Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0646

 

“Б д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Б д” ХХК-ийн ХҮ-00000, ХҮ-00000 тоот тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Б д” ХХК-ийн ХҮ-00000, ХҮ-00000 тоот тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000, ХҮ-00000 дугааруудтай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөө батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусад тооцсон хэдий ч даалгах шийдвэр гаргах үндэслэлгүй гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалт нь хэрэв захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүй нь хууль бус бол захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд шүүхээс даалгах агуулгатай заалт юм. Харин энэхүү 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг дотор нь салгаж, эс үйлдэхүй нь хууль бус байсан ч даалгах үндэслэл байхгүй гэх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал юм.

Нөгөө талаар шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой буюу нэхэмжлэл хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдаж, зөрчигдсөн эрх сэргэх боломжтой байх ёстой. Нэхэмжлэгч шүүхэд хандах болсон шалтгаан нь тусгай зөвшөөрлийг сунгах эрх хэмжээ бүхий төрийн захиргааны байгууллагаас “2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй байгаа тус тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй байна, батлуулж ир” гэсэн шаардлага бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр “батлаагүй нь буруу байна, гэхдээ батал гэж даалгахгүй” гэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хэдий хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон ч үүгээрээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол хамгаалагдахгүй, зөрчигдсөн эрх сэргэхгүй үр дагавартай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Б д” ХХК нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан “ХҮ-00000, ХҮ-00000 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлалгүй, хэргийн оролцогчдын тайлбарт дүгнэлт хийж, “...Хариуцагчийн хувьд тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан, тухайн газар нутагт иргэдийн өвөлжөө, хаваржаа байгаа, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзжээ... Хариуцагчийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзал нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-т заасантай нийцээгүй... Өнөөдрийн байдлаар “Б д” ХХК-д Цагаан нуур нэртэй газарт олгогдсон хайгуулын XV-00000, XV-00000 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 266 дугаартай шийдвэрээр сунгахаас татгалзсанаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон байна... Шүүхээс хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нь зүйтэй боловч нэхэмжлэгчийн хайгуулын XV-00000, XV-00000 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон, эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас хугацааг сунгахаас татгалзсан байх тул дээрх тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны төлөвлөгөөг батлахыг даалгах үндэслэлгүй байна” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Зүй нь анхан шатны шүүх, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар албан бичгээр “Тус компанийн эзэмшдэг ХҮ-00000, ХҮ-00000 дугааруудтай Цагаан нуур хайгуулын талбай нь тус сумын малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээр нутаг. Иймээс эдгээр газарт иргэдийн хүсэлтийн дагуу 2018 онд геологи хайгуулын ажил хийхгүй байхыг хүсье” гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн татгалзал нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байжээ.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж зааснаар сумын Засаг дарга тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах бөгөөд төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь хуульд нийцсэн эсэхийг тодруулахаар байна.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад “тусгай зөвшөөрлийг эсэргүүцэж буй иргэдийн гарын үсэг” гэх баримт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7/4212 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн ХҮ-00000, ХҮ-00000 дүгээр тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болсон талаарх баримтууд хэрэгт авагдсан байна.

Тиймээс нэхэмжлэгчийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан уг албан бичигт дурдсан Цагаан нуур хайгуулын талбай нь бодит байдал дээр нутгийн малчдын өвөлжөө, хаваржааны газартай давхцаж байгаа эсэх, түүнчлэн тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан эсэхийг тодруулахаар байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь түүний тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэртэй холбогдуулж маргаагүй бөгөөд, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйн талаар маргаж байгааг шүүх анхаарах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагчийн татгалзлыг хуульд нийцсэн эсэх, эс үйлдэхүй гаргасан эсэхэд холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглараагүй байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б д” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР