Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, шүүгч Е.БС.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: А.Амгалан,

Иргэдийн төлөөлөгч: З.Бүрэнжаргал,

Хохирогч: Г.Баярбат,

Хохирогчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Е.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нөмгөн овогт Ербишийн Бд холбогдох 1829001960121 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Холбогдсон хэргийн талаар:                   

Шүүгдэгч Е.Б нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу гудамжинд иргэн Г.Баярбатыг өөрийн эзэмшлийн 18-86 ӨМӨ улсын дугаартай Марк-П-Гранд маркийн тээврийн хэрэгсэлд сууж байхад нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.Б мэдүүлэхдээ:” ...Би 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ирсэн. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр  эгчийндээ цай уугаад аавтай хамт бензинээ аваад явж байсан. Тухайн үед би Баярбат ах руу залгаж өмнө нь оюутан байхдаа зээлсэн мөнгөө өгөх гээд залгасан боловч утсаа аваагүй. Дараа нь эргүүлж над руу залгасан тэгэхээр нь уулзаж юм хэлэх гэсэн юм гээд дуудсан. Аав Баярбат ахтай юм яриад зогсож байсан. Би машины ард төмөр янзлаад сууж байгаад гэнэт би Баярбат ахыг хутгалчихсан байсан...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Баярбат мэдүүлэхдээ:”...2018 оны 08 сарын 14-нд буюу 2 дахь өдөр ээлжнээсээ амарсан байсан. Танихгүй дугаар над руу залгасан байсан. Би завгүй байсан болохоор утасаа аваагүй тэгээд эргээд залгасан чинь Б байна би тантай уулзах гэсэн юм гэсэн. Тэгээд би арваад минутын дараа очиж уулзсан. Би очоод Бы аавтай уулзаад юм яриад байж байтал машины урдуур тойроод ирээд машины хаалгыг татсан. Тэгээд машиныхаа хаалганы түгжээг тайлсан чинь хутгалсан. Би тухайн үед хутгатай байсан талаар мэдээгүй. Тэгээд аав нь Быг алгадаад хутгыг нь гараас нь булааж аваад намайг хурдан яв гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очсон. Эмчилгээний зардал, тухайн үеийн ажилгүй байсан хугацааны цалин нийт 8,100,000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ...” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 9-р хуудас/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 5/02 дугаар “Иргэн Г.Баярбатаас ирүүлсэн “Бусдад хутгалуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 30 см урттай, хуванцар хутгыг Г.Ербишээс хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай” тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17-р хуудас/

Хохирогч Г.Баярбатын өгсөн: “...Гэртээ байж байсан чинь над руу танихгүй дугаар залгасан. Тэгээд авах гэсэн чинь тасарчихаар нь би эргүүлээд залгасан чинь манай салсан эхнэрийн төрсөн дүү болох Б байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад “би чамтай уулзах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би хаана уулзах юм гэж асуусан чинь Мөрөөдөл сургуулийн зүүн талд хүрээд ир гэхээр нь би юм бодолгүй ганцаараа 10 орчим минутын дараа яваад очсон. Тэгсэн тэнд салсан эхнэр болох Анхмаагийн аав нь ачааны машинтайгаа зогсож байсан. Б нь машины хажууд тамхи татсан зогсож байсан. Тэгээд би машинаас буулгүй цонхоороо Ербиштай мэнд мэдэлцээд ойр зуурын юм яриад байж байсан чинь Б миний машины урдуур тойрч ирээд жолоочийн хаалга татсан. Тэгэхээр нь би машины хаалга түгжээтэй байхаар нь түгжээг нь тайлчихаад би Ербиштэй ярьж байсан яриагаа үргэлжлүүлээд ярьж байсан. Б хаалга онгойлгож, миний баруун хөлний зузаан гуя хэсэгт хутгалсан. Тухайн үед аав нь шууд бууж ирээд хүүхдээсээ намайг хутгалсан хутгыг нь булааж аваад нэг удаа цохиж авсан. Тэгсэн Б нь дахиад миний өөдөөс дайраад машин руу өшгилөөд байсан. Тэгсэн аав нь хориод байсан “ чи яв яв гэж хэлсэн”. Тэгээд би шууд цусаа гоожуулаад эмнэлэг дээр ирсэн ийм л зүйл болсон. ...Би тухайн үед архи уусныг мэдээгүй, эв эрүүл байх шиг байсан. ...Бид хоёр маргалдаагүй ээ. Намайг хүрээд ир гэхээр би очсон. Тэгсэн гэнэт миний хөлөнд хутгалсан. ...Одоо миний баруун хөлний шарх эдгээгүй байгаа хурдан алхаж явах гэхээр болохгүй, доголон явж байгаа. ...би гомдол, саналтай байна аа. Одоогоор миний биед эмчилгээний зардал болох 5,000,000 орчим төгрөг гарсан. Би энэ мөнгөө нэхэмжилж байна. Цаашид дахиж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч Н.Төрмөнхийн өгсөн:”...Би нөхөрлөөд 4 жил гаруй болж байна. Манай суманд 10-р ангид байхад шилжиж ирж байсан. ...Б нь найз нөхдийн дунд даруухан нийтэч, зан төрх нь төлөв даруухан, спортлог хүн байдаг. Бид нар сайхан нөхөрлөж явдаг...“гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Б.Өнөрбаярын өгсөн:”...Баярбат гэж 13 цагийн үед хүлээн авах тасаг дээр гуяндаа хутгалуулсан гээд цусаа гоожуулаад орж ирсэн. ...Баярбат тухайн үед манай салсан эхнэрийн дүү хутгалчихлаа гэж хэлж байсан. ...Баярбатын баруун талын гуяын дунд хэсэгт хутганы гүнзгий шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р  хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №8730 дугаартай шинжээчийн “...

1. Шинжилгээнд ирүүлсэн 13 см хар өнгийн хуванцар оруулгатай иштэй 30 см урттай хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №10182 дугаартай шинжээчийн “... 1. Г.Баярбатын биед баруун гуяын гадна дунд хэсэг дэх гуяын хураагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтлийн дараах хурц цус алдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.“гэх дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,

Шүүх сэтгэц, гэм судлалын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24/18 дугаартай дүгнэлтэд: “...а. Иргэн Ербиш овогтой Б нь сэтгэцийн хувьд эрүүл болно. б. Иргэн Ербиш овогтой Б нь хэрэг хариуцах чадвартай. В. Иргэн Ербиш овогтой Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” /хх-ийн 48-50-р хуудас/,

Е.Бы яллагдагчаар өгсөн “...аав гэнэт намайг алгадаад авсан. Би тухайн үед яаснаа мэдэхгүй байна аа. ...би Баярбатыг хутгалах гэсэн бодол байгаагүй ээ. Би сайн мэдэхгүй байна аа нэг мэдсэн аав хүн хутгалчихлаа гэж хэлсэн. ...дүгнэлт, тогтоолтой танилцлаа, санал хүсэлт байхгүй.../хх-ийн 2-3-р хуудас/,

Эд зүйл, баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэг тусгах тухай мөрдөгчийн тогтоол”...Г.Ербишээс 30 см урттай ажлын хэсэг нь 17 см 1 ширхэг хутгыг авсан тэмдэглэл /хх-ийн 187-р хуудас/,

Шүүгдэгч Е.Бы хувийн байдлыг нотлох:

Шүүгдэгч Е.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/,

Шүүгдэгч Е.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, /хх-ийн 53-55-р хуудас/,

            Үндэсний батлан хамгаалахын их сургууль Аюулгүй байдлын сургуулийн эрдэм, шинжилгээ сургалтын албаны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны 12/90 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн Баяндалай сумын монгол улсын гавьяат багш П.Чойнидын нэрэмжит бүрэн дунд сургуулийн захирлын тодорхойлолт /хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Е.Б нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу гудамжинд иргэн Г.Баярбатыг өөрийн эзэмшлийн 18-86 ӨМӨ улсын дугаартай Марк-П-Гранд маркийн тээврийн хэрэгсэлд сууж байхад нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагааны явцадХохирогч Г.Баярбатын өгсөн: “...Б хаалга онгойлгож, миний баруун хөлний зузаан гуя хэсэгт хутгалсан. Тухайн үед аав нь шууд бууж ирээд хүүхдээсээ намайг хутгалсан хутгыг нь булааж аваад нэг удаа цохиж авсан. Тэгсэн Б нь дахиад миний өөдөөс дайраад машин руу өшгилөөд байсан. Тэгсэн аав нь хориод байсан “ чи яв яв гэж хэлсэн”...” /хх-ийн 21-22-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 9-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №10182 дугаартай шинжээчийн “... 1. Г.Баярбатын биед баруун гуяын гадна дунд хэсэг дэх гуяын хураагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтлийн дараах хурц цус алдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.“гэх дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Е.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

 Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа дайчилсан хүсэл зориг, идэвхтэй үйлдэл тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

             Шүүгдэгч нь Е.Б гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд 8,300,000 төгрөгийг хохирогч Г.Баярбатад төлсөн бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:      

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэн, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтов.   

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Е.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор  шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 17 см, бариулын хэсэг нь 13 см нийт 30 см см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нэмэгт Нөмгөн овогт Ербишийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Е.Быг 3 /гурав/-н жил 4 /дөрөв/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Е.Бд оногдуулсан 3 /гурав/-н жил 4 /дөрөв/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5. Шүүгдэгч Е.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Е.Бы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.9, шүүгдэгч Е.Б нь хохирол төлбөрт 8,100,000 төгрөгийг хохирогч Г.Баярбатад төлсөн болохыг дурдсугай.

            7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогч Г.Баярбат нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 30 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Е.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Д АРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТТУЛГА

                                                ШҮҮГЧ                                   С.ӨЛЗИЙ-ОТГОН

                                                     ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА