын төлбөрийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэр, нутгийн удирдлагын тухай хуулийг зохицуулалтыг тайлбарлаж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газрын төлбөрийг тогтоох эрхтэй талаар тайлбарлажээ. Анхнаасаа манай нэхэмжлэгч талууд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөрийг тогтоох эрхгүй гэж огт маргаагүй, энэ тал дээр талууд огт маргаагүй билээ. Маргаан бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн олгосон эрх хэмжээ, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан журам, бодитой судалгаа, тооцооллын үндсэн дээр шийдвэр гаргасан уу, эсхүл санаатайгаар тухайн Богд-Уулын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөрийг өндрөөр тогтоож бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгох зорилготой байсан уу.

6. Захиргааны хэргийн шүүхээс хэргийн нотлох, тал бүрээс нь үндэслэлтэйгээр шийдвэрлэх тал дээр огт анхаараагүй гэдэг нь шүүх хурлын мэтгэлцээний шатанд тодорхой болсон. Тухайлбал, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч нарын асуултад огт хариулаагүй 1 дүгээрт нөлөөллийн шинжилгээг хэрхэн хийсэн, хийхдээ хуульд заасан шаардлагыг яагаад хангаагүй вэ, хэн боловсруулж, ямар судалгааны үндсэн дээр боловсруулав, хэзээ боловсруулав 2 дугаарт маргаан бүхий Богд-Уулын дархан цаазат газарт газар ашиглаж буй иргэдтэй яагаад сонсох ажиллагааг хийгээгүй вэ гэх асуултад хийсэн гэх боловч баримт огт байхгүй байдаг. Шүүхэд хариуцагчаас ирүүлэн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн тайлбар хийж байхад шүүгч нотлох баримтын шаардлага хангасан баримт байгаа эсэхийг огт тодруулж судлаагүй, үзлэг хийх, өөр бусад байдлаар нотлох баримт цуглуулах ажиллагааг огт хийгээгүй хайнга хандсан, мөн шүүх хурал дээр худал тайлбар гаргаж байхад энэ талын үнэн зөв, бодит нотолгоог цуглуулах тал дээр огт ажиллаагүй, шүүх хуралд ямар ч бэлтгэлгүй оролцсон нь нэхэмжлэгч бидний хувьд туйлын гомдолтой, шүүх эрх мэдлийн хэрэгжүүлж буй албан тушаалтнууд хариуцлагатай хандаж байх шаардлагатайг харуулсан.

7. Захиргааны ерөнхий хуульд Захиргааны хэм хэмжээний акт гаргах, Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх, Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах зэрэг хуулийн шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 61.4.3.акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох; /улсын хэмжээнд хамгийн өндөр татвар төлөх болоод байгаа.

8. Захиргааны ерөнхий хуулийн 61.4.4.хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх гэсний дагуу эдийн засаг нийгмийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийгээгүй, тусгай хамгаалалтай газар нутагт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг цаашид үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэн явуулах боломжгүй эдийн засгийн хүнд нөхцөлд оруулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйл 61.4. Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ. Захиргааны ерөнхий хуулийн 61.6.Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалын баталсан байдаг. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нөлөөллийн шинжилгээг боловсруулах аргачлал байдаг эсэхийг ч бараг мэдэхгүй, нэхэмжлэгч нараас асуусан асуултыг огт ойлгохгүй мэтгэлцээн явагдах ямар ч боломж байгаагүй. Учир нь хариуцагч нь мэдвэл зохих хууль тогтоомжийг огт ойлгож хэрэглэж чадахгүй байхад шүүгч үндэслэлтэй мэт хүлээн авч шийдвэрлэсэн тул. Аргачлалын 1 дүгээр зүйл 1.4.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 1.4.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах. 2 дугаар зүйлийн 2.1.4.6. Аль нэг аж ахуйн нэгжид, ялангуяа зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болох эсэх; 2.1.4.8. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх, зэрэг асуултуудад огт хариулаагүй бөгөөд нөлөөллийн шинжилгээ хийхдээ өгсөн хариултууд нь зөвхөн нэг талыг баримталсан өөрсдийн эрх ашгийг хамгаалсан шинжтэй байна. Нөлөөллийн шинжилгээ хийж байгаа гол шалтгаан нь тухайн захиргааны хэм хэмжээний актыг баталснаар бусдын эрх ашиг хэрхэн хөндөгдөх, иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагаа гэж үзэж байна.

9. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ үйл ажиллагааг хариуцлагагүй дутуу дулимаг хийсэн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 болон Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалын 2 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй байна. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийт 30 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан гэдэг ч хангалттай хэмжээнд хэлэлцүүлгийн зараа мэдээлж чадаагүйгээс тус дүүргийн тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулдаг 25 дугаар тогтоолын дагуу хамгийн өндөр татвар төлөх иргэн аж ахуйн нэгжүүд оролцож чадаагүй.

10. Ерөнхийдөө шүүх хурал нөлөөллийн шинжилгээг хууль ёсны дагуу хийсэн үү, хэлбэрийн төдий хийсэн үү гэдэг тодруулахаар мэтгэлцсэн, гэтэл шүүгч шийдвэрийнхээ үндэслэлд огт нөлөөллийн шинжилгээг дурдаагүй байна. Учир нь Баянзүрх дүүргийн боловсруулсан нөлөөллийн шинжилгээ нь үнэндээ илт хэлбэрийн төдий, анхан шатны хуулийн мэдлэг ойлголтгүй, судалгаагүйгээр зохиосон ойлгомжгүй баримт шүүхэд ирүүлсэн. Гэтэл ийм зохиомол баримтыг шүүх үнэлдэг, Хууль зүй, дотоод хэргийн яам нь нөлөөллийн шинжилгээг хуулийн дагуу хийсэн гэж үзэж бүртгэж авсан. Үүнээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал зохицуулалтыг орон нутгийн захиргааны байгууллагууд огт ойлгодоггүй юм байна, тэр дундаа Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам маань мөн ойлгож хэрэгжүүлж чадахгүй байгаа юм байна, анхан шатны шүүх мөн ойлгож хэрэглэж чадахгүй байна гэж үзэж нэхэмжлэгч бид давж заалдах шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүй нөхцөл үүслээ. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг нэхэмжлэгч бидэнд ойлгомжтой, хууль зүйн үндэслэлтэй гаргаж ирвэл бид ойлгоно. Гэтэл шүүхийн шийдвэрийг уншаад яг ямар үндэслэлээр манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод байгаа нь ойлгомжгүй байна.

11. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 403 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 499 магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг буцааж шаардлагатай бүх нотлох баримтыг цулуулсаны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлүүлэх боломжийг олгож өгөхийг хүсч байна.” гэжээ.

12. Нэхэмжлэгч Д.Э, “Э” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0403, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 499 дугаар магадлалыг нэхэмжлэгч иргэн Д.Э, Б ХХК, Э ХХК, Т ХХК, Э ХХК, Э ХХК нарын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

13. Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богдхан-Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашигладаг бөгөөд Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын дагуу 6 дугаар бүсэд хамрагдан м2 тутамд 2880 төгрөг төлөхөөр болсон байдаг.

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс магадлал гаргахдаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолоор 6 дугаар бүсэд орсноор хэт өндөр татвар төлөх болсон тухай нэхэмжлэл болон хуралдааны явцад шүүхэд тодорхой тайлбарласан байдаг. Үүний гол шалтгаан нь нэхэмжлэгч нарын мэдэх эрх зөрчигдсөнтэй холбоотой бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд хамгийн өндөр татвар төлөхийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 62.2-ын дагуу эдгээр эрх ашиг нь хөндөгдөх бүлгийн дунд хэлэлцүүлэг заавал хийх ёстой байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримтууд илт хууль бус алдаатай, нүд хуурсан байх бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлж тайлбарласан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан хуулийн шаардлага хангахгүй нүд хуурсан хариуцагчийн тайлбар нотлох баримтыг үнэлэн шийдвэр гаргаж буйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс бүртгэлтэй маргаагүй гэдэг шалтгаанаар дүгнэлт хийхээс татгалзсан байна. Захиргааны хэм хэмжээний акт гаргах журам нь Захиргааны ерөнхий хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 тоот тушаалын дагуу эрх ашиг нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийсэн байхыг шаарддаг. Гэтэл хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтаар Баянзүрх дүүргийн нийт 28 хорооноос нэхэмжлэгч нарын ашиглаж буй газар байх 11 дүгээр хорооны хэлэлцүүлэг хийх тухай тов болон хэлэлцүүлэг хийсэн тэмдэглэлийн хуралдааны цаг илт зөрүүтэй, зөвхөн 11 дүгээр хорооны хэлэлцүүлэгт оролцсон иргэд, аж ахуйн нэгжийн гарын үсэг байхгүй байдаг. Гэтэл шүүхээс хуулийн дагуу хэлэлцүүлэг зохион байгуулж 68 иргэн оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн тогтоогдож байна гэж үзжээ. Нотлох баримтаар тогтоогүй зүйлийг үнэлэн үндэслэлгүй шийдвэр гарган нэхэмжлэгчдийн эрхийг зөрчиж байна.

15. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д зааснаар “Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурин газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчид өөрийн төлбөр тооцох бүсчлэлийг 6-р бүсээр бус Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор тосгоны “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” гэсэн ангиллаар тогтоосон 9-р бүсэд хамруулах ёстой гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад оруулснаас хамааран 6-р бүсэд хамаарах төлбөр тогтоогдож байгаа нь нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа юм.

16. Нэхэмжлэгчдийн зүгээс 6-р бүсийн хилийн заагийг өөрчлүүлэх бус аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг 6-р бүсэд хамаатуулан тухайн бүсэд оногдох төлбөр нэхэмжилж байгаад гомдол гарган нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан болно. Газрын тухай хуулийн холбогдох хуулийн заалтыг харгалзахгүйгээр хууль зөрчсөн хэм хэмжээний актыг анхнаасаа гаргах ёсгүй акт бөгөөд аливаа хэм хэмжээний акт нь хуульд нийцсэн байх зарчимд тохирохгүй акт гэж үзэж буй тул нэхэмжлэгчид уг захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус акт гэж үзэж байгаа болно.

17. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны байгууллагын хувьд Захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтууд болох 61 дүгээр зүйлийн 61.4.3ахиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ: 61.4.3 акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох; 61.4.4.хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх; 61.6. Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

18. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалын 2.1.Нөлөөллийн шинжилгээнд Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан дараахь нөхцөл байдлыг тусгаж, түүнд хариулт өгөх байдлаар хийнэ: 2.1.3 акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох, Тухайн захиргааны хэм хэмжээний актын улмаас нийгмийн ямар бүлэг, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг явуулна. 2.1.4 хүний            эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх; 2.1.4.1.Ялгаварлан гадуурхсан эсхүл аль нэг бүлэгт давуу байдал үүсгэх эсэх; Хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөрөгдөл бий болох эсэх; 2.1.4.6 Аль нэг аж ахуйн нэгжид, ялангуяа зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болох эсэх; 2.1.4.7 Төрийн байгууллага болон бусад иргэн, хуулийн этгээдэд захиргааны шинж чанартай нэмэлт ачаалал бий болох эсэх; 2.1.4.8 Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх; 2.1.4.9.Эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд ямар нэгэн саад хориг тогтоох эсэх, хэрэв тийм бол тэр нь хуульд нийцсэн эсэх; 2.1.4.10.Хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөх эсэх; гэсэн асуултуудад хариулан нөлөөллийн шинжилгээг хийх ёстой байтал зөвхөн нэг талын баримталсан дүр үзүүлсэн нөлөөллийн шинжилгээ хийсэн байдаг.

19. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэснийг огт хэрэгжүүлээгүй нэхэмжлэгч нарыг хэлэлцүүлэгт оролцох боломжоор хангаагүй гэж үзэж байна. Хариуцагчаас өөрсдийн албан ёсны мэдээллийн интернет хуудсаар дамжуулан мэдээлсэн гэх боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байдаг. Гэтэл шүүх үүнийг харгалзалгүйгээр бусад нотлох баримтын шаардлага хангаагүй баримтын хамт шаардлага хангасан гэж үзэж шийдвэр гаргасан нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Дүүргээс зохион байгуулсан гэх хэлэлцүүлгийн талаар мэдээлэл авах боломжоор хангаагүй, хэлэлцүүлэгт оролцох хугацааны боломж олгоогүй нь нотлох баримтаас харагдаж байхад шүүхээс үүнийг үл харгалзан шийдвэр гаргажээ.

20. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0403 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 499 магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг буцааж шаардлагатай бүх нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлүүлэх, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах боломжийг олгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Нэхэмжлэгч иргэн Д.Э, “Э” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК-иудаас “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 25 дугаар бүхий “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/”-ыг тогтоосон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, нэхэмжлэгч “Э” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК-иас “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж, үндэслэлийг “...Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д заасныг хэрэглээгүй, ...иргэн, аж ахуйн нэгжийн ашиглаж буй газрын инженерийн хангамж, ашиглалтын зориулалтыг тооцож үзээгүй, аялал жуулчлалын зориулалтаар зам, дэд бүтэцгүй газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд эдийн засгийн хохирол учруулж, газрын үнэлгээг огцом нэмэгдүүлж тогтоосон, ...Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д заасныг зөрчиж захиргааны акт гаргах ажиллагаанд бидний төлөөлөлийг оролцуулаагүй, энэ тухай мэдэгдээгүй...” гэж тодорхойлон маргасан байна.

22. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “д”, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаар”-ыг тогтоожээ.

23. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад Газрын төлбөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна.

24. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, 7 дугаар зүйлийн 2-т “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно”, 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно”, 7-д “Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно” гэж тус тус хуульчилсан.

25. Мөн, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор, Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  1, 3, 7 дугаар зүйлийн 2, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоосон байх бөгөөд тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, 1 га газрын суурь үнэлгээг баталж, “худалдаа бүх төрлийн үйлчилгээ”-ний зориулалттай газрыг 6 дугаар бүсэд хамааруулж, нэг га газрын суурь үнэлгээг 960.0 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд тайлбарт хэсэгт “худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар газар ашиглах” гэдгийг ...амралт сувилал, аялал, жуулчлалын үйлчилгээний зориулалттай газар гэж ойлгохыг заасан, энэхүү тогтоолтой хэргийн оролцогчид маргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газар нь Засгийн газрын дээрх тогтоолоор газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн 6 дугаар бүсэд хамаарч байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар, Засгийн газрын 182 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч нарын ашиглаж буй газрын төлбөрийн үнэлгээний бүсийн зааг, хязгаарыг 6 дугаар бүсэд хамруулан зураглаж, 1 м.кв газрын үнэлгээг 960 төгрөгөөр тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

26. Түүнчлэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан хэлэлцүүлэг хийсэн тухай илтгэх хуудас, хэлэлцүүлгийн тэмдэглэлүүд, ирцийн бүртгэл зэрэг баримтуудаас үзэхэд хариуцагч нь маргаж буй захиргааны хэм хэмжээний актыг батлахаас өмнө Баянзүрх дүүргийн хороодын иргэний танхимаар дамжуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, өөрийн байгууллагын цахим хуудсаар нийтэд мэдээлсэн нь тогтоогдож байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нарын энэ үндэслэлээр гаргасан “...газар ашиглагч иргэн, ААН-ээс төлөөлөл оролцуулаагүй, энэ тухай мэдэгдээгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

27. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Д.Г, бусад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0403 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19ий өдрийн 499 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлсөн 70200 төгрөг, бусад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧ                                                                          Б.МӨНХТУЯА