Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 44

 

 

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөлөөгч Д.Лхамсүрэн.

          Хариуцагч: Сагил сумын сонгуулийн хороо.

          Гуравдагч этгээд: Иргэн У.Цэцэгбал.

    Нэхэмжлэлийн шаардлага: Сагил сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хэсгийн хэмжээнд бүхэлд нь хүчингүйд тооцохыг Сагил сумын сонгуулийн хороонд даалгах тухай.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн, хариуцагч Сагил сумын сонгуулийн хорооны дарга Г.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Б.Болормаа, гуравдагч этгээд У.Цэцэгбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөлөөгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сагил сумын сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь.

     Иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх дэх заалтаар олгогдсон эрхийнхээ дагуу Сагил сумын Ардчилсан намаас сумын сонгуулийн хороонд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх хэсэгт заасныг шийдвэрлэж өгөх тухай өргөдөл гаргасан. гэтэл сумын сонгуулийн хороо нь бидний өргөдөлд дурьдсан үндэслэл нотлох баимтанд хууль зүйн чадамжтай хариулт өгч чадаагүй тул Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4, 111.4.1 дэх заалтыг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

         Сонгуулийн тухай хуулийн дараах заалтууд зөрчигдөн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна.

      1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтаар сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаандаа, нэгдсэн журмаар эхлэх дуусах зарчмыг тодорхойлсон. Энэ зарчмыг мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтанд санал авах өдрийн ажиллагааг Улаанбаатарын цагаар 07:00 цагаас 22:00 цагт, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг санал авахын өмнөх өдөр 09:00 цагаас 20:00 цагийн хооронд явуулахаар мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх заалтаар товлосон байна. Гэтэл сонгуулийн 1169 дүгээр хэсэгт зохион байгуулагчаар ажилласан С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар өөрийн хариуцлагагүй байдлаас 90 дүгээр зүйлийн 90.1.5-д заасны дагуу 1169 дүгээр хэсэгт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгч чадалгүй дараагийн өдөр 1173 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгснөөр мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2.1 дэх заалт, 103 дугаар зүйлийн 103.1.5 заасан зөрчил гаргасан гэж үзэж байна.

         Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5-д заасны дагуу гарсан СЕХ-ны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 2.7 дахь заалтын дагуу санал өгөх сонгогчдын үндсэн нэрийн жагсаалтын тайлбар хэсэгт С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр тэмдэглэсэн байхаар журамласан байна. Журмын 2.8-д байнга оршин суугаа газар болох 1173 дугаар хэсгийн сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасагдсан байхаар журамласан байна.

         2. Сагил сумын сонгуулийн 1169 дүгээр хэсгийн зохион байгуулагч С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар санал авах өдөр ажлын байраа орхин явсан тул Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дахь заалт зөрчигдсөн гэж үзэж байна.. Нөгөө талд нь 1169 дугаар хэсэг хоёр зохион байгуулагчгүйгээр санал хураалт явуулж мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5 дахь заалт зөрчигдсөн гэж үзэж байна.

          3. 1169 дүгээр хэсгийн ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуу зохион байгуулагч С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарт ажпын байраа орхиж явах зөвшөөрөл олгож бичиг хийж өгсөн. 1169 дүгээр хэсгийн ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуугийн хууль бус бичгийг сумын сонгуулийн хорооны дарга Г.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Н.Бадмаараг нар дэмжиж 1173 дугаар хэсгийн ахлах зохион X.Намжилмаад хууль зөрчих үүрэг өгсөн. X.Намжилмаа хууль бус үүрэг даалгавар биелүүлсэн зэрэг нь зохион байгуулалтай бүлэглэсэн шинж агуулж сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь хууль зөрчин санал өгснөөр МАН-аас нэр дэвшигч X.Сайнбаяр 187, МАН-аас нэр дэвшигч У.Цэцэгбал 186, АН-аас нэр дэвшигч Г.Азжаргал 185 сонгогчийн санал авсан байна. Үүнээс С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарын санал нь МАН-аас нэр дэвшигч X.Сайнбаяр, АН-аас нэр дэвшигч Г.Азжаргал нарын сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна.

 Нотлох баримт:

        1. Дээрх хоёр зохион байгуулагчийг ажиллаж байсан хэсгийн санал авах байрнаас нь Х.Сайнбаярын авга ах , МАН-ын гишүүн Г.Машбаяр нь өөрийн машинаар авч ирж саналыг нь өгүүлсэн, улмаар Х.Сайнбаярын төрсөн дүү Х.Адъяа өөрийн машинаар ажиллаж байсан санал авах байранд нь хүргэж өгсөн байна.

    2. Сонгуулийн сурталчилгааны хугацаа бага байсан тул АН-аас нэр дэвшигчид бид зарим сонгогчдынхоо гэрээр орж биднийг дэмжиж өгөөч гэж бодлого зорилгоо танилцуулж чадаагүй. Орж чадаагүй айлуудын нэг бол угаасаа бидний төлөө саналаа өгөхгүй нь тодорхой бидний өрсөлдөгч X.Сайнбаяр ба түүний эхнэр Б.Цэцэгмаа нар байсан юм. Тиймээс Б.Цэцэгмаа нь 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч 5 хүнд санал өгсөн гэж үзэх үндэслэл болно.

        3. Б.Цэцэгмаа нь хамт ажиллаж байсан сонгуулийн зохион байгуулагч С.Өлзийнямыг нэг машинд авч ирсэн тул С.Өлзийням саналаа мөн МАН-аас нэр дэвшсэн 5 хүнд өгсөн гэх үндэслэл болно. Хэрэв С.Өлзийням МАН-аас нэр дэвшигчдэд саналаа өгөхөөргүй байсан бол Б.Цэцэгмаа нь С .Өлзийнямыг нэг машинд багтааж авч ирэхгүй нь тодорхой юм.

         4. Урьд нь МАН-ын гишүүн байсан одоо МАН-ын идэвхтэй дэмжигч болох сонгуулийн хорооны дарга Г.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Н.Бадмаараг, Г.Пүрэвсүрэнгийн эхнэр 1173 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч Х.Намжилмаа, 1169-р хэсгийн ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуу нар нь Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарыг МАН-аас нэр дэвшигчдэд санал өгүүлэхийн төлөө хууль зөрчсөн илэрхий үйлдэл хийж үйл ажиллагаа явуулснаар Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

      5. МАН-ын угшилтай, АН-ыг ил далд муулж бидэнтэй таагүй харилцдаг дээрх хүмүүс АН-аас нэр дэвшигч бид нарт санал өгөх гэж хуулийг уландаа гишгэн, бүлэглэсэн шинжтэй зүтгэхгүй гэдэг бодит үнэнийг анхааралдаа авна гэдэгт найдаж байна.

        Энэхүү хууль зөрчсөн гэж үзэх баримт нь Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарыг МАН-аас нэр дэвшигчдэд саналаа өгснийг нотлож байна. Хэрэв энэ хоёр хүн хууль, ёс зүйгээ дээдлэн санал хураалтанд оролцоогүй бол МАН-аас нэр дэвшигч Х.Сайнбаярын авсан санал хоёроор хасагдаж 185, МАН-аас нэр дэвшигч У.Цэцэгбалын авсан санал хоёроор хасагдаж 184 болсноор МАН-аас нэр дэвшигч Х.Сайнбаяр, АН-аас нэр дэвшигч Г.Азжаргалын иргэдээс авсан санал нь тус тус 185 болон тэнцэх боломжтой байсан нь харагдаж байна.

        Иймд дараах асуудлуудыг шийдвэрлүүлэхийг хүсэж байна

        1. Сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэг дээр С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар хууль бус санал өгсөн. Үүнээс болж нэр дэвшигч X.Сайнбаяр, Г.Азжаргал хоёрын сонгогчдоос авсан тус тусын санал тэнцэх боломж алдагдаж сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн тул МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан X.Сайнбаярын сонгуулийн дүнг хүчингүй болгож сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь заалтанд заасан ойлголтын дагуу 103.2.2 дахь заалтыг үндэслэн X.Сайнбаяр. Г.Азжаргалын нарын дунд дахин санал хураалт явуулахыг сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү.

       2. Энэхүү нэхэмжлэлд хууль зөрчсөн гэж үзэж буй нэр нь дурдагдсан сонгуулийн зохион байгуулагч нарт хуулийн дагуу арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтануудад даалгаж өгнө үү гэжээ. 

      Иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1169 дүгээр хэсгийн зохион байгуулагч Батсүх овогтой Цэцэгмаа, Сүхээ овогтой Өлзийням нарын өгсөн санал нь хууль бус бөгөөд сонгуулийн дүнд илт нөлөөлж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон Х.Сайнбаяр 187, түүний дараах санал авсан нэр дэвшигч У.Цэцэгбал 186 сонгогчийн санал авсан байна. Харин У.Цэцэгбалын дараагийн нэр дэвшигч Г.Азжаргал 185 санал авсан бөгөөд сонгогдсонд тооцогдсон Х.Сайнбаяр, нэхэмжлэгч Г.Азжаргал нарын авсан саналын зөрүү нь хууль бус саналын тоотой тэнцүү байгаа тул Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу 1173 дугаар хэсгийн санал хуралтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Энэхүү шаардлагыг ихэсгэснээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдийн эрх ашиг хөндөгдөх учраас 1173 дугаар хэсгийн санал хураалтыг хүчингүй болгож дахин санал хураалт явуулж болох тухай тэд бичгээр зөвшөөрөл гаргасан болно гэжээ.

        Нэхэмжлэгч Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Сагил сумын сонгуулийн хорооны зүгээс гурван үндэслэл гаргасны нэгдүгээрт, сонгуулийн 1169 дүгээр хэсгийн санал авах байрны зохион байгуулагч Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарын гаргасан хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн уг санал авах байрны ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуугийн шийдвэрийг зөв гэж гаргаж ирсэн. Хоёрдугаарт, Сагил сумын Ардчилсан намаас гаргасан өргөдлийн хариуд Сагил сумын сонгуулийн хорооноос ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот албан бичиг нь хууль зүйн чадамжгүй байсан тухай би ярина. Гуравдугаарт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй холбогдуулан гаргасан Сагил сумын сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 тоот хариу тайлбартай холбогдуулж тайлбараа гаргана. Сагил сумын сонгуулийн хороо Захиргааны хэргийн шүүхэд тайлбараа гаргах үүрэгтэй гэж бодож байна. Энэхүү гурван нотлох баримтын үндсэн дээр асуудалд хандах байх гэж ойлгож байна. Б.Цэцэгмаа, С.Өлзийням нар нь саналаа өгөхөөр Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй заалт бүхий хүсэлт гаргасан. Хүсэлтдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 19.9 гэсэн заалтыг үндэслэсэн байдаг. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулинд 19.9 гэсэн заалт байхгүй. Түүнийг ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуу шйидвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчсөн. Энэ нь сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7-д санал авах байрны эрхийг зааж өгсөн байгаа. Сагил сумын сонгуулийн хороо дөрвөн зохион байгуулагч томилж хууль зөрчсөн. Зургаан зохион байгуулагчийн бүрэлдэхүүнтэй ажилласан гэж шүүхэд худлаа тайлбар өгсөн. Тайлбарт дурдагдсан иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээлийн технологийн даамал, цагдаа нар нь санал авах байрны бүрэлдэхүүнд хамаарагдахгүй байхаар Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.5 дахь хэсэгт тодорхойлж өгсөн. Хууль бус бүрэлдэхүүнтэй хүмүүсийн хоёр нь би Монгол Улсын Үндсэн хуульд олгогдсон эрхийн дагуу саналаа өгнө гэж хүсэлт гаргасан. Б.Цэцэгмаа, С.Өлзийням нар нь 1173 дугаар хэсэгт санал өгөхөөр хүсэлт гаргачихсан, цаана нь хоёр хүн үлдээд хурал хийх ямар ч боломж байхгүй болно. 1169 дүгээр хэсгийн ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуу дур мэдэн шийдэл гаргаж дээр дурдсан хууль болон, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан Сонгуулийн хорооны хуралдааны дэгийг бүхэлд нь зөрчсөн байна. Сонгуулийн хороо нь хүсэлт гаргасан зохион байгуулагч нарын сонгох эрхийг эдлүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчмыг мөрдлөг болгох ёстой байсан. Сонгуулийн тухай хуулийн 5.1.4-д  заасан сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд, нэгдсэн журмаар эхлэх, дуусах зарчмын дагуу Сонгуулийн тухай хуулийн 87, 90 дүгээр зүйлүүдэд товлогдсон хугацаанд сонгогчдын саналыг хоёр өдөр авахаар заасан, мөн хуулийн 35.7.1-д заасны дагуу санал авах байрны хаяг, санал авах өдөр, цагийн хуваарийг сонгогчдод мэдээлэх үүргийг санал авах байр гүйцэтгэхээр хуульчлагдсан. Энэхүү үйлдэл нь зөрчигдвөл үүнийг зөрчил гэж үзнэ гээд Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасан. Ийм хуулийн зохицуулалт байхад хэсгийн зохион байгуулагч нар үүнийг мөрдөж ажиллах ёстой байсан. Сагил сумын сонгуулийн хороо үүргээ гүйцэтгэлгүй Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарын саналыг авах хууль бус шийдвэрийг гаргасан. Сумын сонгуулийн хороо тайлбартаа зохион байгуулагч Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарын хууль бус хүсэлт, ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуугийн хууль бус цохолтыг сумын сонгуулийн хороо хянаж үзээд хуулийн олон заалтыг дурдаад “Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарын сонгох эрхийг эдлүүлж 1173 дугаар хэсгийн санал авах байранд саналыг авсан нь Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх ёстой сонгогч саналаа өгч чадаагүй тохиолдолд тухайн сонгогчийн эрхийг хязгаарласан заалт Сонгуулийн тухай хуулинд байхгүй” гэж тайлбарласан. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх ёстой сонгогч нь саналаа өгч чадаагүй тохиолдолд сонгох эрхийг нь сая дурдсан хуулийн заалтуудаар хязгаарлаад өгсөн. Би өөрийн гаргаж байгаа хууль зүйн үндэслэлүүдээ үнэн зөв гэж үзэж байгаа учраас шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

      Хариуцагч Сагил сумын сонгуулийн хорооны дарга Г.Пүрэвсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр С.Өлзийням; Б.Цэцэгмаа нар нь хуулийн дагуу өөрийн бүртгэгдсэн хэсэг буюу 1173 дугаар хэсгийн санал авах байранд ирж саналаа өгсөн байна. Энэ 2 иргэн нь хуулинд заасны дагуу нууцаар саналаа өгсөн байна.

         Энэ нь сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэгт нэр дэвшсэн Х.Сайнбаяр, Г.Азжаргал нарын саналын дүн тэнцэх, эсвэл хэн нэгэн нэр дэвшигчийн төлөө өгсөн гэдгийг нотлох, сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм. Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлд хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох тухай заасан ба хүчингүйд тооцох 5 заалтыг зөрчөөгүй байна. Иймд хэсэгт явуулсан сонгуулийн дүн хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах хуулийн үндэслэл байхгүй байна.

       С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь 1169 дүгээр хэсгийн санал авах байранд зохион байгуулагчаар ажилласан ба 1173 дугаар хэсэгт санал өгсөн нь зохион байгуулагчийн хувьд ажлын хариуцлага алдсан, гаргасан зөрчилгүй байгаа тул арга хэмжээ тооцох шаардлагагүй болно. Иймд нэхэмжлэгч Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Хариуцагч Сагил сумын сонгуулийн хорооны дарга Г.Пүрэвсүрэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн Увс аймгийн Сагил сумын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хэсгийн хэмжээнд бүхэлд нь хүчингүйд тооцохыг сумын сонгуулийн хороонд даалгахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ. Хариуцагч Сагил сумын сонгуулийн хорооны дарга Г.Пүрэвсүрэн миний бие нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

       Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлд хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох харилцааг зохицуулсан бөгөөд Сагил сумын сонгуулийн хороо нь 2016 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үйл ажиллагааг Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн явуулж, дүнг нэгтгэн аймгийн Сонгуулийн хороонд хүргэх үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Сагил сумын сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийг зөрчөөгүй учраас 1173 дугаар хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлгүй юм.

      Иргэн С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Сагил сумын сонгуулийн 1169 дүгээр хэсэгт зохион байгуулагчаар томилогдон ажилласан ба тус хэсгийн хороонд нийт зургаан зохион байгуулагч ажилласан. Сагил сумын сонгуулийн 1173 дугаар хэсгээс санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар сонгуулийн 1169 дүгээр хэсэгт очиж тус хэсгийн зохион байгуулагчаар ажиллаж байсан дөрвөн иргэний саналыг авсан бөгөөд иргэн С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарын иргэний үнэмлэхийг шалгахад гэртээ мартсан гэсэн тул саналыг нь авах боломжгүй болсон юм. Тухайн үед иргэн С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар иргэний үнэмлэхгүй байсны улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгч чадаагүй нь Сагил сумын сонгуулийн хороог буруутгах, 1173 дугаар хэсгийн хорооны санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй юм.

      Учир нь Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.7-д “зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг нь шалгасны үндсэн дээр саналын хуудас олгоно”, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам”-ын 4.4-д “зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг шалгасны үндсэн дээр саналын хуудас олгоно”, Сонгуулийн тухай хуулийн 90.11-д “энэ хуулийн 90.6, 90.7-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан бөгөөд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх үед иргэн С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь иргэний үнэмлэхгүй байсан учир саналын хуудас олгох боломжгүй байсан. Иймээс Сагил сумын сонгуулийн 1169 дүгээр хэсгийн зохион байгуулагч С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар аваагүй.

       Ингээд 1169 дүгээр хэсгийн зохион байгуулагч С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын соннгуулийн санал авах өдөр буюу 2016.10.19-ний өдөр өөрсдийн ажиллаж байсан хэсгийн ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуугаас бичгээр чөлөө хүссэний дагуу чөлөө олгож, цохолт хийсэн баримтаа авч, Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох эрхээ эдлэхээр сонгуулийн 1173 дугаар хэсгийн санал авах байранд орой 19 цагийн үед ирээд сумын сонгуулийн хороонд хандаж, санал өгөх боломжоор хангаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан.

       Сагил сумын сонгуулийн хорооны зүгээс иргэн Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарын гаргасан хүсэлтийг хянаж үзээд Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9-д шууд буюу төлөөөлөгчийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдахад оролцох эрхтэй, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д сонгуулийн үндсэн зарчим нь сонгуулийн эрх бүхийи иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ”, 4.2-д “сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй”, 4.4-д “сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно”, 11.1-д “сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй”, 11.4-д “сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасныг тус тус үндэслэн Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарын сонгох эрхийг эдлүүлж 1173 дугаар хэсэгт саналыг нь авсан нь Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх ёстой сонгогч саналаа өгч чадаагүй тохиолдолд тухайн сонгогчийн сонгох эрхийг хязгаарласан заалт Сонгуулийн тухй хуульд байхгүй.

       Иргэн Б.Цэцэгмаа, С.Өлзийням нар нь Увс аймгийн Сагил сумын сонгуулийн 1173 дугаар хэсгийн хорооны сонгогчдын нэрсийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн сонгогчид бөгөөд тэдний өгсөн санал нь хууль бус санал биш юм. Сонгуулийн тухай хуулийн 99.5-д “санал тоолох төхөөрмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна” гэж заасны дагуу хүчинтэй санал юм. Нөгөөтэйгүүр Б.Цэцэгмаа, С.Өлзийням нар нь нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс өөр хэсгийн байранд, хуульд зааснаас өөр өдөр, хэн нэгний дарамт шахалтад орж хүчээр санал өгөөгүй, албан ёсоор хүсэлтээ гаргаж, Үндсэн хуульд заасан сонгох эрхээ хэрэгжүүлсэн явдал нь 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

      Сонгуулийн тухай хуулийн 161 дгээр зүйлийн 161.1-д хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно гэж заасан ба Сагил сумын сонгуулийн 1173 дугаар хэсгийн хорооны санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Х.Сайнбаяр 187 сонгогчийн, нэр дэвшигч У.Цэцэгбал 186 сонгогчийн, нэр дэвшигч Г.Азжаргал 185 сонгогчийн саналыг тус тус авснаар нэр дэвшигч Х.Сайнбаяр сонгогдсонд тооцогдсон нь Сонгуулийн тухай хууль тогтоомжтой нийцэж байна.

      Мөн Сонгуулийн тухай хуулийн 103.5-д “сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй” гэж заасан ба Увс аймгийн Сагил сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэж аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна.

       Ер нь яагаад Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарыг нэр дэвшигч Х.Сайнбаярын төлөө санал өгсөн гэж үзээд маргаан үүсгээд, Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарыг Х.Сайнбаярын төлөө өсгөн гэдгийг юугаар нотлож маргаад байгааг ойлгохгүй байна. Магадгүй энэ хоёр хүн өөр нэр дэвшигчийн төлөө санал өгсөн байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд сонгогч саналаа нууцаар гаргана гэж хуульчилсан байдаг. Гэтэл хүний энэ эрхэд бүдүүлгээр халдаж чи тэрний төлөө санал өгсөн гэж шүүхэд маргаан үүсгэж байгаа нь хэтэрхий улс төржсөн асуудал гэж үзэж байна гэжээ.

      Хариуцагч Сагил сумын сонгуулийн хорооны дарга Г.Пүрэвсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн санал авах байрны бүрэлдэхүүний талаар маргаан гаргаж байна. Аймгийн сонгуулийн хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос санал авах байр ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч, үүн дээр нэмээд мэдээлэл технологийн даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй санал авах байрны зохион байгуулалтыг хийх талаар чиглэл ирсэн. Мэдээлэл технологийн ажилтан, иргэний бүртгэлийн ажилтнуудыг хуваарилах зааварчилгаа ирээгүй. Яагаад гэхээр эдгээр хүмүүс нь тухайн сумын Сонгуулийн хорооны тогтоолоор хэсгүүдэд хуваарилагдан ажиллах ёстой байдаг. Тийм учраас санал авах байрны бүрэлдэхүүнийг хуулинд таваас долоо гэсний дагуу санал авах байрны бүрэлдэхүүнийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Сагил сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хэсгийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан томилсон. Хоёрдугаар асуудал нь Сонгуулийн тухай хуулинд сонгогч саналаараа дамжуулж төрийг удирдах эрхийг нь эдлүүлэх боломжоор хангах тухай маш олон заалтууд байгаа. Сонгуулийн тухай хуулинд сонгогч саналаа өгөх хоёр өдрийг томъёолж өгсөн. Нэг нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар, нөгөөх нь сонгуулийн үндсэн өдөр буюу бүх нийтээр санал авах өдөр. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгч амжаагүй иргэд бүх нийтээр санал өгөх өдрөөр санал өгч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч чадаагүй бол дараагийн өдөр нь санал өгч болохгүй гэдэг зүйлийг нэхэмжлэгчийн зүгээс өөрийн бодлоороо тайлбарлаж байна. Гуравдугаарт чөлөө олгосон гэх 1169 дүгээр хэсгийн ахлах зохион байгуулагч нь сонгуулийн ирц 76 хувьтай буюу санал авах ачаалал багассан үеэр хэсгийн зохион байгуулагчдыг санал өгөх боломжоор хангаж хэсгийн хороо бүрэлдэхүүнээр хуралдаж шийдвэрээ гаргаад явуулсан гэдгээ хэлсэн байдаг. Б.Цэцэгмаа, С.Өлзийням нар 1173 дугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өгч ирэхэд нэг цаг зарцуулсан байсан. Тэр хооронд 1169 дүгээр хэсгийн санал авах байранд хоёр сонгогч саналаа өгсөн байдаг ба энэ байдал нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхүйц хэмжээний зөрчил болоогүй гэж үзэж байна. Уг хоёр зохион байгуулагч 1173 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгч чадаагүй бол дахин маргаан гарах байсан. Тийм учраас Сагил сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн үндсэн зарчмыг мөрдлөг болгон ажилласан гэж үзэж байна гэв.

      Гуравдагч этгээд Ж.Соёлмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие гуравдагч этгээдээр татсаныг хүлээн зөвшөөрч байна. Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай танилцлаа. Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч дэмжиж байна. Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болно гэжээ.

       Гуравдагч этгээд Ц.Оюунтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие гуравдагч этгээдээр татсаныг хүлээн зөвшөөрч байна. Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай танилцаж, үүнийг хүлээн зөвшөөрч дэмжиж байна. Иймд миний бие нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэжээ.

       Гуравдагч этгээд С.Баярбилэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 161 дүгээр захирамжаар Сүхээгийн Баярбилэг намайг Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татсаныг хүлээн зөвшөөр байгаа бөгөөд Д.Лхамсүрэнийг шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан ба түүнийг дэмжиж байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримттай танилцсан. Иймд Д.Лхамсүрэнг С.Баярбилэг миний биеийг төлөөлөн шүүхэд төлөөлж оролцуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

         Гуравдагч этгээд Д.Минсэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймгийн Сагил сумын 5-р багийн иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2016 оны 10 дугаар сарын 19-ний  өдөр 1173 дугаар хэсэгт явагдсан сонгуулийн санал хураалтыг үнэн зөв хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Миний бие шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэдгээ тайлбарлан хүргүүлж байна гэжээ.

      Гуравдагч этгээд А.Гантулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сагил сумын иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хуулийн дагуу үнэн зөв явсан гэж үзэж байна. Шүүхэд гуравдагч этгээдээр оролцохгүй гэдгээ бичгээр илэрхийлж байна гэжээ.

     Гуравдагч этгээд Х.Сайнбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сагил сумын 5-р багийн иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаарддлагатай танилцлаа. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохгүй гэжээ.

       Гуравдагч этгээд У.Цэцэгбал шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сагил сумын 5-р багийн иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай танилцлаа. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан орон нутгийн сонгуулийн 1173 дугаар хэсэгт явагдсан санал хураалт хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдагдсан Х.Сайнбаяр 187 санал авсан түүнээс 2 санал дутуу аван Г.Азжаргал санал хураалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргажээ. Нэр дэвшигч Х.Сайнбаяр 187 хүний санал авсан. Дараачийн хамгийн олон саналыг би 186 хүний санал авсан. Гэтэл 185 хүний санал авсан Г.Азжаргал намайг орхигдуулан нэхэмжлэл гаргаад байгааг би ойлгохгүй байна. Б.Цэцэгмаа, С.Өлзийням хоёр нэр дэвшигч Х.Сайнбаярт санал өгсөн гэдгийг хэн ч нотлохгүй байгаа. Тухайн сонгогч хэнд ч өгсөн байж болно. Тийм учраас Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Хариуцагч Сагил сумын сонгуулийн хорооны өмгөөлөгч Б.Болормаа тайлбартаа: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Болормаа миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч захиргааны байгууллага болох Сагил сумын Сонгуулийн хорооны өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага Увс аймгийн Сагил сумын 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцуулъя гэсэн. Бид нар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ярих ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо сонгогч Б.Цэцэгмаа, С.Өлзийням нар зөөврийн саналын хайрцгаар санал өгөх ёстой байсан боловч 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1173 дугаар хэсгийн хороонд очиж саналаа өгсөн асуудлыг Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон гэж ойлгож байна. Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлд хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох таван үндэслэлийг зааж өгсөн. Тэгэхээр Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн дээрх зүйл заалтын алинаар нь хүчингүйд тооцуулах гэж байгаа талаараа сайн тайлбар хийсэнгүй. 103.1.5-д санал авах ажиллагааг зохион байгуулах журмыг зөрчсөн гэдэг үндэслэл байна. Миний хувьд Б.Цэцэгмаа, С.Өлзийням нар өөрийнхөө бүртгэгдсэн хэсгийн хороондоо ирээд саналаа өгсөн асуудал нь Сонгуулийн тухай хуулийн 103.1.5-д дурдсан үндэслэл болохгүй. Нөгөө талаар санал өгсөн асуудал нь 1173 хэсгийн сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлсөн асуудал одоогийн байдлаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн Б.Цэцэгмаа нь 1173 дугаар хэсгийн хорооны сонгогчийн нэрсийн жагсаалт 441-д, С.Өлзийням 185-д бүртгэгдсэн. Эдгээр хүмүүс зөөврийн хайрцгаар санал өгөх, саналыг нь очиж авах үед иргэний үнэмлэхээ мартсан асуудалд 1173 хэсгийн хороонд явагдсан санал хураалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Саналаа өгч чадаагүй тохиолдолд маргааш нь буюу санал авах өдөр хэсгийн байранд очиж санал өгсөн эрхийг нь хязгаарласан заалт Сонгуулийн тухай хууль бусад хуулинд байхгүй. Сонгуулийн тухай хуулинд хязгаарласан ганц заалт нь 11 дүгээр зүйлийн 11.5-д заагдсан байгаа. Б.Цэцэгмаа, С.Өлзийням хоёр маргахгүй байгаа учраас тухайн өдөр санал өгсөн асуудал нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Санал хураалтаас өөр өдөр санал өгсөн гэж үүнийг үзэхгүй. Мэдээж орон нутгийн ээлжит сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон. Уг өдөр санал өгсөн асуудал нь хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Түүнчлэн 103.5-д сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй гэсэн заалт байгаа. Товчхон тайлбарлахад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, Сонгуулийн тухай хуулийн 103.3-д заасан ноцтой зөрчил тогтоогдоогүй, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-103.5 дахь заалтад заасан санал хураалтыг хүчингүйд тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

       Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Иргэн Г.Азжаргалыг төлөөлж, иргэн Д.Лхамсүрэн дараах шаардлагууд бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Үүнд:

    Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэг дээр С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар хууль бус санал өгсөн. Үүнээс болж нэр дэвшигч Х.Сайнбаяр, Г.Азжаргал хоёрын сонгогчдоос авсан тус тусын санал тэнцэх боломж алдагдаж, сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөсөн тул Монгол Ардын намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Х.Сайнбаярын сонгуулийн дүнг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулий 103 дугаар зүйлийн 103.3 дахь заалтанд заасан ойлголтын дагуу 103.2.2 дахь заалтыг үндэслэн Х.Сайнбаяр, Г.Азжаргалын дунд дахин санал хураалт явуулахыг сумын сонгуулийн хороонд даалгах.

       1. Энэхүү нэхэмжлэлд хууль зөрчсөн гэж үзэж буй нэр нь дурдагдсан сонгуулийн зохион байгуулагч нарт хуулийн дагуу арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгах.

       Улмаар дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ихэсгэж “Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хэсгийн хэмжээнд бүхэлд нь хүчингүйд тооцохыг сумын Сонгуулийн хороонд даалгах тухай” гэж ирүүлснийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

     Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д: “Орон нутгийн хурлын сонгуультай холбогдуулан тухайн шатны сонгуулийн хороонд холбогдох маргааныг тухайн сонгуулийн хороо байрлаж байгаа нутаг дэвсгэрийн захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ” гэснээр төлөөлөн нэхэмжлэлийг тус шүүхэд хамаарах хэргийн  болон нутаг дэвсгэрийн харьяаллын маргаан гэж үзсэнээс гадна нэхэмжлэл гаргах эрх нь хуульд тусгайлан заасан буюу Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4.1-д зааснаар үүссэн, нөгөө талаас Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д: “Сум, дүүргийн хурлын сонгуулийн тухайд сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан хэрэгжүүлнэ”. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д: “Сум, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн сум, дүүргийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна” гэж зааснаар уг нэхэмжлэлд захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүйгээр шууд хүлээн авах боломжтой байлаа.

      Нэхэмжлэгч Г.Азжаргал нь хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг[1] олгосноор нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх олгогдсон этгээд болох Сагил сум, 5 дугаар баг, Хар мод 3-4 тоотод оршин суух, иргэн Д.Лхамсүрэн нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэл нь Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасан шаардлагуудыг хангасан, мөн хуулийн 113.5-д заасан хугацааны дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

      Иймд нэхэмжлэл нь нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр болон хуульд заасан шаардлагуудыг хангасан, хуульд заасан хугацааны дотор мэдүүлсэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэлүүд байхгүй гэж үзэж, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

        Төлөөлөн нэхэмжлэгч нь хариуцагч Сагил сумын сонгуулийн хороог сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах 1169 дүгээр байрны зохион байгуулагч болох С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгуулийн санал авах өдрийн урд өдөр буюу 2016 оны 10 сарын 18-ны өдөр авах байтал дараа өдөр нь өөр хэсэг болох 1173 дугаар хэсэг дээр саналыг нь авсан нь Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1- д заасан ... урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, 103.1.2-д заасан хуульд зааснаас өөр өдөр санал авсан, 103.1.5-д заасан ... санал авах ажлыг зохион байгуулах журам зөрчсөн гэх заалтуудыг зөрчсөн үүгээрээ хууль бус санал бөгөөд энэ байдал нь уг хэсгийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн, хэсгийн хэмжээнд санал хураалтыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн маргааны зүйлээ тодорхойлж, шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэв.

        Харин хариуцагч захиргааны байгууллага болох Сагил сумын сонгуулийн хороо нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдахад оролцох эрхтэй, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д: “сонгуулийн үндсэн зарчим нь сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ”, 4.2-д: “сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй”, 4.4-д: “сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно”, 11.1-д “сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй”, 11.4-д: “сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасныг тус тус үндэслэн Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарын сонгох эрхийг эдлүүлж, 1173 дугаар хэсэгт саналыг нь авсан нь Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байв.

        Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах санал авах байрны 1169 дүгээр хэсгийн зохион байгуулагчаар ажиллаж байсан С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.1.5-д зааснаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгч чадаагүй нь энэ маргаан гарах үндэслэл болжээ.

       Сонгуулийн санал авах өдөр санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах үйл ажиллагааг журамлаж, Сонгуулийн Ерөнхий хорооноос шийдвэр[2] гаргаж, мөрдүүлсэн ба дээрх хоёр сонгогч нь уг журамд заасны дагуу саналаа өгөх байжээ.

         Сагил сумын төвд байрлах 1173 дугаар хэсгийн санал авах байр нь 100 гаруй километрийн радиуст явж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах чиглэлийг тогтоосноор эхлээд Хариг баг уруу явсан ба энэ үед байгаль цаг агаарын байдал муу байснаас буцаж, дээрх чиглэлээ өөрчлөн Шар бураа хэмээх газар байрлах 1169 дүгээр хэсэг дээр очиж санал авсан ба ийнхүү санал авах үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх байсан 1169 дүгээр хэсгийн санал авах байрны зохион байгуулагчид болох Б.Цэцэгмаа, С.Өлзийням нар нь иргэний үнэмлэхээ биедээ авч яваагүйн улмаас саналаа өгч чадаагүй, тухайн өдрөө саналаа өгөх оролдлогыг удаа дараа хийсэн боловч амжиж өгч чадаагүй гэсэн үйл явдал болсон болох нь гэрч С.Өлзийням[3], гэрч Ч.Баттогтох[4], гэрч, Ч.Раднаасамбуу[5], гэрч Ө.Бямбацэцэг[6], гэрч Д.Дэмбэрэлням нарын мэдүүлэг, 1173 дугаар хэсгийн чиглэлийн баримт, уг чиглэл өөрчлөгдсөн тухай тухайн хэсгийн ажилтнуудаас гаргасан тайлбар[7], Ардчилсан намаас 1169 дүгээр хэсэгт ажилласан ажиглагчийн тэмдэглэл[8], хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

        Түүнчлэн орон нутгийн хурлын сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 сарын 19-ний өдрийн 18 цаг 47 минутын орчимд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагаар саналаа өгч чадаагүй 1169 дүгээр хэсгийн санал авах байрны зохион байгуулагчид болох С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь өөрийн хэсгийн ахлах зохион байгуулагчид 1173 дугаар хэсэгт очиж саналаа өгөх боломжийг хангаж өгөх талаар хүсэлт гаргаснаар ахлах зохион байгуулагч нь зөвшөөрөл өгч явуулжээ. 1173 дугаар хэсэгт саналаа өгөх үед уг хэсгийн ахлах зохион байгуулагч, намуудын ажиглагчид, нэр дэвшигч нарын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч улмаар Сагил сумын сонгуулийн хороонд бичгээр хандсаны дагуу Сагил сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар 1173 дугаар хэсгийн санал авах байранд тэдний хамт хүрэлцэн ирж саналыг нь өгүүлж буцаасан байдаг. Энэ байдал нь мөн хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох бичгээр гаргасан хүсэлтүүд, ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуугийн хүсэлтэнд бичсэн цохолт, түүний гэрчийн мэдүүлэг[9], гэрч Ц.Сампилдоржийн мэдүүлэг[10], Сагил сумын сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл, Сагил сумын сонгуулийн хорооны гишүүн гэрч Д.Дэмбэрэлням, Б.Сольхүү нарын мэдүүлэг[11], шүүхийн үзлэгийн тэмдэглэл[12] зэргээр тогтоогдож байна.

        Хэрэгт авагдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх байсан сонгуулийн байгууллагын ажилтан-сонгогч хоёр иргэний саналыг тухайн орон нутгийн хурлын сонгуулийн үйл ажиллагааг шууд удирдан зохион байгуулах эрх бүхий байгууллага болох сумын сонгуулийн хороо үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд байх бөгөөд нэхэмжлэгч иргэн Г.Азжаргалын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

        Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өөрсдийн ажиллаж байсан 1169 дүгээр хэсгийн санал авах байранд өгөх байсан саналыг мөн өөрсдийн үндсэн бүртгэлтэй байгаа, тухайн хэсгээс нэр нь хасагдаагүй 1173 дугаар хэсгийн санал авах байранд өгсөн нь Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д заасан “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан” гэх заалтыг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгуулийн албан ёсны санал хураах өдрийн өмнөх өдөр өгөх байсан саналыг сонгуулийн албан ёсны санал авах өдөр өгсөн нь Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.2-д заасан “хуульд зааснаас өөр өдөр санал авсан” гэх заалтыг, сонгуулийн хэсэгт хууль бус бүрэлдэхүүнтэйгээр санал авах ажиллагааг зохион байгуулсан, сумын сонгуулийн хороо хэсгийн санал авах байртай давхардуулсан үйл ажиллагаа явуулсан, “Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7-2.9-д заасныг зөрчсөн байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5-д заасан “сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, сонгогч шилжих, санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн” гэх заалтыг тус тус зөрчсөн зөрчил гарсан, Сагил сумын сонгуулийн хороо гаргасан гэж дүгнэх боломжгүй байна. Яагаад гэвэл, зөрчлийг шалган тогтоож, хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтныг Сонгуулийн тухай хуульд тусгайлан нарийвчлан зааж өгсөн, ийнхүү эрх бүхий байгууллагаас дээр дурдсан зөрчлүүдийг шалган тогтоож шийдвэрлэсэн үйл баримт байхгүй байна. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д: “доор дурдсан зөрчил сонгуулийн дунд ноцтой нөлөөлөхөөр бол зөрчил гарсан хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцно”, мөн хуулийн 103.3-д: “сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэдгийг санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно” гэснээс үзэхэд зөрчил гарсныг тогтоож, түүнийг шийдвэрлэх үйл ажиллагааг Сонгуулийн тухай хуулийн дөрөвдүгээр дэд бүлэг 116-119 дүгээр зүйлд тодорхой зохицуулж өгсөн. Тэгэхээр зөрчил гарсан гэдгийг эрх бүхий этгээд шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, тус шүүхээс нотлох баримт цуглуулах явцад хэсэгт явагдсан санал хураалтыг хүчингүй болгох үндэслэл болсон зөрчлийг тогтоосон, эсхүл шалгаж буй талаар баримт олдоогүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлоогүй, гаргаж тавиагүй, зөрчлийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглэж байна.

       Нөгөө талаар захиргааны байгууллага буюу Сагил сумын сонгуулийн хорооны “хэрэв сонгогч иргэд бидний сонгуулийн эрхийг хязгаарласан гэж маргаан гаргавал сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан төрийн албан хаагч бид бүхэн ажлаас халагдах хариуцлага хүлээх байсан” гэх тайлбар, “зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгч амжаагүй иргэд бүх нийтээр санал өгөх өдөр санал өгч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй” гэх тайлбаруудыг буруутгах боломжгүй байна.

         Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд сонгуулийн үндсэн зарчмыг хуульчилсан ба мөн зүйлийн 4.2-т: “сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй”, мөн хуулийн хоёрдугаар бүлэгт сонгуулийн эрхийг хуульчилж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж өгсөн ба хуулийн 11.4-т: “сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэжээ. Тэгэхээр хариуцагч захиргааны байгууллага болох Сагил сумын сонгуулийн хороо нь нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчийг сонгох сонгуульд оролцох сонгогчийн эрхийг хангаж, сонгуулийн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үүссэн асуудалд хандаж, иргэн С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарын хүсэлтийг шийдвэрлэсэн нь хуульд заасан дээрх зарчмын хүрээнд байна гэж шүүх үзлээ.

      Иргэний сонгох, сонгогдох эрхийг ханган хэрэгжүүлж, ялангуяа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулах, сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг бие даан хэрэгжүүлэх  эрхтэй субъект болох хариуцагч Сагил сумын сонгуулийн хороо хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд сонгогч нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Г.Азжаргалын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн өөрчилсөнтэй холбоотойгоор Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас болон Монгол ардын намаас нэр дэвшин өрсөлдсөн нийт нэр дэвшигчдийг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд эдгээрийн хэн аль нь бие даасан шаардлага гаргаагүй, ихэнх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж бичгээр хүсэлтээ гаргасан байна. Харин шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээд У.Цэцэгбалын “нэр дэвшигч Х.Сайнбаяр 187 хүний санал авсан ба дараачийн хамгийн олон саналыг би 186 хүний санал авсан. Гэтэл 185 хүний санал авсан Г.Азжаргал намайг орхигдуулан нэхэмжлэл гаргаад байгааг би ойлгохгүй байна.” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

       Сагил сумын Ардчилсан намын дарга С.Баярбилэгийн төлөөлөн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Сагил сумын сонгуулийн хороонд холбогдох, “Увс аймгийн Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн  1169-р хэсгийн санал авах байранд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалтын дүнг буюу Сагил сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 19-ний өдрийн “ Санал хураалтын дүнг батлах тухай” 08 дугаартай тогтоолын хавсралтуудын 1169-р хэсэгт холбогдох хэсэг, 2016 оны 10 сарын 29-ний өдрийн “Санал хураалтын дүнг батлах тухай” 10 дугаартай тогтоолын 2-р хавсралтын 1169-р хэсэгт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулж, 1169-р хэсэгт дахин санал хураалт явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, тус шүүхээс 2016 оны 10 сарын 01-ний өдрийн 41 дүгээр шүүхийн шийдвэр гарсныг нотлох баримтаар хэрэгт авагдсаныг дурдах нь зүйтэй.

     Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэргийн оролцогч болон тэгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дээр дурдсан үндэслэлээр төлөөлөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, төлөөлөн нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

          1. Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 11 дүгээр зүйлийн 11.4, 103 дугаар зүйлийн 103.1.1, 103.1.2, 103.1.5-д заасныг баримтлан иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн “Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хэсгийн хэмжээнд бүхэлд нь хүчингүйд тооцохыг сумын Сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан төлөөлөн нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-д зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 76-86-р хуудас. СЕХ-ны 2016 оны 3 сарын 23-ны 15 дугаар тогтоол

[3] Хавтаст хэргийн 87-89-р хуудас

[4] Хавтаст хэргийн 99-101-р хуудас

[5] Хавтаст хэргийн 92-96-р хуудас

[6] Хавтаст хэргийн 102-104-р хуудас

[7] Хавтаст хэргийн 132-134-р хуудас

[8] Хавтаст хэргийн 136-р хуудас

[9] Хавтаст хэргийн 92-96-р хуудас

[10] Хавтаст хэргийн 140-143-р хуудас

[11] Хавтаст хэргийн 147-152-р хуудас

[12] Хавтаст хэргийн 162-172-р хуудас