Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 491

 

Н.Х-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 820 дугаар магадлалтай, Н.Х-т холбогдох 2008004390298 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Х ын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймагттөрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Н-ын Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Н.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Х ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Х  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Х ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Х гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор “... Н.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж ...” шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 820 дугаар магадлалаар “... анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон ...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял шийтгэл нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилтод нийцэх юм.

Шүүгдэгч Н.Х  миний бие “Ган мөнхжин” ХХК-д өрлөгчин ажилтай бөгөөд сарын цалин 1.500.000 төгрөгийн цалин хөлс авдаг ба ар гэрийн амьдралаа авч явдаг, эхнэр М.Мөнхзаяа нь эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүхээс надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсны улмаас цаашид манай гэр бүл ямар орлогын үүсвэрээр хэрхэн амьдрах нь тодорхойгүй хүнд байдалд ороод байгаа билээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрлийг сонгох санкцтай хуульчилжээ.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан болох газар, товыг 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан прокурор, оролцогчид мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос 5 минутын өмнө шүүх хуралдааны зарыг надад мэдэгдсэн нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн төдийгүй иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсны улмаас миний бие давжзаалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадаагүй буюу хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадаагүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 820 дугаартай магадлалд тус тус өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Х т холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй. Шүүгдэгч нь хамтран амьдарч М.Мөнхзаяаг бусадтай хардсаны улмаас цохиж гэмтээсний улмаас хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Х ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Н.Х ыг 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 13б тоот гэртээ согтуугаар хамтран амьдрагч М.Мөнхзаяаг хамт архидан согтуурч байсан Гунгаажавтай ярилцсаны төлөө ор үндэсгүй хардан хөл рүү нь үнсний сав шидэж, үсдэн толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн өвдөгт шарх, цус хуралт, баруун нүдний алим, баруун зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Н.Х ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ. Учир нь гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр шүүх хүндрүүлэн зүйлчлэхдээ гэм буруутай этгээдийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа эсэхэд хэрэгт цуларсан нотлох баримтад тулгуурлан бодитой хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйчлэлийг зөв тогтоож байх шаардлагатай юм.

Мөн тухайн гэр бүлийн уур амьсгал, шүүгдэгч нь гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулан хүйтэн хөндий уур амьсгалыг урьд өмнө бүрдүүлж байсан эсэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэнэт үүссэн сэтгэл зүйн таарамжгүй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн талаарх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Х т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх тухайн гэмт хэргийн хувьд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.Х  нь хохирогч М.Мөнхзаяаг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа харин хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн, тодруулбал, хамтран амьдрагч М.Мөнхзаяаг хамт архидан согтуурч байсан Гунгаажавтай ярилцсаны төлөө ор үндэсгүй хардан, хохирогчийн биед халдаж, гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд Н.Х т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь үндэслэлтэй байна гэж үзэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.Х ын “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 820 дугаар магадлалд “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н.Х ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /тав зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.Х ын гомдлыг хангасугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                       ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН