Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 45

 

 

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч:Ардчилсан  намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Давст сумын Ардчилсан намын дарга Ж.Б ирүүлсэн нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Увс аймгийн Давст сумын Сонгуулийн хороонд холбогдох,

         “Увс аймгийн Давст сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолын хавсралтын Г.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулан, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, сонгуулийн дүнгээс Г.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгон, төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцуулж, дараагийн санал авсан С.Т д төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгуулахыг Давст сумын Сонгуулийн хороонд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Г , гуравдагч этгээд Г.Э , түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Давст сумын Ардчилсан намын дарга Ж.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Давст сумын Хандгайт багийн иргэн Г.Э нь 2007 оны 06 дугаар сарын 15-нд Давст суманд зохион байгуулагдсан Ардчилсан намын өдөрлөгийн үеэр тус намд элсэж гишүүний үнэмлэхийг олон нийтийн өмнө гардан авсан болохыг тухайн үед хамт байсан хүмүүс болон гишүүний анкет дээр бичсэн өөрийн гарын үсэг, гар утасны дугаар, тухайн үед анкет бөглөж бүртгэсэн ажилтан зэргээр батлагдаж байгаа юм.

        Гэтэл Г.Э  нь сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн тул сумын сонгуулийн хороонд нэр дэвшигч Г.Э  нэр дэвшигчээр бүртгэн авахаас татгалзана уу? гэсэн өргөдлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-нд сумын Ардчилсан намаас явуулсан боловч Г.Э  нь би Ардчилсан намд элсэж байгаагүй гэсэн тул Ардчилсан намын гишүүн гэж үзэх үндэслэл алга гэж хариу өгсөн.

        Давст сумын Ардчилсан намаас 2016 оны 09 дүгээр сарын 27-нд 09 тоот албан бичгээр, 2016 оны 10 дугаар сарын 05 нд 14 тоот албан бичгээр тус сумын сонгуулийн хороонд хандсан боловч Г.Э г  нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасаагүй болно. Ардчилсан намын гишүүний бүртгэл шилжилт хөдөлгөөний журмын 6 дугаар зүйлийн 6.1-д гишүүн намаас чөлөөлөгдөх хүсэлтээ харъяалагдах намын байгууллагадаа мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гишүүнийг бүх шатны бүртгэлээс хасуулахыг тухайн шатны нам хариуцна гэж заасан байдаг ба Г.Э  нь намаас гарах өргөдлөө өгөөгүй болно.

       Гэтэл ижил тохиолдол нөхцөл бүхий Ардчилсан намаас нэр дэвшигч Ю.Г г Давст сумын МАН нь ардчилсан намаас нэр дэвшигч Ю.Г нь МАН-ын гишүүнчлэлээс албан ёсоор гараагүй тул нэр дэвшигчээс хасч өгнө үү? гэсэн хүсэлтийг хангаж манай намаас нэр дэвшиж байсан Ю.Г  нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн болно.

         Г.Э  талаар манай намаас явуулсан сүүлийн албан бичгийг / 2016.10.05-ны 14 тоот / хүлээн аваад хариу өгөхгүй удсан тул удаа дараа нэхэж байж 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албан бичгийн хариуг авахад энэ асуудал Сонгуулийн хорооны эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй гэсэн хариу өгсөн.

         Улмаар Сонгуулийн хороонд ажиллаж байсан хүмүүсээс уг албан бичгийн талаар тодруулахад 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сонгуулийн хороо хуралдахад 4 хүн байснаас 3 нь Г.Э  нэрийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах нь зүйтэй гэсэн санал гаргасан байхад Сонгуулийн хорооны дарга Б.Ичинхорлоо нь өөрөө дур мэдэж ганцаараа шийдвэр гаргаж хариу ирүүлсэн байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 27.2-ыг зөрчсөн байна.

        Г.Э  тухайн үед намд элсэж байсан талаарх 2 хүний тодорхойлолтыг Сонгуулийн хороонд гаргаж өгсөн. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг гаргаж өгөөд анкетны ард бичсэн намын гишүүний батлахын дугаарыг тулгалт хийж тайлбарласан.Анкет дээрх гар утасны дугаарыг Г.Э  минийх биш гэхэд тэр утсаар лавлаж залгахад Г.Э- ийн ах С охины дугаар байсан. Сонгууль ойртсон байгаа учраас Г.Э  гарын үсгийг шинжлүүлэх асуудал нь богино хугацаанд шинжлүүлэх бололцоогүй байсан.

        Тухайн үед манай суманд Ардчилсан намын гишүүн 28 байсан тул 2007 оны 6 сард Улаанбаатар хотоос 3 ирж намд гишүүн элсүүлэх ажлыг зохион байгуулсан. Г.Э  гарын үсэг зурах хэсгээ андуурч зурсан. Арга хэмжээ, өдөрлөгийн үеэр их ачаалалтай ажиллаж байсан учраас намд элсэж байсан иргэдийн анкетыг Р.А  гэдэг хүн бөглөөд гарын үсгийг нь зуруулж авсан.Тэр үед 100 гаруй иргэд манай намд элссэн.

        Сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.5-д заасан зарчмуудыг зөрчиж илт МАН-д үйлчилж хууль бус шийдвэр гаргаж сонгуулийн тухай хуулийн 154.6 болон Улс төрийн намуудын тухай хуулийн 3.2-д “ МУ-ын иргэн нь аль нэг намын гишүүн байна” гэсэн заалтуудыг зөрчсөн Г.Э ийг сонгуульд оролцуулсан тул шүүх хянан хэлэлцэж, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д заасны дагуу Давст сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06 ны өдрийн 02 тоот тогтоолын хавсралтын Г.Э тэй холбогдох хэсгийг хүчингүй болгох, Г.Э  ийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, сонгуулийн дүнгээс Г.Э тэй холбогдох хэсгийг хүчингүй болгох, Г.Э ийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах, сонгуулийн дүнгээс Г.Э тэй холбогдох хэсгийг хүчингүй болгох, төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцуулж дараагийн санал авсан С.Тэгшжаргалд төлөөлөгчийн түр үнэмлэх олгуулах зэргийг Давст сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэв.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Миний үйлчлүүлэгч сонгуулийн хэсгийн хорооны үйл ажиллагаа бүхэлдээ нэг намыг барьж явсан, удаа дараа гаргаад байсан хүсэлтүүдийг хангаагүй гэдэг талаар ярьлаа. Хамгийн сүүлд сонгуулийн хорооны дарга  бичиг өгөхдөө энэ асуудал сонгуулийн хорооны эрх мэдлийн асуудал биш гэж хариу өгсөн. Гэтэл энэ асуудлыг өөрийн эрх хэмжээний асуудал гэж үзээд урьд нь хэд хэдэн удаа хуралдаж хариугаа өгчихсөн байдаг. Г.Э  гэдэг хүнийг хасуулах хүсэлтийг Ардчилсан нам гаргасан. Мөн ижилхэн Г гэдэг хүнийг хасуулах саналыг Монгол Ардын нам гаргасан. Г.Э ардчилсан намын гишүүн байж байгаад Монгол Ардын намаас нэр дэвшсэн, харин Г  Монгол Ардын намын гишүүн байж байгаад Ардчилсан намаас нэр дэвшсэн. Гэтэл монгол ардын намын хүсэлтийг биелүүлээд Г  9 дүгээр сарын 22-ны өдөр хасаж, харин 9 дүгээр сарын 19-ний өдөр Г.Э  хасуулах тухай анхны бичгийг ардчилсан нам өгсөн. Сонгуулийн хороо эрх мэдлийнхээ хүрээнд гурван хоногийн хүрээнд шийдвэрлэх ёстой ба  9 дүгээр сарын 19-ний өдөр авсан хүсэлтийг Г хүсэлтийг авсан өдөртэй хамт шийдвэрлэж хариуг нь өгсөн байдаг. Г.Э  гарын үсэг дээр бид нар итгэлтэй байгаа учраас шинжилгээ хийлгэж өгнө үү гэж хүсээд байгаа.  Сонгуулийн хороо хэт нэг талыг барьсан. Г.Э  сонгох сонгогдох эрхийг бид нар хүндэтгэж байна, гэхдээ Улс төрийн намын тухай хууль Сонгуулийн тухай хуулинд нэг намын гишүүнийг нөгөө намаас нэр дэвшүүлэхийг хориглосон байдаг.Г.Э  намаас гарах өргөдлөө өгөөгүй байхдаа МАН-аас нэр дэвшсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй ” гэв.

      Хариуцагчийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлтэй холбогдуулан сонгуулийн хорооны дарга Б.И тайлбараа дэлгэрэнгүй бичсэн. Өөрөөр хэлбэл сонгуулийн хороо хуралдаад шийдвэр гаргасан, хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр тодорхой тусгасан. Анкет дээр зурагдсан гарын үсгийг Г.Э  гэж үзэх боломжгүй гэж үзсэн. Нэхэмжлэгчийн  төлөөлөгчийн хэлснээр анкетыг тусгай хүн гаргаж бөглүүлсэн гэдэг нь тогтоогдсон. Сонгуулийн хороо Ардчилсан намын өргөдлийг хуралдаанаараа хэлэлцэж нийт олонхийн саналаар хариу өгсөн байдаг. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх зүйлийг Ж.Батсүх зөрчсөн. Ийм учраас сонгуулийн хорооны зүгээс гаргасан шийдвэрийг Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна”  гэв.

        Гуравдагч этгээд Г.Э  шүүхэд ирүүлсэн  тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ардчилсан намд элсэж байгаагүй. 2007 оны 5 дугаар сарын 04-нээс хойш өөрийн дугаар болох .... гэдэг дугаар барьж байгаа. Анкет дээрх дугаар минийх биш.Би 2008 оноос хойш МАН-аас нэр дэвшигч Ч.Х гишүүний сонгуулийн сурталчилгааны ажилд ажиллаж байсан. 2015 онд МАН-д элсэж Давст сумын МАН-ын хорооны гишүүн, МАН-ын дэргэдэх АЗХ-ны дэд дарга зэрэг сонгуульт ажилд өөрийн хүсэл зоригоор идэвхтэй оролцож яваа билээ.2016 онд би орон нутгийн сонгуульд нэр дэвшээд төлөөлөгчөөр сонгогдоод гараад ирсэн.Анкет дээрх Батсүхийн гарын үсэг хэсэгт хуурамч гарын үсэг зурсан байна” гэв.

         Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан ардчилсан намын гишүүний анкет дээр тухайн намд элссэн элсэгчийн гарын үсэг дээр Г.Э  гарын үсэг байдаггүй. Анкет нь өөрийн гараар хар өнгийн балаар бичнэ гээд сануулгатай байдаг. Гэтэл анкетийг Р.А  гэдэг хүн бичсэн гэдгийг нэхэмжлэгч сая тайлбарлалаа. Үүнийг үндэслэж Г.Э г  Ардчилсан намын гишүүн гэж тайлбарлаж байгаа үндэслэлүүд нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд Ардчилсан намын гишүүдийн зураг гаргаж өгсөн. Тэр зурган дээр Г.Э  төрсөн ах Г.Э  зураг байхад  Г.Э  Ардчилсан намын гишүүн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Ардчилсан намын үндсэн дүрмийн 3.1.1, 3.1.2 болон Ардчилсан намын бүртгэл шилжилт хөдөлгөөний журмын 2.1 зэрэгт зааснаар Ардчилсан намын гишүүнээр элсье гэсэн бичгээр гаргасан хүсэлт байдаггүй. Ардчилсан намын үндсэн дүрмийн 3.3.7, 3.6.1 гишүүний бүрэн эрх дуусгавар болохоор хариуцлага хүлээлгэхээр зохицуулалт байгаа. Ардчилсан намын гишүүний татварын журмын 2.3-д нийт гишүүн төлнө гэж заасан. Тухайн журмын 3.1 дэх хэсэг Г.Э  д хамаарах ёсгүй. Тэгэхээр дээрх журмаа зөрчсөн, анхнаасаа бүртгэхдээ тухайн намд элсье гэж хүсэлт сонирхлоо бичиж ирээгүй этгээдийг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Б.О , Ё.О гэдэг хүмүүст хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан. Ардчилсан намд Г.Э  гишүүнээр элсээгүй, тухайн өдөрлөгт оролцоогүй гэдгийг хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

        Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ардчилсан  намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Сагил сумын Ардчилсан намын дарга Ж.Б  нь тус шүүхэд хандан “Увс аймгийн Давст сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолын хавсралтын Г.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулан, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, сонгуулийн дүнгээс Г.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгон, төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцуулж, дараагийн санал авсан С.Т д төлөөлөгчийн түр үнэмлэх олгуулахыг Давст сумын Сонгуулийн хороонд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

     Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч , гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б  болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар нь “ Сонгуулийн тухай хуулийн 154.6-д заасныг зөрчиж Ардчилсан намын гишүүнчлэлтэй Г.Э  сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшихэд нэр дэвшигчээр бүртгэсэн нь үндэслэлгүй“ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

        Хариуцагч,түүний өмгөөлөгч нарын зүгээс “ Г.Э  Ардчилсан намын гишүүн гэж үзэх боломжгүй гэж сумын Сонгуулийн хороо үзэж Ардчилсан намын өргөдөлд хариуг нь өгч байсан” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын хувьд Г.Э  нь Ардчилсан намд элсэж байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар байр суурь илэрхийлэн тайлбар гаргажээ.

         Увс аймгийн Давст сумын Ардчилсан намаас Давст сумын МАН нь Сонгуулийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.6-д заасныг зөрчиж АН-ын гишүүн Г.Э  өөрийн намаас нэр дэвшүүлсэн талаарх өргөдлийг Давст сумын Сонгуулийн хороонд удаа дараа / 2016.09.19, 2016.09.27, 2016.10.05/ гаргасан байх ба сумын Сонгуулийн хороо өргөдлийг хуралдаанаараа хэлэлцэн 2016.09.22-ны өдрийн 04, 2016.10.03-ны өдрийн 09, 2016.10.10-ны өдрийн 13 дугаартай албан бичгүүдээр өргөдлийг хүлээн авах боломжгүй талаар хариуг хүргүүлжээ.

       Нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой маргааны хувьд Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д заасан Сонгуулийн байгууллагын шийдвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх боловч 2016 оны 10 сарын 19-ний өдөр явагдсан орон нутгийн сонгуулийн дүнгээс Г.Э д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах шаардлагын хувьд хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэж үзэн захиргааны хэрэг үүсгэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагуудад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэв.

        Увс аймгийн Давст сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 02 дугаартай “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоолоор Давст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн 15, АН-аас нэр дэвшсэн 15, бие даагч 1, бүгд 31 нэр дэвшигчийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн байна.Тус тогтоолоор 3-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Э  нэр дэвшигчээр бүртгэжээ.

       Увс аймгийн Давст сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Санал хураалтын дүнгийн тухай “ тогтоолын 2-р хавсралтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар хамгийн олон санал авсан 15 нэр дэвшигчийг баталж,түр үнэмлэхийг нь олгохоор шийдвэрлэсэн байх ба гуравдагч этгээд Г.Э  нь Давст сумын .... баг буюу 3-р тойрогт иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

        Давст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 1/01 дугаартай тогтоолоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрчээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон гэрч Р.Т ,Ё.О, Б.О  нарын мэдүүлгээс үзэхэд 2007 оны 6 сард Давст сумын Ардчилсан намын гишүүдийн тоог өргөжүүлэх зорилго бүхий өдөрлөг бусад арга хэмжээнүүд зохион байгуулагдсан ба уг арга хэмжээний үеэр 100 гаруй хүн тус намд элссэн байна.

        Эдгээр гишүүдийн анкетаас хэрэгт хавсаргагдсан ба 2007 оны 06 сарын 15-ны өдрийн Г.Э  танилцуулга бүхий анкет авагджээ.Уг анкетын гишүүнд бүртгэгчийн гарын үсэг гэх хэсэгт таталган хэлбэр бүхий гарын үсэг зурагдсан байх ба гарын үсгийн тайлал хэсэгт Ж.Б  гэсэн нэр бичигдсэн, гишүүнд элсэгчийн гарын үсэг гэх хэсэгт гарын үсэг зурагдаагүй, гарын үсгийн тайлал хэсэгт  Г.Э  гэсэн нэр бичигджээ.

        Гуравдагч этгээд Г.Э  “ би анкет бөглөөгүй, гарын үсгийг би зураагүй, хэрвээ би зурсан бол өөрийн нэрний ард бичих ёстой байсан,анкет дээрх гар утасны дугаар минийх биш” тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсүх нь “гарын үсэг зурах хэсгээ андуурч зурагдсан боловч Г.Э  гарын үсгээ зурсан байгаа, тухайн үед бүх намд элссэн хүмүүсийн анкетыг Р.А  гэдэг хүн хөтөлж, гишүүдээр гарын үсгийг нь зуруулсан “ гэж маргаж байгаа болно.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Давст сумын намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл, Давст сумын III багийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэлийг хэрэгт хавсаргасан ба уг бүртгэлүүдэд Г.Э г бүртгэсэн, мөн гэрч Р.Т  “ 2007 оны 6 сарын 14-ний өдрөөс эхлэн Давст суманд 7 хоногийн хугацаатай Ардчилсан намын 3 хүн ирж намын гишүүнчлэлийг өргөжүүлэх зорилгоор өдөрлөгүүд зохион байгуулахад би хамтарч ажилласан.Энэ үеэр Г.Э  манай намд элсэж байсан “ гэх мэдүүлэг өгсөн боловч намд элсэх, намаас түдгэлзүүлэх, намын гишүүнээс чөлөөлөгдөх, гарах  явдлыг хууль тогтоомж, намын дүрэм, журмаар тодорхой заасан байдаг тул хууль дээдлэх зарчмын хүрээнд намд гишүүнээр элссэн эсэх асуудалд дүгнэлт хийв.

      Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна “ гэж заасан ба Ардчилсан намын дүрэм, холбогдох журмын дагуу намд гишүүнээр элсэх, бүртгэх асуудлыг нарийвчлан зохицуулжээ.

       Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3-р бүлгийн 3.1.1-д “ Ардчилсан намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, энэхүү дүрмийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа иргэн намд гишүүнээр элсэж болно “ , 3.1.3-д Намд гишүүн элсэх, гишүүдийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг журмаар зохицуулна гэж заасан байх ба Ардчилсан намын гишүүний бүртгэл, шилжилт хөдөлгөөний журмын 2.1-д “ АН-ын Үндсэн дүрмийн 3.1.1 дүгээр заалтыг хүлээн зөвшөөрсөн 18 нас хүрсэн иргэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалалын дагуу намын анхан болон дунд шатны байгууллагад хүсэлт гаргаснаар намд гишүүнээр элсэнэ “ , 2.3-д “ Тухайн гишүүн хүсэлтэндээ овог нэр, регистрийн дугаар, холбоо барих утас, оршин суугаа хаягийг багтаана “ гэж журамлажээ.

            Мөн түүнчлэн тус журмын гуравд гишүүнийг бүртгэх асуудлыг зохицуулж 3.1-д                   “Намын анхан болон дунд шатны байгууллага нь гишүүнийг бүртгэхдээ өргөдлийн маягт,анкет бөглүүлж, 4/3 хэмжээтэй 2 хувь цээж зураг авна” гэж заасан байна.

        Дээрх журмын зохицуулалтаас дүгнэхэд Ардчилсан намын үзэл баримтлал, холбогдох дүрэм журмыг зөвшөөрч,  гишүүнээр элсэхээ бичгээр илэрхийлж хүсэлт гаргаснаар тус намд элссэнд тооцохоор байх ба уг хүсэлтийг үндэслэн гишүүний анкетыг өөрийн гараар бичүүлэхээр байна.

         Энэхүү зохицуулалт нь тухайн намд элссэн гишүүнийг сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлснийг илэрхийлэх ач холбогдолтой байна.

         Гэтэл гуравдагч этгээд болох Г.Э  Ардчилсан намд элсэх тухай хүсэлтийг нь аваагүй, гишүүний анкетыг өөрийн гараар бөглүүлж зургийг наагаагүй, анкет дээрх гарын үсэг Г.Э болох талаарх нотлох баримт хэрэгт тогтоогдоогүйн дээр Г.Э  намын гишүүний татвар төлж байгаагүй, намын батлахыг гардуулж өгсөн бичгийн баримтгүй,гэрч Б.О, Ё.О  нар “ тухайн үед Г.Э  Ардчилсан намд элсээгүй “ гэж мэдүүлсэн, Г.Э нь 2012 оны сонгуульд Монгол Ардын намаас сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд ажилласан талаар Давст сумын Ардчилсан намын дарга Ж.Б  мэдэж байсан боловч зохих хариуцлагыг тооцож байгаагүй зэргээс үзэхэд Г.Э  Ардчилсан намын гишүүнчлэлтэй гэж тооцох боломжгүй юм.

       Иймд Г.Э  нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

      Г.Э  Ардчилсан намын гишүүнчлэлтэй гэж шүүхээс үзээгүй тул тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан орон нутгийн сонгуулийн дүнгээс Г.Э д холбогдох хэсгийг болон төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцуулж, дараагийн санал авсан С.Т  д төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Иймд Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд болох Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 244 дугаартай “ Захиргааны зөрчлийн материалыг хүлээн авахаас татгалзах тухай “ захирамж, Г.Э ах Г.Э зураг бүхий Ардчилсан намын гишүүдийн фото зураг зэрэг нь тус хэрэгт нотлох баримтын ач холбогдолгүй болохыг дурдав.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Давст сумын Ардчилсан намын дарга Ж.Б   “Увс аймгийн Давст сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолын хавсралтын Г.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулан, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, сонгуулийн дүнгээс Г.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгон, төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцуулж, дараагийн санал авсан С.Т д төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгуулахыг Давст сумын Сонгуулийн хороонд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ