Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 144

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.C-т холбогдох эрүүгийн 1804002270147 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              З.Ганцоож

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                 З.C- нар оролцов.

 

Монгол улсын иргэн, Ү- овгийн З-ын C-

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар З.C- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн  дугаар хороо,  дугаар байрны орчим иргэн Л.А-гээс “гал байна уу” гэж шүдэнз аваад тамхиа асаангуутаа түүний нүүрэн тус газарт цохиж мөн хавсарч унагааж, түүний нүүр, цээж, нуруун тус газарт өшиглөж, зодож түүний биед 11 болон 12 дугаар шүдний булгаралт, доод үүдэн 31, 32, 41, 42 дугаар шүднүүдийн ганхалт, дээд болон доод уруул, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч З.C-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр айлд архи уусан. Ингээд орой 21 цагийн үед 25 дугаар байрны автобусны буудлаас такси барих гээд явж байгаад нэг эрэгтэй хүнээс гал асуутал “галгүй юм бол тамхи барьж явж яадаг юм бэ?” гэснээс болж муудалцсан. Би эхлээд тэр хүний духны зүүн тал руу нь гараараа нэг удаа цохьчихоод зугатаасан чинь нөгөө хүн араас хөөгөөд ирэхээр уруул руу нь дахиад нэг удаа цохьсон. Бид хоёрыг нэг эмэгтэй хүн салгасан. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.А-гийн мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлын газрынхаа хүний шинэ байрны найранд очсон. Би найран дээр архи нилээн уусан байсан, ухаанаа алдаагүй. Орой 20 цагийн үед Шинээгийн хамаатнууд Улаанбаатар хот руу буцах болохоор нь би замдаа бууя гээд хамт явсан. Хэрлэнгийн зогсоол дээр буугаад зам хөндлөн гарч “Доун”-ы дэргэд эхнэрээ хүлээгээд зогсож байтал “Доун” баарнаас дээгүүрээ цагаан өнгийн малгайтай цамцтай, доогуураа ажлын өмд өмссөн нэг залуу гарч ирээд надаас “тамхины асаагуур байна уу?” гэхээр нь тэр залууд халааснаасаа асаагуур гаргаж өгсөн, тэгтэл тэр залуу дахиад надаас “тамхи байна уу?” гэхээр нь би “чи одоо юу яриад байгаа юм бэ?, тамхигүй байж хүнээс асаагуур гуйлаа” гэхэд нөгөө залуу дахиад надаас тамхи нэхээд байхаар нь би нөгөө залууг “цаашаа яв” гэхэд нөгөө залуу эргэж хараад шууд миний нүүр лүү нэг удаа цохьсон. Тэгээд миний амнаас цус гараад үүдэн шүдний дээд хэсгийн 2 шүд унасан, хажуугийн хиймэл 2 шүд бас унасан. Тэгэхээр нь би “чи одоо яаж байгаа юм бэ?” гэхэд тэр залуу гараа дээш нь өргөөд доороо үсрээд орилоод байсан. Тэгээд 25 дугаар байрны буудлын зүг гүйгээд явсан бөгөөд манай эхнэр ирээд юу болсон талаар асуухаар нь хэлээд буудлын зүг очиход нөгөө залуу бас л орилоод тэгэхээр нь нөгөө залууд “чи одоо яаж байгаа юм бэ?” гэхэд нөгөө залуу дахин миний хөмсөг рүү гараараа нэг удаа цохиод авсан, тэгээд би газар унасан. Тэр үед замын цагдаа ирээд намайг зодсон залууг барьж аваад явсан. Миний биед ямар нэгэн зовиур байхгүй, намайг цохиж зодсон залуу эмчилгээний төлбөрийг бүрэн дааж хариуцахаар гэрээ хийж тохиролцсон. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.А-гийн мэдүүлсэн: “...Доун зочид буудлыг тойроод харсан чинь 24 дүгээр байрны тэндээс хоёр хүн хөөцөлдөөд гараад ирэхээр нь харсан чинь манай нөхөр А- нэг залуугийн араас нь хөөчихсөн явж байхаар нь “хөөе яасан юу болсон юм бэ?” гэсэн чинь “энэ залуу намайг цохьчихлоо” гээд араас нь 25 дугаар байрны урд талын автобусны буудлын тийшээ гүйгээд явчихаар нь таньдаг хүн юм байлгүй гэж бодоод араас нь алхаад очсон чинь тэр залуу автобусны буудал болон хашлаганы тэрүүгээр тойрч зугтааж байснаа гүйж ирээд манай нөхрийн нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиод хашлага давуулаад унагаачихаар нь “хөөе яаж байна аа” гэсэн чинь надад дийлдэхгүй манай нөхрийг цохих гээд дайраад байсан. Тэр үед харин нэг цагдаа маш хурдан гүйж ирээд тэр залууг салгаж аваад явсан. Тэгээд нөхрийгөө босч ирэхэд нь харсан чинь үүдэн 2 шүд нь уначихсан байсан. Тэр цагдаа гүйж ирээгүй бол тэр залуу манай нөхрийг бүүр нүүр ам руу нь өшиглөж дэвсэх гээд дайраад байсан. Цагдаа ирээд салгахад хүртэл дийлдэхгүй зодох гээд дайраад байсан ба тэр цагдаа бас нэг энгийн хувцастай цагдаагаа дуудаж байж нэг юм авч явсан. Манай нөхөр бол огт гар хүрээгүй, “чи яагаад аав шигээ хүнийг цохиж байгаа юм бэ?” гээд араас нь хөөж байсан чинь л гүйж ирээд л дахиад 2-3 удаа нүүр лүү нь цохиод унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.О-ын мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Холбооны 4 замын уулзвар дээр цагдаагийн ахлах ахлагч Н.Б-тэй 19 цагаас 02 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ойролцоогоор 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минутын үед 3 дугаар хороо, 25 дугаар байрны автобусны буудлын дэргэд 2 эрэгтэй хүн орилоод ноцолдсон байдалтай байсан, цэнхэр малгайтай цамцтай ажлын хувцастай том биетэй залуу, намхан настайвтар ахыг заамдсан байсан. Тэр намхан ахын ам болон хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Би энэ үйлдлийг таслан зогсоогоод жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Зодоон болж байхад намхан хөгшин ахын эхнэр нь гээд нэг эгч дагаад явж байсан. Намхан настай ахыг зодсон залуу нилээн согтуу мөн зодуулсан ах ч гэсэн бас нилээн согтуу байсан, дагаж явсан эхнэр нь архи уугаагүй эрүүл байсан. Намхан хөгшин ах “чи яагаад намайг зодож байгаа юм бэ?” гээд байсан. Яг намайг очиход хоорондоо зодолдоогүй, бие биенээ заамдаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №09шэ/362 дугаартай дүгнэлтэд: “Л.А-гийн биед 11 болон 12 дугаар шүдний булгаралт, доод үүдэн 31, 32, 41, 42 дугаар шүднүүдийн ганхалт, дээд болон доод уруул, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 15/,

Хохирогч Л.А-гийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6/

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Л.А-гийн гаргасан “хохирлын мөнгө 3.200.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар /хх-ийн 9/

Шүүгдэгч З.C- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх ял шалгах хуудас /хх-н 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 29/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, саналын хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Шүүгдэгч З.C- нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны орчим иргэн Л.А-гээс гал болон тамхи нэхэн, хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр болон зүүн талын хөмсөг хэсэгт тус бүр нэг нэг удаа гараараа цохиж газар унагаасны улмаас түүний биед 11 болон 12 дугаар шүдний булгаралт, доод үүдэн 31, 32, 41, 42 дугаар шүднүүдийн ганхалт, дээд болон доод уруул, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би эхлээд тэр хүний духны зүүн тал руу нь гараараа нэг удаа цохьсон. Мөн урууланд нь дахин нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Л.А-гийн “нөгөө залуу эргэж хараад шууд миний нүүр лүү нэг удаа цохьсон. Тэгээд миний амнаас цус гараад үүдэн шүдний дээд хэсгийн 2 шүд болон хажуугийн хиймэл 2 шүд унасан. Нөгөө залуу дахин миний хөмсөг рүү гараараа нэг удаа цохиход нь би газар унасан” талаарх мэдүүлэг /хх-н 4-5/, гэрч Б.Очбаярын “автобусны буудлын дэргэд 2 эрэгтэй хүн орилоод ноцолдсон байдалтай байсан, цэнхэр малгайтай цамцтай ажлын хувцастай том биетэй залуу, намхан настайвтар ахыг заамдсан байсан. Тэр намхан ахын ам болон хөмсөгнөөс нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 10/, гэрч Ш.Алимаагийн “А- нэг залуугийн араас нь хөөчихсөн явж байхаар нь “хөөе яасан юу болсон юм бэ” гэсэн чинь “энэ залуу намайг цохьчихлоо” гээд араас нь 25 дугаар байрны урд талын автобусны буудлын тийшээ гүйгээд явсан. Би араас нь алхаад очсон чинь тэр залуу автобусны буудал болон хашлаганы тэрүүгээр тойрч зугтааж байснаа гүйж ирээд манай нөхрийг нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиод хашлага давуулаад унагаасан” гэх мэдүүлэг /хх-н 12/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №09шэ/358 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/, хохирогчийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч З.C-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч З.C- нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Л.А-, гэрч Б.Очбаяр, Ш.Алимаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч З.C- нь хохирогч Л.А-г “гал болон тамхи өгсөнгүй” гэж уурлан улмаар түүнд хүч хэрэглэн гэмтэл учруулсныг, үйлдэлдээ шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлсөн гэж үзсэн ба хэрүүл маргааныг шүүгдэгч өөрөө эхлүүлжээ. Харин хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.

Иймд З.C-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч З.C- нь хохирогчийн эмчилгээний зардалд 3.200.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 9 дүгээр талд ирүүлсэн хохирогч Л.А-гийн тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч З.C-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах нь зүйтэй ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Учир нь шүүгдэгч З.C- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба уг гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч З.C-ын цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн санал гаргасан ба шүүгдэгч З.C- нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч З.C-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсийг үндэслэн уг ялыг 2019 оны  2 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ү- овгийн З-ын C-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү- овгийн З-ын C-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан З.C-т мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол З.C-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.C- нь хохирогчийн эмчилгээний зардалд 3.200.000 төгрөгийг хохирогч Л.А-д төлж барагдуулсан болохыг дурдсугай.
  6. З.C-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА