Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00623

 

Ц.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00153 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 581 дүгээр магадлалтай,

Ц.Батсайханы нэхэмжлэлтэй,

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3425 дугаар шийдвэрээр Цогбадрахын Батсайханаас 45.156.172 төгрөг гаргуулж Мягмарын Цэнгэлмаад олгохоор шийдвэрлэсэн Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эрхийн улсын Ү-2205020267 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 54 дүгээр байрны 11 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээч томилуулан 82.000.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн ба үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан. Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба нь.дээрх орон сууцыг яаж үнэлгээгээ хийлгэсэн талаар үнэлгээгээ огт өгөөгүй. Миний өмчлөлийн эрхийн улсын Ү-2205020267 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 54 дүгээр байрны 11 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн бодит ханшаар 99.000.000 төгрөгөөс 102.000.000 төгрөгөөр худалдагдаж байгаа орон сууцыг үнэгүйдүүлж 82.000.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Иймд 82.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3425 дугаар шийдвэрээр Цогбадрахын Батсайханаас нэг хүүхдийн тэтгэлэг 45.156.172 төгрөгийг тус тус гаргуулж Мягмарын Цэнгэлмаад олгохоор шийдвэрлэжээ. Тус төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Ц.Батсайханы хамтран өмчлөлийн Ү-2205020267 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ТЗ-ын 54 дүгээр байрны 11 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3/44695 дугаар албан бичгээр төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарыг үнийн санал өгөх тухай хугацаатай мэдэгдлийг өгсөн. Тогтоосон хугацаанд хамтран өмчлөгч Ц.Саранцэцэг нь хөдөө байгаа ирэх боломжгүй гэсэн үндэслэлээр үнийн санал өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, 37.2.4-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 06 тоот “Шинжээч томилох тогтоол”-оор “Арвижих-Эстимейт” ХХК-ийг томилоход үнэлгээг 82.000.000 төгрөгөөр тогтоосон байна. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00153 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Б.Батсайханы Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол 54 байрны 11 тоот 2 өрөө орон сууцыг 82 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7649 дүгээр захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 581 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Батсайханаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3425 дугаар шийдвэрээр Ц.Батсайханаас 45.156.172 төгрөг гаргуулж М.Цэнгэлмаад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эрхийн улсын Ү-2205020267 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 54 дүгээр байрны 11 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээч томилуулан 82.000.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн. Бид үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй бидний аав ээжээс үлдсэн ганц хөрөнгө бөгөөд тэтгэврийн хэдэн төгрөгөөсөө М.Цэнгэлмаад төлж байгаа ба нийт төлбөрийн 50 хувийг төлчихсөн байхад бидний орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах гээд байгаад гомдолтой байна. Миний бие үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өгөөгүй ба үнийн санал аваагүй. Орон сууцыг одоогийн зах зээлийн бодит ханшаар 99.000.000 төгрөгөөс 102.000.000 төгрөгөөр худалдагдаж байгаа тул орон сууцыг 82.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул дахин хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2778/Б дугаар  шийдвэрээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 54 дүгээр байрны 11 тоотын  29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ц.Батсайханд үлдээж, түүнээс 44.704.500 төгрөг гаргуулж  М.Цэнгэлмаад олгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, дээр дурдсан орон сууцыг битүүмжлэн, хураасан боловч төлбөр төлөгч төлбөрийг төлж барагдуулаагүй ба  шинжээч “Арвижих эстимейт” ХХК уг үл хөдлөх эд хөрөнгийг 82.000.000 төгрөгөөр үнэлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хэргийн 28-52 дугаар тал/.

Хариуцагч нь орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34, 36 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байх ба  нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, харин орон сууцыг үнэлсэн  үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгох шаардлага гаргажээ.

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгч болон эд хөрөнгийн өмчлөгчид мэдэгдэх, үнийн санал асуух, шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасан журмын дагуу  явуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд “...орон сууцны одоогийн зах зээлийн ханш 99.000.000-102.000.000 төгрөгийн үнэтэй” гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.             

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 581 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 28-ний өдөр төлсөн  70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ