Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01998

 

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01998

 

О.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/03641 дугаар шийдвэртэй,

 

О.Чийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар “БХ” ХХК, О.Ч нараас ****7,328.031 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч О.Чийн өмчлөлийн төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, нарны зам гудамж, ***** тоот хаягт байрлах 114,86 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1 м.кв талбайг 2,904,998 төгрөг, нийт 333,668,000 төгрөгөөр үнэлсэн. Тус 4 өрөө орон сууцны үнийг https://www.unegui.mn сайт дээр тавигдсан ижил байрны зартай харьцуулж үзэхэд 1 м.кв талбай бүхий орон сууц хамгийн багадаа 3,500,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байна. Орон сууцны 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцвол 402,010,000 төгрөг болно. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь О.Чийн өмчлөлийн төлбөрт хураагдсан дээрх байрыг 333,668,000 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн байх тул 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2280 дугаар захирамжаар “БХ” ХХК, О.Ч нараас ****7,331,031 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхээс гарсан шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлбөр төлөгч О.Чтой уулзаж шүүхээс гарсан шийдвэрийг танилцуулж, төлбөрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч О.Ч шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны зам, 406 байрны **** тоот хаягт байрлах 114.86 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22260139/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22260139/02 дугаартай тогтоолоор хурааж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч О.Ч 1 м.кв талбайг 6,000,000 төгрөг, нийт 689,160,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК хүлээн зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/108 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж 333,668,000 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4-165/8766-8768 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж оролцож байна. “БХ” ХХК болон иргэн О.Ч нар нь банкнаас авсан зээлээ төлөхгүй байсан тул 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, үүнээс үүдэн нэхэмжлэгч нь шүүхийн үйл ажиллагааны шатанд манайхтай эвлэрэх тухай хүсэлтийг гаргасныг бид зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Эвлэрлийн гэрээнд заасны дагуу “БХ” ХХК, О.Ч нар нь төлбөрөө төлөөгүй. Ингээд манайх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргуулан , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Эвлэрлийн гэрээний дагуу 2022/02/20-ны өдрийн дотор манай нэхэмжилсэн мөнгийг төлөх бүрэн боломжтой байсан ч нэхэмжлэгч нь үүргээ гүйцэтгээгүй. Манай зүгээс олох ёстой байсан орлогоороо хохирсон. Байрны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт ийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж энэ нөхцөл байдлыг зориудаар үүсгэж байгаа тул манайх гуравдагч этгээдээр оролцож байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.5-д зааснаар нэхэмжлэгч О.Чийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны зам гудамж, 406 дугаар байрны **** тоотод орших, 114.86 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ***** дугаартай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 196 тоот үнэлгээг хүчингүй болгуулж дахин үнэлгээ хийхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээ шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор unegui.mn цахим сайтад байршуулан борлуулахаар зар тавигдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орших үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээллийг шүүхэд нотлох баримтаар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримт болохгүй учир шүүх үнэлээгүй...” гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч О.Чимиддоржийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам гудамж, 406 дугаар байр, **** тоот эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, 114.86 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн "Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 1 м.кв талбайг 2,904,998 төгрөгөөр үнэлсэн, харин unegui.mn сайтад үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийн ханш 1 м.кв талбай нь хамгийн багадаа 3,500,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа нь unegui.mn цахим сайтад байршуулан борлуулахаар зар тавигдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орших үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээллийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу unegui.mn цахим сайт нь нийтэд илэрхий үйл баримт байна.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн unegui.mn цахим сайтад байршуулан борлуулахаар зар тавигдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орших үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээллийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх хүлээж аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломжоор хангаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч О.Ч нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02280 дугаар захирамжаар “БХ” ХХК, О.Ч нар ****6,472,774 төгрөгийг тохиролцсон хуваарийн дагуу “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д төлөх, хуваарьт заасан төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

4. Уг захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22260139 дугаар тогтоолоор гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн, төлбөр төлөх мэдэгдэл өгсөн. Хариуцагч байгууллага барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Баянмонгол хороолол, 406 дугаар байр, **** тоот хаягт байрлах 114.86 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22260139/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22260139/02 дугаар тогтоолоор хураан авсан, талууд энэ талаар гомдол гаргаагүй.

 

5. Төлбөр төлөгч нараас ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/108 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

6. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр үнэлгээ гаргаж, уг орон сууцыг зах зээлийн хандлагаар 333,668,000 төгрөг, өртгийн хандлагаар 253,650,000 төгрөг гэж үнэлсэн байх ба дээрх аргыг харьцуулан сууцны зах зээлийн үнийг 333,668,000 төгрөг гэж тогтоожээ.

 

7. Нэхэмжлэгч үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлохоор unegui.mn цахим хуудаст худалдан борлуулахаар байршуулсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 4 өрөө орон сууцны үнийн мэдээллийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт тус тус зааснаар уг цахим баримтад үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүх уг баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн, unegui.mn цахим хуудаст байршуулсан мэдээлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримтад хамаарахгүй юм.

 

8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч О.Чид үнэлгээний тайланг 2022 оны 04 дүгээр сарын ****-ний өдөр мэдэгдсэн гэх боловч энэ талаар баримтгүй тул төлбөр төлөгч 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхгүй.  

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн зохих заалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/03641 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “55.2, 55.5-д” гэснийг “55.7 дахь хэсэгт” гэж,

2 дахь заалтын “нэхэмжлэгч нарын” гэснийг “нэхэмжлэгчийн” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

                                           

         ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

Э.ЗОЛЗАЯА