| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00632/И |
| Дугаар | 312/ШШ2026/00893 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 312/ШШ2026/00893
| 2026 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 312/ШШ2026/00893 | Орхон аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг *** тоотод байрлах ***-д холбогдох
90,455,931 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ... Орхон аймгийн Засаг дарга, ***-тай 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр *** багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр БЗА-184/20 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-т зааснаар ажлыг 60 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. *** багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах гэрээний ажил гүйцэтгэх хугацааг гүйцэтгэгч компаний хүсэлтээр 2021 оны СХ-10/21, СХ-37/21, 2022 оны СХ-92/22 дугаартай гэрээгээр тус тус сунгаж эцсийн байдлаар 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл сунгасан энэхүү хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж ашиглалтад оруулах байсан. Гүйцэтгэгч *** багийн усан санд өргөтгөлийн 3360-21 маркийн насосыг суурилуулахаар 2021 оны 05 сарын 09-ны өдрөөс 05 сарын 24-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн туршилт хийсэн. Туршилтын явцад насосонд ачаалал ирж эвдрэл гарсан тул гүйцэтгэгч ***-д гэрээнд заасны дагуу эвдрэл гэмтлийг засварлах үүрэг даалгавар өгсөн боловч өнөөдрийг хүртэл дахин засварлан хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргийг биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэж өгөөгүй гэрээний хугацааг хэтрүүлж байна. ****-тай байгуулсан БЗА-184/20 гэрээний 6.7-д Туршилт тохируулга хийх ажлын явцад илэрсэн зөрчлийг арилгах, буруу дутуу хийсэн ажлыг өөрийн хөрөнгөөр тухай бүр нөхөн гүйцэтгэж, захиалагчаас тогтоосон хугацаанд дуусгаж захиалагчид хүлээлгэн өгнө, мөн гэрээний 6.12-т Гэрээний хугацааг хэтрүүлсэн эсхүл гэрээний 6.10-т заасны дагуу хугацаа сунгах хүсэлтээ хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө өгч сунгуулаагүй бол хэтэрсэн хоног тутам гэрээний нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно. Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж тус тус заасныг гүйцэтгэгч зөрчиж байна. Гүйцэтгэгч ***-нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хамтын гэрээг цуцалсан. Гэрээ цуцалсан мэдэгдлийг удаа дараа ***-д хүргүүлсэн. Гэрээний нийт үнийн дүн 71,007,090 төгрөг бөгөөд үүнээс ажлын гүйцэтгэл болон гэрээний 1.3 дахь заалтыг тус тус үндэслэн үнийн дүнгийн 80 хувь буюу 55,810,056 төгрөгийн санхүүжилтийг олгосон. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 1000 гаруй хоногт гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа хэтэрсэн. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 болон ****-тай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажлын БЗА-184/20 дугаартай гэрээний 6.7, 6.12 дахь заалтыг үндэслэн гэрээний үнийн дүнгийн 78,26 хувийн санхүүжилт болох 55,570,148 төгрөг, мөн гэрээний 6.12 дахь заалтын алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтыг үндэслэн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 34,885,783 төгрөг, нийт 90,455,931 төгрөгийг ***-аас гаргуулж өгнө үү... Нийт гэрээний үнийн дүн болох 71,007,090 төгрөгөөс 80 хувийн санхүүжилт болох 55,810,056 төгрөгийг ***-д шилжүүлж өгсөн. 80 хувийн санхүүжилт олгосон үндэслэл нь насос суурилуулах үед ажлын гүйцэтгэл 80 хувь болчихсон гэж үзсэн боловч насос нь эвдрээд буцаасан, эвдрэл гэмтлийг засаагүй хугацаа хэтэрсэн байгаа. 78,26 хувийн ажлыг гүйцэтгээгүй гэж 55,570,148 төгрөг, гэрээний 6.12-т зааснаар гэрээний үнэ 71,007,090 төгрөгөөс алдангийг бодож 50 хувиас хэтрэхгүй гэсэн учраас алданги 34,885,783 төгрөг нийт 90,455,931 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт ажлын 98 хувийг хийж гүйцэтгээгүй, 2 хувийг хийсэн гэж үзэж байгаа... гэжээ.
2. Зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээнд: ***-ын нэхэмжлэлтэй ***-д холбогдох ***багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажил/-тай холбоотой хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар 26.2, 26.3 дахь хэсэгт заасны дагуу талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв. Үүнд: Хариуцагч *** нь Барилгын тухай хуульд заасан хэвийн ашиглалтын болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд усан сангийн насос буюу тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах, дээрх хугацаанд эвдрэл гэмтлийг бүрэн хариуцаагүй нөхцөлд чанарын баталгааны 5 хувийг хариуцагчид олгохгүй байхаар харилцан тохиролцов. Нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан БЗА-184/20 дугаартай гэрээний хугацааг 2023 оны 03 дугаар сарын 01 -ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгахыг үүгээр хүлээн зөвшөөрч байна. Энэхүү эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх үүрэгт харшлахгүй болохыг талууд баталж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг баталгаажуулан Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** хариуцагч ***-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 90,455,931 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** нь Барилгын тухай хуульд заасан хэвийн ашиглалтын болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд усан сангийн насос буюу тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах, дээрх хугацаанд эвдрэл гэмтлийг бүрэн хариуцаагүй нөхцөлд чанарын баталгааны 5 хувийг хариуцагчид олгохгүй, нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан БЗА-184/20 дугаартай гэрээний хугацааг 2023 оны 03 дугаар сарын 01 -ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгахаар зохигч болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн төлөөлөгч *** нар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч эвлэрснийг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **-ын хариуцагч ***-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 90,455,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн төлөөлөгч *** нар хариуцагч *** нь Барилгын тухай хуульд заасан хэвийн ашиглалтын болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд усан сангийн насос буюу тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах, дээрх хугацаанд эвдрэл гэмтлийг бүрэн хариуцаагүй нөхцөлд чанарын баталгааны 5 хувийг хариуцагчид олгохгүй, нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан БЗА-184/20 дугаартай гэрээний хугацааг 2023 оны 03 дугаар сарын 01 -ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгахаар тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ