Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01909

 

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01909

 

 

“ТД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/02319 дугаар шийдвэртэй,

 

“ТД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н.С-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 12,215,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “ТД” ХХК нь Д.Бтой 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, тус гэрээгээр ***** УБУ улсын дугаартай, ****** арлын дугаартай Mercedes Benz загварын тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн мөргөлдөх эрсдэлээс хамгаалж даатгасан.

1.2. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Н.С- нь **** УНУ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг зөрчиж Д.Бын даатгуулсан автомашиныг мөргөж, хохирол учруулсан.

1.3. Зам тээврийн ослын улмаас үүссэн хохирлын хэмжээ нь “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн автомашин, техникийн үнэлгээний тайлангаар 17,186,300 төгрөг гэж тогтоогдсон.

1.4. Н.С-ийн **** дугаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/02073 тоот эрсдэлийн хорооны тогтоолоор 5,000,000 төгрөгийг хохирогч Д.Бод олгосон. Д.Бтой байгуулсан гэрээний дагуу эрсдэлийн хорооны тогтоолоор 12,186,300 төгрөгийг түүнд олгосон. Иймд Н.С-ээс даатгалын нөхөн төлбөрт олгосон 12,186,300 төгрөгийг нотариатын зардал 29,200 төгрөгийн хамт нийт 12,215,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Н.С- нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт автомашин жолоодож яваад ***** УБУ улсын дугаартай, Mercedes Benz маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн бөгөөд тээврийн цагдаагийн хэмжилт дүгнэлтээр түүний буруутай үйлдэл гэдэг нь тогтоогдсон.

2.2. “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь хохирлыг 17,186,300 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар “ТД” ХХК-д удаа дараа хэлсэн бөгөөд дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байсан тул үнэлгээг хүлээн зөвшөөрсөн баримтад гарын үсэг зураагүй.

2.3. “ТД” ХХК нь даатгалын гэрээний 7.9-т заасан нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авсан болохыг нотлогдох боломжтой эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй. Д.Б нь даатгалын нөхөн төлбөрийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд “ТД” ХХК хяналт тавиагүй атлаа хариуцагчаас дээрх төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн тухайн автомашин нь “МСМ групп” ХХК-аар засвар, үйлчилгээ хийлгээгүй талаарх албан бичиг хэрэгт авагдсан. Даатгалын нөхөн төлбөр болох мөнгийг зориулалтын дагуу автомашины эвдрэлийг засан сайжруулахад зарцуулагдаагүй, Д.Б нь хувьдаа авч хэрэглэсэн үйл баримт байх тул “ТД” ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг Д.Боос нэхэмжлэх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.С-ээс даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт олгосон төлбөр, зардалд нийт 12,215,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ТД” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210,398 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТД” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Д.Бын эзэмшлийн Mercedes Benz машиныг бодитоор нь иргэн Б.А, Г.Э нар ашиглаж, унаж хэрэглэдэг талаархи баримтууд авагдсан. "Сэлэнгэ эстимэйт" ХХК-аар гаргуулсан автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг хэт өндөр гэж маргасан, дахин үнэлгээ хийлгүүлэхээр шүүгчийн захирамжаар шийдвэрлүүлсэн. Гэвч Б.А, Г.Э нар дахин үнэлгээ хийлгүүлэхээс санаатайгаар зайлсхийж, татгалзаж, автомашиныг бодитоор үнэлүүлээгүйд гомдолтой байна.

4.2. Б.А, Г.Э нар нь “ТД” ХХК-аас нөхөн төлбөрт авсан мөнгөөрөө “МСМ групп” ХХК-аас үйлчилгээ, сэлбэг хулдалдан авч засварлуулсан гэж даатгалын байгууллагад мэдэгдсэн боловч хийлгүүлээгүй байна.

4.3. Нэхэмжлэгч талын гаргасан Б.Аг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн байхад түүний оронд нөхөр нь гэх Г.Э гэрчийн мэдүүлэг өгсөн. “ТД” ХХК-аас авсан даатгалын нөхөн төлбөр нь хэт өндрөөр үнэлэгдсэн бөгөөд Б.А, Г.Э нар нь даатгалын нөхөн төлбөрийг осолд орсон тээврийн хэрэгсэлд зарцуулаагүй нь тогтоогдсон байхад Н.С-ээс уг мөнгийг даатгалд төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Үнэлгээг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Нөхөн төлбөр шийдвэрлэлтийн шатанд даатгалын компани нөхөн төлбөр авах тухай өргөдлийг хүлээлгэн өгсөн. Мөн санхүүгийн зохицуулах хороо болон мэргэшсэн үнэлгээчдийн институтэд үнэлгээ үндэслэлгүй гэх агуулгаар гомдол гаргаагүй.

5.2. Хариуцагчийн давж заалдах гомдолд тусгагдсан даатгалын нөхөн төлбөрийг завшсан гэх асуудал тогтоогдоогүй. Нэхэмжлэгч компани даатгалын нөхөн төлбөр шийдвэрлэлтийн шатанд "Сэлэнгэ эстимэйт” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, тус үнэлгээг үндэслэсэн даатгалын зүйлийг мөнгөн хэлбэрээр үнэлж, хохирлыг барагдуулахаар даатгалын гэрээнд заасан.

5.3. Хариуцагч 1 жил гаруй хугацаанд хохирлоо барагдуулахгүй байсан тул анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

5.4. Даатгалын нөхөн төлбөрийг өөр зүйлд зарцуулсан эсэх талаарх баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч ирээгүй боловч даатгалын мөнгийг зарцуулсан талаар гэрч мэдүүлсэн.

5.5. Мөн 2 дахь шинжээчийн дүгнэлтээр маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан болох нь үзлэгээр тогтоогдсон. Даатгалын нөхөн төлбөрийг өөр зүйлд зарцуулсан үйл баримт байхгүй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн тул буруутай этгээдээс даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “ТД” ХХК нь хариуцагч Н.С-д холбогдуулан гэм хорын хохиролд 12,215,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч Н.С- нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Улаанбаатар сувилал” явах замд **** УНУ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчиж Д.Бын өмчлөлийн ***** УНА улсын дугаартай Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан байна. Даатгагч “ТД” ХХК нь даатгуулагч Д.Бод тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 12,186,300 төгрөг нөхөн төлжээ.

 

4. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар Д.Бын гэм хорын хохирол шаардах эрхийг нэхэмжлэгч “ТД” ХХК шилжүүлэн авсан гэж Н.С-ээс уг хохирлыг гаргуулахаар шаардаж буй бол тухайн иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ. Гэтэл энэ хэргийг анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/02319 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ЦЭНД

                                           

         ШҮҮГЧИД                                             С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА